Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” булангаа эмэгтэйчүүддээ зориулж бэлтгэлээ. Эмэгтэйчүүдэд тохиолддог өвчлөлүүд болон тулгамддаг асуудлыг хөндсөн юм. Та бүхэнд багахан ч гэсэн мэдээлэл болно гэдэгт итгэж байна. Энэ тухай “АСЭ” эмнэлгийн эмэгтэйчүүдийн эмч Л.Сэр-Одтой ярилцлаа.
-Эмэгтэйчүүдийн дунд ямар өвчлөлүүд зонхилж байгаа талаар яриагаа эхэлье?
-Манайд амбулаториороор үйлчлүүлж байгаа хүмүүсийг харахад үтрээний үрэвсэл их байна. Тэр дундаа нянгын гаралтай үтрээний үрэвсэл, хоёрдугаарт мөөнгөцрийн үрэвсэл их байна.
-Дээрх өвчлөлүүдийн шалтгаан нь юутай холбоотой вэ?
-Маш олон шалтгаантай. Тухайн хүний биеийн дархлаа болон мөн амьдралын буруу дадал хэвшлээс их үүсэж байна. Үтрээ нь өөрийгөө хамгаалах тогтолцоотой эрхтэн. Эмэгтэйчүүд маань маш их дотуур угаалга хийдэг. Угаалга их хийлгэхээр үтрээнд байх ашигтай болон ашиггүй нянгуудын харьцаа алдагддаг. Үүний улмаас үтрээний үрэвсэл болон мөөгөнцөр үүсэх шалтгаан болдог. Мөн хүний суурь өвчнөөс их хамаарна. ОУ-ын судалгаанаас харахад өдөр тутамдаа ариун цэврийн хэрэглэл байнга хэрэглэдэг эмэгтэйчүүд их мөөгөнцөрдсөн байна. Бас нэг анхаарах зүйл эмийн зохисгүй хэрэглээ, антибиотикуудыг буруу хэрэглэдэгтэй холбоотой. Жишээлбэл ханиад хүрэхээрээ ямар ч хамаагүй эм уудаг.
-Урьдчилан сэргийлэхийн тулд яах хэрэгтэй вэ?
-Дээрх үүсгэж буй шалтгаануудыг багасгах хэрэгтэй. Ямар нэг суурь өвчтэй болохоос өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Амьдралын зөв хэвшилтэй болж эрүүл хооллох хэрэгтэй байдаг. Мөн дасгал хөдөлгөөн сайн хийж, өөрөө дур мэдэн эм тариа хэрэглэхгүй байх нь хамгийн зөв урьдчилан сэргийлэлт болно. Ямар нэгэн зүйл тохиолдсон бол мэргэжлийн эмчид нь үзүүлж хэвших хэрэгтэй.
-Үрэвслээ эмчлэхгүй удвал ямар хүндрэлүүд үүсэх вэ?
-Үтрээний үрэвсэл нь жижиг асуудал мэт боловч хүндэрвэл өгсөх замын халдвар үүсгэдэг. Энэ юу вэ гэвэл умайн хүзүү, өндгөвч, гуурсан хоолойг үрэвсүүлдэг. Тэдгээр нь өвчлөхөөр үр хөврөл явах хэсэг маань хатангиршиж, бүтцийн өөрчлөлтөд орохоор бага аарцаг эрхтний үрэвсэл, хэвлийн өвдөлт үүсгэдэг. Бүр цаашилбал үргүйдэл, умайн гаднах жирэмслэлт болох эрсдэлтэй.
-Сүүлийн үед эрэгтэй, эмэгтэй гэлтгүй бэлгийн замын халдварт өвчих ихсэх болсон. Эмэгтэйчүүдийн хувьд юуг анхаарах вэ?
-Бэлгийн замын халдварт өвчин нь үтрээний үрэвсэлт өвчинд хамаарагддаг. Нэгдүгээрт нянгын гаралтай үрэвсэл хоёрдугаарт мөөгөнцөр хамгийн их байна. Хамгийн гол зөв эмчилгээ хийлгэж, бүрэн эдгээхийн тулд оношлогоо хийлгэж эмчид хандах хэрэгтэй. Тэгэхгүйгээр манай эмэгтэйчүүд ам дамжсан яриагаар дур мэдэж эмчилгээ хийж, шинж тэмдэгээ бүдэгрүүлээд байдаг. Тэгээд шинжилгээ өгөхөөр зөв гарахгүй хирнээ дараа дараагийн хүндрэлүүд нь илрээд байдаг. Жишээлбэл, доошоо янз бүрийн юм гарч, хэвлийгээр их өвдөж байна гэдэг. Тэр бол өгсөх замын халдвар зэрэг зөндөө олон хүндрэл үүсгэх эрсдэлтэй. 20-35 насны нөхөн үржихүйн идэвхитэй амьдралд байгаа хүмүүс бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх нь элбэг.
-Эмэгтэйчүүдийн хувьд заавал хамрагдах шинжилгээ байдаг уу, үзлэг хоорондын давтамж ямар байх ёстой вэ?
-Бид нар эсийн шинжилгээг жил тутамд нэг удаа авдаг. Зовиур илэрсэн үед бол тухай бүрдээ ирж үзүүлж байх ёстой. Түүнээс товлогдсон үе гэж байхгүй. Жишээлбэл, шээс болон эрхтэнд өнгө, үнэр орох зэрэгт шууд эмчид хандвал зохистой. Урьдчилан сэргийлэх үзлэгийн давтамж бол эмэгтэй хүн жилдээ нэг удаа үзүүлээд явбал зүгээр гэж үздэг.
-Сүүлийн үед цэвэршилт залуужиж байна гэж ярих болсон. Үүний шалтгаан нь юу вэ?
-Өнөөдрийн манай нийгэмд стресс их болсон. Хамгийн нэгдүгээрт энэ нөлөөлж байгаа. Хоёрдугаарт хүнсний эрүүл байдал идэж байгаа хоолтой холбоотой байна. Гуравдугаарт миний яриад байгаа архаг суурь өвчин их нөлөөлж байна. Ер нь бол шалтгаан их байгаа. Эмэгтэйчүүдийн бас нэг дутагдал нь өөрсдийгөө оношилдог. Жишээлбэл биений юм ирэхгүй байвал цэвэршээд байна гэж боддог. Гэтэл энэ бас өөр шалтгаан байдаг.
-Саяны жишээтэй холбоод асууя, ихэнх эмэгтэйчүүдэд тохиолддог зүйл бол сарын тэмдгийн өөрчлөлт байдаг шүү дээ?
-Үүнийг тухай бүрд нь эмчид хандахгүй бол болохгүй. Нэг ирхээрээ их ирдэг, эсвэл сар алгасаж ирдэг тохиолдлууд байдаг. Энэ нь тухайн хүний биеийн онцлогоос хамаараад ондоо байдаг учраас өөрийгөө оношлолгүйгээр эмчид яаралтай хандаарай гэж захия.
-Эмэгтэйчүүддээ хандаж юуг зөвлөх вэ?
-Эрүүл ээжээс эрүүл хүүхэд төрдөг. Жирэмслэх гэж байгаа ээжүүд маань өөрийгөө бэлдэх хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгтээ хамрагдаж байгаарай. Ямар нэг зовиуртай байгаа эмэгтэйчүүд маань дур мэдэн эмчилгээ хийхгүй байхыг анхааруулж байна. Эрүүл амьдралын хэв маягийг өөртөө дадал болгоорой гэж зөвлөе.
Г. Жаргал