₮ 0

No products in the cart.

Б.Мөнхжаргал: Ясны сийрэгжилтийг үүссэн хойно нь эмчлэхэд үр дүнгүй

Монголчуудын  дунд түгээмэл тохиолдох болсон ясны сийрэгжилт өвчний талаар Анагаах ухааны доктор, клиникийн профессор Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Ясны сийрэгжилт гэх ойлголтын талаар яриагаа эхлэе?

-Ясны сийрэгжилт гэдэг нь ясны хэлбэр гадаргууд ямар нэг өөрчлөлтгүй боловч түүний нөхөн төлжих үйл ажиллагаа удаашран, эрдэсжилт, найрлага өөрчлөгдөж, нэгж эзлэхүүнд байх ясны эд багасаж, жин буурахыг хэлж байгаа юм. Ясны эдийн бүтэц өөрчлөгдсөнөөр яс хэврэгшин хугарах эрсдэл үүсгэдэг, ясны тогтолцооны архаг өвчнийг “ясны сийрэгжилт” гэдэг. Энэ өвчнийг 21-р зууны чимээгүй тахал хэмээдэг. Үүгээрээ дэлхийн эмч, мэргэжилтнүүдийн анхаарлыг их татдаг. Миний харсан баримтаас дэлхийд ойролцоогоор 200- аад сая хүмүүс ясны сийрэгжилтэд нэрвэгдсэн байна. Уг өвчин нь халдваргүй өвчний дотор зүрх судасны өвчин болон хавдар, чихрийн шижингийн дараа дэлхийд дөрөвт бичигдэж байна.

-Ясны сийрэгжилт үүсэх олон шалтгаан бий гэдэг. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн олон оронд 40-50 насны хүмүүс уг өвчнөөр илүү өртөж байгаа, гэхдээ сүүлийн үед залуужиж 35 наснаас эхлээд байна. Ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан нь эмэгтэй даавар буюу эстроген, эрэгтэй хүмүүст тестостерон даавар багасах үйл ажиллагаа юм. 50 дээш насны эмэгтэй, 70 дээш насны эрэгтэй хүмүүс яс сийрэгжих өндөр эрсдэлтэй бүлэгт хамрагддаг. 50 дээш насны гурван эмэгтэй тутмын нэг, таван эрэгтэй тутмын нэгд ясны сийрэгжилт тохиолдож байна.

Тэгэхээр хүний яс сийрэгжвэл хүндрэл  нь хугарал болдог. Хугарал бол дунд чөмөгний толгой, нурууны ясанд илүү тохиолддог. Тэр бүү хэл орондоо хэвтэж байгаад эвгүй эргэх тохиолдолд ч хугарах эрсдэлтэй.

Хүний тулгуур эрхтний гол яс хугарснаар ажлын чадамжаа хүртэл алдана шүү дээ. Мөн согтууруулах ундаа, архи тамхины хэрэглээ, мансуурах бодист донтох, хоол хүнснээс хангалттай кальци авч чадахгүй үед ясны сийрэгжилт явагдана. Нарнаас Д витаминаа авч чадахгүй байх үед, унтаж амрахгүй, эмэгтэйчүүдэд бол удаан хугацаагаар сарын тэмдэг нь ирэхгүй байхад энэ нь явагдсан байдаг. Түүнчлэн биеийн жингийн индекс багатай, туранхай  хүнд тохиолддог. Тухайлбал европчуудад 55 кг, Азид 52-оос доош кг жинтэй настай эмэгтэйчүүдийг ясны сийрэгжилттэй гэж үздэг. Зарим нэгэн колагений нийлэгжилт буурах дархлаа сул байх, үрэвсэл үүсгэгч эмгэгүүдийн үед яс сийрэгжих асуудал гардаг. Мөн дотоод шүүрлийн эмгэг, ходоод гэдэс, бөөрний өвчний/маш их хэмжээгээр шээсээр кальци ялгардаг/  үед ч явагдана. Цаашлаад үе мөчний өвчин, бодисын солилцоо алдагдах, хөдөлгөөн багатай байгаагаас шалтгаална. Гэхдээ шалтгаан тодорхой бус хэлбэрээр яс сийрэгжиж болдог.

-Эмэгтэйчүүдийн гормоны өөрчлөлтийн үед яс сийрэгжих нь элбэг гэсэн байдаг?

-Энэ нь эмэгтэйчүүдэд голчлон цэвэршилтийн дараагаар үүсдэг. Тэгэхээр дааврын дутагдлууд үүсч байна гэсэн үг. Мэдээж ясны сийрэгжилт нас ахих тусам их тохиолддог. Жирэмсэн болон хөхүүл үед яс сийрэгжиж болдог. Гэхдээ энэ нь эргээд нөхөгддөг.

-Ясны сийрэгжилтийн үед кальци ихээр хэрэглэдэг. Энэ өвчний үед юу хэрэглэвэл илүү үр дүнтэй байх вэ?

-Хүний бие махбодийн кальцийн 99 хувь нь ясандаа, нэг хувь нь эсийн гадна шингэн буюу зөөлөн эдэд байрладаг. Мөн хүний биед дунджаар 3,5 кг эрдэс бодис байдаг. Кальцийн тухайд гэвэл витамин Д, кальци хоёр нь хоорондоо салшгүй холбоотой. Витамин Д нь кальцийн шимэгдэлт хангамжийг зохицуулж ясны бүтэц, булчингийн үйл ажиллагаанд чухал үүргийг гүйцэтгэдэг. Ер бол кальци дангаар уугаад витамин Д дутагдалтай бол кальци гэдэсний ханаар дамжиж цус руу шимэгдэж ордоггүй. Мөн кальци нь фосфортой харилцан уялдаатай байна. Энэ хоёр, хоёулаа байж ясны хэвийн төлжилт, эрдэсжилтэд хамгийн чухал үүрэгтэй. Ясны сийрэгжилтийн үед хангалттай шинэ яс төлжүүлж чадахгүй болчихдог. Энэ өвчин нь анхдагч, хоёрдогч гэсэн ангилалтай. Хүүхэд, өсвөр үеийн ясны сийрэгжилт бол зохисгүй хоол хүнснээс шалтгаалж байна. Тухайлбал хийжүүлсэн ундаа.

Хоёрдогч ясны сийрэгжилт нь эмийн эмчилгээний гаж нөлөөний улмаас үүддэг. Наад зах нь гэхэд дааврын эмийн хэрэглээ ордог. Мөн нэгдүгээр төрлийн буюу цэвэршилтийн дараах, хоёрдугаар төрөл буюу хөгшрөлтийн гэх зэргээр ангилж болно. Ер нь болж өгвөл кальцийг хоол хүнсээрээ нөхөх хэрэгтэй. Манай орон бол цагаан идээ элбэг, аарц, ааруул, айраг, гүүний саамнаас кальциа нөхөх хэрэгтэй.

-Ясны сийрэгжилт өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Д витамины цусанд хэр байгааг үзүүлнэ. Яагаад гэхээр Д витамины дутагдлын үед нарийн гэдсэн дэх кальцийн шимэгдэл буураад цусан дахь кальци багасдаг. Сүүлийн үед ясны сийрэгжилтийг олон төрлийн аппаратаар оношилж байна. Жишээлбэл давхар рентген DXAA аппарат хэрэглэдэг болсон. Энэ нь ясны эрдэсжилт ямар байгааг үзэж, сийрэгжилт байна уу үгүй юу гэдгийг тодорхойлж өгдөг. Хүмүүс зөвхөн цусан дахь кальци, Д үзээд кальци бага байна гээд тодорхой хугацаанд уугаад орхидог. Гэтэл ясандаа ямар өөрчлөлт байна гэдгийг анхаардаггүй. Бид зөв оношлуулж чадах юм бол тунгаа зөв тохируулж чадна шүү дээ. Ясны сийрэгжилтийг үүссэн хойно нь эмчилэхэд үр дүнгүй. Буцаж төлжихдөө бага байдаг.

Г.Жаргал

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...