“Наран мөргөл” уламжлалт анагаахын клиник эмнэлгийн их эмч Ш.Ариунжаргалыг “Эмч зөвлөж байна” булангийнхаа ээлжит зочноор уншигч та бүхэнтэйгээ уулзуулж байна.
-Сүүлийн үед эмчлүүлэхээр ирж буй иргэдийн дунд ямар төрлийн өвчлөл зонхилж байна вэ?
-Эмч нарт хандаж байгаа хүмүүсийн дийлэнх хувийг үе мөч, холбогч эд, булчин шөрмөсний үрэвсэлт өвчнүүд зонхилж байна. Өөрөөр хэлвэл ревматологийн өвчнүүд. Энэ өвчин эрүүл мэнд ,эдийн засаг, цаг хугацааг алдагдуулдаг хавдараас дутахгүй хөнөөлт өвчин.
Ихэвчлэн залуучууд болон 35-55 насны эмэгтэйчүүд голдуу өвддөг. Системийн өвчин эмчилгээгүй насан туршдаа эм уухаас өөр аргагүй гэж дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн. Тулай, ревматойд артрит, СКВ болон тогтолцооны хатуурал. Псиаразис артрит спондил артрит булчингийн үрэвсэл судасны үрэвслүүд, халдварын гаралтай үений үрэвсэлүүд залуужиж, ихсэж байгаа. Тулай өвчнөөр 40-өөс дээш насныхан өвчлөх магадлал өндөр байдаг ч сүүлийн үед залуужиж 24-тэй тохиолдол илэрсэн.
-Эдгээр өвчлөлүүд залуужиж байгаа шалтгаан нь юу юм бол?
Шалтгаан олон янз. Уух ус, идэх хоол, стресс, таргалалт, эмийн замбараагүй хэрэглээ, архи дарс хэтрүүлэн хэрэглэх мөн удамшилтай холбоотой. Өөр нэг ихсэж байгаа өвчлөл бол сахар, даралт ихсэх, таргалалт, зүрх судасны өвчин. Эдгээр нь хотжилтын өвчин гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл хөдөлгөөн багасаж, стресс ихэссэнтэй ихээхэн холбоотой.
-Хэрх, тулай өвчний үед голчлон ямар эмчилгээ санал болгодог юм байна?
-Эхний ээлжинд эм, хөдөлгөөн, хоолны дэглэм барихыг зөвлөдөг. Эм таарвал насан туршдаа эмээ ууж эмчийн хяналтад байна. Дараагийн шатанд хагалгаа хийх болон шаардлагатай үед хиймэл эрхтэн, үе суулгана.
-Зарим хүмүүс хэрх, тулай өвчнийг эдгэдэггүй гэж ойлгоод байдаг?
-Хавдар, системийн өвчин эдгэдэггүй гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг. Эхний үе шатанд эмчилж эдгээж болдог. Тэр тусмаа эмчилгээгүй гэгддэг ревматойд артрит тогтолцооны улаан яршил, хатуурал, нурууны өвчнүүд, сахар, тулай, даралт ихсэх гэх мэт өвчнүүд эхэлж байгаа үедээ маш сайн эмчлэгддэг. Хүндэрсэн гурав, дөрөвдүгээр үедээ орсон тохиолдолд зовиур багасгах, амьдралын чанар сайжруулах, амь нас аврах зорилгоор уламжлалт болон европ эмчилгээ хавсран хийхэд үр дүнтэй нь ажиглагдсан.
-Амьдралын хэв маягаас хэрх, тулай өвчнүүд ихээхэн хамаардаг байх гэж сонссон?
-Системийн өвчин эдгэдэггүй, насан туршдаа эм уух ёстой гэдэг асуудалтай санал нийлдэггүй. Өвчний эхэн үед нь уламжлалт болон өрнийн эмчилгээтэй хавсран эмчилж болдог. 2015 онд эмчилгээгүй гэгдэж байсан хүн одоо ч өвдөөгүй, гам дэглэмээ сахиад явж байна. Эмчилгээгүй, эм таарахаа больсон гэсэн хүмүүс тангаа уугаад хааяа эмчилгээ хийлгээд ажил хөдөлмөрөө хэвийн хийгээд явж байгаа жишээ олон байна.
Тулай нь зөвхөн үе мөчний өвчин биш ээ. Бодисын солилцоонд өөрчлөлт орсноос цусан дахь шээсний хүчил ихсэж, үе мөч үрэвсэх, хавдах шинжээр илэрч байгаа өвчин. Энэ өвчинд рашаан шавар болон дулаан эмчилгээ таардаггүй. Шинжилгээнүүдээ өгч байгаад тохирох эм витамин, тан хэрэглэдэг. Зүү, хануур, бумба сайн таардаг. Ихэвчлэн системийн өвчний хүндрэл хэлбэрээр илэрдэг тул сайн оношлуулж хамтад нь эмчлэх хэрэгтэй.
-Тулай өвчний үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Ямар ч үе мөчний үрэвсэл тулай шиг хүчтэй өвддөггүй. 50 хувь нь хөлийн эрхий хуруу улайж хавдаж өвддөг учир подагра гэж нэрлэсэн. 80 хувь нь дахиж өвддөг. Дараа нь шагай, өвдөг, мөр, тохой, бугуй, гарын үе өвддөг. Хурц тулай заримдаа халуурдаг. Булчин өвддөг. Үргэлжлэх хугацаа нь үрэвсэл бага үед хэдэн цагаас хоёр өдөр. Хүнд бол 14 хоног. Архаг тофустай үед хэдэн долоо хоног үргэлжилнэ. Эхний шатанд юу ч үлдэхгүй эдгэнэ. Заримдаа давсны кристалл үендээ үлдээд бага зэрэг үрэвсэл өгөөд байдаг талтай. Дэглэмээс шалтгаалаад ойр ойр өвдөх юм уу эсвэл өвдөхгүй ч байж болно. 90 хувь нь нэг үе өвдөж эхэлдэг. Дэглэм сахихгүй бол дахин сэдэрч архаг тулай үүснэ. Хурц тулайг эмчлээгүй эсвэл дэглэм сахиагүй тохиолдолд эхний жилд 62 хувь, хоёр дахь жилд 78 хувь сэдэрч дайрлага олон болох тусам шинэ үе гэмтэж хэрх шинжтэй болж бусад өвчнөөс ялгахад бэрх болдог. Тулай сэдрээгүй болон шинж тэмдэг илрэхгүй болохоор хүмүүс дэглэм алддаг.
-Тэгвэл эмчилгээний үед ямар дэглэм барих ёстой вэ?
-Мах, архи, айраг, пиво, фруктоз агуулсан жүүс, гэдэс, студень, хиам, хорхог, боодог зэрэг пурины агууламж өндөр хүнсийг хорино. Тослог багатай сүү, интоор, чонын элэг жимс, чонон хармаг, үхрийн нүд, тошлог гэх мэт витамин С, А, Е, эрдэс аминдэмтэй жимс ногоо хэрэглэх. Өөх тос багатай борц, тахианы цээж мах идэж болно. Харин үрэвсэл намдсан үед чанасан үхрийн хар махаар шөлгүй жигнэж болгосон хоол идэж болдог. Хурц үрэвсэлтэй үед хөдөлгөөн хорьж хэвтрийн дэглэм сахина. Хавдсан үен дээр хүйтэн жин тавина.
-Хүмүүс үе мөч өвдлөө гээд л үе мөчний наалт, тос, түрхлэг хэрэглээд байдаг шүү дээ? Энэ хэр үр дүнтэй вэ?
-Монгол уламжлалт анагаах ухаанаар үе мөчний өвчин нь шар усны өвчний бүлэгт багтдаг. Аль эрхтэн системийг гэмтээснээс хамаарч янз бүрээр нэрлэдэг. Тулай нь үенд цус шар усны халуун шунаснаас үүсдэг. Энэ үед халуун жин, наалт, шавшлага тос түрхэхийг хориглодог.
Харин хүйтэн жин, үхрийн нүд жимсний навчаар ороож хаванг бууруулж болно. Цагаан хэрх буюу бадгана шар ус хавсарсан тохиолдолд халуун шавар, жин, дэвтээлэг төөнүүр болон үе мөчний өвдөлт намдаах тос зохидог.
Янз бүрийн халуун чанартай наалт сармистай, чинжүүтэй, архиар боолт хийсэн гээд тулай, хэрх өвчнийг хүндрүүлж харшил үүсгэсэн тохиолдол байдаг. Ерөнхийдөө хавдаж, улайж байгаа үен дээр жин тавьж, шавшиж, янз бүрийн наалт тавьж болохгүй. Харин насжилт болон яс сийрэгжилттэй холбоотой үений өвчлөлүүдэд жин тавьж, шавшиж болдог.
Системийн өвчинд хамаагүй шарлага хийх, жин тавих нь эрсдэлтэй. Элэгний өвчлөлтэй буюу вирустэй хүмүүс хичнээн үе мөч өвддөг ч гэсэн халуун чанарын эмчилгээ хийлгэж болохгүй. Тиймээс заавал эмчээс зөвлөгөө авах шаардлагатай.
-Системийн өвчин гэдгийг зөвхөн үе мөчний өвчин гэж өнгөц ойлгож болохгүй гэсэн үг үү?
-Тиймээ. Илэрч буй шинж тэмдэг нь үе мөч өвдөж байгаа болохоос шалтгаан нь дотор эрхтний өөрчлөлттэй шууд холбоотой байдаг. Тулай нь дан ганц үе мөчний бус бодисын солилцооны өвчин. Элгэнд пурины солилцоо алдагдах юмуу уратын давс бөөрөөр ялгарч чадалгүй цусаар эргэлдэж үе, судас, шөрмөс, булчинг гэмтээснээс үүсдэг.
Дангаараа болон өөр бусад өвчний хүндрэл маягаар илэрдэг. Залуучуудад бөөрний чулуу, түрүү булчирхайн шохойжилт, киста, сахарын өвчний хүндрэл зэрэг хоёрдогч маягаар илэрдэг. Үе мөчний өвчинд хийдэг эмчилгээнд тулайн үрэвсэл дарагдахгүй. Заавал шалтгааныг хамт эмчилнэ.
Элэгний үрэвсэл болон вирустэй эсвэл бөөр зүрх өвчтэй бол заавал давхар эмчлэх шаардлагатай. Энэ өвчинд уламжлалт анагаах ухааны хануур, зүү, бумба, тан зэрэг эмчилгээг европ эмчилгээтэй хавсран хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Үе мөчний өвчлөлтэй ирж буй хүмүүс элэгний вирустэй байх тохиолдол элбэг.
-Эмчлүүлэгчдийн дунд гаргадаг нийтлэг алдаа юу вэ?
-Монголчуудын хамгийн нийтлэг алдаа бол дураараа эм тариа хэрэглэдэг. Эмчилгээгүй өвчин ихсэх болсон шалтгаан бол эм тарианы хяналтгүй хэрэглээтэй шууд холбоотой. Өвчний мөн чанарыг мэдэхгүйгээр бие биедээ эмчилгээ зөвлөдөг. Хүний анатоми физиологи, халдвар, халдваргүйтэл өвчин мэдэхгүй улсууд дураараа хүн эмчилдэг. Эмч биш хүнд эрүүл мэндээ даатгана. Эмчлэх эрхгүй хэрнээ хүнд мэс хүргэнэ. Эм тан өгнө. Дураараа эм тариа хэрэглэсэнээс өвчин архагшиж эмэнд дасал үүсэж эмчилгээгүй болдог. Заавал мэргэжлийн хүнд хандаарай.
⁃Системийн өвчнийг гадны эмнэлгүүд яаж эмчилдэг вэ?
-Насан туршдаа эм ууж эмчийн хяналтанд байх ёстой. Дан ганц ревматологич биш Өрхийн эмч, сэтгэл судлаач, зүрх судас, бөөр уушги мэдрэлийн эмч нар хамтарч ажилладаг. Эмийн өртөг өндөр. Биологийн бэлдмэл хэрэглэж байгаа үед жилд 20-30000 евро болно. Бүгд даатгалаар. Үе солих нөхөх хагалгаа хийнэ. Хөдөлгөөн болон зөв хооллож физик эмчилгээ хийхийг зөвлөнө.
-Нурууны өвдөлт болон үе мөчний өвдөлтийн үед ямар арга хэмжээ авдаг бол?
-Төрөл бүрийн шалтгаант нуруу, өвдөгний өвдөлтийг мэс засал болон үений янз бүрийн тариагаар шийддэг байсан. Энэ нь залуу хүмүүсийн хувьд эрсдэлтэй байдаг. Нэг үе эмчилсэн ч дараагийн үеүд гэмтэх эрсдэлтэй байдаг. Тийм учраас эмийн болон физик эмчилгээ хөдөлгөөн заслыг зөвлөдөг.
Нугас дарагдаж хөл гар мэдээгүй болсон бие засаж чадахгүй тохиолдолд мэс засал хийдэг. АНУ Германы эмч нарын судалгаагаар дискний урагдал шморлын ивэрхий, суудлын мэдрэлийн дарагдал нь нөхөн сэргээх, физик эмчилгээгээр эмчлэгдэг болох нь батлагдсан.
Залуустаа хандаж хэлэхэд “Хоолоо тохируул”. Энэ нь мацаг барьж хоолны дэглэм барь гэсэн үг биш. Зөв хоолло. Их хөдлө. Ажил амралтаа зохицуул. Монголчууд эрт дээр үеэс хоолны соёлтой ард түмэн. Зуны цагт мах бага идэж цагаан идээ айраг цагаагаар хооллож дотор эрхтэн гэдсээ амраадаг.
Өвлийн цагт мах тосоо хэрэглэж хүйтэн ширүүнийг давдаг. Хүүхдэд амттан өгч эрхлүүлдэггүй ажил хөдөлмөрт багаас нь сургадаг. Энэ уламжлал алдагдсантай холбоотой хүүхдийн өвчлөл мөн ихсэж байгаа. Иймд хүүхдүүдээ багаас нь чийрэгжүүлж, эм танг зохистой хэрэглэж сураарай.
Өвчнийхөө онцлогт тохируулан иог фитнесс, усан сэлэлт, алхалтаар хичээллэх хэрэгтэй. Хийн дасгал нь системийн өвчинд ихээхэн үр дүнтэй. Системийн өвчин хүндрээгүй тохиолдолд эдгэрдэг.
О.Цэцэгсүрэн