₮ 0

No products in the cart.

Г.Дарьжав: Халууралтыг улаан, цагаан гэж хоёр ангилж үздэг

Хүүхдийг ханиад томуунаас урьдчилан сэргийлэх, дархлааны системийг хэрхэн дэмжих талаар Анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй хүүхдийн эмч Г.Дарьжавтай ярилцлаа.

 -Хүйтний улирал эхэлж байна. Улирлын чанартай ханиад томуунд хүүхдүүд ихэвчлэн өртдөг шүү дээ. Хүүхдүүдээ ханиад томуу тусгахгүйн тулд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хүйтний улирал эхлэх, агаарын бохирдол, хүн амын нягтаршил зэрэгтэй холбоотой улирлын шинж чанартай томуу болон томуу төст өвчинд хүүхдүүд их өртдөг. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг бол хамгийн чухал асуудал.

Хүүхэд ямар нэгэн өвчнөөр өвчлөхгүй байх нь маш энгийн аргуудаас эхэлдэг. Юун түрүүнд гэр бүл төлөвлөлт хамгийн чухал бөгөөд эхийн хэвлийд ураг бүрэлдэх цагаас л анхаарах хэрэгтэй.

Эх өөрөө эрүүл байж эрүүл хүүхэд төрнө. Хүүхдээ нярай үеэс (0-2 нас) нь сайн анхаарвал ямарваа өвлөлд өртөхгүй байх боломжтой. Нярай хүүхдийг 0-6 сар хүртэл хөхөөр хооллосноор хүүхдээ ямар нэгэн эмгэгээс бүрэн хамгаална. Хүүхэд ангир уургаар дамжуулан 100 хувь дархлаагаа авдаг. Харин 6 сартай хүүхэд хөхний сүү шингэрсэнтэй холбоотой бага зэрэг дархлаа нь суларч эхэлдэг гэдгийг залуу ээжүүд анхаарах хэрэгтэй.

-Ханиад томуунаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн аргуудаас дурьдвал?

-Гэр бүлийн гишүүдийн эрүүл ахуйн дэглэм маш чухал. Хамгийн гол нь гараа зөв сайн угааж хэвших хэрэгтэй. Эрүүл ахуйн энэ дэглэмийг зөв баримтлаж байхад ханиад томуунаас бүрэн урьдчилан сэргийлэх боломжтой. Мөн хүүхдэдээ үргэлж анхаарал хандуулж, мэдэрч байх хэрэгтэй. Хүүхдээ сайн анхаараагүйгээс өвдсөн хойно нь заримдаа өвчин хүндэрсэн тохиолдолд ч хандаж байна. Энэ бол эцэг, эх, асран хамгаалагчдын гаргадаг алдаа. Үүгээрээ хүүхдийн өвчин хүндрэх буюу төрөл бүрийн эрсдэлд оруулдаг.

-Дархлаа суларснаар ямар нэгэн өвчлөлд өртөх магадлал өндөр шүү дээ. Дархлааг хэрхэн дэмжих вэ?

Олон улсын жишигт бол:

-Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. (Эх өөрөө эрүүл байх шаардлагатай.)

-Хүүхэд тайван, цочромтгой бус нойр нь хангалттай байх. (Дархлааны эсүүдийн ялгарах хамгийн идэвхитэй цаг нь 22.00-02.00 хүртэл байдаг. Энэ хугацаанд унтуулж хэвших. Шөнө унтахгүй өдөр унтаад байвал дархлаа сулрахын шинж тэмдэг.)

-Илчлэг сайтай, тэжээллэг чанартай хоол хүнсийг зөв зохистой хэрэглэх.

-Хүүхдийн хөдөлгөөнийг анхаарах. (Насны онцлогт тохирсон хөдөлгөөнийг хийлгэх. Бага насны хүүхдэд тохирсон иллэг, массаж хийж өгөх. Өсвөр насны хүүхдийн хөдөлгөөнийг биеийн тамирын хичээлд найдаад орхиж болохгүй)

-Суурь өвчтэй хүүхдийг эрт оношлуулж, эмчлэн эрүүлжүүлэх. (Сульдаа, цус багадалт, тураал, тархины цусан хангамжийн дутмагшил буюу хүчил төрөгчийн өөрчлөлт зэрэгтэй хүүхдүүдийг сайн анхаарч эмчийн хяналтад байлгах. Эдгээр хүүхдүүд вирусийн халдварт илүү өртөмтгий байдаг.)

Дээрх заавруудыг эцэг, эх, асран хамгаалагч нар хүүхдийн асаргаа сувилгаанд анхаарах замаар хүүхдийн дархлааг сайжруулах алхам гэж үздэг. Эдгээр алхамуудыг дагаж мөрдсөнөөр хүүхдийнхээ дархлааг дэмжиж байна гэсэн үг.   

-Хүүхдийг гэрийн нөхцөлд хэрхэн асарч сувилах вэ?

-Дур мэдэн эм өгч болохгүй. Заавал эмчийн заавар зөвлөгөөний дагуу явах ёстой. Үүнээс гадна зөвхөн эмээр эмчлэх биш хамгийн гол нь хүүхдээ маш сайн ажиглаж сурах ёстой. Хүүхдээ нойр хоолондоо хэр байна гэдгээс эхлээд ажиглах, хүүхэдтэйгээ дотно харилцаа үүсгэх ёстой. Ажиглаагүйгээс болоод өвчин хүндрэх тохиолдол их байдаг. Хүүхдээ ажиглаж сурна гэдэг нь эрүүл мэндийн боловсрол эзэмшиж байгаагийн нэг илрэл юм.

-Өвчний шинж тэмдгийг хэрхэн таньж мэдэх вэ?

-Вирусын хоруу шинж чанар, хүүхдийн дархлаанаас хамаараад илрэх хэлбэр өөр өөр. Зарим хүүхдэд хөнгөн, зарим хүүхдэд хүнд гээд янз бүр. Вирусийн хоруу чанар хүнд явагдаж байгаа хүүхдүүд дархлаа тогтолцооны эмгэгтэй, суурь өвчлөлтэй байх магагдлал өндөр. Хүүхдээ халуурахаар л өвчний шинж тэмдэг гээд л халуун буулгах эм тариа хэрэглэх гээд байдаг. Гэтэл халуун бууруулах эм хордлого өгдөг, элгэнд муугаар нөлөөлдөг.

-Ямар үед эмнэлгийн яаралтай тусламж авах шаардлагатай вэ?

-Хүмүүс үүний талаар төдийлөн мэддэггүй. Зөвхөн халууралт дээр жишээ авбал халууралтыг дотор нь улаан, цагаан гэж хоёр ангилж үздэг. Улаан халууралт гэдэг нь хүүхдийн бие халуун, нүүр нь минчийж улайх бөгөөд халууны эм өгөхөд түргэн буурч хүндрэл бага байдаг. Харин цайвар халууралт нь хөл гар нь маш хүйтэн, царай нь цонхийх шинж тэмдэг илэрдэг. Энэ тохиолдолд эмнэлгийн яаралтай тусламж дуудах хэрэгтэй. 

О.Цэцэгсүрэн

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...