Хэрэв та залуу хүн бол олон зүйл таны хувьд анхны туршлага, сургамж болж байгаа. Тухайлбал ажилд орох, анхныхаа машиныг худалдан авах, өөрийн гэсэн орон байранд нүүж орох гэх мэт. Ийм үед хүмүүс алдаа гаргах нь элбэг байдаг. Мөнгөтэй холбоотой ухаалаг шийдвэр гаргахад танд туслах зөвлөмжийг уншаарай.
Төсөв гаргах
Төсөв гаргах нь мөнгөө юунд зарцуулах ёстойгоо төлөвлөхөд тусална. Хэдэн төгрөгийн орлого авч байгаа болон зарлага хэд байгаа гэдгээ тооцож эхлэх нь зүйтэй. Долоо хоногоор төсөв гаргах гэж байгаа бол, долоо хоног тутамд дунджаар хэдэн төгрөгийн орлого орж, хэдийг, юунд зарцуулахаа тооцоолоорой.

Орлого, зарлагаа байнга тулгаж бай
Төсөв нь танд мөнгөө юунд зарцуулж болох талаар урьдчилан төлөвлөхөд дөхөм үзүүлдэг. Гэхдээ таны мөнгө бодит амьдрал дээр юунд зарцуулагдаж байгааг бичиж тэмдэглэх нь чухал. Зарцуулсан Төгрөг нэг бүр чухал бөгөөд багахан мөнгөний худалдан авалтуудыг сар, жилээр тооцоход их болж нэмэгддэг.

Ирээдүйдээ зориулсан хуримтлалтай байх
Хуримтлал үүсгэхийн тулд ангилах хэрэгтэй. Жишээлбэл, найзын төрсөн өдөр тэмдэглэлт баяр, байнга гардаг зардал зэргээ тооцоолоод үлдсэнийг нь эрүүл мэнд, шинэ байрны урдчилгаа, хүүхдийнхээ оюутаны төлбөрт ч хуримтлуулж болно. Үүний давуу талыг доор дурдвал:

Хадгаламж ямар ашигтай вэ?
- Мөнгөө захиран зарцуулах;
- Гэнэтийн зардал, яаралтай мөнгөний хэрэгцээг шийдэх;
- Ирээдүйд хэрэгтэй зүйлээ худалдан авах чадвартай болох;
- Зээл авч, өрөнд орохгүй байх;
- Санхүүгийн хувьд санаа бага зовох гэх мэт.