Олон нийтийн сүлжээнд бид бусдад өөрийгөө таниулан, “Би бол ийм хүн” гэсэн дүр төрхийг бий болгож байдаг. Гэхдээ бид хэн гэдгээ бус, хэн байхыг хүсэж буйгаараа бусдад харагдахыг хүсдэг нь нууц биш. Сайн танихгүй нэгнээ ч сошиал ертөнцөөс олж, өчигдөр орой юу хийсэн, юунд дуртай зэрэг мэдээллийг харж чадах нийгэмд бид амьдарч байна. Ойр дотны хүмүүстэйгээ хамт байгаа зургаа олон нийтийн сүлжээнд дэлгэснээр “Бид ийм харилцаатай” гэсэн мэссэжийг ч бусдад илгээж байдаг. Гэтэл үнэхээр аз жаргалтай, баяр хөөртэй байгаа нэгэн үүнийгээ олон нийтэд зарлан тунхаглах гэж төдийлөн яардаггүй. Тэгвэл аз жаргалтай хосууд яагаад цахим орчинд хамаг амьдралаа дэлгэж, өдөр болгон хайраа илчилдэггүйн шалтгаан энэ.
Тэд бусдад аз жаргалтай харагдах гэдэггүй. Учир нь тэдний харилцаа зөвхөн тэдэнд нандин байхад л хангалттай.
Аз жаргалтай, эрүүл харилцаатай хосууд тэр бүр олон нийтийн сүлжээнд үүнийгээ зарладаггүй. Тэд фэйсбүүк дээрээ “relationship” хийгээгүй байж ч мэднэ. Тэд бусдад хэрхэн харагдах бол гэж огт боддоггүй, бие биеэ хайрлах талаар л санаа тавьдаг.
Аз жаргалтай хосууд илүү энгийн байдаг.
Тэд хамтдаа аз жаргалтай байна, бие биедээ хангалттай бүрэн дүүрэн мэдрэмжийг өгч чадаж байна, өөр юу хэрэгтэй гэж? Тэд тансаг хангалуун харагдах гэж, олонд алдарших гэж яардаггүй (мэдээж хосын хувиар). Хэрвээ олон нийт тэдэнд анхаарал тавьж эхлэвэл тэд төвөгшөөхгүй ч, тоохгүй болж эхлэвэл аз жаргалтай байхаа больчихдоггүй.
Тэд бие биеэ олон нийтийн сүлжээнд шүүмжилдэггүй.
Тэдэнд ч бас муудалцах, хэрэлдэх үе бий. Гэсэн ч тэд хайртай хүнийхээ тухай, хайртай байсан хүнийхээ тухай олон нийтэд дэлгэх гэдэггүй. Фэйсбүүкт байгаа хүн бүхэнд тэдний амин харилцаа хамаагүй гэдгийг аз жаргалтай хосууд сайн мэддэг. Харин эсрэгээрээ тэд дургүйцэл төрүүлсэн зүйлсээ хоёр биендээ илэн далангүй хуваалцаж, ярилцахыг хүсдэг. Ингэснээр тэдний харилцаа улам бүр батжиж, “хайрлах” ёсонд суралцдаг.
Тэд үнэнч хайр дурлалаа бусдад батлах гэдэггүй.
Тэд олон нийтэд аз жаргалтай, дур булаам, гал халуун дурлалт хосууд мэт харагдах гэж хичээдэггүй. Тэд хамт байгаадаа аз жаргалтай байгаа болохоос олон нийтийн ярианы сэдэв болж буйдаа биш юм.
Тэд бусдад үлгэр дууриал болох гэдэггүй.
Тэд хэчнээн удаан үерхсэн ч бие биедээ анхаарал тавихаа зогсоодоггүй. Гэхдээ хайр дурлал, үерхлийн тухай сургаал “айлдаж” бусдад зөвлөгөө өгсөн пост бичдэггүй. Учир нь тэд бусдад харагдахын төлөө бус, хайрлахын төлөө л бие биенийхээ дэргэд байгаагаа мэддэг.
Тэд олон нийтийн сүлжээг “нэг их” тоодоггүй.
Олон нийтийн сүлжээ орчин цагийн хүмүүсийн хувьд чөлөөт цагаараа цугладаг гудамж мэт орон зай гэдгийг тэд мэддэг. Тэнд ямар ч хүн байж болох учир хамгийн үнэ цэнэтэй хайр дурлалаа тэнд дэлгээд байдаггүй.
Сүүлийн үеийн нэгэн судалгаагаар фэйсбүүкт 7 ба түүнээс дээш хоног ордоггүй хүмүүс өдөр тутам хэрэглэдэг хүмүүсээс илүү аз жаргалтай байдаг нь тогтоогджээ. Олон нийтийн сүлжээнд бид бусадтай өөрийгөө харьцуулж, өөрийн мэдэлгүй жиших, атаархах мэдрэмжид автдаг байна. Гэтэл цахим ертөнцөд үнэхээр жаргалтай мэт харагдаж байгаа хүн чин сэтгэлдээ юу мэдэрдгийг бид мэдэхгүй шүү дээ.
Эх сурвалж: Businessinsider