LOADING

Type to search

Зөвлөгөө

Хүүхэдтэй болж, гэртээ суух хугацаандаа АМБИЦАА бүү хая

Share

Дотоод сэтгэлээ амар амгалан байлгахад суралц

Дотоод сэтгэлээ ойлгож таних, өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч, хайрлах явдлыг энэ нийтлэлийнхээ хамгийн эхэнд онцлохыг хүслээ. Асуудал үүсгээд байгаа гол шалтгаантай нүүр тулалгүйгээр тойрч зугтах тусам асуудал улам томорч биднийг илүү ихээр биднийг хямраадаг юм шиг.

Тийм ч болохоор сэтгэл дотор байгаа бүхнээ нэг өдөр тэр чигт нь уудлан хаяж, жинхэнэ өөртэйгээ нүүр тулаад үзэхийг чамд зөвлөж байна. Нөхөртөө гомдсон гомдлууд, өөрийгөө голж байгаа тэр мэдрэмжүүдээ бүгдийг нь гаргаж ирээд дотроо нэг сайхан онгойлгочихвол үнэхээр олон зүйлс эерэгээр өөрчлөгддөг юм байна лээ.

Түүнийхээ дараа ууланд алхах, бясалгал хийх зэргээр эрч хүчийг чинь сэлбэх, чамайг аз жаргалтай болгож чадах зүйлсийг боломж олдох бүрийд хийн дотоод хүнээ амар амгалан, цог золбоотой байлгахыг хичээгээрэй. Миний хувьд хүүхдээ унтуулсныхаа дараа оройн цагааар хувийн блогтоо шинэ нийтлэл бичиж оруулах, өөртөө болон хүүхэддээ тэр өдөр тохиолдсон үйл явдлыг тэмдэглэлийн дэвтэртээ буулгах зэргээр бичих дадлынхаа тусламжтайгаар сэтгэл дотор байгаа зүйлсээ илүү сайн уудалж чаддаг болсон шүү.

Хувиа хичээсэн мэт сонсогдож магадгүй , гэхдээ ээж хүн аз жаргалтай байхын тулд өөрт байгаа хайр бүхнээ бусдад харамгүйгээр түгээхийг хичээхээс илүүтэйгээр нэн тэргүүнд өөрийгөө хайрлаж, хүлээн зөвшөөрч сурах нь илүү чухал гэж би боддог юм.

Чин сэтгэлээсээ юу хийхийг хүсэж буй зүйлээ олж нээ

Нялх зулзагатайгаа өнгөрөөх 2 жилийн хугацаандаа өөрийгөө илүү ихээр танин мэдэхийг хичээ. Өмнө нь ажил ажил гэсээр хайрцаглагдсан байсан сэтгэхүйгээ одоо л задлах цаг нь ирж. Би та нартайгаа өөрийнхөө жишээнээс хуваалцмаар байна л даа, би бага байхаасаа л бичих дуртай байсан хэдий ч хэзээ ч энэ сонирхолдоо тусгайлан цаг зарцуулж байгаагүй юм.

Хүүхдээ төрүүлснээсээ хойш харин энэхүү нууцлаг хоббигоо хөгжүүлэн сонирхлоороо блог нээн ажиллуулж эхэлснээсээ хойш олон танихгүй хүнээс урмын үг сонсон ,тэдэнд бага ч гэсэн хэрэгтэй зүйлсийг хийж байгаа мэдрэмжийг өдөр бүхэн авах болсон.

Жирийн нэгэн инженер, ээж гэдгээс өөр өнцгөөр нийгэмд өөрийгөө таниулах боломжийг олгодог болохоор би блогтоо маш их хайртай. Мөн миний таних олон эмэгтэй гэртээ сууж байх хугацаандаа өөрсдийн “start-up” бизнесийнхээ санааг олж одоо өөрсдийнхөө байгуулсан компанийхаа захиралыг хийж, чамгүй олон хүнийг ажлын байртай болгосон байдаг.

Өмнө нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэх үү, эсвэл хүсэл мөрөөдлөө дагаж өөр зүйл эхлүүлмээр байна уу гэдгээ нухацтай бодож шийдвэр гаргах цаг нь яг одоо л юм. Хэрвээ бүхнийг шинээр эхлүүлэхийг хүсэж байвал яг одоо л зориглоорой.

Оффис менежерийн мэргэжилтэй эгч маань хоол хийх хоббигоо хөгжүүлсээр өөрийн катеринг компаниа байгуулж чадсан, хүний нөөцийн ажилтан байсан найз маань улирал бүр шинэ колллекцээ гаргадаг мундаг брендийг үүсгэн байгуулсан, хар багаасаа л дэлгүүр хэсэх хоббитой байсан дүү маань өөрийнхөө нэрийн “online shop”-ийг маш амжилттай ажлуулж байна.

Эдгээр бүсгүйчүүд бүгд л яг чам шиг хүүхдээ харж байхдаа өөрсдийнхөө үнэхээр чаддаг, хүсдэг зүйлдээ сэтгэл зүрхээ зориулан өөрсдийгөө шинээр нээж чадсан юм. Гэхдээ энэ нь заавал чи бизнес эрхлэгч нэгэн болох хэрэгтэй гэсэн үг биш юм шүү, амттан хийх дуртай бол тэр чадвараа сургалтанд суун илүү хөгжүүлэх, юм оёх сонирхолтой бол оёдлын машин худалдаж аваад хүүхэддээ хувцас хийж өгөх гээд юу ч байж болно.

Хүүхэд асрах гэдэг хорвоогийн хамгийн хэцүү ажил ч гэсэн нөгөө талаасаа бидэнд цаганд баригдалгүй аливааг турших хугацааг олгодог болохоор сэтгэлийн чинь мухарт байсан хүсэл мөрөөдөлдөө цаг зарцуулж, түүнийгээ хэрэгжүүлэх хамгийн аятай таатай үе юм шүү.

Хэлний мэдлэгээ дээшлүүл

Өдөржингөө гэртээ байдаг над шиг хүн яаж ч элдэв сургалт дамжаанд сууж хэл сурах вэ дээ гэж бодож байна уу? Утсаа мааждаг тэр хугацаагаа хэлний мэдлэгээ дээшлүүлэх цагаар өөрчилж чадвал болох нь тэр. Техник технологи өндөр хөгжсөн энэ үед заавал өндөр үнэтэй сургалтанд сууж хэл сурах шаардлагагүй. Цоо шинэ хэл шинээр сурах биш, өмнө нь судалж байсан хэлээ ч гэсэн сайжруулж болно шүү дээ.

Миний хувьд гэртээ суух хугацаандаа олон жилийн турш мэддэг мэддэггүй хоёрын завсарт байсан англи хэлээ төгс сайн сурахыг зорьсон юм. Хүүхдээ салхилуулах, хоолоо бэлдэх үедээ янз бүрийн podcast-ууд сонсож, өдөр оройн унтлагын цагийн дараа youtube дээрхи хичээлүүдийг алгасалгүй үзэж, уншихаар төлөвлөсөн номнуудаа бүгдийг нь англи хэл дээр уншиж байлаа.

Ялангуяа өдрийн унтлагын цагаар хүүхдээ гадаа салхилуулах нь ээжүүд бидэнд олддог үүлэн цоорхойн нар шиг л чөлөөт цаг учраас энэ үеийг маш ухаалгаар ашиглаж сураарай. Охин маань ой хүртлээ өдрийн цагаар маш сайн унтдаг байсан болохоор тэргэн дээр охиноо унтуулангаа би http://www.bbc.co.uk/learningenglish-ын сонсох хичээлүүдийг нь бүгдийг нь дуусгасан шүү.

Үр дүнд нь гэвэл олон жилийн турш тойрч зугтаж явсан ielts-ийн шалгалтынхаа сонсгол хэсэгт нь хамгийн өндөр оноог авсан. Хэрвээ үнэхээр хийхийг хүсэж байвал бидний дэргэд боломж үргэлж байдаг гэдгийг чи минь санаж яваарай.

Сонирхлоо өөрчил

Сонсдог дуу, үздэг кино, уншдаг номныхоо төрөл жанрыг өөрчлөх гээд нэг үзээрэй. Би угаасаа л уран зохиолын ном насаараа уншсан хүн шинжлэх ухааны ном яасан ч уншихгүй гэж боддог байсан минь нөхрийнхөө зөвлөсөн дэлхийн үүслийн тухай номыг бүтэн 2 шөнө нойргүй уншсаны дараа эрс өөрчлөгдсөн юм.

Чи ч гэсэн би зөвхөн R&B урсгал л сонсдог хүн гэж өөрийгөө бодолгүй grunge rock бүүр эсвэл country хөгжим сонирхож, атаа жөтөө хэрүүлээр дүүрэн байдаг солонгос сериалаа “GAME OF THRONES”, “BREAKING BAD” ,”BAND OF BROTHERS” гэх мэтийн күүл сериалаар сольж болно шүү дээ.

Хүний сонирхол өөрчлөгдөх үед тэр сонирхлынхоо хүрээн дэх шинэ хүмүүстэй танилцан, өөр амьдралын хэв маяг үзэл бодлуудтай учирдаг тул бие хүнийхээ хувьд өөрийгөө танин мэдэхэд чинь бага ч гэсэн туслах болно.

Эрүүл амьдралын хэв маягийг өөрийнхөө хэвшил болго

Хүүхдээ төрүүлэхээс өмнө чи гэр бүлдээ эрүүл амьдарлын хэв маягийг цогцлоох юмсан хэмээн үргэлж боддог байсан ч завгүй амьдралын хэмнэлээсээ болоод хэрэгжүүлж чадахгүй л байсан уу?

Одоо л харин яг тохирох цаг нь ирлээ. Гадуур хооллохоо багасган эх орныхоо эрүүл хөрсөнд ургасан ногоогоор гэртээ хоол хийх, ахуйн хэрэглээний зүйлсээ байгальд ээлтэй эко болгох, хог хаягдалыг байж болох хамгийн бага хэмжээнд нь аваачих, зөвхөн гуалиг бие галбирын төлөө биш эрүүл урт удаан амьдралын төлөө өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх гээд байгаль дэлхий болоод өөрсдийнхөө аз жаргалтай амьдралын төлөө хийж чадах зүйлс маань үнэхээр их.

Үр хүүхэд гэдэг бидний шууд тусгал учраас эх дэлхий, өөрийгөө хайрлаж чаддаг бие хүнийг өсгөж хүмүүжүүлэхийн тулд ээжүүд бид л өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй, тийм биш гэж үү.

Амбицаа бүү хая

Ажилдаа эргэн орох үедээ бүх зүйлийг яг л өмнөх байран дээрээсээ эхлүүлэхгүйн төлөө хичээх хэрэгтэй шүү хонгор минь.

Мэргэжилтэйгээ холбоотой сүүлийн үед хэвлэгдсэн ном, сэтгүүлийг тогтмол унш, хурал конференцид хүүхдийг чинь харах хүн олдвол заавал яв, боломж олдвол богино хугацааны зайн сургалтанд ч хамрагдахыг бод. Өмнө нь ажлаа бүрэн гүйцэд гүйцэтгэхэд чамд дутагдаж байсан чадваруудыг энэ хугацаанд эзэмшээд ав.

Ажлын байран дээр чинь зайлшгүй хэрэг болдог программуудыг “хашраадаг” болох, ажлаа нарийн нягт төлөвлөж сурах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чадвараа хөгжүүлэх гээд л сурах юм мундахгүй их байгаа биз.

Эцэст нь миний хамгийн хайртай “Алхимич” номын зохиолч Пауло Коэльогийн “Чи аливаа зүйлийг хүсэх юм бол, хүслээ биелүүлэхэд чинь орчлон ертөнц тэр чигээрээ чамд тусална” хэмээх нэгэн сайхан үгээр энэ нийтлэлээ өндөрлүүлье. Өдөр хоногоор биш, цаг минутаар өсөж байгаа нялх үртэйгээ хамтдаа өсөн дэвшицгээе бүсгүйчүүд минь.

error: Content is protected !!