LOADING

Type to search

Ухаарахуй

Чойжид дагинын тууж-5

Share

Өмнөх хэсэг: Чойжид дагинын тууж-4

ЗУРГААН ЗҮЙЛ

Эрлэг Номун хаан зарлиг болруун: Энэ өдөр нэгэн их буянтан өөд болж ирэхнээ хэмээсэнд эрлэгийнхэн цөмөөр босож хүндлэв. Тэр урьд зүгээс номын хувцас өмссөн махлаг дүртэй аяга тэхимлэг (гэлэн) гурван зуу гаруй эр эм хүмүүнийг дагуулан цан хэнгэрэг хөгжим сэлтээр маанийг аялгуулан шүлэглэж дурссаар дээгүүр заларч явахдаа: – Би мааньч Ёнжид гэгч билээ.

Арилсан номын орноо одлоо. Эдүгээ эрлэгийн газар зуурдын сансарт байгаа хүн амьтан та нарын дотор урьд надтай номын барилдлагаар учирсан хүн бий аваас одоо намайг дагаж явагтун! хэмээн дуугарах төдийгээр тамын мэсэ, хүрдэд хийгээд илд, мэс, навчит мод цөм газар дор орсон ба эрлэгүүд ер дуу чимээ гаргалгүй номхон байхыг энэ удаад үзэв.

Тэр зарлигийг сонссон эрс эмсийн олон сүнс миний ламтан мөн миний ламтан мөн хэмээн баярлалдан хойноос нь дагаж одсонд эрлэгийн зардас нар дэгээгээ дээш явуулж нилээд олон сүнсийг татан газар буулгав. Чойжид би тэр цагт харваас ламыг дагагсад нь бараг эмс охид, доош буугчид нь эрс байхыг үзэв.

Би Эрлэг Номун хааны өмнө очиж ийн асуун айлтгав:

– Олон хүнийг дагуулаад энд буян хилэнцээ эс ялгуулан өөрийн дураар залран явагч тэр хэн гэгч вэ? Бас түүнийг дагагсад нь эрс цөөхөн, эмс олон байх буюу мөн танай зардас тавьсан дэгээнд эрс олноор өртөж доош буусны учир юун болохыг айлдаж соёрхоно уу хэмээсэнд

Эрлэг Номун хаан зарлиг болруун:

– Тэр нь хүний ертөнцөд байхдаа хутагт хонсом бодьсадыг хатуужлаар бясалгаад зарлигийг сонсоод маанийн зургаан үсгийг үргэлж уншиж арван зүг бүхнээ ариун цагаан буяныг ихэд дэлгэрүүлж хоньсом бодьсадын шидээр өөрийн эрхийг олсон хөлөгний бодьсад аяга тэхэмлиг (гэлэн) мааньч Ёнжид гэгч байна.

Түүнийг дагаж гарагчид нь урьд тэр ламд номын барилдлагаа хийж тангараг санваарын ба басхүү аливаа сайн идээ цавыг өргөн ерөөл тавигсад үйлдсэн буяныхаа ачаар энд буян нүгэлийг ялгуулж үйлдүүлэхгүйгээр арилсан ариун орноо одох нь тэр бөлгөө.

Миний эрлэгүүдийн дэгээнд өртөгдөн доош буугчид бол урьд ламаас авсан тангарагаа бууруулсан ба анхандаа сүжиглээд адаг дор муу хэлсэн жич бас эндээс дэмий худал дагалдан дээш гарагчдын дотор эрчүүл цөөн байхын учир хэмээвэл тэд ертөнцөд ямагт омголон байх ба хувраг тойн дор идээ үл өргөн хэрвээ өөрийн эмс охидыг хуврагт жирийн зөөлөн сэтгэлээр хандахад тачияангуйн эрхээр тэр ламыг шүтсээр байж өөрийн эмс, охидтой хэвтэр нийлүүлэх буйзаа хэмээн хар хорын сэтгэл төрж байдаг тул ертөнцийн хар хүн их төлөв там, бирд, адгуусан төрөлд төрдөг учир тэр бөлгөө.

Мөн тэр ламийг дагаж арилсан орноо одогсод нь бараг эмс, охид байх нь ертөнцийн бүсгүй язгууртан сэтгэл зөөлөн бөгөөд бас сайхан амттай идээ тэргүүтэн цав идээ өргөн ерөөл тавьдгийн учир тэр ач буяныхаа үрээр сайн хувийг олж тэр мэт арилсан орноо одох нь тэр бөлгөө. Басхүү маанийн зургаан үсгийг өөрийн биеэр унших ба бусдаар уншуулахын буян нь энэ мэт цаглашгүй хэмээн зарлиг болов.

УМ. МА. НИ. БАД. МИ.ХУМ

ДОЛООН ЗҮЙЛ

Бас нэгэн улаан нүүрт чавганцыг хөтлөн авчирч Эрлэг Номун хааны өмнө сөгтгөн асуусанд тэр чавганц өчрүүн: – Би өөртөө тариа будааны үйлийг сайтар хийж идэх өмсөх тэргүүтнийг бусдаас ер эрдэггүй байлаа. Буян нүгэлийг ялгаж мэдэхгүй тул өөрийн дураар явж утгат буяныг нэг ч хийсэнгүй билээ. Одоо энд ирсэн хойно үзвээс орчлонгийн хүн амьтаны жаргах зовох хэмжээ буян хилэнцээсээ болдгийг мэдлээ.

Гэртээ харьж баахан суугаад хамаг юмсаа буяны үйлд зориулан зараад иргэн ирж энд танд бараалхая. Хаан түшмэдүүд намайг хайрлан соёрхож үзмүй хэмээсэнд олон эрлэгүүд хүйтнээр тас тас инээлдэж толь дансандаа шүүж үзээд ширүүнээр тачигнан өгүүлрүүн:

– Бурханы шар улаан хувцас гаднаа өмсөөд буг чөтгөр мэт хортой явдлыг дотроо хадгалж, буруу , хар нүгэлийг огторгуй дүүртэл үйлдсэн мөртлөө буцаж гэртээ харина хэмээн зоргоороо загнана уу? Чи. Сайн буяныг амлаж самуурахын тачияангуйн сэтгэлээр эр бүгдийг аргацаан наадуулж худал хуурмаг үгээр бусдыг хагацуулсан янаг амрагуудыг өдөөн харшилдуулан үйлмүүлсэн зэрэг цаглашгүй их нүгэлээ нүдээр хар!

Чи. Хамаг эд агуурсаа дараад харагдсан лам хуврагуудыг хар золигнууд хэмээн хорт муу үгээр дайран доромжлох зэрэг хар хор хармын муу сэтгэлээр хийсэн нүгэлээ яах билээ. Чи! Хүний дүртэй эм чөтгөр чи хялгасны төдий буян үйлдсэнгүй бөгөөд бусдыг доромжилсон зэргийн их нүгэл чинь хээрийн өдсийг шатаасан түймэр мэт толгойд чинь асан түлэх цаг одоо нэгэнт болоо бишүү?

Шаравдорж ламаас шажин номын санваар сахилыг авсан боловч бусадтай нийлж худал үгээр муучлан багш юугынхаа сэтгэлийг чилээсэн их нүгэлийг яах билээ чи. Аливаа амьтаны амийг мянга түмээр тасалснаас ачит багшийнхаа сэтгэлийг хомсдуулсан хар хорон нүгэл асар их гэж авралт бурхан багш дахин дахин номлосон бус уу?

Улаан царайтай палдгар муу шулам чи тамаас тонилох орон цаггүй болой гэхэд Эрлэг Номун хаан зарлиг болруун:

– Аяа чи хүний биеийг олоод бурхны хутгыг бүтээж эс чадавч бага сага буян үйлдэж юунд эс чадав аа. Харин чи хортой сэтгэлээр тамын зовлон эдлэх шалтгааныг өөрөө үйлдэж ирсэн тул шалзран зумлагч их халуун тамаас эхлэн цэцэг мэт дэлбээлэн хага хөлдөөгч хүйтэн там тэргүүтний зовлон эдлүүлэн хэлийг багалзуураас сугалан гаргаж бие дор улайдсан төмөр хадаас мянгыг хад!

Там бүгдийн насны тоо дуустал бүү гарга! Хорвоо хийгээд эр эм хүмүүнийг нохой, гахай, хайнаг, чөтгөр, ад хэмээн хэлснээр сүүлд там бирдийн зовлонтой адгуусны төрлийг авахуулна хэмээн зарлиг болсонд зардсууд хашгиралдан тал талаас дэгээдэн авч одохуйд улаан царайт уйлан орилон өгүүлрүүн:

Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс миний мэтээр нүгэлийг битгий үйлдэгтүн. Зовлонгоос хагацах цаггүй байна биш үү! хэмээн захиарай хэмээн бархирсаар сарвалзан одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

НАЙМАН ЗҮЙЛ

Хүрэн захтай дээл өмссөн нэгэн хар хүнийг хөтлөн авчирч Эрлэг Номун хааны өмнө сөгтгөн асуусанд: – Миний оршин суусан нутагт махнаас өөр идэш хоол байдаггүй. Олддогоор нь олон олон хүдэр, ямаан гөрөөсийг авлаж явлаа. Амины малаас арав хорин үхэр, хонь алав.

Аливаа буяныг ингэж үйлдэв хэмээн хэлэх зүйл огт үгүй ээ. Асар их нүгэлт эр, эм бид амь зуух гэж арга ядан ихэд зовсон төдийгүй нутгийн захад цагдан суухдаа орон гүрэн хэссэн мөргөлчин хүний хамаг эд юмсыг дээрэмдэн авч нэгэн их нүгэлийг хийсэн билээ.

Энд ирсэн хойно үзвээс аливаа амьтан жаргах зовох тэргүүтэн буян нүгэлийн үр мөнийг мэдээд эдгээ яах ч аргагүй зоволнтой болов хэмээн мэдүүлсэнд эрлэгийн түшмэд толь дансаа үзээд: Зовлон ба нүгэл ихийг нүдээр харсугай. Чи ерөн ямаан гөрөөс, ерэн зургаан хүдэр, жаран долоон сармагчингийн зэрэг гөрөөс амьтадыг алжээ. Бас гэртээ хонь ямаа тавин ес, үхэр долоог алж идсэний нүглийн үр тамаас өөр илгээх газаргүй.

Зах газрыг хоёр жил цагдан суухдаа зам тосож мөргөлчиний эд юмсыг булаасан тэргүүтэн завсаргүй их нүгэл хураасан байна. Чи тэгш буяны замыг хааж тэнэг мунхаг үйл хийсэн чинь даагдашгүй их хилэнц болох тул их халуун тамд тоолшгүй олон галавт зовлонг эдлүүлнэ.

Чи түүнээс гарах цаг дор тэдгээр алсан амьтаны биеийг олонтоо авч тэр бүгдийг хэрхэн алсан тэр ёсоор таван зуун төрөлдөө алагдах болно хэмээгээд нүгэл буяны чулуу овоолуулсанд буяны цагаан чулуу бага, нүгэлийн хар чулуу их болж түүнийг түүнийг аюулт хар тамаас өөр одох оронгүй хэмээв.

Эрлэг Номун хаан зарлиг болруун:

– Түшмэдийн шүүсэн ёсоор даагдашгүй халуун тамаас бүү гарга! хэмээсэнд эрлэгийн зардасууд хашгаралдан дэгээдэн авч явахуйд тэр хүн орилон сарвалзан өгүүлрүүн: Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс гөрөөс тэргүүтэн амьтадыг бүү хөнөө! Мөргөлчин эргэлчинийг бүү тонож дээрэмд хэмээн захиарай! гэж бархирсаар явж одвоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

ЕСӨН ЗҮЙЛ

Бас гартаа шар эрх барьсан нэгэн охиныг авчирч Эрлэг Номун хааны өмнө сөгтөн асуусанд түүний мэдүүлсэн нь: – Би ертөнцийн орны өглөгчийн охин Номинзул гэгч билээ. Гурван эрдэнийг орой дээрээ дээдлэн шүтээд сайн буяныг үйлдэв. Асар бага насандаа чавганц болоод ариун явдлаар явсугай хэмээвэл ачит эцэг эх минь намайг аргагүй эрд гаргав.

Алимад миний буян нүгэл холимог бүхий тул ариун буян үйлдэе гэхэд авааль эр цааргалж ятгасангүй. Миний дураар болгож авралт маанийн үсгийг нэгэн живаа гаруй уншив. Аливаа учирсан лам хувраг эрдэмтэнг хүлээж хүндлэн үе үе орчлонгийн жамыг санаж үймрэн гансарч сэтгэл зовнихуйд үлэмж гурван эрдэнийн авралыг үргэлж магтан хоосон чанарын утгаар тэгш айлтгасан багш нэгэн ламыг зургаан жил шүтэж хоног тутам идээ цавийг өргөж хорт нүгэлээ наманчлан ерөөл тавив.

Гэгээн багш юугаас барагдашгүй номын хөтөлбөрийг хүртэж энэ ертөнцийн утга чанарыг мэдэж авлаа. Энд тэнд эргэл мөргөл үйлдсэн эрхэм хувраг тойныг ирэхэд хувцас хунар, идээ, эдлэх юмсаар өргөл өгч хүндлэв. Бас маань дуудан ирсэн нэгэн ламд баярлаж их агуу ерөөлийг тавиад дамжиггүй бодь мөрийг олоход зориулваа.

Тэр багш ламын зарлигаар гадаад өнгөний дуун бүхэн сайн муу нь хоосон үзэгдэл мөн гэгчийг мэдэв. Гансарч зовлонд учирсан амьтанаа дотоод сэтгэлийн чанарыг бясалгаж тодорхой доройтуулж муу заяаны шалтгаан бүгдийн доторх гэмүүдийг буй хэмээн баримтлагч их агд хийгээд их нүгэлт нисваанис мөн хэмээн мэдвээ.

Хэрчиж, огтлох, чанаж, түлэх тэргүүтэн хэмжээгүй их зовлон цөм бүгд хэний ч өшөөгөөр үйлдэх бус бөгөөд хэтэрхий өөрийн хилэнцэт явдлаас болдогийг мэдээд тэнгэр хүний оронд тэгш бүтсэн таван хүсэлт жаргалан бүгд өөр өөрийн сайн муу үйлээс болдгийг ч тэмдэглэж тодорхой мэдсэн бөлгөө.

Үхэх цагтаа миний хувьд үлдсэн тугалтай үнээ нэг, үлэмж сайн арвай буудай дөчин шуудай бий. Урьд тариа зулгаахуйд хорхой шавьж алсандаа үнэхээр их гэмшдэг билээ. Үүний тул миний хойноос буяныг үйлдэхэд миний хувьд үлдсэн хөрөнгийг зориулаарай хэмээн гэрээслэн захисан билээ. Бас нэгэн хааны хүүхэн намайг мугуйдаар бардаж дарлахуйд тэсссэнгүй балай мунхаргаар хэрэлдсэнээ наманчлаагүй билээ.

Миний нүгэл энэ бүгд бөлгөө хэмээхэд эрлэгийн түшмэд толь дансандаа үзээд ийн өгүүлрүүн:

– Аяа чи сайн буяныг сайтар үйлдэж самуун нисваанис гэж хорыг мэдээд сайнаар ачирхсан багш юугаан сайтар шүтэж санаа ариун явсан чинь гайхамшиг болой. Эдүгээ чиний энэ мэт мэдүүлсэний дээр эргэл мөргөл их хийсэн, итгэл олон уншсан, эцэг эхээс нууж ид идээний өглөг өгсөн, элдэв буяны үйл үйлдсэн байна.

Балгасан дотор ганцаар өлсөж хэвтсэн балай гуйланч Мижидмаа гэдэг нэгэн эмэгтэйд тостой гурил, эд зүйл идээнээс баясгалангаар өгч ихэд асарсан байна. Нүгэлийн зүйлээс нүд гараар хийсэн нь үгүй боловч нягт нарийн тариа зулгаахуйд хорхой шавьж атга хэртэйг алж сүйтгэсэн байна.

Чамайг эрд гарган хүнд өгөх цагт их хурим найр хийж үхэр нэг, хонь зургааг алуулсан нүглээс нэгэн хувь авах хэрэгтэй гэвч буян хийсэн нь түүнээс их байна гэхэд Эрлэг Номун хаан зарлиг болруун:

– Сор өнгөтэй төрсөн охин чи нүглээс айж багшийг шүтээд сүнсээ бодон буяныг үйлдээд сүлдэт номын чанаруудыг мэдсэн чинь маш сайн. Охин чиний гурван цагт шүтсэн олон амьтаны итгэлт тэр багш чинь саяхан үүгээр олон шавь нараа дагуулан дээш залрав.

Чи арай хожимдож ирсэн боловч Балдандорж дагинасын нууц тарнийн ном дэлгэрсэн тэр газарт одмуй! Чи тэнд зуу насалсан баялаг бермин өвгөний гурван хүүхдийн дундах болон төрөөд тэнцэлгүй нууц тарнийн номыг судлан бясалгаж тэндээс наян долоо наслаад шидийг олж төгс баясгалант арилсан орноо төрөх болюу .

Буяны бүтээлийг төгсгөж түүртэлгүйгээр бодийн сэтгэл төрүүлээд тэргүүлшгүй олон амьтанд тусыг үйлдэх болно хэмээн зарлиг болгосонд тэр охин наманчлан мөргөөд ийн өгүүлэв.

Илэрхий олон амьтаны буян нүгэлийг ялгаж илт шударгаар айлдагч Номун хаан таны зарлигийн ёсоор сайн төрлийг олох болтугай! хэмээн дахин мөргөж босоод

– Хүний ертөнцөд одогсод буй бөгөөс зуурдын сансарт Эрлэг Номун хаан элдэв олон ноёд, мэргэн нөхөр сэлтийн хамт залран сууж ариун орны амьтануудын буян хилэнцийн үрийг ялгаж арван цагаан буян үйлдэж ирснийг амгалантын сайн орноо илгээж байна.

Аливаа муу нүгэл үйлдэж ирснийг аюулт арван найман тамд илгээж байна. Олон хүн амьтад омтгоогүй хоньсом бодисадыг оройгоор бясалгаж маанийг үргэлжид уншин зовлонгийн далайгаас гэтлэхийн сайн буяныг сайтар үйлдэгтүн! гэж захиарай хэмээн хэлсээр одохын завсар зүүн зүгээс хэсэг тунамал цагаан гэрэл гийж ирсний дотор аяга тэхимлэгийн дүртэй нэгэн лам зарлиг болруун:

Сайн буяныг сайтар үйлдэгсэд шидэт багшийг санааны барилдлагаар шүтэгч саармаггүй сүшигт Номинзул хэмээх шавь чи миний үгийг сайтар сонс! Эдүгээ би эш онолын эрдэм төгссөн эгнэгт гурван цагын лам чинь мөн бөлгөө. Чиний биеийг энэ зуурдад ирэхийг мэдээд эрх дагинасын орноо чамайг аваачихаар одож ирэв.

Чи энэ учирыг мэднэ үү? хэмээн зарлиг болсонд Номин нэрт тэр охин миний оройн дээд ламын дуун мөн хэмээн дагаж одсонд тэндэх зуурдаас олон хүн түүнийг дагаж одсонд эрлэгийн зардасууд хойноос нь нэхэн хөөж ихэнхийг нь эргүүлэн авчирсаны дотор эр олон, эм цөөн байв.

Чойжид би үзвээс урьд тэр ламийг шүтээд муу хэлсэн болон урьд идээ цав өргөхөд хармын сэтгэл төрөөд цөм багшийн тангараг алдагсад болой! Тэр ламыг дагаж арилсан орноо одохын хувь тасарсныг мэдэв. Ийнхүү тэр лам шавь нар бүгдээр арилсан орноо одовоо.

УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ

error: Content is protected !!