LOADING

Type to search

Зөвлөгөө

В.Хавараа: Төрөлхийн мэт харагдах том том долгиотой үс моодонд орж байгаа

Share

“Shining” салоны үсчин В.Хавараагаас энэ хаврын үсний хэв загвар, үс арчилгааны талаар сонирхлоо.

-Мэргэжлийн үсчний хувьд бүсгүйчүүдэд зөвлөгөө өгөөч?

-Хүүхнүүд нүүрээ өдөр бүр угааж, цэвэрлэж, энгэсэг түрхэж, байнга арчилдаг шүү дээ. Үсийг ч нүүртэй адил арчлах хэрэгтэй. Үс, арьс шиг л арчилгаа шаарддаг. Бүсгүйчүүд үсээ дутуу угаадаг. Үсийг шампуниар угаасны дараа заавал ангижруулагчаар зайлах, байнга биш юмаа гэхэд сард хоёр удаа тэжээлийн тос түрхэх хэрэгтэй. Сүүлийн үед бүсгүйчүүд үсэндээ тос түрхээд халаадаг малгай өмсдөг болж. Энэ маш буруу.

Халаадаг малгай тосыг үс хуйханд шингээх биш, харин ч үсийг гэмтээдэг. Түүний оронд үсээ угаачихаад ангижруулагчийн оронд тэжээлийн тос түрхэн 10-15 минут массаж хийгээд усаар зайлах хэрэгтэй. Үсэндээ тэжээлийн тос түрхэхдээ аль болох хуйханд бага хүргэж, үсэндээ түрхэх хэрэгтэй. Массаж хийхээр аяндаа хуйханд тос очно. Хүүхнүүд хаанаас, хэзээ орж ирсэн нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүн хэрэглэсээр үсээ гэмтээсэн байдаг.

Тэгээд гэмтэлтэй үсэндээ хими хийлгэе гэдэг.  Тэгж болохгүй. Үсээ эмчилж байж хими хийлгэхгүй бол үс маш ихээр гэмтэж хугарна. Үүнийг ойлгох хэрэгтэй. Гэрийн нөхцөлд өдөр тутам хэрэглэхэд тохиромжтой, үсийг цахилгаанжилт, хуурайшилтаас хамгаалдаг, үсний чийгийг гадагшлуулж алдахгүй хадгалж байдаг сүүн шингэн байдаг. Түүнийг өдөр тутамдаа хэрэглэж байгаарай гэж зөвлөмөөр байна.

–Энэ жилийн үсний загварын чиг хандлагын талаар мэдээлэл өгөч?

-Төрөлхийн мэт харагдах том том долгиотой үс моодонд орж байгаа. Үсний урт богино хамаагүй.

-Загварт өнгө ч бас чухал үүрэгтэй?

-Тэгэлгүй яахав. Хүмүүс өөрсдийн арьсанд тохирсон өнгөөр л будах хэрэгтэй. Хар өнгө төдийлөн таатай биш. Цэвэрхэн, цагаан царайтай хүмүүст хар өнгө зохидог л доо. Гэхдээ Монголчуудын ихэнх нь бор арьстай байдаг болохоор нүднийхээ өнгөтэй ойролцоо өнгөөр үсээ будах нь зүгээр. Үсээ ерөөсөө буддаггүй, үснийхээ өнгийг өөрчлөх дургүй хүмүүс байдаг. Огт буддаггүй үс өнгөө алдсан харагддаг. Тэдэнд зөвлөхөд, үсний төрөлхийн өнгийг сэргээж, гялалзуулдаг, тэжээл өгдөг өнгөлөгч будаг хэрэглэж байгаарай. Өнгөлөгч будгийг гэртээ хэрэглэж болохгүй, салонд, мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ёстойг анхаараарай.

error: Content is protected !!