
Энэ дэлхий дээрх хүн бүхэн, гэр бүл, хамт олон, албан байгууллага, улс орон гээд дэлхий нийтээрээ элдвийн зөрчилдөөнгүй амар амгалан, аз жаргалтай байхыг хүсдэг.
Харин зөрчилдөж хагаралдаж байхыг хэн ч хүсдэггүй. Гэвч зөрчилдөөн өнгөрсөнд байсан одоо ч байсаар л байна.
Тэгвэл бид тэдгээр зөрчилдөөнөөс зайлсхийх хэрэгтэй.
Зайлсхийх гэдэг нь бусад болон гадна болж буй зөрчилдөөнөөс өөрөө зайлс хийх гэж ганц ойлгох нь хангалтгүй юм. Харин өөрийн зүгээс зөрчилдөөн бий болгодог шалтгаануудаас зайлс хийх нь нэн чухал гэж үзэж байна. Яагаад гэвэл зөрчилдөөнөөс зайлс хийе гэж байгаа хүн зөрчилдөөнийг бий болгоод байгаа бусдаас холдох, тухайн газраас зугатах зэргээр арга хэмжээ авлаа ч өөрт байгаа зөрчилдөөний уг шалтгаануудтай тэмцэж түүнээс зайлс хийхгүй бол өөрт буй тэдгээр дутагдлууд тань ахиад л зөрчилдөөнийг бий болгоно шүү дээ.
Тэгэхээр бид яавал зөрчилдөөнгүй амьдрах вэ?
Зөрчилдөөнөөс хэрхэн зайлс хийх вэ?
Зөрчилдөөнгүй амьдрахад Бурханы шашны нөлөө нь ямар байдаг юм гэдгийг аль чадахаараа энэхүү илтгэлдээ өгүүлье.
Тэгэхээр миний хувьд энэхүү илтгэлээ 3 хэсэгт хувааж бэлдсэн.
1. Зөрчилдөөн юунаас бий болж байгаа учир шалтгаан
Зөрчилдөөнийг хэрхэн арилгах арга
Бурханы шашин үүнд ямар нөлөөтэй вэ ?
гэж гурав ангиллаа.
1-т Зөрчилдөөн юунаас бий болж байгаа учир шалтгаан гэдэг нь дээр дурьдсан адилаар хүмүүс, гэр бүл, хамт олон, албан байгууллага, улс гүрнүүдийн хооронд зөрчилдөөн юу болно тэр бүгдийг бурханы номонд айлдсанаар бол тэр бүгдийн уг шалтгааныг тухайн хүмүүсийн сэтгэлээс үүдэлтэй гэж айлдсан байдаг.
Богд зонхов богдын “Шүтэн барилдахуйн магтаал”-д ертөнцийн доройтол гутамшиг бүгдийн уг шалтгаан нь мунхагын сэтгэл юм хэмээн айлдсан байдаг. Бас Энэтхэгийн их мэргэн бандида Басуванду лам “АВИДАРМА”хэмээх судартаа юмс бүгд түнийг эдэлж буй хэн бүхний хураасан үйлээс гардаг гэж айлдсан байдаг. Аливаа үйл хураах нь гол сэтгэлээс хамаардаг билээ.
Тэгвэл сэтгэлээс үүдэж зөрчилдөөн яаж бий болж байна вэ? гэхээр эхлээд хоёр хүний хоорондын зөрчилдөөн дээр аваад үзье. Тухайн хоёр хүний аль нэг нь зөрчилдөөнийг бий болгох муу сэтгэл гэдэгт автаагүй байгаа нөхцөлд тэр хоёр хүний хооронд зөрчилдөөн бий болохгүй, муу сэтгэлд автсанаас үүдэн зөрчилдөөн бий боллоо ч тухайн сэтгэлд автахгүйг хичээх юм бол зөрчилдөөн цаашаа үргэлжлэхгүй юм.
Тэгэхлээр хоёр хүний хооронд зөрчилдөөн бий болсон бол хоёулангийх нь буруугаас бий болж байдаг. Гэхдээ буруу нь хоорондоо их багийн ялгаа байх тохиолдлууд байдаг. Тиймд зөрчилдөөний гол шалтгаан нь “Нисваанисын буюу муу сэтгэл” болой.
Хоёуланд нь буруу байгаа гэдэг нь: тухайн хоёр хүний нэг нь муу сэтгэл буюу нисваанисд автсаны үүднээс цаад хүнрүү хандах, тэр бодлын үүднээс үг хэлэх, тэр бодолд автаж байгаад үйлдэл хийхлээр цаад хүнд таагүй мэдрэмж төрдөг. Цаад хүн нь тэр мэдрэмж төрөх дариугаас муу сэтгэлд автан тэр сэтгэлийн үүднээс хариуг нь барих, хариу үйлдэл хийгээд байдаг. Ингэхээр тэр нь зөрчилдөөн болж хувирдаг.
Тэгэхлээр энэ зөрчилдөөн юунаас болов гэдэг дээр тухайн хоёр хүний тэр зөрчилдөөний үгийг хэлж байгаа, зөрчилдөөний үйлдэлийг гаргаж байгаа, нэгийнхээ үйлдэлд нөгөө нь хариу барьж байгаагийн гол зангилаа нь хоёулаа нисваанис буюу муу сэтгэлд автсанаас болдог. Хэрвээ 2-лаа юм уу? Аль нэг нь тухайн муу сэтгэлд автаагүй бол тэр 2-н хооронд зөрчилдөөн үүсэхгүй байсан.
Ингэж тэр хоёр хүн нисваанисын сэтгэлд автаж түүний эрхээр үйлдэл хийхэд тэр нь зөрчилдөөн болох шатруу явдаг.
Нисваанисын сэтгэлд автсанаас зөрчилдөөн үүсдэг юм бол тэр муу сэтгэлд автахгүй байх нь чухал юм. Гэтэл бид тухайн сэтгэлд автаад байгаа нь муу сэтгэлийг сайхан гэж хүсээд автаад байдаг юм биш. Яагаад автдаг вэ? гэхээр: Аливаа юмны мөн чанарыг хэтрүүлэн буруугаар атгаглан бодуулж байдаг тэр ” Буруу атгаг” гэж бодлоос үүдэж нисваанисын сэтгэл төрдөг. Нисваанисын буюу муу сэтгэл төрсөн дариуд төдийлөн зөрчилдөөний шалтгаан болох албагүй ч тухайн сэтгэлийг төрөх дариугаас түүнд няцаалт өгөхгүй аяар нь орхиод байхаар улам хүч нь ихсэж дадаж эхэлдэг. Дадал нь их хүчтэй байхаар хүн тухайн муу сэтгэлд өөрийн эрхгүй автдаг.
Тэгвэл тэр нисваанисын сэтгэлд автуулаад байгаа юмны мөн чанарыг хэтрүүлэн буруугаар барьсан буруу атгаг нь юунаас үүдэж төрдөг вэ? гэвэл: юмс өөрийн мөн чанараар бүтсэн гэж барьсан ” Би-д барьсан үзэл”-ээс үүдэж төрдөг.
Товчхондоо Нисваанисын сэтгэлд автсанаас нэг нь буруу үйлдэл хийх, нөгөө нь хариу буруу үйлдэл хийж зөрчилдөөн бий болдог нь “Нисваанисын буюу муу сэтгэл”-д автаж байгаагаас болдог. Тэгж автах нь “Буруу атгаг”-аас бий болдог. Буруу атгаг нь “Би-д барьсан үзэл”-ээс үүдэн бий болдог. Үүнийг нотолгоо нь Нагаржунай богдын “Төв үзлийн ёзоор билэг оюун” хэмээх номны 18-р бүлэгт Муу сэтгэл, түүний эрхээр хураасан үйл нь Буруу атгагаас, буруу атгаг нь Би-д барьсан үзлээс бий болдог хэмээн номлосон байна.
Тэгэхээр Бурханы номонд зөрчилдөөний гол шалтгааныг хоёр хүний зөрчилдөөн дээр жишвэл:
Зөрчилдөөний гол уг шалтгаан нь эцэстээ юмны хамгийн нарийн мөн чанарыг буруугаар барьсан Би-д барьсан үзлээс бий болсон гэж байгаа шиг гэр бүл, байгуулга хамт олон, улс хоорондын зөрчилдөөн зэргийн гол уг шалтгаан нь ч бас адил болой.
ЗӨРЧИЛДӨӨНИЙГ ХЭРХЭН АРИЛГАХ.
Зөрчилдөөнийг хэрхэн арилгах вэ ?
Тухайн зөрчилдөөнийг арилгахын тулд зөрчилдөөд байгаа цаад хүн, гэр бүлийн гишүүн, эсвэл албан газар хамт олон, улс орон юу байна тэднийг дарж номхотгон зөрчилдөөнийг арилгана гэж үзэх нь түгээмэл байдаг. Бид цаад талаа дарж чадахгүй. Хүчээр үйлдлийг нь зогсоолоо ч цаад талын дотоод сэтгэлийн уур хилэн, хорсолыг дарж чадаагүй учир зөрчилдөөнийг арилгаагүй гэнэ. Тиймд энэ бол зөрчилдөөнийг дарах гол арга нь бишээ.
Үүнийг жаахан дэлгэр болговол аливаа зөрчилдөөнийг наанаа хүчээр номхотгох, дарж дийлвэл арилгаж байгаа юм шиг боловч тэр зөрчилдөөний эх үүсвэр болсон муу бодол хоёуланд нь байгаа цагт наанаа дарж байгаа юм шиг харагдавч дарагдаагүйн дээр зөрчилдөөний шалтгаан нь улам аадармаатай болж үзэн ядалт, хорсол, уур хилэн улам хүчтэй буцалж байдаг учраас зөв арга нь биш юм.
За тэгвэл хүч хэрэглэн зөрчилдөөнийг арилгаж чадахгүй юм бол арилгах арга нь юу вэ?
Ер нь зөрчилдөж буй хэн бүхэн, ялангуяа өөрийн муу бодлуудыг өөрчлөх, муу сэтгэлд автахгүйг хичээх, улмаар муу сэтгэл төрөхгүй байх арганд суралцаж өөрийн дотор байгаа дайсан болсон муу сэтгэлийг арилгах нь зөрчилдөөнийг арилгах гол арга юм.
Зөрчилдөөнийг арилгахад бусдад муу үг, буруу үйлдлийг гаргахгүйг хичээх, улмаар тэдгээр үйлдлүүдийг арилгах хэрэгтэй. Үүний тулд муу сэтгэлд автахгүй байх, муу сэтгэлийг арилгахын тулд муу сэтгэлд хэрхэн автаж байгаа, түүний мөн чанар ямар болох, тэдгээрийг хэрхэн арилгадаг аргуудыг хайх хэрэгтэй. Ингээд муу сэтгэлийг тэжээж буй Буруу атгагыг танин мэдэх, улмаар буруу атгагыг тэжээж байдаг Би-д барьсан буруу үзлийг танин мэдэж түүнд бодогдож байгаа нь бодит үнэнд нийцэж байна уу? Үгүй юу гэж ажиглах хэрэгтэй. Ингэж ажиглан Би-д барьсан буруу үзлийн бодож байгаа нь буруу юм байна, улмаар юмс өөрийн мөн чанараас бүтээгүй гэсэн “Хоосон чанар”-г ухаарах үед муу сэтгэлийн эцсийн уг шалтгаанд няцаалт ирдэг.
Хоосон чанарыг бодох бүртээ Бодийн сэтгэл, Энэрэн нигүүлсэхүй сэтгэлийн үүднээс хэдий чинээ бодно төдий чинээ Буруу атгаг-д эзэмдүүлэхгүй болдог. Ингэж чадсанаар нисваанисын муу сэтгэлд автахгүй байж чадна хэмээн Нагаржунай богд бээр “Төв үзлийн ёзоор билэг оюун” хэмээх номны 18-р бүлэгт номлосон байдаг. Энэ дагуу бодож чадвал нисваанисын буюу муу сэтгэлд автахгүй болж зөрчилдөөнийг арилгана.
Муу сэтгэлийг арилгахад яг одооноос маш энгийн зүйлээс эхлэх нь оновчтой байдаг. Жишээлбэл: Асуудал тулгарахад юуны түрүүнд муу сэтгэлд автахгүйг хичээх. Муу сэтгэл хүчтэй байгаад түүнд автаад эхэлбэл дарихан өөр юм бодох, тийм сэтгэлийн үүднээс үг хэлэхгүй, үйлдэл хийхгүй байхад хичээх нь зөрчилдөөнийг бүрэн арилгахгүй ч арилгах арга-д явдаг юм.
Зөрчилдөөнийг арилгахад Бурханы шашны нөлөө
Бурханы шашин гэдэг маань гадна талд сүм дуганад, өмсөж буй хувцасанд, зан үйл төдийд оршдог биш юм. Бурханы шашин гэдэг бол хүний сэтгэлд оршдог. Бурхан багш “Винай-н судар-т
Муу үйлийг битгий хий. Буяныг хотол чуулган болгон хураа.
Өөрийн сэтгэлийг номхотго. Энэ нь Бурханы шашин юм” хэмээн
Зовлонг амсахгүй байхын тулд түүнийг бий болгодог нүглийг хийхгүй бай! Аз жаргалыг эдлэе гэвэл түүнийг бий болгодог сайн үйлийг хураагаарай. Энэ нь өөрийн сэтгэлийг номхтгохоос бий болдог. Ингэж зовлонгүй, аз жаргалтай байхыг өөрөөсөө бий болгохын тулд сэтгэлээ номхотгож буй эрдэм нь Бурханы шашин юм гэж айлдсан байдаг.
Үүнийг жаахан дэлгэр болговол:
Миний зовлонгийн шалтгаан миний муу сэтгэлээс үүдэлтэй гэж ухааран Бурханы сургаалын дагуу өөрийн нэг муу сэтгэлийг төрүүлэхгүй хорьж буй эрдмийг Бурханы шашин гэнэ. Хэн энэ эрдмийг сэтгэлдээ бий болгоно түүний сэтгэлд Бурханы шашин бий болдог. Энэ эрдэм хэдий чинээ хөгжинө түүнд Бурханы шашин хөгжин дэлгэрч байна гэж үздэг болохоор Бурханы шашин хэдий хөгжинө төдий чинээ тухайн хүний сэтгэл номхорч амгалантай болон зөрчилдөөний шалтгаанаас ангид байж чадах юм. Иймд Бурханы шашин хөгжин дэлгэрч байгаа улс орон, газар нутаг, хэн бүхэнд зөрчилдөөнийг арилгахад эерэг нөлөө үзүүлэх учиртай. Бурханы шашин зөрчилдөөнийг арилгахад нөлөөлөхөөс гадна зөрчилдөөн гарахгүй байхад ч эерэг нөлөөг үзүүлэх тул Бурханы шашин зүг бүхэнд , цаг бүгдэд дэлгэрч хамаг амьтан амгалан жаргалын дээдийг эдлэх болтугай.
ЭХ СУРВАЛЖ: Монгол Багшийн айлдвар