Сүүлийн үед хүн амын дунд цусны даралт ихсэх өвчин нэмэгдэх хандлагатай болсон. Энэ өвчний талаар “УБ Сонгдо” эмнэлгийн Эмчилгээ эрхлэсэн захирал, Зүрх судасны мэс засалч Ш.Зоригоо эмчтэй ярилцлаа.
-Даралт ихсэх өвчлөл гэж чухам юуг хэлдэг вэ?
-Цусны судасны хананд үзүүлж байгаа даралтыг хэлнэ. Даралт ихсэх хоёр төрөл байдаг. Нэгдүгээрт бөөрний дээд булчирхайн гаралтай гломерулонефрит, төвийн гаралтай бөөрний судас нарийсах зэрэг бодит шалтгаант даралт ихдэлт байна.
Үүнийг оношоо тогтоогоод, эмээ уугаад хянаад явна. Тэр шалтгааныг алга болгох боломж байвал мэс засал зэрэг тохирсон эмчилгээг хийх боломжтой.
Хоёрдугаарт шалтгаан тодорхойгүй даралт ихсэлт байдаг. Үүнд нөлөөлдөг хүчин зүйлүүд бий. Нойргүйдэл, стресс, жингийн илүүдэл, хөдөлгөөний дутагдал, согтууруулах ундаа багтдаг.
Мөн удмын даралт ихдэлт хамаарна. Дээрх хүчин зүйлүүдийг тус тусад нь аваад үзье.
Жишээлбэл, нойргүйдэл дээр 40 дээш насныхан хоёр цагаас хойш унтах тохиолдолд, ээлжийн ажил хийгээд нойр муутай байдаг хүмүүс маргааш нь даралт нь ихэсдэг. Мөн нойргүйдээд давхар стресствэл судас агшаадаг бодисын ялгаралт явагдаж даралт ихэсдэг.
Жингийн илүүдлийг авч үзвэл, энгийнээр бодоход хэвийн жингээс 10, 20 жил илүү байвал тийм хэмжээний зүйл үүрээд яваатай ялгаагүй. 20 кг-ийн гурил үүрээд яваад байвал хэний ч даралт ихэснэ гэсэн үг. Хөдөлгөөний дутагдалын хувьд над дээр гурван төрлийн эм уугаад даралт нь буухгүй хүн ирсэн. Өдөрт 30 минут алхах зөвлөгөө өгсний дүнд эмгүйгээр даралт нь хэвийн болж байсан жишээ байдаг. Тэгэхээр хөдөлгөөний дутагдал даралтад нөлөөлдөг байх нь.
Согтууруулах ундаа бол мэдээж уугаад 30, 40 минутын дараанаас эсвэл маргааш нь даралт ихэснэ. Дараагийн жишээ, гэр бүлээрээ даралт ихэсдэг удамтай хүмүүс байна, 15, 16 наснаасаа даралт нь ихэсдэг. Компьютер томо график зэрэг шинжилгээ өгөхөөр олигтой зүйл гардаггүй, удамшилттай холбоотой байдаг.
-Даралт ихэсдэг хүмүүс өөрөө байнгын хяналт тавих ёстой байх?
-Тийм. Даралт ихсэх өвчнийг дэлхий нийтийн харж байгаагаар урьдчилан сэргийлэлт маш чухал гэж үздэг. Яагаад гэвэл даралт ихсэх нь тархинд цус харвах, зүрхний шигдээс болох хүндрэлийг үүсгэдэг. Тэгэхээр үүнд хүрэхгүйн тулд дээр дурдсан нөлөөлдөг хүчин зүйлүүдийг биедээ байлгахгүй байх хэрэгтэй. Хоёрт толгой өвдөх, хүзүү хөших, нүд бүрэлзэх, зүрх өвдөж дэлсэх зэрэг зовуур өгвөл даралтаа заавал үзэх хэрэгтэй.
Хэрэв даралт их байвал эмчид хандаад, эмээ уух хэрэгтэй. Ер нь бол даралт их байгаа тохиолдолд тунгаа тохируулж эмээ уугаад, нөлөөлдөг хүчин зүйлүүдээ байхгүй болгох шаардлагатай.
Даралтыг хянахын тулд айл болгон даралтны аппараттай болох хэрэгтэй гэж хэлмээр байна. Дараагийн хүндрэлүүд болох шигдээс, харвалт үүсгэхгүйн тулд аппаратаар хянаад болохгүй бол эмчид хандах хэрэгтэй. Эхний ээлжид эмээ уугаад түргэн даралтаа буулгаж чадвал дараагийн хүндрэлээс сэргийлэх боломжтой.
-Даралт ихсэх, багасах үеийн шинж тэмдэг өөр үү? Аппаратаар үзэлгүйгээр ялгах боломжтой юу?
-Хуучин бол 130/90 дээш байвал даралт ихсэлт гэж үзнэ гээд дэлхий нийтээр тогтчихсон байсан. Одоо бол 120/80 дээш байвал их, доош байвал бага гэж тооцно. Мөн хувь хүнээсээ хамаарна, эмэгтэй хүмүүс 90/60-тай байдаг шүү дээ. Өөрт байдаг хэвийн даралтаасаа өөрчлөгдөхийг хэлж байгаа юм. Ерөнхийдөө зовиур нь адилхан. Аль нь ч байсан дотор муухай оргиж, хүзүү хөших зэрэг зовуур илэрнэ. Тэгэхээр аппарат хэрэглэ гээд байгаагийн гол нь ихэссэн үү, багассан уу гэдгээ эхлээд мэдэх хэрэгтэй. Даралт ихтэй хүний даралт буучихсан ч байж болно. Түүнийг нь мэдэлгүй буулгах эм өгвөл даралтыг босгоно гэдэг маш том асуудал.
-Хүмүүс зовуур илрэхээр даралт ихэслээ гэж үзээд шууд эм уудаг. Даралтын эмийн хэрэглээний талаар яривал?
-Тэр л аюултай. Жишээлбэл, 120-той байдаг хүний даралт 90/60-тай болчихсон байхад дээрээс нь эм уувал бүр л багасна. Тэгэхээр даралтыг ихэсгэдэг эм маш цөөхөн, эмнэлэгт л хэрэглэдэг. Тэр хүн эмнэлэгт ирж чадахгүй, тусламж авч чадахгүй бол аюултай. Тийм учраас даралтны аппарат айл болгонд баймаар байгаа юм. Мөн даралт ихэсвэл яах юм бэ гэдгээ хүн мэддэг л байх ёстой. Хуучин эмчийн зөвлөсөн, хэрэглэдэг байсан эмээ хэрэглэж үзнэ буухгүй байвал эмнэлэгт хандах хэрэгтэй.
-Өөрийгөө даралттай гэдгийг мэддэг, эм уугаад яваад байдаг хүмүүс байдаг. Энэ хүмүүс үзлэгт хамрагдах ёстой байдаг уу?
-Ганц даралт ч биш. Дийлэнх өвчин урьдчилан сэргийлж чадвал өвдөхөөргүй болсон. Жишээлбэл ходоодны хавдарыг I, II үед нь мэдвэл эмчилж болж байна. Тэр хүн өвдөхгүй, эрхтэн дутуу болохгүй, нас барахгүй байх бүрэн боломжтой. Тэгэхээр ерөнхийдөө урьдчилан сэргийлэх үзлэгт жил болгон хамрагдаад, амьдралын зөв хэв маягтай байвал өвдөхгүй байх нөхцөл бүрдэнэ.
-Үзүүлэхээр ирдэг хүмүүст та ямар зөвлөгөө өгдөг вэ?
-Эхлээд даралтыг тодорхойлдог. Үнэхээр их байна уу гэдгийг тогтоох ёстой. Өглөө шууд босоод явж ирээд даралтаа үзвэл их гарна. Тэгэхээр даралтаа зөв үзэж сурах хэрэгтэй. Дээр дурдсан зовуур илрээд, даралтаа үзэхэд их байвал эмнэлэгтээ хандах ёстой. Өөрсдөө аргалах гэж оролдох хэрэггүй. Эмнэлэгтэй хандаад эмээ бичүүлж аваад, дэглэмээ сахих хэрэгтэй.
Г.Жаргал