Цөс бол хоол боловсруулах үүрэгт оролцдог чухал эрхтэний нэг. Сүүлийн үед амьдралын хэв маягаас шалтгаалан цөсний өвчлөл их болсон. Энэ талаар ‘’Happy Veritas’’ эмнэлгийн дотрын эмч Б.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
-Монголчуудын дунд цөсний өвчлөл хэр элбэг тохиолдож байна вэ?
-Маш элбэг байна. Сүүлийн үед залуучууд их өвчлөх болсон. Цөс өвчлөх үндсэн шалтгаан нь таргалалтаас гадна идэвхгүй хөдөлгөөнтэй холбоотой. Сургуулийн, өсвөр насны хүүхдүүд ч их жин нэмж байгаа. Ойр ойрхон хооллохгүй, өглөө яарч сандарч ажилдаа гарахдаа юм идэхгүй байна. Үүнтэй холбоотой цөс өтгөрч, чулууждаг. Чулуужаад өвдөөд ирэхээрээ хүмүүс цөсөө авахуулдаг. Хүн өдөрт 3-4 удаа хооллох ёстой байдаг, ялангуяа өглөөний хоолоо сайн идэх хэрэгтэй.
-Цөсний өвчлөл элбэг тохиолдоход юу нөлөөлж байна вэ?
-Энэ бол хөдөлгөөний дутагдлаас хамаатай. Идчихээд шууд хэвтдэг, дээрээс өөрсдийн дуртай хүнсээ их хэрэглэдэг.Мөн өөх тос, хуурсан хайрсан бүтээгдэхүүнийг их хэрэглэж байна. Хагас боловсруулсан хүнс болон майонез, шоколад, пицца, шарсан тахиа зэргийг ихээр хэрэглэж байгаагаас болж өвчлөх хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Хүмүүсийн завгүй амьдралын хэв маягтай холбоотой дэлгүүр ороод л хагас боловсруулсан хүнс авдаг, дээрээс өглөөний цайгаа огт уухгүй байна. Цөс нь гаднаас орж ирж байгаа өөх тосыг задлах үүрэгтэй байдаг.Өглөөд хүний физиологийн цөс ялгардаг 09-10 цагийн хооронд хоолоо идэхгүйгээс болоод цөс хүүдийнээсээ гарч ирж чадахгүй өтгөрсөөр байдаг. Насанд хүрэгчдийн 10 хүн тутмын 2-3 нь цөсний чулуугаа авахуулсан байдаг.
-Цөс өөрөө ямар онцлогтой, үүрэгтэй эрхтэн бэ?
-Элгэн дотор ууттайгаа байдаг. Биед орж ирсэн хоолны өөх тосыг задлах физиологийн үүрэгтэй. Өөх тосыг өндөр молекулаас бага молекул болгон задлахдаа хэрэгтэйг нь нарийн гэдэсрүү оруулдаг. Хэт их өөх тос өгөөд байхаар үүргээ гүйцэтгэж чадахгүй болно. Жишээлбэл, тосонд уусдаг витамин гэж байдаг, тэднийгээ ч ялгаж чадахгүй өөх тосны солилцоо витамины хэрэгцээ бүгд алдагдаж эхэлдэг. Үүнээс болоод витамины дутагдалд орно гэсэн үг.
-Цөс өвдөх үед хүний биед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
-Нэгдүгээрт цөсний хүчил ихэссэнээс болоод арьсаар их загатнана.Үүнийгээ хүмүүс харшил гэж андуурах тохиолдол байдаг. Өвчин хүндэрч чулуужвал баруун далны дор маш хүчтэй өвдөлт өгдөг. Чулаатай гэдгээ мэдэхгүй явж байгаа тохиолдолд чулуу нь цөсний сувгаа бөглөх аюултай. Хэрэв цөсний хүзүү хэсэгт чулуутай бол хурц өвдөлт өгнө.
-Хүмүүс цөсөө их угаадаг шүү дээ. Дур мэдэж угаах нь зөв үү?
-Ер нь бол эмчийн заавраар угаах хэрэгтэй. Эхлээд эход харуулсан байх шаардлагатай. Цөсийг угааж болохгүй эсрэг заалт байна. Өөрөөр хэлбэл чулуутай үед угаах юм бол цөсний сувгийг бөглөх эрсдэлтэй. Эмчид үзүүлээд биохимийн шинжилгээгээр өөрчлөлт гарч ирвэл угаах шаардлагатай болдог. Цөс угаахдаа амралтын өдрөөр угаавал зүгээр. Учир нь гүйлгэдэг учраас өдрөө харж сонгох хэрэгтэй.
Цөсөө угаахдаа өглөө өлөн байх шаардлагатай. Буцалсан 5-6 литр ус бэлдээд, эсвэл манай уламжлалт аргаар шар сүүнд 200гр магнизмаа хийгээд хоёр литрийг эхний үед бага багаар уух хэрэгтэй. Уусны дараа баруун талаараа хажуу тийш хараад гараа толгойныхоо дор эвээд хөлөө нугалаад, баруун хавирганы нуман дор грилкээр эвэх хэрэгтэй. Ингээд 20 минут орчим болоход гэдэс аяндаа хужигнаад эхэлдэг.
-Цөс өвчилсөн байх үед шинж тэмдэг нь хэр хурдан илэрдэг вэ, Мөн өвчлөл хүндрэхэд гарах эрсдэлийн талаар яривал?
-Эрсдэл бол цөсний чулуу. Өөрт гарах шинж тэмдгийг сайн ажиглах хэрэгтэй. Тухайлбал арьсаар загатнах, нүд арьс шарлах, хоол шингэхгүй, идэш ихдээд гүйлгэх зэрэг өөрчлөлтүүдээ тоохгүй байвал цөсний чулуу болж хүндэрнэ.
-Урьдчилан сэргийлэх үзлэгт хэдэн сар тутамд хамрагдвал зүгээр вэ?
-Дор хаяж жил тутам урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдвал хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалаар улсын болон зарим хувийн эмнэлэгт нас насны онцлогоос хамаараад үнэгүй үзлэг хийдэг. Дээр дурдсан шинж тэмдгүүд танд байдаг бол эхогоор оношлуулах хэрэгтэй.
-Цөсний өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юуг анхаарах вэ?
-Жингээ багасгах хэрэгтэй. Өдөр болгон идэвхтэй хөдөлгөөнтэй байх нь зөв. Мөн хоолны дэглэм маш чухал. Ялангуяа өглөөний хоолыг долоо хоногийн долоон өдөр идэх ёстой. Би өглөө хоол идэх дургүй, угаасаа дотор муухай оргидог гэдэг. Энэ хэвийн үзэгдэл мэт болсон, өглөө хоосон байгаад 12-13 цагийн үед цайны цаг гээд өөх тостой хоолоо иддэг. Энэ бол буруу зуршил.
Г.Жаргал