LOADING

Type to search

Зөвлөгөө Эрүүл мэнд

Мэлрээ өвчний шинж тэмдэг хүүхдэд яаж илэрдэг вэ?

Share

Отистик буюу мэлрээ өвчний шинж тэмдэг нь бүр нярай үеэс илэрдэг боловч эцэг эхчүүд хожуу анзаарах нь бий. Отистик өвчин нь төрснөөс хойш 36 сарын дотор зарим шинж тэмдгүүд аажмаар илэрдэг ба төрөлхийн ч байж болно. Хэвийн хөгжилтэй нярай хүүхдийн өсөлтөнд ээжтэйгээ буюу бусад хүмүүстэй харьцах харилцаа их чухал юм. Хүүхэд төрсөн цагаасаа эхлэн орчин тойрныхонтойгоо харьцаж, харилцан нөлөөлөлд орохыг хүсдэг. Энэхүү харилцаа холбоо нь нүдээрээ ямар нэгэн юмыг болон хүмүүсийг дагаж харах, инээмсэглэх, нүдээрээ холбоо тогтоох байдлаар харагдана.Харин мэлрээ өвчний шинж нь хүүхэд төрсний дараа эхний 36 сард илэрдгээс гадна шууд төрөнгүүт нь ч илэрч болдог байна.

Отистик өвчтэй хүүхдэд үндсэн гурван гол шинж тэмдэг илэрдэг:

Эхнийх нь харилцааны байдлаар. Өөрөөр хэлбэл ярих, дохио зангаа болон нүүрний хөдөлгөөний илэрхийлэлгүй эсвэл их бага байна. Эцэг эхчүүд ихэвчлэн хүүхдээ “ярихгүй байна” гэж чих хамар хоолойн эмчид буюу хүүхдийн эмчид үзүүлдэг. Онош нь хэвийн гарсан байвал хүүхдийн сэтгэл зүйчид ханддаг.

Хоёр дахь шинж тэмдэг нь бусадтай сэтгэл санаа, амжилт, баяр хөөрөө хуваалцдаггүй. Эргэн тойрныхоо хүмүүстэй ямар нэгэн харилцаа тогтоохыг хүсдэггүй. Отистик буюу мэлрээ гэдэг үгийн утгыг “өөрөө өөрийгөө саатуулагч, ганцаардмал” гэж ойлгож болно. Хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөөн өөрчлөлтүүд болон хариу үйлдэл түүнд нөлөөлдөггүй. Аль эсвэл маш ууртай байдлаа илэрхийлдэг. Үе тэнгийнхэнтэйгээ нийлэхгүй, тэд нартай харьцдаггүй.

Гурав дахь гол шинж тэмдэг нь нэг үйлдлийг цөхрөлтгүй давтах, (эргэх, найгах, үсрэх гэх мэт) болон маш их ууртай байдаг. Ийм хүүхэд, угаалгын машины эргэлдэж буй дамрыг олон цагийн турш харж суух, тоглоомон машиныхаа дугуйг удаан хугацааны турш эргүүлэх нь их тохиолддог. Ямар нэгэн жижиг юм хэсгүүдээр оролдон олон цагийн турш суудаг. Нэмж хэлэхэд хөлийнхөө өлмий дээр явах, нүднийхээ булангаар харах, өвчнийг тэсвэрлэхдээ сайн, хоол шилж сонгохдоо муу гэх мэт шинжүүдээр отистиk хүүхэд нь бусад хүүхдүүдээс амархан ялгардаг. Отизмын гол эмчилгээ нь эрт оношлох болон үүнтэй холбоотой өөр гэм согог байгаа эсэхийг мэдэх шаардлагатай. Эцэг эхчүүд энэ талаар сонор сэрэмжтэй байж эрт оношлох болон эмчлүүлэх хэрэгтэй юм.

error: Content is protected !!