LOADING

Type to search

Ухаарахуй

Далай лам: Сайн муугийн заагийг өөрийн ухаанаар тунгаах хэрэгтэй

Share

ОХУ-ын сэтгүүлч В.Раевский Дээрхийн Гэгээн XIV Далай ламтай ярилцлага хийсэн байна. Дээрхийн Гэгээнтэнтэй ярилцахаас эмээж байсан сэтгүүлч Далай ламыг асуултуудад энгийнээр хариулж, тоглоом хийн инээж байсныг дурьдаад, түүн шиг бусад хүний төлөө шаналах хүнийг олоход хэцүү гэж дүгнэжээ.

-Гэгээнтэн та уурладаг уу?

-Мэдээж, уурлах үе гардаг. Надад тэнэг асуулт тавихад уур хүрдэг. (Өрөөнд байсан хүмүүс инээв)

-Зарим хүмүүс сайн зүйл хийж байна гэж боддог ч үнэндээ бусдад хор хөнөөл учруулах нь бий. Жишээ нь, хүнд туслах гээд амьдралд нь гай болно. Бүх хүн сайн үйл бүтээх хүсэлтэй. Гэхдээ үүнийг өөр, өөрөөр ойлгодог байх. Таныхаар сайн үйл гэж юу вэ?

-Би үргэлж л бид бүгд нийгмийн бүтээгдэхүүн гэж ярьдаг. Шоргоолж юм уу зөгийг харахад эдгээр шавжинд шашин, хууль дүрэм байхгүй. Гэхдээ байгаль эх нэг шоргоолж нь бусдаасаа хамааралтай байхаар бүтээсэн. Бусад амьтад ч, бид ч ялгаагүй нийгмийн амьтад. Бид арай л илүү ухаантай юм.

Хүмүүс үргэлж л би, би, би гэж өөрийнхөөрөө батлахыг хичээдэг. Хувиа хичээсэн зан гэж битгий бодоорой, энэ бол хэвийн үзэгдэл. Харин хувиа хичээх тэнэг зан бол асуудалтай. Бид зөвхөн өөртөө төдийгүй бусдад анхаарал халамж тавьдаг. Учир нь бидний амьдрал бусдын амьдралаас шалтгаалж байдаг.

Бид хоорондоо эв найртай, итгэлтэй байж л хөгжинө. Өөр дээрээ жишээ авахад би Буддын шашинтай, Далай лам. Би онцгой хүн… Хэрвээ би ингэж бодох юм бол өөрийгөө шоронд хийлээ гэсэн үг. “Далай ламын ёс журам” гэсэн шорон. Тиймээс би өөрийгөө хуурах хэрэггүй: би бусдын л адил хүн шүү дээ.

Надад бусдаас ялгарах оюун ухаан, сэтгэл хөдлөл, бие бялдар байхгүй. Хэрвээ өөрийгөө бусдаас ялгаатай гэж тусгаарлаж эхлэх юм их олон асуудлыг өөртөө бий болгоно. Аяндаа л асуудал тулгарч, зовохоос гадна өөрийгөө давуу талтай гэх мэдрэмж бүр лавширна. Эндээс стресс үүснэ, стрессээс болж өөрөө тарчилна. Дараа нь юу болох вэ. Ямар ч сайн зүйл гарахгүй.

-Тэгэхээр та бусдад сайн зүйл хийх гэсэн ч ямар нэгэн байдлаар буруу болох тохиолдол хэзээ ч гарч байгаагүй юү?

-Үгүй гэж бодож байна. Би Буддын шашинтай, сахил хүртсэн гэлэн хүн. Тэгэхээр би бие, сэтгэлээрээ бүх хүн, амьтан амар мэнд, элбэг хангалуун байхыг ерөөж байдаг. Үүнийхээ хариуд ямар нэгэн шагнал хүлээх ёсгүй. Хэрвээ чи ямар нэгэн зүйл хүлээж байгаа бол бизнесмэн юм. Эсвэл бизнес эрхэлдэг эмэгтэй. Учир нь бизнест сайн зүйл хийгээд ашиг олдог. Харин хүн чамд яаж хандаж байгаа нь чухал биш.

-Муу зүйлтэй хамт хийх сайн зүйл гэж байх уу? Хил заагийг нь яаж тогтоох вэ?

-Ойрын үедээ ашиг тусаа өгөхгүй ч цаашдаа сайн үр дүн өгөх үйл хэрэг байж болно. Тэгвэл энэ ажилд оролцож болно шүү дээ. Сайн муугийн заагийг өөрийн ухаанаар тунгаах хэрэг.

-Тэгвэл муу зүйл хийж байж сайн үйл бүтээх үү. Жишээ нь, хар тамхи зарж, гэр бүлээ тэжээх ч юм уу?

-Хэрвээ өөр ямар ч арга байхгүй бол… гэсэн ч энэ бол хэцүү зүйл. Хар тамхи зарах зорилго нь мөнгө олох. Олсон мөнгөөрөө гэр бүлдээ тусална.

Гэхдээ хар тамхи нь хэн нэгэн хүний амьдралыг нураадаг. Тийм учраас ийм зүйл хийхгүй байсан нь дээр. Юу гэдэг билээ, их хөрөнгөтэй том компани, биш ээ картель (том хөрөнгөтнүүдийн эв­сэл) гэдэг. Латин Америкт байдаг. Тэд хар тамхи зарж, гэр бүлээ тэжээдэг. Хамгийн гол нь хар тамхи бусдад маш аюултай. Үүнийг эргэцүүлэх хэрэгтэй. Тэгэхээр ийм зүйл хийхгүй байсан нь хамаагүй дээр.

Орчуулсан Н.Тунгалаг

error: Content is protected !!