Хүүхдийг голдуу 1.5-2.5 насанд нь өөрөөр нь бие засуулж сургадаг. Үүнээс эрт буюу хожуу сургах нь хүүхдэд хүндрэлтэй байх болно. Энэ үед хүүхэд өөрөө бие засч сурахад бэлэн болсноо илэрхийлж зарим дохио тэмдгийг өгдөг. Эднээс заримыг нь дурдахад:
Хүүхэд 1-2 цагийн зайтай бие засах цаг болсныг хэлэх бөгөөд дохио өгнө, хааяа өдөр унтаад орондоо шээлгүй босч ирнэ. Таны хүүхэд хэвийн өсч бойжиж байгаа бол таны сургаж заахыг сурч чадна.

Хүүхдийг бие засуулж сургахын тулд хөтөвч хэрэглэвэл сайн. Энэ нь хүүхэд боловсон суултуурт сууж сургах арга зам болно. Хүүхдийн бие засах болсныг багцаалаад даруй хөтөвчинд суулгана. Таны таамаглал зөв болж хүүхэд бие засвал сайшааж урамшуулах хэрэгтэй. Харин эсрэг байвал шаардах, сахилга бат сахиулах гэсний хэрэггүй. Яваандаа таны тусламжтай энэ дадал тогтворжино. Зөв чиглүүлж өгөөд ерөнхийд нь анхаарч, хүлээх хэрэгтэй.

Дэндүү цэвэрч болон маш хатуу шахалт шаардлага тавих нь хүүхдийг уурлаж бухимдах болон өөртөө итгэх итгэлээ алдахад нь нөлөөлнө. Үргэлж даавуу жийрэглэх, хүүхэдтэйгээ насанд нь тохируулан харьцаагүйгээс (нялх хүүхэд мэт аашлахыг нь дэмжих зэрэг нь) бие засах дадлыг оройтуулах шалтгаан болно.

Мөн бие махбодийн болон удамшлын нөлөөг ч мартаж болохгүй юм. Дөрөв таван нас хүрсэн ч, энэ дадлыг эзэмшиж чадаагүй тохиолдолд хүүхдийн сэтгэл зүйчид хандах нь зүйтэй. Учир нь энэ наснаас хойш өмдөндөө бие засах нь согог мөн. Эмчлэх шаардлагатай. Зарим эхчүүд хүүхдээ өсч том болсон хэдий ч даавуу жийрэглэхээ үргэлжлүүлснээр бие засаж сурахыг нь оройтуулдаг. Хүүхдийг бие засч сурахад нь иймэрхүү арга нь муу үр дагавартай. Хүүхдийг хөтөвчиндөө бие зассан тохиолдолд зохих хэмжээний сайшаал урамшуулал үзүүлэх хэрэгтэй (сайн байна, ухаантай хүүхэд, цэвэрч хүүхэд гэх мэт үгсээр сайшаах юмуу толгойг нь үнэрлэх, үнсэх, тэврэх гэх мэт урамшуулах).

Бие засч сургахыг хариутай, бариутай тохиролцоо, дарамт шахалт болгож болохгүй. Дээр дурдсан зүйлийг хийсэн боловч хүүхэд мөн л энэ дадлыг эзэмшихгүй байвал 2-3 сар сургалтаа түр зогсоож бэлэн болсон үед дахин шинээр эхлэх нь зүйтэй. Дүүтэй болох, дүүд нь дэндүү их анхаарал халамж тавьж өөрт нь бага цаг зав зарцуулах зэрэг нь сэтгэл санаанд нь нөлөөлж бие засч сурахад мөн муугаар нөлөөлөх талтай.