Эхлэл хэсэг: Чойжид дагинын тууж-1
НЭГЭН ЗҮЙЛ
Тэдний дотроос үстэй малгай өмссөн гартаа шүрэн эрх барьсан шүдээ дорсойтол маань уншсан нэгэн хүмүүнийг дуудан авчирч Эрлэг Номун хааны өмнө сөгтгөн бараалхуулсанд Эрлэг Номун хаан
– Аяа чи хүний оронд байхдаа энд ирэхийг хүртэл юу үйлдсэн билээ. Чи авралт бурхан шашны оронд төрөөд ачит лам гурван эрдэнийг орой дээр шүтэж, авсан номын тангарагыг эвдэлгүй сахиж, аливаа тарнийг урих утгыг бясалгахын сайн үйл хийж явсан уу? үгүй юу? өөрөө эд малд шуналгүй, эрхэм лам хуврагуудыг хүндлэн дээдэлж аливаа сайн буянаа өргөж, зовлонтой амьтдад өглөг өгч явсан уу? үгүй юу?
Авралт ламын сургаалын багшийг хүндлэн тахиж, ачит эцэг,эх юүгээ өргөн асарч, ах дүү нараа хүндэтгэн аливаад эв зохистой ариун шударга санаатай явсан уу? үгүй юу? Төр шашин хоёрын ёсыг доромжлон даваад төрхмийн олон түмнийг худал хов үгээр үймүүлж,төлөв бус муу зангаар олон удаа жигшигдэж явсан уу? үгүй юу?
Арван хар нүглийг тэвчин хичээж аливаа сайн үйлийг шимтэж амьтаны амийг аврах ба авралт маанийн үсгийг амандаа үргэлжид уншиж, ашдын сайн үйл бүтээхийг хичээж явсан уу? үгүй юу?
Эдүгээ би, зургаан орны амьтан үхээд эрхбиш зуурдын сансарыг үзэх энэ хоорондын буянтан нүгэлтэнийг ялган байцааж аливаа сайн үйл буян үйлдэж ирэгсэдийг эрхэм дээд бурхан тэнгэрийн орноо илгээнэ.
Дундуур зэрэг буян үйлдэн ирэгсэдийг эрхт хүний төрлийг олгон илгээнэ. Эргүү мунхаг хар нүгэлээр явж ирэгсэдийг элдэв зовлонт гурван муу заяанд илгээгч Эрлэг Номун хаан гэгч би байна.
Аяа, чи юу үйлдэж явснаа чин шударгаар мэдүүлэгтүн! Гэхэд олон эрлэг мэдүүл! Мэдүүл! Хэмээн зэрэг зэрэг муухай хашгиралдав.
Тэр хүн ийн мэдүүлэв:
– Аяа, их Номун хаан анхааран соёрхоо! Эдгээр зан заншлын ёсоор би бээр их буяныг үйлдсэн хүн билээ. Хар бага наснаасаа хамаг олон амьтаны төлөө сайн санаа үүсгэж бүхий л буяны үйлсийг хичээгээд даган баясан хамаг амьтанаа харш хатуу муу нүгэлийг үйлдсэнгүй.
Хэтэрхий их буянт маанийн зургаан үсгийг үргэлжид уншиж хэтийн сайн үйл заяа бүтээхийг бодож хувраг больё гэтэл эцэг эх, ах дүү нар маань эс болговоо. Эцэг эхийн сэтгэлийг хиртүүлэхгүйг хичээж эм гэргий авч эрхбиш аж төрөхийн үйлийг хийсэн боловч эрхэм хуврагтангуудыг хүндэлж эрдэм төгссөн нэгэн ламыг багш болгон шүтэж, элдэв номын ёсын ариун замуудыг мэдэж авлаа.
Ам тавьсан тангараг санваарыг алдахгүйг хичээж ашид цаг үргэлжид эргэл мөргөл үйлдэв. Авралт зуугийн шүтээнд өргөн хатуу цай хоёрыг барьж харамгүй сэтгэлээр залбирч мөргөсөн билээ. Хадны агуйд ном бясалгасан даяанч ламд хамаг юмнаасаа шилж сонгон хорь гаруй жил харамгүй сэтгэлээр хүнс төхөөрч өргөлөө.
Нирваан дүрийг үзүүлэхэд нь нимгэн зөөлөн хувцас нэгийг хийж өргөөд хойтын амгаланг хүсч хутагыг гуйж ерөөл тавиваа. Галсангийн судрын дэвтрийг бүтээж гайхамшиг болгон мянга уншуулж түүний харамжинд сайн алт нэг лан, нэг цэн ба хатиртай тарган морь нэг, хатуу цай хэд хэдийг өргөж хамаг нүгэл хилэнц арилахыг залбирч агуу их ерөөлийг тавьсан.
Мөн нэгэн ламыг залж номын эвшиг хөтөлбөрийг хүртээд баясан хүндэлж хайнагийн үхэр нэгийн үнэ бүхий оюу нэгийг өргөж балай нүгэл хилэнцээ наминчилан үйлдсэн бөлгөө. Миний буян нүгэл аливаад холилдон бүхий учир алсан малын махнаас энд тэнд болон өөрийн гэр орноо асар ихийг идвээ.
Номун хаан та нүгэл буяныг минь ялган айлдаж соёрхоно уу хэмээн мэдүүлсэнд Эрлэг Номун хаан:
Үүний хэлснийг толь дансандаа үзэгтүн. Тун худал үг биш бололтой хэмээн зарлиг болсонд үхэр тэргүүнтэй ба сармагчин тэргүүнт хоёр эрлэг тус тусын барьсан толь дансандаа үзээд: – Бага насандаа нэг дэвсгэр дээр нүгний гурав сахисан. Маанийг тоогүй олон уншсан байна бусад хэлсэн үг цөм үнэн амой. Гурван хүн нэг сарлагийн шарыг хулгайлан аваад хэн алах вэ? хэмээн шоо орхисонд түүнд тусаж энэ хүн алжээ гэж байна хэмээсэнд огторгуйгаас нэгэн цагаан хүн бууж ирээд:
– Энэ хүн буяны үйлийг цаглашгүй их үйлдсэн болой. Хилэнцийг ер үйлдсэнгүй. Хураасан буяны хэмжээ энэ бөлгөө хэмээн гэрийн чинээ цагаан чулуу овоолоод үүнийг жаргалтайн сувидайн орноо илгээнэ үү хэмээсэнд бас нэгэн хар хүн ирээд:
– энэ хүний үйлдсэн нүгэл цаглашгүй их билээ. Хэмжээ нь энэ бөлгөө хэмээн арагын чинээ хар чулуу овоолж үүнд тамаас өөр одох орон үгүй хэмээв. Эдгээр хар, цагаан чулууны аль нь илүү болохыг тоолж хүнд хөнгөнийг нь дэнсэн үзэхүйд буяны цагаан чулуу олон болоод хүнд, нүгэл хилэнцийн хар чулуу цөөн бөгөөд хөнгөн байв. Эрлэг Номун хаан зарлиг болруун: Аяа чи хүний биеийг олж явахдаа сайн үйл буяныг сайтар үйлдэж бүтээсэн тул хураасан буяныхаа хүчээр амгалантын орноо төрөх боллоо. Тэнгэрийн төрөл дээр гэдэг тул учралт баян хүний хөвгүүн болон төрж дээд буяныг улам шамдан хичээтүгэй хэмээн зарлиг болов. Тэр хүн мөргөл үйлдэн босоод явахынхаа урьд: Хүний ертөнцөд одогчид буй бөгөөс буяныг хичээж хилэнцийг тэвчээрэй! хэмээн захиж хэлээд баярласаар явчихваа.
УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ