Нэг сайхан нартай өдөр хэсэгхэн бараан үүлнээс гэнэтхэн усархаг бороо асгарсны дараа тэнгэрт тодоос тод солонго татаж билээ. Яг тэр үед миний охин мэндэлсэн болохоор Солонго гэж нэрлэсэн дээ гэж аав минь надад хэлсэн юм. Тийм ээ би солонгын охин. Өөрийгөө ингэж нэрлэх би дуртай байлаа. Солонго наадуулан харагдах нутгийн хөх толгоддоо очилгүй олон жил өнгөрч, солонгын охин гэж өөртөө итгэж явсан хүүхэд нас минь аль эрт ард хоцорч дээ.Хэнд ч гологдохооргүй сайхан хүүхэн болжээ гэж харсан хүмүүс намайг магтдаг байлаа. Үнэхээр ч сайхан бүсгүй гэдэгтээ би ч өөрөө итгэлтэй байсан юм, тэр нэгэн хүнтэй учрах хүртлээ. Харин тэр намайг огт тоогоогүй юм. Миний сайхан царай, эелдэг зөөлөн ааш, залуу халуун насанд минь татагдаагүй цорын ганц эр хүн бол тэр. Өдий насны эр хүнд яагаад ингэтлээ татагдаад байгаагаа өөрөө ч би ойлгохгүй байсан. Аагархаж, аальгүйтэж, бардамнаж, байж ядаж, уйлж гуйж зөндөө юм болсноо санаж байна. Гэвч түүний эгшсэн зүрхийг жаахан ч атугай хөндөж чадаагүй билээ.Түүнтэй учирснаас хойш гурван хахир өвлийг үдэж, хаврын шувууд гурвантаа буцахын цагт тэр минь гэнэт бурханыхаа оронд заларсан юм. Хамгийн сүүлд бичсэн номоо хэвлэлтээс гарахыг нь хүлээж амжилгүй буцаж билээ. Эхнэр нь надад түүний дөнгөж хэвлэлтээс гарсан шинэхэн номыг авчирч өгөөд “Охин минь би чамайг мэднээ. Өндөр настай өвгөний минь харьж яваа сэтгэлийг чи л илч гэрлээрээ бүлээцүүлдэг байсан шүү. Энэ номын хамгийн эхний өгүүллэгийг тэр минь чамд зориулж бичсэн юм гээд номыг надад өглөө.Чичирхийлсэн гараар номыг авч эхний хуудсыг болгоомжтой сөхлөө. “Наран шингэх зүгээс наран ургах зүгийг ширтэн сууна би. Эндээс харахад бүх юм гэрэл
гэгээтэй, ариун нандин харагдахыг яана. Солонго ямар сайхан харагдана вэ. Хачин ойрхон бүр хажууд минь байгаа хэрнээ харахаас ч хайран, хүрч боломгүй, холын хол юм шиг санагдах энэ солонгыг би хэзээ ч барьж чадахгүй юм даа. Хүн хэтэрхий хайрласан зүйлээ холын холд оршоож түүндээ зориулан хүрч боломгүй хана хэрэм босгочихоод өөрөөсөө хүртэл харамладаг юм байна даа” гэж бичсэн байлаа. Би түүнд гомдох биш баярлах ёстойгоо тэр үед л ойлгож билээ. Хайрлана гэдэг өмчлөх сэтгэл биш ажээ.