Чойжид дагинын туужийг уншигч та бүхэндээ цувралаар хүргэж байна. Эхний хэсгийг хүлээн авна уу.
МУНХАГИЙН ХАРАНХУЙГ ГИЙГҮҮЛЭГЧ БИЛГИЙН ЗУЛ ОРШВОЙ.
Хутагт их нигүүлсэгч дор мөргөмүй! УМ. МА. НИ. БАД. МИ. ХУМ.
Хамгийг айлтгагч ялж төгс нөхцсөн бурхан лугаа хамтдаа байгч Сарваа бодисад нарт мөргөмүй! Харш нисваанисаас тонилгох цаг бүхнээ даан соёрхоо! Чойжид би бие ухаан салсны эцэст эрлэгийн газар хүрч буян нүглийн үрийг эдлэхийн учрыг мэдэрч Эрлэг Номун хааны зарлиг захиаг дэвтэрт бичин олон амьтанаа дэлгэрүүлэхийн тул товчлон өгүүлэх нь: Чойжид би гучин зургаахан насны цагт арван зургаан хоног өвдөж аливаа ном гүргэм тустай бүхнийг үйлдэвч улмаар хүндэрч эдүгээ үхэх цаг болов оо.
Чавганц больё хэмээхэд эцэг эх, гэрийн эзэн эс таалсанд би насан багын цагт нэг ч номын хөтөлбөрийг авч бясалгасангүй. Дээд лам гурван эрдэнийг ихэд тахисангүй. Зургаан зүйл хамаг амьтанд арвитай өглөг өгсөнгүй.
Өөрийн энэ насандаа бүтээсэн буяны үндэс ихгүй. Ламын сургаалын багшид идээ өргөл төдийлэн барьсангүй. Аяа хөөрхий чөлөө учралт энэ биеийг дахин олохуйяа бэрх болсон хойно хичнээн гэмшивч тусгүй билээ. Амьд цагт үйлдсэн нүгэл, үйлийн үрээр муу зовлон болж миний толгой дээр магад ирэх бөгөөд жил бүр хонь үхэр хорь гучаадыг алж идсэн билээ. Тэр бүгдийн нүгэл хилэнцээр муу заяанд төрж барагдашгүй зовлон эдлэхийн цагт намайг хэн ч аврах оронгүй билээ.
Авааль эр харам ихтэйн дээр лам гурван эрдэнэд сүжиггүй. Намайг үхсэний хойно тэрээр буян эс хийнэ хэмээн мууг санаж эцэг эх, үр хүүхдүүдээ дэргэдээ ир! Гэсэнд тэд маань хүрэлцэн ирцгээв. Чойжид би энэ өвчнөөс салахгүй магад үхэх тул та бүгдэд өгүүлэхийн эцэс гэрээс үгээ захисугай.
Чойжид надад урьд үйлдсэн буян доройн эрхээр энэ насанд эм язгууртай төрөөд хүний гэргий болж галын зах, гэрийн мухар сахин зөөлөн дэвсгэр дулаан тохитой хөнжил бүхий орон дээр хурцал шунал тачаангуйг үйлдэж энэ насандаа согтуурч ямагт хар нүглийг үйлдэн явснаас одоо магад үхэхийг мэдээд маш гэмшивч барагдахгүй болов оо.
Намайг үхсэний хойно эцэг эх, үр хүүхэд та нар минь бурхныг тахиж, номд шүтэж буяныг үйлд! Нүгэлийг насандаа тэвчиж сайн ерөөлийг ямагт тавь! Эдүгээ буй бүх юмны гуравны нэгийг миний буянд заран үйлд! Үлдэх хувиар та нар аж төрөн яв! Миний засал чимгийн оюу шүр тэргүүтнийг охинд минь өгөөрэй! Заримаар нь буян үйлд! Үхэх насны хэмжээ нэгэн цагт ирэхүйд буян хийснээс өөр нөхөр ба тус үгүй бус уу?
Хэмээсэнд эр нөхөр ийн өгүүлрүүн: Чамайг үхсэний хойно хүүхэд маань нас бага, хөрөнгө чинээ минь амь зууж аж төрж хүрэлцэхгүй тул эдүгээ буй мал эд юмсын гурван хувийн нэгээр буян үйлдэж чадахгүй гэв. Тийм боловч миний буяныг үл доройтуулсугай. Оюу шүрийг охинд өгье гэхэд Чойжид миний санахад энэ эрийн хэлэх үг, янз байдал нь миний хойноос яавч буян үйлдэхгүйгээр үл барам нэгэн гэргий авч даруй үр хүүхдийг маань зовооно байх.
Би иймийг мэдсэн авч амьд байх цагтаа гурван эрдэнэд сужиглэж сургаалын багш ламд оюу шүрээ өргөж, хойтын буян үйлдсэн болоосой хэмээн цаглашгүй ихээр бодлогшрон зовж хэвтэхүйеэ гэнэт толгой эргэн газар дор оров хэмээн санагдаж дээрээс олон амьтан дарсан мэт аюул болсны дараа хөлгүй их далай дор орж маш даарч хөрсөнд биенд минь хэсэг хэсэг цэрвүү гүйн дэлбэрч хөлдөхийн цаглашгүй их зовлонг амсав.
Бас түүний дараа газар дэлхий галаар дүүрч нүргэлэх их чимээнээр миний биеийг түлэх их зовлон тохиов. Түүний хойно улбалзсан хурцын гэрэл гэгээ гялбан газар дэлхий урван хөрвөх мэт болж хүржигнэх их дуу чимээ болсноор би юуг ч үл санан бие сэтгэл амар жимэр болов.
Тэндээс юу болсоноо мэдсэнгүй. Өөрийн гэрийн хаяанд байна хэмээн санах зуур гэнэт миний толгой дээр таван өнгийн гэрэл бумбын төдий сацран ирж хар бүрэнхий дотроос хоорондоо адил бус толгойтой, дуу чимээ өөр өөр болоод хүний биетэй, нүд нь нар саран мэт гартаа олон зүйлс мэс баригсад хаа! Хаа! Хоо! Хоо! Ал! Ал! Цохь! Цохь! Хэмээцгээн мянган лууны дуун лугаа адил тачигнан дуугарахуйд миний дотор айж зүдэхийн зовлон цаглашгүй их болов.
Тэр цагт миний санаанд урд номын хөтөлбөр хүртсэн ачит язгуурын ламын “зарлиг гэрэл бүгд өөрийн гэрэл, заль бүгд өөрийн заль, дүр бүгд өөрийн дүр, дуу бүгд өөрийн сэтгэлийн чанар болой! ” хэмээн номлосон нь энэ мөн болой хэмээн санамагц өмнөх аюумшиг бүхэн үүл бороо цэлмэн арилсан мэт хоосрон замхарсанд миний сэтгэл аюуж эмээхийн зовлонгоос амирлав аа.
Тэндээс өөрийн ор дэвсгэр тийш харвал муухай өмхий үнэр ханхалсан нэгэн үхдэл мэлхийг миний хувцасаар бүтээснийг үзэв. Охих хүүхэд ба ураг төрөл айлын ах дүү нар ирээд зарим нь тэрхүү үхдэл мэлхийн биенээс барьж зарим нь аманд нь амаа хүргэн орилон уйлцгааж байх нь чимээ ихсэж мянган луу нэгэн цагт хүрхрэх адил болов. Тэднийг уйлахаа аядан завсарлахад их дуу чимээ ба цасан мөндөр аядан завсарлахад амирлав.
Түүний дараа миний дүү Чойжидмолом: “Энэ мэт уйлж юу хийнэм. Егүүтгэлийг үйлдүүлэх нэгэн лам залж сүнсийг хөтлүүлэх хэрэгтэй. Их бясалгагч ИшЦэрэн ламд эгч минь урьд сүжигтэй байсан тул түүнийг залсугай. Бас Доржзоводийг унших нэгэн лам залья.” Хэмээсэнд Чойжид би эд нар ямар үг хэлэлцнэм хэмээн санаж лам залж юу хийнэ хэмээвээс тэд хариу эс хэлэв. Миний эр нөхөр. Бүүеэ ламыг залья хэмээв. Дүү Чойжидмолом минь эгч минь Бүүеэд сүжиглэдэггүй бөлгөө.
Та өөрийн дураар болтугай. Би их бясалгагч ламыг залья хэмээн одвоо. Эр нөхөр маань Зонгоржав нэрт хүнтэй тариа будаа авчрахаар ачлага ачин явав. Тэр үед манайд зургаан байшин дүүрэн сайн арвай байв. Түүнээс айлуудад гурил татуулхаар өгч байхыг хараад эд нар юу хийнэм хэмээн харамын сэтгэл над төрж, миний бие эдгэрч гэхээс биш үхэж гэх сэтгэл эс төрнө.
Миний том хөвгүүн нэгэн ламыг залж ирээд Доржзодов уншууллаа. Тэр цагт манайд ойрхон нэгэн суврагыг итгэл уншсан чавганц хүн гороолж явахуй дор миний сэтгэл ихэд баясан амгалантай болов. Үдэш их бясалгагч лам залран ирсэнд Чойжид би гурав мөргөн адис авах гэтэл лам мутар талбин адис эс хайрласанд энэ ламтан надад уурласан буюу хэмээн санаж ламаас энд та юунд залран ирэвээ хэмээн санахад лам хийгээд тэнд буй хүмүүс хэн ч хариу эс хэлэв.
Эд нар надад уурласан буюу хэмээн санаж сэтгэл зовнин суутал их бясалгагч лам гэнэт босож үхдэл мэлхийн толгойн дээр мутраа тавиад итгэл явуулан ерөөл уншаад “Чойжид чи үхсэн биш үү! Охин хүүхэд ба ураг садан, эд мал дор хурцал шуналгүй чи өөрийн сүнсээ цагаан дуслын дүртэй нэгэн буурцгын төдий болгон миний зүрхэнд шингээд хамтаар Авид бурханы амгалант сувидайн орноо очьё” хэмээн зарлиг болгов.
Тэр цагт миний санаанд ламын ийн хэлэх зарлигийг үзвээс Чойжид би үхсэн ажээ хэмээн бүрэг бараг санагдаж ламын зарлигийг дагая гэтэл үхдэл мэлхийнээс айж цочоод эс чадав. Лам гэнэт пад суухай хэмээн зарлиг болгосонд баясан дурлахын их амгаланд эзлэгдэв. Ламтан айлдаж-Сүнс хөтлөх цаг нэгнээ хожимдож үхдэл ухаан хоёр нэгэнт хагацсан тул үл болно хэмээв. Тэндээс мах, дарс гурил тэргүүтнийг лам нарт өргөхөд надад эс өгөлцөв.
Их бясалгагч миний охинд зарлиг болж хайрсан гурил, махыг нэгэн муу тавганд хийж СЭРЖМИЙН хамт үхдэл мэлхийн дэргэв тавив. Миний охин ээж минь идэн соёрх хэмээсэнд би бээр өлсөх ундаасах их боловч үхдэл мэлхийгээс айн цочиж идэж эс чадсанд мөнөөх лам нар миний дэргэд нэгэн тарнийг олон
олон уншиж гурил махыг галд түлэхэд үнэр утаагаар нь идсэн уусан мэт сэтгэл ханан машид амирлангуй болов. Тэдгээр лам нар цав манзаа зооглож дуусгаад Их бясалгагч ламаас дээш дээш айлтгаж номын бясалгалд орцгоов.
Тэр цагт ламаас бусад хүн надад идээг өгөөгүйд би гомдохын сацуу миний бие агаарт тогтож үл чадан шувууны өрөвлөг салхинд хийсэх адил нааш цааш дэрвэх мэт болсонд эдгээ би юу хийвэл чадал тэнхээ олж болох бол хэмээн санагдан сандарч байхүйд охин хүүхэд минь дахин уйлалдав. Тэр үеэс мөнөөх л цасан мөндрөөр намайг цохиж дэлдээд цаггүй их зовлон болов. Тэднийг уйлахаа зогсмогц мөндөр цохих зовлонгоос сая гэтлэв.
Бас бус үзэгдэх юмгүй атал айх эмээх ба сэтгэл урван эвдрэх олонтой болж лам багшийн дэргэд ойр сууя гэвч би эхнэр хүн тул их лам дэргэдээ ойр суулгахгүй болов уу? хэмээн ар хойно нь нуугдан номын дууг сонсож суутал их лам нэгэн нүүртэй дөрвөн мутартай хутагт хоньсом бодисадьва болон үзэгдэвээ. Түүний дүрийг дээш чанарын агаарт бясалган ахуй дор миний сэтгэл айх эмээхгүй ихэд амгалан болов.
Тэнд хэдий чинээн удаан суусныг үл мэднэ. Ламтан бясалгалаас сэрж цав идээгээ зооглохуй дор миний хувийг урьдын ёсоор галд түлэхэд би бээр цадаж ханаад байтал гаднаас нэгэн хүн “Чойжид чи иртүгэй” хэмээн дуудахуйд очвоос тэр нь эрлэгийн элч байсан бөлгөө. Түүний өгүүлэх нь “Чи над лугаа хамт явагтун. Чамд үзүүлэх нэгэн газар буй. Даруй нааш ир! “ хэмээсэнд миний сэтгэл энд байваас цөмөөрөө намайг тоож эс үзнэ.
Гагцхүү лам багшаас өөр хүн идээний хувийг үл өгнө. Иймээс энэ хүний үгийг дагаж өөр оронд очьё хэмээн санаж түүнийг даган одов. Өвс ногоо ургаагүй нэгэн асга хад, гуу жалга болсон хавчилган газрын завсар замаар орж удалгүй тэрхүү бэрх замын чанад гарвал морьтон хүн хорин өдөр явж туулахуйц их говь тал тохиолдов.
Тэр уудам говь талд сэтгэшгүй нэгэн балгасанд орж бас сэтгэшгүй нэгэн гүүрээр гарч чанд хүрвээс эр эм, олон хүмүүн цугларч бөөгнөрөн бужигнах нь шоргоолжны үүр нээсэн мэт ажээ. Эрлэгийн элч надаас, “эд нар дотор чиний таних хүн байна уу?” гэж асуухад би тэднийг ажиглаваас өнгө зүс алдаж уйлан гуниглаж энэлэн шаналан гаслаж байв.
Чойжид би “над бас энэ мэт зовлон зүдгүүр тохиолдох болов уу” хэмээн маш ихээр зовон зовсоор цааш одсонд мөн л олон хүн цугларсан байв. Тэдний дотор урьд манай гэрийн үхэр хариулж явсан Чойжив нэртэй нэгэн хүн байлаа. Тэр намайг үзээд эгч та энд ирэв үү? Би тун их зовж байна гэлээ. Би түүнээс энэ балгасны нэр юу гэдэг вэ? Энд ирсэн хүн жаргадаг юм уу? хэмээн асуув.
Гүүрний цаанаас нэгэн хүн Чойжид чи наашаа түргэн ир! Гэж дуудав. Би тэнд очьё гэтэл үхэр хариулагч Чойжив ийн өгүүлрүүн: Хүн амьтан үхээд энд ирмүй. Үхсэн амьдын зуурдын орон гэгч энэ бөлгөө. Энд ирсэн хүн амьтаны зарим нь насны хэмжээ дуусч ирээд зуурдын дөчин есөн хоногоо хүлээнэ. Зарим нь насны хэмжээ дуусахаас өмнө нэр нас эндүүрэгдэн ирсэн нь ч бас байдаг. Бас үйлийн үрийн эрхээр арав, хорь, гучин жил өнгөртөл хаана ч төрөл авалгүй зуурдын сансар энд хүлээх нь ч бий гэлээ.
Тэдний дотор хувцас хунар, өнгө зүс сайтай байгаа нь урьд өөрийн биеэр буян сайн үйлдсэн, бас үхсэний эцэст араас нь үр хүүхэд ахан дүүс, сайн санаатнууд буян үйлдсэнээс энэ болой. Тэдний дотор хувцас хунар, царай зүс муутай, энэлэн шаналан байгаа нь урьд өөрийн биеэр буян үйлдээгүй бас үхсэний эцэст хойноос нь сайн ерөөл ерөөж, буян үйлдээгүйгээс энэ болой. Эд нар зуурдын насны хэмжээ дүүрмэгц энд харагдах гүүрийн чанад дахь төмөр харшид хүрч очдог юм.
Тэнд Эрлэг Номун хаан нөхөд, ноёд, түшмэл, зардас нартайгаа олуул суудаг авай. Тэд буян нүгэл юу үйлдсэнийг толь, дансандаа хараад урьд амьд ахуйдаа буян үйлдэж санаа сайн явсан болон үхсэн хойно нь буян сайн үйлдсэн байваас эл буяныг сайшааж бурхадын орон хийгээд өндөр язгуур буян ихтэй болгон төрлийг авхуулдаг юм. Урьд өөрөө элдэв нүгэл үйлдэж явсан болон үхсэн хойно нь буян үйлдээгүй аваас нүглийг машид муушаан түлэх, чанах тэргүүтэн сэтгэшгүй олон зовлонг эдлүүлж байна.
Чойжив би урьд буян яльж үйлдсэнгүй. Гагцхүү санаа муу яваагүй билээ. Ямар нэгэн муу юм болох болов уу хэмээн санаа зовж зүрх түгшин айж байна. Урьд намайг энд ирэхийн цагт Эрлэг Номун хаанаас зуурдын насны хэмжээ дуусах хүртэл хүлээж бай! Хэмээн тушааснаар эдүгээ би энд хүлээсээр байгаа минь энэ бөлгөө. Эгч та Эрлэг Номун хааны өмнө бараалхахын цагт юу хэлэхийг нь эрхбиш хүлээх болно хэмээв. Тэндээс би Чойжаваас салж элчийн хамт тэрхүү гүүрийг гарч одохуй дор гүүрэн дээр нэгэн хүнийг гэдрэг харуулан хэвтүүлж дөрвөн мөчийг тэлээд дээрээс нь нэгэн чулуун балгасаар дараад бахирахад нь хайлуулсан буцламгай халуун ширмийг аманд нь цутгаж байв.
Би элчээс учрыг асуувал: Энэ хүн ертөнцөд байх цагтаа бусад хүмүүсийг дайрч давшилж доромжилсон ба эд малыг хулгайлж идэж завшаад би хулгай хийгээгүй хэмээн бурхан номын нэр барьж ам алдасны үйлээр ийнхүү залхаагдаж байна. Үүнийг амь тасарсаны нь хойно бас тамд хийж залхаана гэв.
Мөн тэнд нэгэн хүүхнийг том ууран дотор хийж нүдэхэд тэр хүүхэн орь дуу тавьж лам гурван эрдэнэ, ээж, ах дүү нар минь хэмээн бархирахад улам их хүчээр нүдэн зовооход Чойжид би, элчээс
– Энэ юу гэгчийг үйлдсэн хүүхэн бэ? хэмээвэл
-Энэ хүүхэн хүний ертөнцөд байхдаа лам хуврагийг сайн муу хэмээн алагчлан санаж явсан ба өөрийг нь өвчлөхөд ном уншуулж, эм хүртээе гэхэд надад тэр бүхэн ач тус болохгүй хэмээн ном гүрэм, эм домын ачыг хэрэгсэхгүй байснаас ийн залхаагдаж байгаа юм аа гэв.
Түүний цаанаас Чойжид намайг ир хэмээн дуудахыг сонсоод айж сүрдсээр явж хүрвэл нэгэн их төмөр балгасны дотор өнгө туяа гялбам өндөр сайхан алтан ширээнээ Эрлэг Номун хаан шар дүртэй, нэг нүүртэй, хоёр мутартай, элдэв сайхан торгон хувцас хийгээд эрдэнэсийн чимгээр биеэ чимэн заларч сууна. Өмнө талд нь хүдэр тэргүүнтэй нэгэн эрлэг бичиг бичиж сууна. Зүүн талд нь сармагчин тэргүүнтэй нэгэн эрлэг толь бариад үзэж сууна.
Бас бус олон янзын тэргүүнтэй, амаа ангайж соёогоо ярзайж нүдээ бүлтийлгэж маш яхир хатуу дуу авиагаар дуугаралдагч аюумшигт олон янз дүртнүүд гартаа жад сэрээ, илд нум хийгээд оль, сүх, чавчуур, сэлэм, соёо, цалам, дэгээ, чимхүүр, ташуур, төмөр дээс тэргүүтэй цаглашгүй аюулт хурц мэсийг барьцгаан Ал! Ал! Цохь! Цохь! Хаа! Хаа! Хоо! Хоо! Хэмээн хашгиралдан хүйтнээр инээлдэж, тачигнатал хөхрөлдөх нь үнэхээр аюумшигтай агаад эдний өмнө эр, эм дөрвөн зуугаад хүний сүнс хуймран дагжин чичрэн байцгаав.
Тэдний дотроос цувруулан авчирч буян нүглийг нь ялган байцаахыг Чойжид би нүдээр үзэв.
Хоёрдугаар хэсэг: Чойжид дагинын тууж-1