Нэгэн цагт нэг дэлхий даахгүй баян хүн сэтгэлийн дотоод амгалангийн эрэлд гарч гэнэ. Тэр цэцэн мэргэн хүмүүсийг зорин очиж сэтгэлийн дотоод амгаланг хэрхэн олж авах талаар асуусан ч хэнийх нь ч зөвлөгөө түүнд тус болж чадсангүй. Гэтэл нэгэн өдөр ямар ч нэр алдаргүй, харин ч тэнэг маанагт тооцогдох нэгэн хүн баяныг гудамжинд зогсоогоод:
– Чи хайран цагаа ямар ч ашиггүй дэмий үрэн таран хийх юм. Тэр хүмүүс чинь жинхэнэ мэргэн хүмүүс бишээ. Би тэднийг танина. Харин би энэ тосгоны мангар гэгддэг учраас хэн ч над итгэдэггүй юм. Чи ч бас надад итгэхгүй биз дээ. Чамайг байнга дотоод амгалангийн эрэлд гарч биеэ зовоож байдгийг би харсан болохоор би чамайг жинхэнэ цэцэн хүнтэй уулзуулъя гэж бодсон юм. Энэ зэргэлдээх тосгонд нэг жинхэнэ цэцэн хүн амьдардаг юм. Тэр хүнийг л олж уулзвал чи дотоод амгаланг олох болно гэжээ. Баян тэр дор нь уут дүүрэн алмаз эрдэнийн чулуу аваад мориндоо мордон замд гарлаа. Ингээд тэрээр Мулла Насрудин хэмээх алдарт даяанчийг олон уулзаж гэнэ. Тэгээд Муллагаас
-Та надад дотоод амар амгаланг олоход минь тусалж чадах уу? гэж асуужээ. Мулла хариуд нь:
-Туслах гэнэ үү? Түүнийг би чамд олж өгч чадна гэв. Баян эр:
– Ээ тэнгэр минь, тэр хөдөөний мангар эрийн зөвлөгөөнд эргэлзсэн ч гэсэн гарзтай юм огт үгүй гэж бодоод би энд ирсэн. Гэтэл харин энэ хүн түүнээс илүү тэнэг бололтой юм. Шууд л би чамд олж өгч чадна гэдэг байна шүү гэж боджээ. Ингээд тэр
– Би олон хүнтэй уулзаж санал зөвлөгөө авсан ч тэд цөмөөрөө намайг үүнийг ч ингэ, тэрийг ч тэг, дэг журмыг сахь, энэрэнгүй бай, ядуучуудад тусал, эмнэлгийг ивээн тэтгэ гэцгээсэн юм. Тэр бүх л зөвлөгөөг даган биелүүлсэн боловч ямар ч тусыг эс олов. Харин ч үүнээс бүр дордсон юм. Харин чи надад амар амгаланг олж өгч чадах юм уу?” гэж лавлан асуужээ. Мулла
-Тэр амархан мориноосоо буу гэв. Баян эр мориноосоо буухдаа ууттай юмаа тэврээд бууж гэнэ.
– Чиний наад уутан дотор чинь юу байгаа юм бэ? Яагаад чи түүнийг цээжиндээ чанга тэврээд байгаа юм бэ? гэж Мулла асууж гэнэ.
-Энэ уутанд үнэт эрдэнэс байгаа юм. Хэрвээ чи надад амар амгаланг олж өгч чадах юм бол би чамд үүнийг өгнө гэжээ. Гэтэл баяныг яаж ч амжаагүй байтал Мулла уутыг шүүрч аваад зугатаажээ. Баян эрийн ухаан хэсэг хором балартлаа. Эхэндээ тэр юу ч хийхээ мэдэхгүй байснаа хүссэн хүсээгүй ч Муллагийн араас гүйж эхэллээ.
Мулла тэр тосгонд амьдардаг байсан учраас эндэхийн гудамжны булан тохой бүрийг сайн мэддэг байв. Тэр хөөгөөд л байв. Баян эр амьдралдаа хэзээ ч ингэж хурдан гүйж байгаагүй билээ. Тэр их тарган байсан учраас хахаж цацан уухилан, амьсгаадан гүйж байв. Түүний хацрыг даган нулимс урсаж
– Намайг хүн хуурчихлаа, тэр хүн миний амьдралдаа цуглуулсан бүхий л юмыг дээрэмдчихлээ. Бүгдийг шүү дээ гэж үглэн орилж байв. Түүнийг харсан хүмүүс даган гүйж инээлдэцгээж байв.
– Та нар чинь цөмөөрөө тэнэг юм уу? Хүн намайг үгүйрүүлэн хоосруулж байхад хулгайчийг барихын оронд намайг шоолон инээцгээж байдаг чинь юу вэ? Харин хүмүүс
-Тэр чинь хулгайч бишээ, харин агуу цэцэн хүн байхгүй юу гэцгээнэ. Гэлээ ч гэсэн тэрээр зогсолтгүй мөрдөн хөөсөөр анх түүний морио орхисон модны дэргэд ирсэн Муллаг гүйцэж очлоо. Мулла хахаж цацан давчдаж, бөглөрөх шахсан баян эрийг дэргэдээ иртэл хүлээгээд сууж байв. Мулла баяныг ирмэгц
-Май энэ уутаа ав гэжээ. Баян эр уутаа зүрхэнд наан чанга тэврээд авав.
– За ямар байна даа, чи бага боловч амар амгаланг мэдэрч байна уу? гэж Мулла түүнээс асуухад баян:
– Өө тэгэлгүй яахав, би дотоод сэтгэлийнхээ амар амгаланг одоо л нэг бүх биеэрээ мэдэрч байна. Чи гайхалтай аргатай, тун ч мэргэн хүн юм байна гэв. Мулла
– Огт тийм бишээ. Энэ бол зөвхөн энгийн л нэг үржүүлэхийн хүрдтэй адил үнэн зүйл юм. Хүнд байгаа эд зүйлс яваандаа зүй ёсны юм шиг санагддаг бөгөөд түүнийгээ алдахдаа л жинхэнэ үнэ цэнийг нь мэдэрдэг юм. Чи эрдэнэс дээрээ нэмж ашиг олоогүй ч өөрийн дотоод сэтгэлийн амар амгаланг тээж явсан нөгөө уутаа чанга тэврэн сууж байна шүү дээ. Чиний сэтгэл хичнээн их амар амгалан байгааг хүн бүр хараад мэдэрч болохоор байна гэв.