₮ 0

No products in the cart.

Амьдралын үнэнийг ухааруулах ЗУРГААН сургаалт үлгэр

Нэгэн хүний амьдралын тухай сургаал домогт өгүүлснээр,

тэрбээр завинд сууж голын урсгал даган хөвж явахад эрэг дээр буй өөр хүн түүнд хандан хашгирсан нь: “Урсгал дагаж баяр баясгалантай уруудаж байна уу. Гэхдээ чи сайн бод. Урсгал дагавал өндөр өндөр давалгаа, эргүүлэг бий, матар, догшин шуламууд бүхий ёроолгүй ус бий. Тэнд чи гарцаагүй амь насаа алдана” гэжээ.

Энэ домогт урсаж буй гол ус нь зугаа цэнгэлд автсаар өнгөрөх амьдралыг төлөөлнө. “Урсгал дагаж баяр баясгалантай” уруудах гэдэг нь өөртөө дасахын нэр юм. “Өндөр өндөр давалгаа” нь уур уцаар, зовлон зүдүүр, “Эргүүлэг” нь зугаа цэнгэл юм. “Матар, догшин шуламууд бүхий ерөөлгүй ус” нь нүгэл үйлдэж доройтохыг төлөөлнө. “Эрэг дээр буй хүн” нь Бурхан багш юм.

Өөр нэг домог үлгэр сонсоно уу.

Нэг хүн гэмт хэрэг үйлдчихээд зугтжээ. Араас нь хүмүүс нэхэн элдэж, гүйцэж очоод тал талаас нь бүсэлж, ухран зугтах замгүй олгов.

Хавханд орсон лугаа адил болсон тэр хүн дэргэд нь ашиглахаа больсон худаг буйг гэнэт олж харжээ. Худгийн хашлагаас ороонго мод доошоо унжиж байлаа. Тэрбээр ороонго модоо доошоо бууж эхлэв. Тэгтэл худагны ёроолд хорт могой өөрийг нь бууж ирэхийг хүлээж буйг харсан аж.

Тэрбээр доошоо буухаа больж ороонго модны тэг дунд гацчихав. Удалгүй гар нь чилжээ. Хажуугаар нь тас хар, цав цагаан хоёр хулгана ороонго модыг мэрж эхлэв. Хулгана ороонго модыг мэрж дуусмагц тэр хүн доошоо унаж, могойн идэш болно.

Тэрбээр толгойгоо дээш өргөтөл зөгийний үүрнээс ам руу нь амтат балны хэдэн дусал унав. Тэрбээр балыг амталж аюулд орсноо ч умартав.

Энэхүү домог үлгэрт “Нэг” гэдэг нь эл ертөнцөд эхлээд төрдөг, дараа нь үхдэг хүний ганцаардлыг илэхийлж байгаа юм. “Араас нь хүмүүс нэхэн элдэх”, “Хорт могой” хэмээх нь янз янзын хүслийн эх булаг болсон бие юм.

“Ашиглахаа больсон худагт ургасан ороонго” нь хүний амьдрал гэсэн үг билээ. “Хар цагаан хоёр хулгана” хэмээх нь цаг хугацаа юм. “Амтат зөгийн балны дусал” бол зугаа цэнгэл юм.

Дахин нэг домог үлгэрийг сонсмуу.

Хаан хайрцганд дөрвөн хорт могой хийж, асарч байхыг нэг хүнд тушааж, сануулсан нь: “Хэрэв ганцхан ч болов могойны уурыг хүргэвэл толгойгүй болно гэж мэдээрэй”. Нөгөө хүн энэ тушаалаас үнхэлцгээ хагартал айж могойтой хайрцгийг хаяж зугтаав. Үүнийг мэдсэн хаан бариулахаар араас нь таван зарцаа явуулжээ.

Тэд зугтсан хүнийг мэхлэн хаанд авчрахыг төлөвлөсөн ч, цаадах нь мэхэнд оролгүй улам цааш зугтааж, нэг тосгонд хүрээд тэнд орогнох байр хайж эхлэв. Гэтэл тэнгэрээс нэгэн дуу дуулдаж, энэ тосгонд хэн ч үл амьдрах бөгөөд өнөө шөнө зургаан дээрэмчин ирнэ гэв. Айж сандарсан хүн цааш зугатав.

Замд нь хүчтэй урсгал бүхий гол тааралджээ. Гатлахад хэцүү байсан ч, энэ талын эрэг дээр үлдвэл аюултайг мэдэрсэн хүн сал зангидаж, арай чүү цаад эрэг дээр нь гарч анх удаа аюулгүй газар ирснээ мэдрэв.

Энэ домог үлгэрт “Хорт дөрвөн могой хийсэн хайрцаг” нь газар, ус, гал, салхи хэмээх дөрвөн махбодоос бүрдсэн хүний биеийг төлөөлнө. Энэхүү бие хүслийн эх булаг, санаа сэтгэлийн дайсан мөн билээ.

Тиймээс тэр хүн ийм биенээс зугатахаар шийдсэн аж. “Таван зарц зугтсан хүнийг мэхлэхээр шийдсэн” гэдэг нь хүний бие, түүний сэтгэлийг бүрдүүлсэн таван махбодын нэр юм. “Орогнох байр” нь хүний зургаан мэдрэхүй, “Зургаан дээрэмчин” бол зургаан мэдрэхүйн тусагдахуун билээ.

Мэдрэхүйн эрхтнүүд аюул авчирдгийг ухаарсан хүн улам цаашаа зугтахад зам хаасан “Түргэн урсгалтай гол” бол хорвоогийн шунал тачаалд автсан амьдрал буюу . Бурхан багшийн сургаалын салыг зангидсан хүн хорвоогийн шунал тачаалын аймшигтай, гүн гүнзгий голыг гэтэлж, цаад эрэгт гарч амар тайван, энх амгалан байдлыг олсон аж.

Дахин нэг домог. Энэ хорвоод эх нь хүүхдээ, хүүхэд нь эхээ аварч чадахгүй гурван тохиолдол буй.

Эдгээр нь их түймэр, их үер, их дээрэм болой. Гэвч ийм тохиолдолд хүртэл заримдаа эх, үрс бие биедээ тус болж чадна. Харин эх нь үрдээ, үр нь эхдээ яагаад ч тусалж чадахгүй өөр гурван тохиолдол байдаг.

Үүнд өтлөх, өвдөх, үхэхээс айх энэ гурван тохиолдол орно. Эх нь өтөлж буйг харсан хүүхэд өөрийн биеэр өтөлж буй эхээ орлож чадах уу? Өвдөж буй хүүхдийнхээ дэргэд уйлж суугаа эх нь өөрийн биеэр өвдсөн хүүхдээ орлож чадах уу?

Хүүхэд нь, эсвэл эх нь үхэж байхад хэдийгээр энэ хоёр эх, үрийн холбоотой ч гэсэн хэрхэн өөрийн биеэр нэг нь нөгөөгөө орлон нөхөж чадах билээ. Эх үрс бие биедээ хязгааргүй хайртай ч эдгээр тохиолдолд нэгэндээ яагаад ч тус болж чадахгүй.

Энэ ертөнцөд олон муу үйл үйлдсэн хорон санаат хүн үхсэнийхээ дараа тамд унахад

Тамын эзэн Эрлэг хаан түүнээс: “Чи хүний ертөнцөд байхдаа гурван сахиулсан тэнгэртэй учирсан уу?” гэхэд:

“Үгүй ээ, би сахиулсан тэнгэртэй учраагүй” гэв. “Тэгвэл чи таяг тулж бөгтийсөн, арай ядан хөлөө зөөсөн хөгшчүүлтэй уулзаж байсан уу? хэмээв. “Тийм ээ, би тийм олон өвгөнтэй учирч байсан” гэв. “Чи тэдгээр сахиулсан тэнгэртэй учирсан ч тэдэнтэй адил өтлөхөө эс ойлгож, сайн үйл яаран бүтээхийг бодсонгүй. Тиймээс одоо ийм шийтгэлийг хүлээж байгаа юм” гэв.

“Чи хэвтэрт орсон, харахад нүд дальдирмаар турж сульдсан өвчтэй хүмүүстэй учирч явсан уу?” “Би тийм өвчтөнтэй олон удаа таарч байсан”, “Чи өвдөж буй сахиулсан тэнгэртэй учрахдаа өөрийг чинь бас өвчин ороохыг ойлгосонгүй. Тиймээс тамд унасан байна”. “Чи дэргэдээ үхэж буй хүмүүсийг харсан уу?”

“Би үхэж буй хүмүүстэй олонтаа таарсан”, “Амьд бүхэнд үхлийг сануулагч сахиулсан тэнгэртэй учирсан боловч чи, хэзээ нэгэн цагт өөрөө үхэхээ эс ухаарч, сайн үйл бүтээхийг бодсонгүй. Тиймээс ч ийм шийтгэл амсаж байгаа юм. Хийсэн үйлийнхээ үрийг өөрийн биеэр амсах ёстой”.

Нэгэн баян хүний бэр Кисогатами ганц бяцхан хүүгээ алджээ.

Зовлон гасланд нэрвэгдсэн залуухан эхийн ухаан санаа элий балай болжээ. Тэрбээр хүүгийнхээ хөрсөн цогцсыг элгэндээ нааж, хайртай хүүгий нь эдгээж чадах хүнийг олохоор явжээ. Тааралдсан хүмүүс зовлонг нь хуваалцах боловч нэг нь ч тусалж эс чадна. Ялж төгс нөгчсөн багшийн нэг шавь нь эмэгтэйг өрөвдөж Жетаванад буй багш дээрээ очихыг зөвлөсөн аж.

Залуухан эх хүүгээ тэвэрсээр Бүхнийг айлдагч багш руу яарчээ. Хамгийг мэдэгч багш, эмэгтэй рүү анхааралтайяа ширтэн хараад хэлсэн нь: “Эмэгтэй минь, хүүхдийг чинь эмчилж эдгээхийн тулд намуу цэцгийн үр хэрэгтэй.

Хотод очоод хүнээс 4-5 ширхэг үр гуйгаад ир. Гэхдээ нэг ч хүн нь талийгаач болоогүй тийм айлаас авсан намуу цэцгийн үр байх ёстой” гэв. Уй гашууд автаж, ухаан санаа нь балартсан эх намуу цэцгийг амархан олсон боловч, нэг ч хүнээ алдаагүй айл өрхийг олсонгүй. Эмэгтэй өөрт нь хэрэгтэй намуу цэцгийн үрийг олж чадалгүй, Бурхан багш дээр буцаж очжээ. Амарлингуй оршигч багш амар амгалан байдалд, дуу чимээ үл гарган суухыг хараад эмэгтэй сая Түүний үгийн утгыг ойлгожээ.

Тэрбээр нойроос сэрсэн юм шиг болж, ухаан санаа нь эрүүл саруул болов. Чингээд хүүхдийнхээ хүйтэн цогцсыг оршуулж, Чадагчийн эрхт багш дээр эргэж ирээд Түүнд шавь оржээ.

More from the blog

Молон тойны эхийн ач хариулсан судар

Эрт цагт Бурхан багшийг энэ Замбуулинд заларч байх үед Лавай гэгч хөвгүүн эртний сайхан буянаар эцэг, эхээн өргөн хүндэлж, ах дүүсээ асран халамжилж, буяны...

Парисын дагина Эдит Пиафын ээдрээт амьдралын түүх

Францын хайр сэтгэлийн илэрхийлэл болсон, дууны бурханд хувирах увидастай Эдит Пиафын тухай өнөө хүртэл домог болон яригдаж, дурсагдсаар...  СЭТГЭЛИЙН ДУУЛАЛ “Одод”-ын гэх шинж тэмдгээс түүнд байсангүй. Өндөр...

Гаднаа бэлгэст автахгүй байх нь дияан, дотроо сэтгэл үймрэхгүй байх нь самади

Доржсүрэнгийн БОЛДБААТАР “Дияан” гэж юу болох талаар цөөнгүй удаа хөөрөлдөж байсан болохоор та бүхэн тодорхой ойлгоцтой болсон болов уу гэдэгт итгэлтэй байна. “Гаднаа бэлгэст автахгүй...

Цэл залуухан 46 насандаа буцсан ч үзэгчдийн сэтгэлд мөнхрөн үлдсэн Т.Латиф

“... Борхон зүрх минь түг түг хийнэ Бугуйн цаг маань чаг чаг хийнэ...” Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсан “Алиалагчдыг бэлддэггүй юм. Тэд төрөн гардаг” гэж...