LOADING

Type to search

Онцлох

Монголын хамгийн алдартай эстрадын эмэгтэй дуучид

Share

Энэ удаагийн “Хүмүүс” буландаа Монголын эстрадын эмэгтэй нэрт дуучдыг онцолж байна.

Лувсангийн Оюунчимэг

“Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай” зэрэг олон сайхан дуугаар ард түмний сонорыг мялаасан энэ эрхэм 1952 онд  Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төржээ. Эстрадын нэрт дуучин, Төрийн Соёрхолт “Баянмонгол” чуулгын анхны эмэгтэй дуучин тэрбээр 1969 оноос БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Мэдээлэл Радио Телевизийн Улсын Хорооны “Цахилгаан хөгжмийн чуулга” буюу одоогийн “Баянмонгол” чуулгад гоцлол дуучнаар уригдан ирж ажиллаж байжээ. Түүнийг монголын эстрад урлагийн цахилгаан хөгжмийн үеийн түүхийг бичилцсэн гол төлөөлөгч, анхдагчдын нэг хэмээн үздэг байна.

Л.Оюунчимэг нь чуулгынхаа урын сангийн эмэгтэй хоолойн бүхий л дууг гадаад дотоод, хот хөдөөгийн тайзнаа дуулж ирсэн хүчирхэг, цээл хоолойтой нэгэн байсан бөгөөд монгол түмний дунд “Ард түмний гавъяат” хэмээн алдаршжээ.

“Навчин дээрх шүүдэр”, “Үртэй хүн жаргалтай”, “Намрын дурьдатгал”, дуучин Х.Галхүүтэй хамтран дуулсан “Дөрвөн улирал хоёр амраг”, Н.Гэрэлт-Одтой хамтран дуулсан “Алтанхан сортой тариа” зэрэг олон сайхан дуу нь зуун дамжин сонсогчдын сонорыг мялаасаар байгаа билээ.

Буурангийн Нандинцэцэг

“Анхны хайр”, “Хунгийн дуу”, “Хүлээлт”, “Хөдөөгийн сайхан талд зорино”, “Хос хун” зэрэг дуугаараа ард түмний сонор, зүрх, сэтгэлийг жаргааж, бүтээлээрээ өөрийгөө мөнхөлж чадсан уран бүтээлч бол Буурангийн Нандинцэцэг. 

Буурангийн Нандинцэцэг нь Монголын эстрад урлагийн нэрт дуучин, Монголын хөнгөн хөгжмийн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны гоцлол дуучин юм. Тэрбээр дуу хуурын өлгий Дундговь аймгийн Өндөршил суманд 1954 онд төржээ. Төрөлхийн өвөрмөц содон сайхан хоолойтой тэрбээр 23-р сургуульд 7 дугаар ангиа дүүргээд дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн Ардын дуу бүжгийн чуулгын байран дахь Залуучуудын Ордонд тасалбар түгээгч, таслагчаар ажилд орж улмаар УАДБЧ-ын дэргэд 1970 онд байгуулагдсан “Соёл-Эрдэнэ” чуулгад анхны дуучин нь болжээ.

Монголын эстрад урлагийн нэрт дуучин, “Алдрын од”-ын анхны эзэн “Соёл-Эрдэнэ” хамтлагийн анхны дуучин, СТА Б.Нандинцэцэгийн гайхамшигт сайхан хоолойг уран бүтээлээс нь монгол түмэн зуун дамжин таашаан сонссоор ирсэн билээ. Түүний дуулсан “Мартагдашгүй намар” киноны “Анхны хайрын дуу”, “Учралын уянга”, “Ангийн хоёр анддаа”, “Суварган цэнхэр уулс” киноны “Хунгийн дуу” болон “Хөдөөнөөс бичсэн захидал”, “Тэр бидэнд хайртай байсан юм”, “Хаврын урь”, “Хүлээлт” зэрэг уран бүтээлийг монголын үзэгч, сонсогч олон түмэн андахгүй мэднэ.

Түүний бага хүү Н.Сод-Эрдэнэ “Ээж минь жил болгон аялан тоглолт хийдэг байлаа. Би зарим тоглолтод нь хамт явдаг байв. Тухайн үед Баяраа ах Хонгорыг дагуулж явдаг байсан. Тэгээд бид нийлж аав, ээждээ туслах гэхээсээ илүү үймүүлдэг л байж дээ. Гэхдээ үүнээс илүү ах бид хоёр ээжийгээ гэртээ байхад нь илүү дуртай байсан. Ээж л гэртээ байвал өөр юу ч хэрэггүй мэт санадаг байжээ. Ээжтэй хамт байх үнэхээр сайхан, үгээр илэрхийлэх аргагүй жаргал байлаа. Майкл Жексоныг анх ээжээсээ сонсож, ээжээсээ урлагийн талаар ойлголттой болж, заримдаа дагаж дуурайх гэж оролддог байсан дурсамжаа хүртэл санаж байна. Ээжтэйгээ байсан бүх үе жаргалтай байж дээ. Би ээжийг Улсын филармонийн тайзан дээр гарахаар нь бүх гэрлийг нь асаадаг, хөгшгийг  нь нээж тоглолтыг нь эхлүүлдэг байсан. Түүндээ бүр ч дуртай, хайртай байлаа. Яагаад вэ гэхээр ээжтэйгээ хамтдаа байна шүү дээ” хэмээн дурсан ярьжээ.

Түнжээгийн Рэнцэнханд

Түнжээгийн Рэнцэнханд нь МУСТА, эстрадын нэрт дуучин төдийгүй орос хэлний багш юм. Тэрбээр 1965 онд МУИС-ийн орос хэл, утга зохиолын ангид элсэн орж, суралцаж төгссөн бөгөөд 1970 оноос Төмөр замын техникум, Төмөр замын 20-р сургуульд орос хэлний багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байжээ.

Харин 1965 оноос МУИС-ийн дэргэдэх багш, оюутнуудаас бүрдсэн дагшаа найралтай, 1966 оноос тус сургуулийн дэргэд байгуулагдсан “Оюутны цахилгаан гитарын чуулга”-тай, 1967 оноос БНМАУ-ын СнЗ-ийн Мэдээлэл Радио Зурагт Радиогийн цахилгаан хөгжмийн чуулгад, 1971 оноос УАДБЧ-ын “Соёл-Эрдэнэ” чуулгад дуулж байжээ.

Т.Рэнцэнханд гуай 1968 онд ЗХУ-ын Сочи хотноо болсон Олон Улсын Залуучуудын дууны 2-р их наадамд оролцож, шагналт тусгай байр эзэлсэн бөгөөд түүний дуулсан “Их наадмын Сочи” дуу нь “Мелодия” фирмийн пянзанд бичигдэн 1969 онд хэвлэгдэн гарсан ажээ. Түүнчлэн 1974 онд Улсын филармонийн “Баянмонгол” чуулга, джазын өлгий Америк тивд анх хөл тавьж, Куба улсад айлчлан тоглоход тэрээр дуучин Л.Оюунчимэг, Х.Галхүү, Н.Гэрэлт-Од нартай хамт оролцож ая дуугаа өргөжээ. 

Ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх “Монгол тулгатны 100 дуу”-нд тэрээр анх 1970 онд дуулж амьдруулсан, Д.Батсүрэнгийн шүлэг, Т. Чимэддоржийн хөгжим “Энэрэлт сайхан харц” дуугаа өөрөө дуулж дүрсжүүлсэн билээ.

Мандширийн Янжиндулам

“Орь залуу нас” дууг уянгалаг сайхан хоолойгоор эгшиглүүлэн, сонсогчдын сонорыг мялаасан хүмүүн Мандширын Янжиндулам билээ. Тэрбээр 1957 оны 4-р сарын 24-нд Улаанбаатар хотод төржээ. Харин түүний аав Саранжавын Мандшир нь Ховд аймгийн Цэцэг сумын уугуул, ээж Ёндонгийн Магадсан нь Архангай аймгийн Тариат сумын уугуул аж.

Тэрбээр 1974 онд төмөр замын 20 дугаар сургуулийг төгссөн бөгөөд сургуулиа төгсөөд ажиллахын зэрэгцээ “Боргио”, “Залуус” зэрэг хамтлаг, Улсын Филармонийн “Баянмонгол” чуулгад гоцлол дуучнаар ажиллаж байв.

М.Янжиндулам 1970-аад оны дундуур эстрадын дуу дуулаачдын улсын уралдаанд оролцож, 375 хүнээс шалгарч, тэргүүн байр эзэлжээ. Энэ үеэс “Баянмонгол” чуулгатай дуулж, олон улсын фестиваль, чуулга уулзалтуудад амжилттай оролцож ЗХУ-ын Баку, Рига, Тула, Харьков, Вильнюс, Ленинград, Москва, Ростов-На-Дону зэрэг 18 хотоор аялан тоглож, ая дуугаа өргөж явжээ.

Түүний дахин давтагдашгүй, өвөрмөц сайхан хоолойгоороо амилуулсан “Орь залуу нас”, “Аавдаа”, “Алсаас дуулсан дуу”, “Аавын хайр”, “Гэрэлт орчлонгийн залуус”, “Огторгуй сонсоорой” зэрэг дууг монгол түмэн зуун дамжин таашаан сонссоор байна.

Чулуунбаатарын Насантогтох

МУГЖ, дуучин Ч.Насантогтох 1959 онд төржээ. Тэрбээр 1985 оноос Улсын филармонийн “Соёл эрдэнэ” чуулгын дуучнаар ажиллаж байхдаа МУГЖ цол тэмдгээр шагнагдсан байна.

Ч.Насантогтох нь 1981 онд Москвад болсон гадаадын оюутны дууны III их наадмын тэргүүн шагнал, Кубын Гаванад 1987 онд болсон олон улсын эстрад дуучдын уралдааны хөгжмийн зохиолч Пабло Меланезийн нэрэмжит шагнал, 1986 онд “Шалзат баахан шарга” бүтээлээрээ Соёлын яамны шилдэг уран бүтээлийн шагнал, 1990 онд “Ая дууны жигүүр” уралдааны шагнал, 1991 онд Алма-Атад болсон “Азийн дуу хоолой” олон улсын эстрад дуучдын уралдааны алтан цом, 1993 онд БНАСАУ-д болсон “Хаврын баяр” наадмын тэргүүн шагнаглыг тус тус хүртсэн уран бүтээлч юм.

Түүний дуулсан “Үерхэл чамайгаа нандигнана”, “Зүүд”, “Амин үр”, “Зөвхөн чи” гэх мэт олон сайхан дууг уншигчид маань сайн мэдэх билээ.

Дансрангийн Дуламсүрэн

Ээжийн бүүвэйн уяхан дуу

Эцгийн дөлгөөн дулаахан харц

Өлмий тэнцсэн гэрийн хоймор

Мэлмий сунгасан цэлгэр уужим

Миний аз жаргалын дуу билээ

Миний ажил үйлсийн суу билээ хэмээн уянгалуулах дуучныг монголын ард түмэн андахгүй. Аз жаргалын дууч хэмээгдэх эстрадын нэрт дуучин Дансрангийн Дуламсүрэн нь 1959 онд мэндэлжээ. Тэрбээр “Соёл-Эрдэнэ” хамтлагтай “Миний аз жаргалын дуу”-г дуулж, бидний сонорыг мялааж явсан гайхамшигтай авьяаслаг хүмүүн билээ.

Тэрбээр 1979 онд Куба улсад болсон Дэлхийн Залуучууд Оюутны Их наадамд төлөөлөгчөөр оролцож “Гуантана мира” дууг эгшиглүүлж явсан гэдэг.

Должингийн Эрдэнэцэцэг

Цэцэгсийг тайтгаруулж чамайгаа аргадъя

Цэнхэр тэнгэрийнхээ өнгөнд хоёул уусъя аа... хэмээн намуухан уянгалаг дуулах авьяаслаг дуучин Д.Эрдэнэцэцэг агсныг монголчууд мартаагүй. Тэрбээр гуч гаруйхан насандаа бурхны оронд одсон ч түүний дуунууд мөнхөрөн үлджээ.

Дуучин Д.Эрдэнэцэцэг 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр одон оронч болох мөрөөдөлтэй байсан ч хуваарь нь ирээгүй тул техник мэргэжлийн коллежид элсэн суралцажээ. Харин энэ үед Эстрадын дуу дуулаачдын улсын уралдаанд оролцож II байр эзэлсэн байна. Үүний талаар нэгэн түүх байдаг нь, Анх удаа тайзан дээр олны өмнө гарсан тул тун өөртөө итгэлгүй дуугаа дуулжээ. Өөрийгөө “түрүүн манай ихэр дуулсан юм” гэж тэмцээний шүүгч нарт хэлээд дахин өөр дуу дуулснаар байр эзэлсэн гэх хууч бий.

Д.Эрдэнэцэцэг 1983 онд Болгарын Хөгжмийн дээд сургуулийн эстрадын дуу дуулаачийн ангид анхны Монгол оюутан болж суралцахаар очжээ. Тэнд сурч байхдаа Болгарын кино найруулагчийн анхааралд өртөн нэгэн кинонд “724” дугаар хоригдол эмэгтэйн дүрд тоглож чамгүй жүжиглэх авьяастай болохоо харуулсан гэдэг. Харин 1987 онд сургуулиа төгсөж ирээд “Баянмонгол” чуулгад дуучнаар ажиллах болжээ.

Намсрайн Оюунчимэг

“Ээжийн ариун сэтгэл”, “Чи бидэн хоёр”, “Сүүн цагаан хурим”, “Цасан дээрх танго” зэрэг дуугаараа ард түмэндээ танигдсан дуучин бол Н.Оюунчимэг билээ. “Баян монгол чуулга”, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын “Хилчин” хамтлаг, “Варьете” чуулгаар овоглон уран бүтээлээ туурвиж түүний уран бүтээлийг уншиг түмэн андахгүй.

Н.Оюунчимэг “Би ер нь багын л урлагт сонирхолтой, цэцэрлэгт байхаасаа эхлээд урлагийн үзлэгт дуулж эхэлсэн. Арван жилдээ ч тэр. Ингэж дуулж яваад Дарханы “Залуучууд” театрт ажиллаж байсан хөгжмийн зохиолч Цэндийн Сүхбаатар багшийнхаа анхаарлыг татаж, урлагийн замд орох эхлэл минь тавигдсан. 

-щБи өөрөө 30, 40-өөд дуутай гэж бодож байсан чинь өөр олон дуу гарч ирэхээр юм билээ. Тэр үед чинь хөгжмийн зохиолчид ирээд “Явья, радиод дуу бичүүлье” гэдэг, “Мэдэхгүй шүү дээ” гэхээр “Очоод сурчих аа” гэдэг байсан. Радил дээр очоод нотоор нь сураад шууд бичүүлдэг байлаа. Миний өөрийн мартсан дуунууд хүртэл гарч ирээд байгаа юм чинь. Сүүлд “Хилчин” хамтлагт ороод “Хоовон” Энхбаярын нэлээд хэдэн дууг дуулсан. Манай хамтлагийн ахлагч байсан юм” хэмээн ярьжээ.

Сүрэнгийн Цэрэндолгор

Монгол Улсын Гавьяат жүжигчин Сүрэнгийн Цэрэндолгор нь 1945 онд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төржээ. 1962 оноос Улсын ардын дуу, бүжгийн чуулгад дуучнаар ажиллаж эхэлснээс хойш 30 гаруй жил урлагт хүч, хөдөлмөрөө зориулсан байна.

Түүний дуулсан “Намуун байгаль”, “Миний ээж”, “Дуугий минь чи дуулаарай”, “Дуунд дуртай болов оо би”, “Дассан сэтгэл” зэрэг дууг нь олон түмэн сайн мэдэх билээ.

С.Цэрэндолгорын Монголын урлагт оруулсан хувь нэмрийг төр засгаас үнэлэн 1992 онд “Алтын гадас” одон, 1994 онд Монгол Улсын Гавьяат жужигчин цолоор шагнажээ. Мөн тэрбээр 1991 онд Монгол ардын дуу дуулаачдын улсын уралдаанд амжилттай оролцож, III байр эзэлж байжээ.

Дашзэвэгийн Цэцэгээ

Товор, товор, товор алхлаад

Тоодог, тоодог гүйгээд

Тосоод урдаас ирэх юм

Том болж дээ, миний хүү… дууг мэдэхгүй хүн ховор. Энэхүү дууг мөнхөлсөн уран бүтээлч бол Дашзэвэгийн Цэцэгээ билээ. Тэрбээр социалист орнуудын дунд болсон дууны уралдаанд оролцож, Монголын анхны мисс өргөмжлөл хүртэж байсан нэгэн юм.

Түүний хүү Г.Цэнгүүн “Миний ээж ихэвчлэн орос дуу дуулдаг байсан. “Том болж дээ, миний хүү”, “Залуус наадамдаа” гэх дуунаас өөр  монгол дуу дуулсан эсэхийг нь мэдэхгүй байна. Энэ дууг 1976-1977 оны үед дуулж, олны хүртээл болгож байсан юм. Тухайн үед ээжийн дуу хоолойг биширдэг хүн мөн ч олон байж дээ. Ээжийн минь дуу хоолой, царай зүсийг нь биширдэг, бүр эргэж хардаг байсан тухай ангийн найзууд, ээжийг таньж, мэддэг хүн бүхэн хожуу дурсан ярьдаг байсан. Одоо ч гэсэн ээжийг минь мэддэг, урлагт хайртай хүмүүс ямархан дуучин, ямар эмэгтэй байсныг нь надаас илүү мэддэг юм билээ” хэмээн дурсжээ.

Түүнчлэн Дашзэвэгийн Цэцэгээ нь 10 гаруй жил орос хэлний багшаар ажиллажээ. Тэрбээр 1969 онд Узбекстаны Ташкент хотод болсон Монгол зөвлөлтийн залуучууд-III фестивальд оролцохдоо “Манжерок”, “Эхо” зэрэг орос дуу, гала тоглолтод З.Хангал, Д.Дашдондог нарын “Аяны шувууд” дууг дуулж байсан гэдэг. Мөн 1973 онд БНХГУ-ын Берлин хотод болсон дэлхийн оюутан залуучуудын Х наадамд гоцлол дууны төрлөөр их наадмын алтан медаль хүртсэн Монголын анхны дуучин болж байсан түүхтэй.

Жанчигийн Уранчимэг

“Эх үрсийн элбэрэл”, “Ханийн дуу”, “Оюутны намар” зэрэг дуугаараа олны танил болсон эрхэм бол Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Уранчимэг. 1970-80-аад оны эстрадын урлагт од болон гялалзаж явсан тэрбээр өдгөө ч уран уран бүтээлээ туурвиж буй. 

Тэрбээр “Миний аав Увс аймгийн Улаангом, Түргэн сумын хүн. Аав, ээж хоёр минь хоёулаа багш. Эцэг эхээсээ наймуулаа. Хамгийн том эгч Увсад, бусад нь Улаанбаатарт төрсөн. Би Төмөр замын 20 дугаар сургуульд 1968 онд орж, 1978 онд төгссөн. Эхлээд ангийнхаа дуучин охин байсан. Дараа нь Улаанбаатар төмөр замын “Ган зам” чуулгын дуучин болсон. Тэгээд “Улаан бүч” чуулга, Улсын филармонийн дэргэдэх “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин болсон доо.

Дуучин болно гэдэг миний хүүхэд насны мөрөөдөл байсан. Аравдугаар ангиа төгсөөд гадаадад соёл урлагийн сургуульд шалгалт өгсөн боловч тэнцээгүй. Тухайн үеийн Багшийн дээд сургуулийн зураг, хөдөлмөрийн багшийн ангийг авсан. Ээж, аав хоёр минь багш байсан болохоор намайг их ятгасан. Гэтэл би дуучин болохыг хүсч, мөрөөдөж байсан болохоор сураагүй.

Тэр үед Хотын эвлэлийн хорооны дэргэдэх “Залуус” хамтлагт хөгжмийн авьяастай залуусыг шалгаруулж авсан юм. Тэнд 200 гаруй хүн шалгуулахад би ганцаараа тэнцэж байлаа. Тэр хамтлагтаа уран бүтээл туурвиж байтал Олон улсын улс төрийн дууны наадам БНАГУ-д болохоор тов гарсан. Би ч “Улаан туг” хамтлагийн гоцлол дуучнаар явахаар болсон. Улсын филармонийн “Баян Монгол” чуулгын уран сайхны удирдаач, хөгжмийн зохиолч Уртнасан бидний тоглолтыг найруулсан юм. Уртаа ах биднийг гаргаж өгөхдөө надад “Чамд онцгой авьяас байна. Мэргэжлийн уран бүтээлч болохыг хүсвэл ирээд ахтайгаа уулзаарай” гэж хэлсэн” хэмээж байжээ.

Г.ЖАРГАЛ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!