LOADING

Type to search

Uncategorized

Японд амьдардаг нэгэн орос эмэгтэйн сэтгэл гутралаас гарсан түүх

Share

Би гэдэг хүн сэтгэл гутралд ороод өөрийгөө анхаарахаа больж 75кг болтлоо таргалж, байнга унтлагын хувцастайгаа явдаг болов. 2-3 хоногоор усанд орохгүй явах нь хэвийн үзэгдэл болж, шүдээ ч угаахаа байж… сүүлдээ бүр амьдрах ч сонирхолгүй болов. Энэ тухай сонсоод миний нэг япон найз намайг нэг эмнэлэгт үзүүлэхээр болов. Тэр эмнэлэг нь хүмүүсийг дор нь эмчилж, шинээр төрсөн мэт болгодог “өвөрмөц” эмчилгээтэй юм байх.

Ингээд найз хүүхэн маань намайг авч явахаар ирэв. Би ч унтлагын хувцас, гэрийн таавчигтай чигээрээ түүнийг дагаад Токио хотын төв орлоо. Японд хүмүүс, хэн юугаа ч өмссөн огт тоодоггүй нь сайхан. Бүр чармай нүцгэн явсан ч болно гэж байгаа. Бүгд дор бүрнээ бодолдоо дарагдчихсан байдаг тул хэн ч юу ч анзаарахгүй. Тэгээд ч япончууд гудамжинд, нийтийн унаанд яваа хүмүүсийг сонжоод байдаггүй л дээ.

Бид хоёр явсаар нөгөө эмнэлэг дээр ирж, анкет бөглөж өгөв. Тэнд намайг нэг өрөөнд оруулав… өрөөний голд нэг авс байх юм. Хэдэн юм лавлаж асуусныхаа дараа эмч надад оршуулгын өмсгөл авчирч өгөв… би ч тэр хувцсыг нь сольж өмсөв. Тэгтэл эмч “Энэ авсанд орж хэвтээд, нас барсан хүн юу “мэдэрдэгийг” мэдрэх гээд үзээрэй. Гармаар болохоороо энэ товчлуурыг дараарай… бид таныг гаргаад өгнө” гэв. Би ч хэлсэн ёсоор нь авсанд орж хэвтлээ. Авсан дотор нэг сонин үнэр үнэртэж байлаа, тэгээд тэр үнэрийг нь дарах гэсэн бололтой агааржуулагч цацсан байв. Авсны дотор талыг тод өнгийн зөөлөн атласаар бүрж, эрмэгийг нь тойруулан сувдаар чимжээ.

Өрөөнд гашуудлын ая эгшиглэхийг сонсоод хэвтэж байтал… намайг машинд ачиж байгаа нь мэдрэгдэв. Би сандарч нөгөө зааж өгсөн товчлуурыг нь дарах гэтэл… товчлуур салаад унчихав. Би эмнэлгийн хүмүүс руу “Та нар чинь солиороо юу?! Би ийм үйлчилгээ авах гэж мөнгө төлөөгүй шүү” хэмээн орилов. Тэд намайг сонсож байгаа шинж алга. Ингээд арваад минут явсаар нэг газар ирж зогсов. Тэгснээ “Алив буулгаарай!” гэх команд сонсогдож… намайг ухаж бэлдсэн нүх рүү олсоор алгуурхан буулгаж эхлэх нь тэр. Авсны таган дээр шороо асгарах дуулдаж… намайг оршуулж буй хүмүүсийн дуу улам холдож байлаа. Би айсандаа хамаг чадлаараа орилж, оросоор харааж гарав. “Би яг гаж сектантуудын гарт орчихож… надаар тахил өргөж байгаа юм байна. Аум Шенрикё! Өөрийгөө миний найз гээд байгаа энэ япон хүүхэн хамсаатан нь юм бна… Чамайг даа!” гэх зэрэг түмэн бодол толгойд эргэлдэж байв

…Тэд намайг үнэхээр булшилж байв. Би яг л нядлуулах гэж байгаа гахай шиг чарлан тийчигнэв. Амьсгаа боогдож байгаа нь хамгийн аймшигтай. Би нус нулимстайгаа хутгалдан… тэр бүү хэл шээж орхив. Дотор их хавчиг тул би гараа ч хөдөлгөж чадахгүй… гуалин шиг юм л хэвтэж байлаа. “Тэнгэр минь, би үхмээргүй байна!”. Авсан дотор улам агааргүй болж амьсгалахын аргагүй болж байлаа. Толгой эргэж, дотор муухайрч эхлэв. Төд удалгүй хүйт даагаад явчихав. Хүйтэн шороонд булсан байх нь. Би цурхиран уйлж байснаа сүүлдээ ухаан алдаж эхлэв. Ийн хэвтэж байхдаа би Гоголийн зовлонг ойлгов: “Гэнэт авсан дотор ухаан орж яг л ийм л юм болсон байх даа” гэж зурвас бодлоо.

Өнгөрсөн амьдрал минь нүдэнд харагдав: “Охиноо дөнгөж төрүүлчихээд элгэндээ нааж байсан минь, охин минь анх хөлд орж байсан нь, хоёр салаа гэзэг нь… Бурхан минь, муу охиноо бүр мартчихсан байна шүү дээ! Энэ муу сэтгэл гутралаас болоод…”. Тэгснээ хөөрхий ээж рүүгээ залгаж ярихаа больсноо санав. Мөн амьдрал ямар гайхалтайг ч эргэн саналаа! Тийм ээ, амьдрал сайхан! Гэтэл би энд ингээд үхэж байх ч гэж… Ингэхдээ бүр шүтэж ирсэн япончуудынхаа гарт шүү!

Гэнэт авсны таг нээгдэх нь тэр… Эргэн тойрноо харвал би нөгөө л өрөөндөө байж байлаа. Авсанд байхад мэдрэгдсэн бүхэн компьютерийн аргаар хийсэн эффект байж. Би тайвширч чадахгүй хэсэг мэгшин уйлав. Найз маань намайг шоолж инээдээ барьж ядан байна… Зэвүүн амьтан. Эмнэлгээс надад миний “үхэж байгаа” бичлэгийг гаргаж өгөв… Авсан дотор нууц камер суулгасан байж.

Энэ өвөрмөц “эмчилгээний” дараа би сэтгэл гутралаасаа бүрэн гарч өөртөө анхаарч амьдралдаа ч улам дурлах болов. “Үхмээр байна” гэх бодол дахин төрөөгүй. “Тийшээ” буцаж очмооргүй байна! Яг энд, яг одоо л амьдармаар байна! Та ч бас амьдралаа хайрлаж эхлээрэй!

Орчуулсан: Өлзийбатын Уянга

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!