LOADING

Type to search

Uncategorized

Жавзандамба хутагт, Юан Шикай нарын мэтгэлцээн ба Монгол Улсын тусгаар тогтнолын алсын хараа

Share

Өнөөдрийн Дундад (Хятад) Улсын төрийн олон угсаатны бүрэлдэхүүнийг хууль ёсны, Монгол Улсын тусгаар тогтнолыг хууль бус болгох зорилготой Хятадын орчин цагийн эрх зүйн түүхчдийн хүчин чармайлтаар 1912 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр хаан ширээнээс буухдаа гаргасан Чин гүрний эзэн хааны сүүлчийн зарлиг нь анхаарлын төвд ороод байгаа тухай өмнө дурдсан билээ. Тус сүүлчийн зарлигaaр улсын бүрэн эрхийг Дундад Иргэн Улсад шилжүүлэхээс өмнө Монгол Улс Чин гүрнээс тусгаар тогтнолоо зарласан гэдгийг Хятадын эрдэмтэд олж хардаггүй эсхүл зориуд алгасдаг. Гэхдээ Чин гүрний төрийг мөхлийн ирмэг дээр байх үед Монголчууд тусгаар тогтнолоо тунхагласан тухай бичиг илгээсэн хэдий ч түүний хариуг Чин гүрний төрийн тэргүүн хаан ширээнээс буусны дараа буюу 1912 оны эхээр Дундад Иргэн Улсын Дотоод явдлын яамнаас ирүүлсэн гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.

Хоёр улсын дотоод явдлын яамдын хооронд хэд хэдэн удаа бичиг солилцсоны дараа монголчууд Хятадын заналхийлэлд толгой бөхийхгүй байсан маргаанд Дундад Иргэн Улсын шинэ бүрэн эрхт “Их ерөнхийлөн захирах сайд” (Da Zongtong) Юан Шикай өөрөө оролцож эхэлжээ. Тэр “Хүрээний Хутагт” (Kulun Huofo)-д гэж шууд хаяглан, “дан гагц гагцаар тогтохоо хасаж чадваас цѳм зѳвлѳлдѳн хянаж болмой”[34] (ред. тусгаар тогтнолоосоо татгалзвал бүх асуудлыг ярилцах боломжтой) хэмээн амлаж “эрхэм лам (gui lama) та Монголын тусгаар тогтнолыг цуцал” хэмээн тушааж байв. Энэ тухай тэдний хооронд харилцсан гурван (3) ч удаагийн цахилгаан мэдээнд байна.

Юан Шикай анхны цахилгаан (анхны цагаан сарын шинийн 28-ны өдөр буюу 1912 оны гуравдугаар сарын 16)-даа “Гадаад Монгол, Дундад улсын иргэн төрөл лүгээ хамт хэдэн зуун жилээс инагш нэгэн гэр мэт болсон бөгөөд одоо цагийн байдал түгшүүртэй, хязгаарын хэрэг түргэн түүхий дор хэрхэвч бээр хувааваас болох ёсон үгүй”[35] гэх үндэслэлээр эхлүүлсэн. Тэрээр Гадаад Монголыг маш жижиг, оршин тогтнох чадвар дорой улс хэмээгээд цэргийн хүч буурай, ядуу гэх мэт Гадаад Монголын мөхөх шалтгаануудыг жагсаан, “эрхэм лам” ердөө гурван аймгийн хүчтэй бөгөөд олон монгол бүлгийг дагуулж чадаагүй гэж тохуурхжээ. Юан Шикай Гадаад Монгол тусгаар тогтнолоо зарлавал Японд нэгтгэгдсэн Тайвань, Солонгос шиг үгүй болно хэмээн мөн сүрдүүлж байв.[36]

Тэгвэл Монголчууд өөрсдийн байр сууриа яаж хамгаалсан бэ? Дундад Иргэн Улсын Түр засгийн газрын Дотоод явдлын яамнаас ирүүлсэн захианы хариуд Монголын тал нь Чин гүрнийг унагааж, таван үндэстнээс бүрдсэн Дундад Иргэн Улс болж байгаад баяр хүргэсэн. Ингэхдээ Монгол бол шашин, хэл, ёс заншлын хувьд Хятадаас эрс ялгаатай учраас нэгдэн зохицох боломжгүй[37] хэмээн нотлох байдлаар хоёр үндэстний хоорондын ялгааг онцолж байв. 9 өдрийн дараа Юан Шикайн удаах цахилгаан мэдээнд Богд хаан хариулахдаа ч үүнийг тусгайлан давтаж, түүний сүрдүүлэгт мөн хариу илэрхийлжээ.

Юан Шикайгийн ихэрхсэн өнгө аясыг түүнтэй ижил зиндааны Богд хаан мэдэрсэн байна. Тэрээр Монгол бол “гагцаар тогтнохыг зарлан ухуулаад Жавзандамба лам намайг бүгдээр ѳргѳмжлѳн Монгол улсын хаан эзэн болгох тухай дор хүчлэн маргавчаар болсон үгүй. Огтхон ч ул болохоос олны санаан дор эесдүүлэн тэдний гуйсаныг зѳвшѳѳрч тэдний ёслолыг хүлээн аваад” гэж хариу мэдэгдсэн. Өөрийгөө “Олноо өргөгдсөн” хэмээн дурдсан нь Юан Шикайн итгэл эвдэн урваж засгийн эрхэнд гарсанд хандсан далд ёгтлол байсан ба тэр нь сүүлдээ тодорхой болсон.

Богд хаан улсынхаа хүн ам бага, ядуу буурайг мэдэж байсан ч Монгол бол Дундад улсад төдийгүй дэлхий даяар тусгаар тогтнолоо зарлан тунхагласан улс бөгөөд Монголын цорын ганц хүсэл бол “язгуур үндэс, шашин, харьяат газраа бүрэн бүтэн болгон батлахын санаа болой” хэмээн байр сууриа шийдэмгий илэрхийлж байв. Тэрээр Монгол хүчирхэг улстай ойрхон байгаа нь дараагийн Тайвань, Солонгос мэт болоход хүргэж болзошгүй гэдгийг үнэн хэрэгтээ зөвшөөрч байсан. Юан Шикай Монголчуудыг Оросоос хамаарах аюулаас хамгаалах хүслээ илэрхийлсэн ч Богд хаан Дундад улс Монголд дэмжлэг үзүүлэхэд хэт хол байна хэмээн тэмдэглэж байжээ. Богд хаан Монголын оршин тогтнох асуудал Юан Шикайн үйлдлээс хамааралтай болохыг, хэрвээ Юан Шикай ихээхэн яаруу сандруу үйлдэл хийвэл тэр нь Дундад, Монголчуудын аль алинд нь гамшиг тарихыг дараах байдлаар анхааруулж байв:

Үүнд эрхэм ерөнхийлөн захирах сайдын элбэг бодлогоор түгшүүрийг улируулан амгалан болгох ба эрдэм нь ертөнц дор тулсан иргэн дор тэргүүлэхэд хүрэлцэх тунгалаг толийг өндөр өлгөж үл туулахуй нь өчүүхэн ч үгүйг харгалзан мэдээд машид сүслэн бишрэв.

Одоо зовлон буян, ашиг хохирол дор гагцхүү эрхэм их ерөнхийлөн захирах сайдын завсарчлан аваачих эсэхийг харгалзмой. Хэрэв зөвшөөн төгсгөж дотоод засгаа хичээн засч гадаад лугаа найрамдлыг бататган хязгаарыг сэргийлэх хэргийг сайнаар төсөвлөн улсын язгуурыг бэхлэхэд тус болговоос Гадаад Монгол бүрэн бүтэн болох төдий үгүй, Думдад улс ч мөн умардыг харгалзах зовлон үгүй болой.[38]

Энэ нь Юан Шикай өөрийн эрх мэдлийг нэгтгэн бэхжүүлэх тухайд Богд хаанаас дээр гарах зүйлгүйг сануулсан хэрэг байв.

1912 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн хоёр (2) дахь цахилгаандаа Юан Шикай ангич-үндэстний (class-nation) ойлголтоор Чин гүрний хязгаарын түшмэдийн дарлалын тухай Богд хааны гомдолд хандаж, дотор газрын Хятад мужууд тусгаар тогтнолоо зарласан нь мөн Монголчуудтай адилхан Чин гүрний дор зовж байснаас болсон ба одоо тэр дарлал, мөлжлөгийн уг эх нь үгүй болсон тул монголчууд хятад мужууд шиг тусгаарлалтаа хаян Хятадтай нэгдэж, таван үндэстний (төрлийн) шинэ Дундад Иргэн Улсыг байгуулах нь зүйтэй хэмээн маргажээ.

“Нийлэлцвээс хоёр этгээдэд ашиг буй, салалцваас хоёр этгээдэд хохирол буй” хэмээн Юан Шикай Богд хаанд Чин гүрний хааныг суудлаас буух үед хэлэлцэн тохирсон хятад биш дөрвөн үндэстэнд өгсөн Дундад улсын тааламжит бодлогыг сүрдүүлэх маягтайгаар дараах байдлаар сануулсан байна:

Энэ санаагаа ихэд бадруулан цагийн байдлыг боловсортол толилоод гагцаар тогтнохоо эдүгээ даруй татаж эвдэн хэвээр дотоод газар лугаа нийлэлдэн нэгэн улс болхул түгшүүрээс улирч болхул түгшүүрээс улирч болох ба улсын үндэс ч батдаж болох бөгөөд улсын иргэн болхул түгшүүрээс улирч болох ба улсын үндэс ч батдаж болох бөгөөд улсын иргэн эрхэм лам дор бүгдээр машид сүслэн эрх үгүй хэтэрхийгээр хүндлэх болох ба дариу олон ван гүн жич бусад зүйлийн түшмэдийг ч мөн эрхүгүй нэгэн адил хэтэрхий хүндэлмүй. Үүнээс хойш хамаг цаазыг нэн олны санааг ихэд сурвалжлан нарийвчлан тогтоож Монголын төрлийн шашинаа батлах зоригийг тэжээн их адилын соёлд давшуулваас бүгдээр найралдахын завшаан буян зогсох үгүй, зовлонг бүх улсад тарааваас хожим хамтаар боол зардас болохын гэмшиглэн буй тул эрхэм ламын гэгээн ухаан өршөөл хайрлалыг санаваас мөн эрх үгүй үүнээс гарч одох үгүй буй за.[39]

Захианыхаа төгсгөлд тэрээр тохиролцоог нарийвчлан хэлэлцэх албан элч илгээснээ дурдсан байна. Богд хаан үүний хариуд Дундадыг таван үндэстний (төрлийн) бүгд найрамдах улс гэж дэлхийд өөрийгөө зарлаж байгааг мэдсэнээ илэрхийлж, албан ёсны элч илгээх шаардлагагүй харин “айл улсын элчин сайдаар дамжуулан элдэв хэргийг лавтайгаар зөвлөлдөхөд” болно хэмээн Оросын нэрийг дурдахгүйгээр хөршөө заан товч хариулт өгчээ.[40]

Богд хаанд илгээсэн сүүлчийн цахилгаандаа Юан Шикай ихэд уурлаж, Дундад Иргэн улс Чин гүрний залгамжлагч учраас Монголыг захирах бүрэн эрхтэй, иймд Монгол ямар нэгэн олон улсын гэрээ хэлэлцээр байгуулахгүйгээр харъяанд нь орох ёстой хэмээн мэдэгджээ:

Эрхэм лам аа, би Өргөө Дундад улсаас өөрийгөө тусгаарлах эрх байхгүй гэж чамд удаа дараа тайлбарласан. Чин гүрэн бүх эрх мэдлээ Дундадын ард түмэнд найр тавьж өгч, aрд түмэн ерөнхийлөн захирах сайд надад түүнийг итгэл хүлээлгэсэн байгаа. Халхын тухайд [Чин] гүрний хил хязгаарын нэг хэсэг болох учир, мөн ерөнхийлөн захирах сайдын их үүргийг ард түмэн надад олгож байх тул миний эрх Өргөөд хүрэх ёстой. Чин гүрэн Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсан шиг Дундад ч мөн адилхан хүлээн зөвшөөрөхгүй. Өргөө бол Дундадын захиргаан доорх орон.[41]

Богд хаан Амеркийн Нэгдсэн Улсын жишээг иш татан Юан Шикайн няцаалтад дараах хариу явуулсан байна:

Ta Англи улс, Америк улс нэг эзэн хааны захиргаанд байсан, сүүлдээ Америк тусгаар улс болж [Англи улстай] олон улсын гэрээ байгуулаад өнөөдөр хүртэл түүнээ цуцлаагүйг мэдэхгүй байна уу? Энэ нь тэдний аль алиныг хүчтэй улс болоход саaд болоогүй. Бас Америкийн тусгаар тогтнолыг Англи өрөвдөж хүлээн зөвшөөрлөө гэж түүх бичихгүй.[42]

Энэ мэтгэлцээнд Юан Шикай бүрдүүллийн (constitutive) онолыг ашиглан Монголын тусгаар тогтнолыг үгүйсгэсэн бол Богд хаан Монгол өөрийгөө тусгаар улс хэмээн зарласан тул Дундад улс хүлээн зөвшөөрсөн эсэхээс хамаарахгүйгээр Монгол хэдийн тусгаар улс болсон гэснээрээ тунхаглалын онолыг хэрэглэсэн байна.

Богд хаан ийнхүү бичжээ:

Бид нэгэнт улсынхаа тусгаар тогтнолыг Англи, Америк тэргүүтэй хүчнүүдэд тунхагласан бөгөөд түүнийг давтан өгүүлэх шаардлагагүй. Манж гүрэн Монголын эзэн болох эрх мэдлийг Дундадын ард түмэнд итгэл хүлээлгэж өгч, тэд эргэж танд найдаж өгсөн зарлангийн хувьд бэлэвсэн эхнэр [хааны бэлэвсэн хатан, Лунюй (Lung yu)], өнчин хүүхэд [Хэвт ёст хаан] хоёр Юан Шикайн луйвар заль мэхээр хаан ширээгээ орхисныг бүгд мэднэ. Түүх энэ асуудлыг тодорхой болгох болно. Хэрвээ та бусдaд өдөөн хатгалгүй хандаж, өөрийн дотоодоо л анхаарч шинэ золгүй явдлуудаас Хятадын ард түмнийг хамгаалах юм бол тэр нь илүү хүндэтгэл олох үйлдэл болно.[43]

Эдгээр цахилгаан бичгээс Чин гүрний эзэн хааны хаан ширээнээсээ буусан зарлиг нь Монгол Улс болон Дундад Улсын хоорондох зөрчилдөөний төвд байсныг тодорхой харж болно. Хятадын эрх зүйн түүхчид Чин гүрнээс Иргэн Улсад шилжсэн дэглэмийн өөрчлөлтийн хууль ёсны байдлыг онцолж байгаагаас ялгаатай нь Монголчууд хүчээ алдсан хаанаас Юан Шикай эрх мэдлийг нь булааж авсныг мэдэж байсан бөгөөд Дундад Улс Чин гүрний залгамжлагч төр хэмээн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх гэсэн шаардлагыг мөн эсэргүүцэж байлаа. Илүү ач холбогдолтой нь Хятадууд Манжийг Монголыг эрхшээх “бүрэн эрх” (sovereign rights)-тэй гэж ойлгож байхад Монголчууд Манжтай эвслийн харилцаа (relationship of alliance)-тай байсан, эвслээсээ харин Манж өөрөө урван тэрсэлсэн гэж үзэж байв. Хятад, Монгол хоёулаа урьдын байр сууриа “сэргээх” (restore)-ээр Чин гүрнээс тусгаар тогтнолоо зарласан учраас Монголыг эрхшээх Манж гүрний бүрэн эрхийг Дундад улс шилжүүлэн авсан гэх яриа нь Монголчуудын хувьд утгагүй зүйл байсан юм.

Мөн энд хөндлөнгөөс ажиглагч гуравдагч тал болох Орос улс байсан нь сонирхолтой явдал бөгөөд маргааны үр дүнд нөлөөлсөн. Тусгаар тогтнолын үр дүнг тогтоох, хүлээн зөвшөөрөхийн төлөөх улс төрийн тэмцэл нь хоёр талын эсэргүүцлийн oрчноор хязгаарлагдахгүйгээр хоёроос илүү улс оролцсон үед ч өрнөх боломжтой гэдгийг энэ жишээ харуулж байна. Иймээс үл хүлээн зөвшөөрч буй, өөрийгөө “эх улс” хэмээж байгаа улс зорилгодоо хүрэхэд дан ганц хүлээн зөвшөөрөхгүй гэх нь хангалтгүй бөгөөд энэ байр сууриа бусад улсаар дэмжүүлж чадах эсэх нь илүү чухал. Улсыг хүлээн зөвшөөрөх, эс хүлээн зөвшөөрөх нь гол төлөв тулааны талбар дээр шийдэгддэг ч эргээд үр дүнгээс хамааралтайгаар үндэсний тусгаар тогтнолыг бусад улс үндэстнүүд дэмжих эсэхээр тодорхойлогдож бас болно.

Урадын Э.Булаг, Их Британийн Кэмбрижийн их сургууль

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!