LOADING

Type to search

Uncategorized

О.Хумбаа: Үхлийг мартан байж үзэгчгүй спортод зүтгэсэн

Share

Эр зоригийн шалгуур болсон уулын оргилд эмэгтэй хүн насаа зориулна гэдэг амаргүй даваа. Энэ хүндхэн албанд өөрийгөө тушаасан хүн бол Хөхөгчин овогт Ожилтын Хумбаа юм.

Тэрвээр уулын спорт, ханан хадны авиралт, явган аяллын спортоор 40 гаруй жил хичээллэж, уулын спортын олон улсын хэмжээний мастер цол хүртсэн алдарт уулчин юм. Эдүгээ нас сүүдэр дал гарсан ч эрүүл чийрэг, хөнгөн шингэн хэвээрээ.

Түүний мөр гараагүй өндөр сүрлэг хайрхан энэ дэлхийд ховор гэнэ. Уулын спортын олон улсын хэмжээний мастер О.Хумбаатай хийсэн ярилцлагаа уншигч танд толилуулъя.

-Монголын эмэгтэй уулчдын уран чадвар, тэсвэр хатуужил, хатан зоригийг гадаадын тамирчид биширдэг гэж сонссон юм?

-Үнэхээр тийм шүү. Би Монголын эмэгтэй уулчдын багийн гишүүн болсоор 40 гаруй жил болж байна. Манай багийн уулчин хүүхнүүд Орос, Энэтхэг, Чех, Франц, Балба зэрэг орны өндөр сүрлэг хайрхануудын оргилд гадаадын уулчидтай хамт олон удаа хамтарсан авиралт хийж, төрийнхөө далбааг мөнх цаст оргилынх нь мөнгөн зулай дээр мандуулсан даа.

Бидэнтэй хамт авирсан харийн хүүхнүүд монгол бүсгүйчүүдийн тэсвэр хатуужил, эрэмгий зоригийг гайхан биширч Чингисийн Монголын хүүхнүүд ямар зоригтой юм бэ гэж дуу алдацгаадаг юм.

Дэлхийн дээвэр гэгддэг цаст Гималайн 6159-6680 метр өндөр салбар оргилуудад манай багийн ахлагч Т.Ичинноров, уулчин ОУХМ Мөнхжаргал, С.Заяа, Даваажав нартай хамт авирч мөх цаст оргил дээр нь төрийнхөө далбааг мандуулж, сүүнийхээ дээжийг өргөсөн дөө.

Гималайн салбар оргилуудад манай багийн уулчид хэдэнтээ авирч монголын уулчин хүүхнүүдийн хатан зоригийг гадаадын уулчдад бишрүүлсэн юм. Монголын эрэмгий зоригтой уулчин Гангаамаа Гималайн ноён оргил дээр төрийнхөө далбааг мандуулж, гавъяат тамирчин цолоор шагнуулсанд уулчин хүүхнүүд маань баярлаж бахархдаг юм. Гималай бол ертөнцийн уулчин бүр авирахын хүслэн болдог сүмбэр оргил.

-Үүлэн дунд зүмбэрлэсэн өндөр уулын оргил дээр төрийнхөө далбааг мандуулчихаад зогсож байхад ямар бодол төрдөг вэ?

-Алжаалыг умартан зүтгэсээр зорьсондоо хүрэх үнэхээр сайхан байдаг. Мөнх цаст оргилын мөнгөн зулай дээр зогсож байхад ардын уран зохиолч Ц. Дамдинсүрэнгийн

Мөчит дөрвөн хөлтний

Мөр нь гараагүй оргил

Мөгөөрс нимгэн хоолойтны

Дуу нь хүрээгүй оргил

гэсэн яруу сайхан мөрүүд өөрийн эрхгүй санаанд орж сэтгэл догдолдог юм. Сүмбэр уулсын оргилд бүргэдийн жигүүр цуцаад хүрдэггүй бол эрэмгий зоригтой монгол хүүхнүүд мөнх цаст оргил дээр мөрөө гаргахдаа баярлаж бахархдаг.

-Уулыг эр зориг шалгасан спорт гэдэг?

-Асар их тэвчээр хатуужил шаарддаг спорт. Дуртай бүхэн хүссэн оргилдоо хөл тавиад байдаггүйг бодсон ч хүнд бэрх, хэцүү спорт гэдэг нь ойлгомжтой. Авиралтын үед маш анхааралтай тун болгоомжтой явахгүй нэг л гэнэ алдаж эвгүй гишгэвэл хэдэн зуун метр өндөр хадан хясаа, мөсөн уулнаас ганц нэгээрээ юм уу багаараа нисэж үхэх энүүхэнд.

Уулчин хүүхнүүд маань ууланд авирах, буухдаа дандаа амь дүйж явдаг. Бид авирсан ч, буусан ч хоорондоо олсон холбоотой явдаг. Тус тусдаа бие дааж авирвал хэн нэг нь хөл алдаж нисч үхэх аюултай. Хоорондоо олсон холбоотой явдаг болохоор хэн нэг нь хальтирч гулссан ч бусад нь татан зогсоож амь насыг нь авардаг юм.

Авиралтын замд ёроолгүй ангал, асар өндөр хадан хясаа, халил байц, шоргоолж ч хальтирам толигор мөс, нойтон цас, хэдэн зуун метр үргэлжилсэн нуранги асга тааралдахыг алийг тэр гэх вэ. Гүнзгий мөсөн ангал тааралдлаа гэхэд тойрч гарах арга байхгүй.

Аргагүйн эрхэнд нэг, хоёр, гурваа гэж дуугаа нийлүүлж зоригоо чангалж байгаад холбоотой чигээрээ харайж гардаг юм. Хэрвээ хүчээ нийлүүлж нэгэн зэрэг харайхгүй бол бүгдээрээ гүнзгий мөсөн ангалын ёроолд ясаа тавина гэсэн үг. Уулчид замд тааралдсан ямар ч саад бэрхшээлийг даван туулж зорьсондоо хүрдэг. Аймхай хүн ууланд авирна гэж санасны гарз.

-Байгалийн онцгой үзэгдэлд сэтгэл тавгүйтэх болоод бие хямрах үе байдаг л байх даа?

-Хүчтэй цасан шуурга, аадар бороо, мөндөр дундуур авирах тохиолдол бишгүй л тааралдаж байлаа. Хүчтэй цасан шуургатай үед ганцхан алд зайтай яваа нөхрийнхөө барааг ч олж харахгүй баримжаагаар өмнөх газраа таягаараа тэмтэрч урагшаа ахих үе алийг тэр гэх вэ.

Уулын хүчтэй цасан шуурганд гар, хөлийн хуруу, хацар нүүрээ хөлдөөх юу ч биш. Ууланд авирч үзээгүй хүн халуун зун мөнх цаст уулын оройд цасан шуурга тавьж байдаг гэж итгэхгүй байх. Хаа газрын өндөр уулын араншин ийм л байдаг.

Өгсөх тусам агаар сийрэгжиж, хүчил төрөгч дутагдаж, амьсгаа давчдан бачуурч хоолой арган хатаж, ам цанган, хөл бадайрч хүндрээд даагдахаа болино. Уулын өвчин гэж айхтар юм бий. Түүнийг зөвхөн уулчид л мэднэ. Уулын өвчинд нэрвэгдсэний улмаас нүд нь юу ч харахаа больж, авиралтаа зогсоож байсан уулчид байдаг л юм.

Манай уулчин хүүхнүүд халширч зориг мохож байсан удаагүй. Дахиад л мацаж эхэлнэ шүү дээ. Оргилд гарах үед цасан шуургагүй цэлмэг өдөр таарвал уулчид хамаг алжаалаа мартан тэврэлдэж баяр хөөрөө хуваалцдаг юм.

Мөнх цаст сүмбэр уулсын оргил дээрээс алсын бараа харж зогсоход сэтгэл сэргэж, нүд баясдаг юм даа. Хүчтэй цасан шуургатай үед оргил дээр гарч таарвал юун тэврэлдэж баяр хөөрөө хуваалцахтай мантай бушуухан төрийнхөө далбааг мандуулчихаад буцах замдаа яаран ордог юм.

-Уулчид ууланд авирахаар явахаас өмнө “Үхэхэд гомдолгүй” гэж гарын үсэг зураад явдаг гэж дуулсан юм байна. Үнэний хувьтай юу?

-Дээр үед тэгдэг байсан юм. Амьд эргэж ирнэ гэх баталгаагүй алхам тутам амь дүйсэн саад бэрхшээлтэй тулгарч явдаг болохоор хүүхнүүд биднийг нөхөр хүүхдээс эхлээд ах дүү, садан хамаатнууд хүртэл осолтой авиралтанд явуулах дургүй байдаг юм.

Энэ спортдоо дуртай болохоор “Үхсэн ч гомдолгүй ” хэмээн баталгаа гаргаж, гарын үсэг зурчихаад ууланд авирахаар гарч өгдөг байлаа. Сүүлийн жилүүдэд тэгж баталгаа гаргуулж, гарын үсэг зуруулахаа больсон доо. Ууланд авирч яваад гадаадын хэчнээн уулчин бүсгүй амь насаа алдсан гэх вэ.

Монголын нэг л уулчин бүсгүй Цагаан дэглийд авирч яваад уулын үерт урсаж амь насаа харамсалтайгаар алдсан юм. Аль нэг ууланд авирч ядарч зүдэрч ирээд нэг хэсэг амарч тэнхрэхээрээ дахиад л ууланд авирахаар гарч өгнө шүү дээ. Би дөч гаруй жил уулын спорт, ханан хадны авиралт, явган аяллаар хичээллэж байна.

70 настайдаа 2011 онд Отгонтэнгэр ууланд авираад зодог тайлж, явган аялалд явдаг болсон. Спортод олон жил зүтгэсэн хүчин зүтгэлийг минь Монголын эмэгтэйчүүдийн холбоо үнэлж, Монголын шилдэг эмэгтэй хэмээх медалиар энгэрийг минь мялааж, Олимпийн хороо алтан медиалаараа 2012 онд шагнасанд тамирчин эгэл заяандаа баярласан шүү.

-Та 40 гаруй жил ууланд авирсан алдартай уулчин. Хаанахын ямар оргилуудад авирч байв даа?

-Би 1968 онд ханан хаданд авирч 1973 онд 4204 метр өндөр мөнх цаст Мөнххайрхан ууланд авирснаас хойш 70 хүртлээ ууланд авирлаа. Тэр цагаас хойш 40 гаруй жил өнгөрч дээ. Би багийнхаа хүүхнүүдтэй цуг Отгонтэнгэрт дөрвөн удаа, Алтай таван богдод таван удаа авирсан юм.

Увсын алдарт Цагаан дэглий, мөнх цаст Цамбагарав, Сутай, Хархираа, Түргэн, Дэлгэрхаан, Агай тайга, их, бага Богд гээд далайн түвшнээс 4000 метрээс өндөрт өргөгдсөн Монголын бүх мөнх цаст оргилуудад авирч мөнгөн зулай дээр нь төрийнхөө далбааг мандуулж, уулчин эгэл заяандаа баярлаж, бахархаж явждээ.

Түүнчлэн дэлхийн дээвэр Гималай, Кавказын Эльбрус, Татр, Францын Апьпийн нурууны ноён оргил Монблан зэрэг уулчин бүр авирахыг хүсдэг сүмбэр оргилуудад авирч төрийнхөө далбааг мандуулж явлаа.

1981 онд Европ тивийн хамгийн өндөр 5642 м өндөр оргил Кавказын Эльбруст Монголын хамгийн анхны эмэгтэй уулчдын багт оролцон авирч анхны таван мянгач уулчин эмэгтэй болсон. Уулын спортоор хичээллэх хугацаандаа 60 гаруй уулын оргилд төрийнхөө далбааг мандуулж дээ.

1994 онд Монголын уулчдын Гималай -94 анхны экспедиц, 2001 онд Монгол, Балбын вант улсын хооронд байгуулсан найрамдал хамтын ажиллагааны гэрээний дагуу зохион байгуулагдсан хоёр дахь экспедицэд оролцож 5896 м өндөр Наян хаан, 6654 м өндөр Мера пик оргилуудад амжилттай авиран уулын спортын ОУХМ цол хүртсэн.

Алдарт Альп болон Татрын нуруунуудын ноён оргилуудад авирахын зэрэгцээ явган аяллын спортоор тогтмол хичээллэж байлаа. Өндөр сүрлэг хайрханы оргилд авирсаны дараа бүтэн жил хамрын ханиад хүрдэггүй юм.

Уулын спортын тамирчид авирах, буухдаа туйлдаж ядардаг ч гэсэн бие маш их чийрэгжиж, хэр баргийн юм тоохооргүй тэсвэр хатуужилтай болдог юм. Уулчид хүнд бэрх зам туулж ямар нэг уулын оргилд гарлаа гэхэд тэр оргил дээр ганц ч үзэгч байдаггүй, байх ч аргагүй.

Тиймээс уулын спорт ганц ч үзэгчгүй спорт. Үзэгчгүй ч гэлээ уулчид зорьсон уулынхаа оргил дээр төрийнхөө далбааг мандуулж, сүүнийхээ дээжийг өргөж байж санаа амардаг хүмүүс.

-Ууланд авирч явахдаа бэртэж гэмтэж байсан уу?

-1970-аад онд Алтай таван богдын ноён оргил Хүйтэнд эрэгтэй уулчидтай хамт эмэгтэй уулчдаас би ганцаараа авирч гараад доошоо бууж Потатины мөсөн гол уруудаж явтал гавъяат нисгэгч Сугар агсан бага оврын онгоцоор нисэн ирж, хэдэн уулчин суулгаад өндөр авч байтал уулын хүчтэй хуй салхи гэнэт босож, онгоцыг маань агшин зуур цохиод унагачихлаа.

Хүчтэй хуй салхинд онгоц маань цохигдож унахад миний хоёр хавирга хугарч, хөл гэмтсэн байлаа. Нөхөр маань надтай хамт авирч явсан болохоор намайг үүрч уулын бэлд хүргэж, эмнэлэг бараадуулсан юм. Cap шахам эмчлүүлж эдгэрээд дахиад л ууланд авирах хүсэл оргилж эхэлсэн дээ.

-Монголын төр, засаг уулчдыг хэр зэрэг харж ханддаг вэ? 

-Амь дүйж явж гадаад, дотоодын өндөр ууланд авираад ирэхэд төр, засаг сохор зоос ч хялайлгадаггүйд уулчид маань сэтгэл дундуур явдаг юм. Бид амь насаараа дэнчин тавьж байж гадаад, дотоодын нэртэй зартай хайрхануудад авирах гэж албан газар, ах дүү, танил талаасаа баахан мөнгө зээлж байж зорьсон оргилдоо авирч Монголынхоо нэрийг алдаршуулаад ирдэг ч гэлээ хүний урманд төр, засаг алган дээр тав, гурван төгрөг тавьдаггүй болохоор өрөө дарах гэж сэтгэлийн шаналан болдгоо нуугаад яах вэ.

Сан.Пүрэв

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!