LOADING

Type to search

Uncategorized

Дээрэмчин Дамбийжаагийн Дөрвөд Баядын нутагт үйлдсэн 16 зүйлт хүнд ноцтой гэмт хэрэг

Share

2021 оны 5-р сарын 26-нд Их дүйцэн хэмээх шал утгагүй нэгэн баяр амралтын өдөр болж ядарч дампуурч байгаа ард түмний хувьд бас нэгэн нэрмээс болов. Энэ нь төрийн зарлигаар шашны нэртэй шал утгагүй баяр тэмдэглэж, цаашлаад шарын шашин, харийн үзэл суртал газар авч байгаагийн нэг тод жишээ юм. Мөн саяхан Монголын бүх хэвлэл мэдээллээр Монголын сүүлчийн эзэн хаан гэсэн VIII Богдын тухай кино хийснээ шагшин ярьцгаалаа. Доктор П.Нэргүй VIII Богд бол тоглоомын этгээд бөгөөд эрлийз, алтан урагийнхныг алж хядсан улс төрийн харгис цагдаагийн газар-гестапог ажиллуулж аймшигт харгислал үйлдсэн Монголын олон аймаг нэгдэж Их Монгол улс байгуулахад гай тарьсан ноцтой этгээд гэж нэг биш удаа бичсээр байхад гадаад дотоодын харгис хар хүчний дэмжлэгтэйгээр шагшин магтаж гайхан биширч, ард түмний хийгээд хойч үеийн тархийг угаасаар байгаа нь ноцтой явдал болж байна. Энэ нь Монгол Улсыг өөрийнхөө эрх мэдэлд авах гэсэн харь гүрний арга юм.

Богд хаан гэгч тоглоомын этгээдийн хийсэн олон ноцтой алдаа гамшгуудын нэг нь баруун Монголд хаанаас ирсэн хэн болох нь тодорхойгүй дээрэмчин цагаач дүрээ эсгэсэн хувилгаан ид шидтэн хэмээх Дамбийжаад асар их эрх мэдэл, цол хэргэм, асар их эд баялаг өгч мянга илүү өрхтэй хошуу нутгийг таслан өгсөн ч цадаж ханахгүй урвасан хулгай Дамбийжаа алтан загасны эмгэн шиг даварч эзгүй газрын бумба галзуурна гэгчээр Баруун хязгаарт аймшигт харгислал дарангуйлал явуулсныг өнөөдөр ч бүлэг этгээдүүд түүнийг хамгаалан аугаа их хүн байсан мэтээр шагшин магтацгааж байна. Монгол Улсын бүх цэргийн зөвлөлийн шийдвэрээр, Их Жанжин Сүхбаатарын тушаалаар түүнийг том дайн байлдаан болголгүйгээр “Ичээнд нь’’ намнасан явдал бол үнэхээр баатарлаг явдал, гавъяат үйлс болсон билээ.

Гэтэл үүнийг улаан намын үзэл суртал, улаан оросын захиалгаар “суут Жа лам”, “Их хувилгаан”, “Бурханы хүн”, “Догшин баатар”, “Хүний мах цус иддэг зүрх сугалдаг”, аймшигт мангас, цуст “вампир” Дамбийжааг хэлмэгдүүлсэн хэмээн бичиж бүгдээрээ нэгэн дуугаар төрөлх нутаг аав ээжээ мартаж дээрэмчинг магтан дуулсан нь Ардчилсан холбооны анхны 13-ын нэг, ардчиллын нэг том лидер, удирдагч дарга хэмээх Д.Дорлигжавын нэгэн удаа хэлснээр Агуу их балайрал, дэмийрэл, солиорлын 30 жил үнэхээр дуусаж байна.

Ийнхүү 31 дэх жил эхэллээ. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоор явлаа ч гэсэн үнэнийг эрүүлээр эргэж харах цаг болжээ.

сонин mn

Дамбийжаа Баяд, Дөрвөдийн 16 хошуунд ямар түрэмгий балмад үйл ажиллагаа явуулсан бэ?

Цэрэг цуглуулж Ховдыг чөлөөлсөн гэсэн их гавьяагаараа түрий барьж Богд хаанаас Дээрэмчин Дамбийжаа дөрвөдийн Зүүн хошуу гэгч Дөрвөд сайн хан аймаг гэгчийг байгуулж 1000 гаруй айл өрхтэй өөрийн “эзэнт гүрнийг, хаант улсыг” байгуулахын тулд дэлхийн цууд гарсан далайн дээрэмчид эзлэн түрэмгийлэгч хэр баргийн харгис этгээдүүдийн хийгээгүй балмад яргачин үйл явдлыг хийснийг энэхүү бичиг нотолж байна. Энэ бол зүгээр нэг заргийн бичиг биш ээ. Дөрвөд баядын ард түмнийг хүйс тэмтэрч байсан гэмт хэргийн баримт мөн.

1914 оны 7-р сарын 24-нд “Дөрвөдийн зүүн гарын чуулганы дарга сайд ноён хутагт Дамбийжанцанд зүйл зүйлээр дарлагдсан олон засгуудыг хурал дацангийн хамтаар хуучин оршсон газраа хэвээр суулгаж аж төрүүлэх ажааму хэмээх зэргээр өргөсөн хэрэг” хэмээх бичиг өнөөдөр Улсын Төв Архивт хадгалагдаж байгааг 2012 онд түүхч З.Лонжид, На.Сүхбаатар, Г.Намнансүрэн нарын эмхтгэж хэвлүүлсэн “Дамбийжанцан Баримт бичгийн эмхтгэл (1912-1914.05) 2 боть номын I ботийн 98-р хуудсанд №73 гэсэн дугаартайгаар хэвлэгдсэн байна. Энэхүү түүхт бичгийг бичээчийн хэлсэнээр маш их айж хошуу бүхнээс нэг баримтыг товчхон оруулж байна гэж мэдэгдээд Оросын ерөнхий консулын газар Ховдын болон Улиастайн хэрэг эрхлэх газар, олноо өргөгдсөн Монгол улсын шүүх цэрэг, дотоод яаманд олноор хувилан илгээснэээс нэг бичиг нь азаар үлджээ.

Дамбийжааг баривчилсны дараа түүнтэй холбоотой асар их тагнуулын мэдээ, өргөх бичгүүд гэмт хэргийн тэмдэглэлүүд алга болсон байгаа юм. Энэ бичиг хойноос ирээд хойморт, хойморт гараад хотонд хуц тэх гэгчээр даварсан Дамбийжааг баривчлах хөөж явуулах нэг үндэс болсон юм.

1914 оны 4-р сарын 24-нд бичсэн энэхүү бичигт өгүүлснээр “Дөрвөдийн Сайн заяат аймгийн Зүүн гарын чухам чуулганы дарга Эрх засаг хошой чин ван Түгээмэлийн бичиг, Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамтнаа өргөв. Өргөн мэдүүлэх учир, Олноо өргөгдсөний гуравдугаар он өвлийн сүүл сарын хорин зургаан, бас өвлийн илүү сүүл сарын арван есөнд чуулган дарга манай газраас айн яаравчилж Улиастайн консул сайдад явуулж уламжлан эрхэм яамтнаа өргөхийг эрж өргөсөн ба бас дараа Дотоод яам, Улиастай, Ховдын генеральный консул сайдуудад өргөн явуулсан бичигт сүр хүчнээр дарлагдан элдвээр хүчин чинээ мохсон явдлыг гаргаж шашин төрийн суурийг бат төвшин болгон бидний боолчуудын хэвээр амар жимэр аж төрүүлэн суулгахыг гуйн өргөх учир байцааваас өнгөрсөн жилээс нааш сайд ноён хутагт Дамбийжанцан хэмээх Баруун хязгаарын дөрвөд бидний олон засгуудыг дагуулан тохинуулж захирахад Очирдарь Богд эзнээс шагнан хүртээсэн хүнд зузаан хишгийг ёсчлон хүндэтгэхийг эрхэмнэхгүй уг тушаалыг хутгуулан харьяат олон засаг ноёд албат бид нарыг алин ч ялгалгүй занчиж унагах урьдаас өнө удаан оршсон шашин дацанг шууд эвдэн нүүлгэх хэмээн олноор зөвлөсөн хэмээж Бат ерөөлт Далай хан Түмэндэлгэржав, чухам чуулганы дарга Эрх чин ван Түгээмэл бид хоёрыг зандран айлгаж нэр холбож батлах бичгийн эх зохиож тамга даруулан авсан бас ч Мандал хэмээн мөнгө мал юм айлган дарлаж авах, хасаг ардыг хурц зэвсэгтэй цэргээр айлган дарлаж хэрэг чирэгдэлд хүргэсэн ба Улаан гүмийн /Улаангом-эмх/ дацан хүрээг нүүлгэж хурал номыг тасалдуулан хувраг шавь нарыг хутган самууруулж олон биднийг хогшил чинээгээр хохируулан амь биеийг занчиж зовлон зүдгүүрийг үзүүлсэн зэрэг улмаар гашуун зовлон тэсэлцэхүйеэ бэрхэд хүргэн сөнөөсөн зэрэг хэргийн сайд Дамбийжанцан хэмээхийн элдвийн муу сүрээр дарлан зовоосон зүйлийг товчийн төдий бичгийн сүүлд бичиж олдбаас Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамтнаа өргөн мэдүүлж гуйх нь эл хэргийн сайд ноён хутагт Дамбийжанцангийн эрүүгээр дарлан занчиж мөлжин зовоох муу сүрээс агшин зуур мөлтлөн зайлуулж алба сүрд элдвээр дарлагдаж хүчин мохсон өчүүхэн бидний олон засгийг хурал дацангийн хамтаар хуучин оршсон тус тусын нутаг газарт нь хэвээр суулгаж тайван төвшин болгон аж төрүүлэн үүрд даган явуулж нутаг үндсийг бат болгохыг нэн яаран гуйя.

Хэрэв өдөр хоногийн төдий саатуулбаас бидний эл Баруун хязгаарын газар ямар хүнд самуун дэгдээхийг болзохуйяа бэрхэд хүрч түвэгтэн бүхүй явдлыг өргөн толилуулахын гадна аанай басхүү хашаа түшээ болсон айл Их Орос улсын консул сайдтанаа найртай сайны ёсоор мэдтүгэй хэмээн нэгэн адил явуулсан явдлыг хамтаар гаргасугай. Үүний тул өргөв хэмээн өргөн мэдэгдэж сэмхнээр товчлон гаргаж тэмдэглэн явуулсны тулд одоо үүнийг урьд удаа дараа өргөн явуулсан бичгийн уг эхийг илтгэн гаргаж олбаас Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч Яамтнаа өргөн мэдүүлж байцаах тэмдэг болох ажааму. Үүний тул өргөв.

Олноо өргөгдсөний дөрөвдүгээр он хоёр сарын хорин есөн Сайд номун хан сайд ноён хутагт Дамбийжанцан хэмээх зүй бусаар шийтгэж дарлан хяхаж мөлжин зовоосон элдэв хэргийн товч төдий жагсаан бичсэн нь,

Нэгэн зүйл. Өнгөрсөн жил өвөл цаг сайд Дамбийжанцан хэмээх, Егүзэр ламаас зарагдсан хэмээх нэгэн ламыг өчиг учрыг гүйцэтгэхгүй банз модоор тоо хэмжээгүй занчуулах аль хошуу хэний болохыг тодорхойлж тус харьяат газарт хүргэхгүй шууд амь сүйтгэсэн хүн амины хүнд холбогдох нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Ноднин жил өвөл цаг дэд чуулганы дарга Үйзэн бэйл Пандийжуннайг сайд Дамбийжанцан хэмээхээс түшмэл Донройд хурц буу зэвсэг бариулан зарлуулж эс чадваас буудан алж орхиод ирсүгэй хэмээн чангалан тушааж зарласанд түшмэл Донрой бэйл Пандийжуннайд бууны амыг хандуулан зандран тушаагаад айлган авчирсныг мөн сайд Дамбийжанцан хэмээх ширээ модоор занчиж унаган нэмэн хөлөөр өшиглөж занчсанаас хойш ухаан баларч зүрх түгших өвчин тохиосон ба сүр хүчнээс айж шавь болгон харьяат хошуунаас идэр цэрэг дөчийг өргөсөнд мөнхүү дөчин цэргийн эцэг эх ураг төрөл гэр хөрөнгөөр шавь болгон өгөх зохистой хэмээн дарлан айлгаж дал илүү өрх гурван зуугаад ам хүнийг гэр хөрөнгийн хамтаар бичиж тамга даруулан авсан нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Дэд чуулганы дарга Үйзэн бэйл Пандийжуннайн хошууны тэргүүн зэрэг тайж Пунцагийг ах дүү ойр салбарын хамтаар сайд Дамбийжанцан надад шавь болгон нэмж өгсүгэй хэмээн дахин дахин задран айлгаж арван илүү өрх дөч илүү ам хүнийг өрх хөрөнгийн хамт авсан нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Сайд ноён хутагт Дамбийжанцан хэмээх аливаа хэрэг тушаасан хүн нар мөнгө мал юмыг мандал хэмээх нэртэй хуулийг өгвөөс ямар ба хүнд хэрэгтэй хэмээсэн хүнийг ял ташуургүй сайшаан тавьдаг мандал хуульгүй болбоос үг алдах төдийг ч ясыг цайтал занчимой хэмээж мод банзаар тоо хэмжээ огт үгүй занчуулж хүнийг үхүүлэхэд хүргэсэн нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Сайд Дамбийжанцан хэмээх ноднин намар цаг Жонон бэйл Нацагдоржийг занчсан ба энэ зуны цаг Мэргэн гүн Раашийг шавь өргөхгүй хойшлуулав хэмээн занчин айлгах зэрэг зүй бус дарласан нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Энэ он зун цаг манай баяд шар хар нийгмээр харьяат Гаданшадровпэлжээлин дацанд сайд ноён хутагт Дамбийжанцан хэмээхийг залж бат оршил ба есийн бэлэглэлийг өргөөд номын барилдлага рашааныг хүртээхийг гуйсанд номын барилдлага рашааныг хүртээх ч байтугай би дөрвөд та нарыг захирах сайд мөн. Над лугаа байлдан чадахгүй заалдавч хараал хийвч би чадагдахгүй ч байтугай та нарыг алаад хутга арчих төвөгтэй хэмээх зэрэг заналтайгаар тушааж олон ноёд шар хар бүгдээр нэн ихэд айлгасан хүнд сэжигтэй нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Бидний язгуураас шар шашныг үндэс болгон шүтэж харьяат хийд дацангийн хурал номын зүйлийг гэрээс магад гарсан үнэхээр хичээнгүй энэрэн номчлон явах санваар ариун лам хуврагуудыг сонгон томилж захируулан шашныг бариулан залгамжлуулсаар ирснийг нь одоо сайд ноён хутагт Дамбийжанцангаас арга хуурмагаар зусардан явах арилжаа наймаа үүсгэж хөдөө хөсөр явсан бурангуй явдалтай гэцэл бандийн төдий зэхий хүнийг ихээхэн хэргэмтэн болгон өргөмжилж ариун явдал төгссөн лам хуврагуудыг эрүүгээр дарлан захиргаж хурал хуврагуудын эд идээг мөлжүүлэн зовоох хувраг захиран суусан ариун явдалтай да лам нарыг аваачиж дээл хувцсыг шувтлан нүцэглэж учиргүй зандран занчихыг завдаж мөн айлган сүрдүүлж зүрх хөдпөх өвчинг олгосон зэрэг зүй бус шашинд хүнд хөнөөлтэй нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Сайд ноён хутагт Дамбийжанцан хэмээх ноднин жилээс нааш биеэр учиргүй шар хар их бага хүмүүсийг элдэв зүйлээр айлган занчсан зэрэг хэргүүдийг тоолж барахгүй бөгөөд мөн аливаа хулгай худлын бариа тавиа өдүүлж зусар аргаар хутган явсан аль төлөвгүй явагсдыг сайшааж өртөө улаагаар албаны хэрэгт эрхлүүлэн явуулж олныг зовоох нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Мөнөөхөн дагаар орсон хасагийн ардыг уул нутгаас хохилон шилжүүлж Бат ерөөлт Далай ханы нутагт нутаглуулж Зарлигийг дагаж Хандгайт зэрэг газарт нутаглуулахаар шаардан тушааж түшмэл цэргээр хөөлгөж нүүлгэхийн зуураас сайд ноён хутагт надад шавь албат хэмээн мөн хасагийг хяхан айлгаж хурц зэвсэгтэй түшмэл цэргийг нэмэн томилж завсраас хөрөнгө баялаг өрх дөчөөдийг сонгон шаардан ялган тэгшилж хариу нэхүүлэн улмаас мөнхүү хасаг нар санаа урваж тэрслэн өшөөлж манай харьяат Бат ерөөлт Далай ханы хошуунаас гуч илүү хүнийг алж мал юмыг булаан авах ба сайд ноён хутагтын газраас шавьд авах хасагийг хураан авахуулахаар томилсон дэд зэрэг захирагч Төрбат, Мангал, Баянбилэг нарын арваад хүмүүсийг хядан алж тэдэнд бариулсан сангийн зэвсгийг авч олныг хохиргон урваж тэрслэн гарч одоо хүртэл цэрэг хэргийн чирэгдэл үлэмж болгосон нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Манай баядын хийдээс ном бүтээлийг эрхэлж бинавидын идээ төдийхнөөр амьжирч даяаныг бясалган суусан лам Түвдэн шашин дацангийн журам ёсыг сольж хуврагуудыг олонтаа занчин мөлжих зэрэгт гашуудан гомдож дээд төрөлхтөн заларсан газар амгалангаар түгээмэл болгон мөн ч сайн буян ардаа хоцоргох ном буй хэмээх зэргийг нэн үлэмж идэвхийлэн дахиж гуйсныг ёсоор болгох ч байтугай сайд Дамбийжанцан хэмээх Үнэн зоригт хан Содномжамцой нар даяан бясалган суусан лам Түвдэнг даяаныг эвдэж дайчлан барин авахуулж банз модоор дөрвөн зуун илүү занчуулж шаахайгаар гурван зуун илүү занчуулж арав илүү хоногийн эцэст удаа дараагаар эрүүд суулгаж эрүүлэн шүүлгэсэн шашин номын ёсноо нийлэлцэхгүй нүгэл бүхий нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Ноднин жил өвөл цаг сайд ноён хутагт Дамбийжанцан хэмээхээс манай харьяат аймгийн нэр дээр удаа мөнгө хоёр мянга гурван зуун ланг зээлэн авсан үүнд энэ он хавар цаг сайд Дамбийжанцан хэмээхээс тушаасан нь надаас зээлэн авсан мөнгөнд цагийн үнээр ирэг хонийг их цэргийн хэрэглэлд түүгээр шаардан хөөн гаргаж хүргүүлсүгэй хэмээн тушаасанд харьяат аймгаас ирэг хонь нэг бүр хоёр лан таацуулан бүгд хонь нэг мянга нэг зуун тавь бас чуулганы дарга Эрх чин вангийн хошуу өөр зээлэн авсан мөнгө нэг зуун ланд ирэг хонь тавь ийнхүү тушаасан ёсоор уг газар нийлүүлэн төлүүлээд энэхүү хонины үнийг сайд ноён хутагт би улсын сангаас түүгээр хүлээн авмой хэмээгээд дараа энэ намар цаг уг мөнгийг хүү үржүүлэн нэхэмжлэхэд Сангийн яамнаа мэдүүлэхэд сайд ноён хутагтад хүлээн төлөв хэмээжээ. Сайд Дамбийжанцангаас одоо дахин тушаасан нь бусдын датсан өрийг төлөө би улсын сангаас авахгүй уул мөнгийг хүүгийн хамтаар төлүүлэн өгөгтүн хэмээн ам урваж дарласан урваж нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Сайд ноён хутагт Дамбийжанцан хэмээх Үнэн зоригт хан Содномжамцой нар Дээд Зарлиг жил удтал нээсэнгүй нандин шүтээнийг болбоос гар өргөж хөдөлгөвөөс болохгүй хэмээснийг хичээнгүйлэн дагаж ч байтугай огт тоомсоглохгүй манай Дөрвөдийн хоёр аймгийн олон хошууны тус бүрийн нутагт язгуураас тус тус тогтоон байгуулсан хийдийн цогчин чойр тус бүрийг олон анги хурал номыг унших цаг үргэлж цогчин хуралд өдөр бүрийн хоёр хурал үүрд уншиж дөрвөн цагийн жүд, дүйнхор, сожин дүйчингийн зэрэг зүйл бүрийн тогтмол олон хурал номыг уншсаар ирсэн бүхий дацан хийдүүдийг шашинтай явсан хэмээвч сургуультай явсан газаргүй хэмээх зэрэг урхан санаа сүвэгчилж язгуурын байгуулсан шарын шашныг хутгаж сүм хийдүүдэд бүхий нандин шүтээнийг шууд хөдөлгөн шилжүүлэхийг маш эрхлэн эдүгээ нэгэн газар суурьшуулж нэгэн дацан болговаас сая шашны ёсонд нийлэлцмүй хэмээгээд олон газрын дацангуудыг эрхбиш нүүлгэн нийлүүлмүй хэмээх батлах бичгийн эхийг зохион өгч элдвээр айлган зандарч тушаагаад батлах бичигт тамга даруулан аваачиж хурал дацанг эрүүгээр дарлан цэрэг элчээр харгалзуулан нүүлгэн аваачиж нийлүүлсний дотор манай баядын арван нэгэн хошууны язгуураас нэгэн хамт байгуулсан хийдэд үүнийг урьд Дашлхүнбэ дацангийн дэгээр гачин лам Лувсанданзангаар жахар цам дэглүүлж тогтоохыг Очирдара Богд танаа айлтгаж тогтоосон мөнхүү дацанг нүүлгэн авч цам хурлын дэгийг өөр дэглүүлэн жүд хурлыг тасалдуулаад харьяат олон хан, ван, бэйл, бэйс, гүнгүүдийг нэгэн хамтаар ирж буудалласугай хэмээн дарлан тушаасан үүнийг айн эмээж бусад этгээдийн газраа нэгэнт тэмдэглэсэн нь одоо сонсвоос олон дацангийн хурал номын аливаа хэрэглүүнийг энд тэнд нийлүүлье хэмээж хутган хольж цогчин чойр аль альгүй цөм тасалдуулан хувраг шавь нарыг хог сэг зөөлгөж шээс баас арчуулж боолчлон эгэл гэртэний ёсоор зарцалж зовоон шарын шашныг сөнөөсөн нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Сайд ноён хутагт Дамбийжанцан хэмээх миний хэрэгсвээс зохих ирэг хонь ба эсгий, мод түлш зэрэг элдэв хэрэглэлийг бидний аймгаас ноднин жилээс нааш аль үлэмж бартаагаар элбэг нийлүүлсүгэй хэмээн эдгээр хэрэглэлийг удаа журам буй мэт тушааж удаа дараагаар хяхан мөлжин зовоох ба элдэв зүйл бүрийн албан юмыг улам улмаар нэмж яамны тогоочийн хэрэглэл хонь, цай, түлш ба яам байшин байгуулах мод хэрэглэлийг алсалсан хол газраас шаардан ачуулахаар тушаасны дээр яаманд хэрэглэх лааны үнэ мөнгө бошогын хэрэглэл бас яамны түшмэд бичээч нарын хэрэглэлийг журам тогтоон сангаас олгон хэрэглүүлсний дээр өөр бичээч түшмэлийг зарлан авсны хэрэглэл бас ч бэх, бийрийн үнэ мөнгө нийлж таван зуун наян таван лан болмой хэмээн ноогдуулан тушаасан ба бас сайд ноён хутагтын шанзудбагийн нэгэн жилийн хэрэглэл шүүс хонь нэг зуун наяад, түлш мод аль хүрэлцэхээр олгуулсугай мөнхүү хамтлан хэрэг шийтгэлцэх зайсан хоршоодын хэрэглэлийг зохигчдоос гүйцэтгэж нийлүүлсүгэй хэмээх зэрэг олон албыг нэмэгдүүлэн дагнуулж зүйл бүрээр хохируулсан нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Үнэн зоригт хан аймаг язгуураас дөрвөн хошуу, манай зүүн аймаг арван хоёр хошуу нэр байх төдий боловч хүн цөөхөн хөрөнгө чинээ ядуугийн учирт аливаа албыг хувь тэгш дагнасаар ирснээс харин сайд ноён хутагтад шавь болгон тус тусын хошуудаас хэдий хэдэн өрхийг гэр хөрөнгийн хамтаар гаргаж өргөсөн нь улмаар хасагдан хомсрохоос өөргүйг үзэж мэдсээр авч гагцхүү Үнэн зоригт хан Содномжамцой, сайд ноён хутагт шавь болгон нэг хийд өрх албат үлэмж олныг гэр хөрөнгийн хамтаар өргөсний дээр мөнгө үлэмжхэнийг мандал хэмээн өргөсөнд түүнийг ихэд сайшаан өөлд, мянгад, алтайн урианхай, захчины зэрэг олон хошуудыг мөн Үнэн зоригт ханы аймаг нийлүүлж нэгэн аймаг болгосон боловч энэ намар цаг чуулган уулзахад тэдний аймгийг арван нэгэн сум болгож, манай зүүн аймгийн хүн малын хөрөнгө чинээний хирийг огт үзэхгүй шууд эрүүгээр дарлан үлэмж түлхэж есөн сум болгогтун хэмээн чин үнэнийг огт магадлахгүй учрыг гаргаж бидний хоёр аймаг хоорондоо хэлэлцэхэд учир огт олохыг эрхлэхгүй гагцхүү захчины жанжин гүн Самбуу өөрийн санааны дураар тохой татаж энэ ёсоор сум болгож албыг дагнамой хэмээх зэрэг хэлснийг сайд ноён хутагтанаа мэдүүлэвч огт хэрэгсэхгүй гагцхүү жанжин гүн Самбуугийн хэлсэн үгийг зөв болгон биднийг дарлаж айлган тушаагаад хүн эр хүчин хөрөнгөөс нэн үлэмж илүү албыг дагнуулж доорд ардуудын хүчийг хөрөнгөөр чинээ ядууруулж тэжээл алдагдуулахад хүргүүлэн бас буу зэвсэгтэй цэргийг мордуулж бидний ноён албат гэх ялгалгүй маныг дайчлан хөөлгөн авч өртөө алба дагнуулж одоо олон засгуудын албат ардын чинээ мохов хэмээх зэрэг чин үнэнхүү учрыг тухай бүр сийрүүлэн өргөн мэдүүлэвч ямар бэрхшээхийг хэрэгсэхгүй албыг гүйцэтгэн дагнуулсугай.

Харин алба үлэмж болж чинээ гүйцэхгүй хэмээсэн Мэргэн игүн Араашийн амь хувиас албанд бариулан ирүүлсэн сэтэртэй морьдыг хойш эгүүлэхийг гуйсныг шууд хэрэгсэхгүй болгож Мэргэн гүн Араашийн биеийг нэмэн зарлан ирүүлж улаа өртөөний алба дагнуулья хэмээх зэрэг зандран тушааж үнэнийг үрэгдүүлэн хуулийг ховхолж шашин засгийг тэнхрүүлсэн нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Дам сонсвоос сайд ноён хутагт Дамбийжанцан, Үнэн зоригт хан Содномжамцой нар нийлж Улаангомын дацанг дайчлах цэргээр хөдөлгөн нүүлгэж аваачсан улмаас мөн Зоригт ханы хошуу лам нараас сайд ноён хутагтыг барьмой хэмээсэн лам нарыг халхын цэргээр дайчлан бариулж мөнхүү цэргүүдээр хүнд модон банзаар занчуулан арван арав илүү хүнийг алуулж гуч илүү хүнийг хүнд шархалж үхүүлэхэд хүрч буй хэмээхийг сонсвоос хүнд хэрэг өдүүлснийг батлан хадгалж өөр түшмэдээр алгуурхан шүүлгэж үнэн өчиг учрыг тогтоон тодорхойлж гүйцэтгэн шийтгэх байтал Зарлигаар алба чөлөө олгосныг бодохгүй харин албанд оролдон өнгийж өсөд биеэр өөрийн хэргийг мэдэн шүүж лам хуврагуудыг өчиг учиргүй алуулж улам улмаар нэмэн хохируулж шашин хийдийг тасалдуулан сөнөөсөн хэргийн уг үүсгэвэр сайд ноён хутагт, Үнэн зоригт хан хоёрт тулгарсан хүнд нэгэн хэрэг.

Нэгэн зүйл. Сайд ноён хутагт миний яамнаа хэрэглэх элдэв хэрэгслийг танай Дөрвөдийн хоёр аймгаас хэрэглэмүй хэмээн дарлан айлгаж шаардуулан тушаагаад мөлжин авахуулсаар бидний хогшил чинээг ядууруулж улмаар нэмэгдүүлсээр байх нь адилын бус сайдууд огт биднээс хэрэгссэн зүйлгүй атал энэхүү сайд Дамбийжанцан ямар хөнөөлтэй санаагаар биднийг зүйл зүйлээр зовлон зүдгүүрийг үзүүлэх аж хэмээн тус бүр нүдний нулимсыг барахгүй нэгэн хэрэг” (МУҮТА, Х-АЗ, Д-1, ХН- 591, 12-р бичиг.; Х-АЗ, Д-1, ХН-591, 13-р бичиг) гэжээ. Энэ бол онц чухал түүхэн баримт бөгөөд Дамбийжанцан хэрхэн дураар авирлаж хэрхэн онц хэрцгийгээр хандаж байсныг гэрчилж байна.

Эх сурвалж: “Хөх толбо” сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!