LOADING

Type to search

Uncategorized

Наймдугаар Богдын дэргэд болсон элдэв явдлын хэлхээс

Share

“Ямаан” Чимэдийн хүү ял авсан нь

Богд Жавзандамба хутагт 1906 оны үеэс “хаяа хаях” гэдэг үйлийг өдөр бүр үдээс хойш явуулах болжээ. “Хаяа хаях” гэдэг нь буян хишиг хүртээх нэг төрлийн үйл бөгөөд Богдын ордны баруун, зүүн цонхоор мөргөлчин, сүсэгтэн олонд зориулж үлэмж хэмжээний идэш ууш, торго дурдан, хадаг зэрэг элдэв зүйлийг цувуулан хаяж хүртээл болгодог байж.

Энэ хаяаны зүйлээс өдөр бүр ихээхэн хүртдэг нэг бузгай залууг Богд эзэн нүдэлжээ. Улмаар Богд эзэн зарим өдрийнхээ хаяаг бүгдийг нь шахам тэр залууд зориулдаг болсноор амьдрал нь сайжирч байгаа нь илт мэдрэгдэх болов. Энэ нь олны дотор “Ямаан Чимэдийн хүү” гэж нэршсэн Цогчин дуганы манзач явсан эрдэм номгүй залуу байж. Нэг удаа Ямаан Чимэдийн хүү хятад иргэдийн дунд будлиан үүсгэж, лам нарын хүчээр арайхийн амь гарч Богдын аврал дор амьдрах болжээ.

Манжийн амбан Шанзав Бадамдоржоос “Ямаан Чимэдийн хүүг заавал олж өг” хэмээн шаардаж байсан ч Богд эзэн өгсөнгүй. Тэрээр Чимэдийн хүү Богдын ордны дэргэд “зүүн зоогой” гэдэг гэрт суудаг болсон төдийгүй Жавзандамба хутагт, Дондогдулам хатан нарын хамт жуузтай морилж явдаг болжээ. Ийм маягаар Чимэдийн хүү хоёр, гурван жилийг нүүр үзсэн бөгөөд ааг омог нь буцалсан амьтан болж ирсэн гэнэ.

Богдын ордны хаалгачийг хүртэл яльгүй явдлын улмаас банздуулж үйлийг нь үзэж байв. Гэтэл Богд нэг өдөр Дээд сүмийн даамлыг дуудуулж “Таван хоногийн дотор эр цунгийн банзаар мөглөн хийлгэж төмрөөр доторло” хэмээн зарлигджээ. Мөглөнг хийж дууссан өдрөөс хойш тун удалгүй нэг шөнө Шанзавын яамнаас дөрвөн зайсанг дуудуулж ирүүлэн Догсом хэмээх сангай ламаар ахлуулан явуулж Чимэдийн хүүг баривчлуулж Их шавийн шоронд хүргүүлэн, дээр хийлгэсэн мөглөнд суулган гадаа орхижээ.

Богд шоронгийн дарга Хүрийн Дугаржавыг дуудаж “өдөрт цай өгч бай” гэж тушаав. Өдөрт цай зэргийг өгч байсан ч өвлийн хүйтэн улиралд Ямаан Чимэдийн хүү тэсэлгүй долоо хоноод нас баржээ. Богд Жавзандамба хутагт Ямаан Чимэдийн хүүг яагаад ингэж шийтгэсэн нь тодорхойгүй байсан ч хүмүүс “Цагаан Дар /Дондогдулам хатан/- ийг эргүүлэх гэж элдэв авир гаргаж дээдсийн дургүйцлийг хүргэсэн юм гэнэ” хэмээн хэлэлцэж байсан гэдэг. Гэвч учир мэдэх хүмүүс: “Богд Ямаан Чимэдийн хүүг авралдаа авсан нь Манж амбан болон Шанзав Бадамдоржийн дургүйцлийг ихэд хүргэж, үүнээс үүдсэн муу явдлаас болсон” гэж үзэж байсан аж.

Согтуу Бужигийг цаазалсан нь

Нэг удаа Цэцэнхан аймгийн Бужиг гэдэг 30 гаруй насны залуу лам архи уун ихээхэн согтож Чойжин ламын өргөөнд орж иржээ. Чойжин лам шавиа согтуу ирснийг хараад олон ч юм хэлэлгүй 10 төгрөг өгтөл “Чи яасан баян хүн бэ? Чи Богдын дүү шүү дээ. Халхынхан Богдыг залснаас биш чамайг залаагүй. Чи яасан баян болов” гэж агсам тавихад ордны бараа бологчид арайхийн гаргажээ.

Гэсэн ч Бужиг улам даварч тэндээсээ Шүүх яам руу орж агсам тавьжээ. Улмаар ихэд догширч уул яамны голомтыг өшиглөж, шатааж устгах шахуу юм донгосож гэнэ. Энэхүү үйлдэл нь төрд тэрсэж, голомт доргиосон явдал болсон учир дорхноо баригдсан байна. Шүүх хэлэлцээд түүнд цаазаар авах ял ногдуулж Богдод айлтгасан ажээ.

Богд эзэн ламын ёсоо алдаж төрд тэрсэж элдэвлэн догширсон Бужигийн явдлыг сонсоод ихэд дургүйцэж Бизъяагийн цорж Лувандондовоос “Ямар янзаар гүйцэтгэх вэ?” гэж асуухад “Шашинтай газрын хаан тул Авидын шангад харуулж байгаад буудвал болох болов уу гэж бодож байна” хэмээжээ. Ийнхүү Бужигийг цорж Лувсандондовын айлтгаснаар буудан хороохыг Богд зарлигдсан байна. Аль ч үеийн Монголын хуулинд төрд тэрссэн явдлыг жижиг гэж зөөлөн үзэж байсангүй.

Хулгайч соёгийн явдал

Богдын ордонд 16 соёг (үйлчлэгч) үйлчилдэг байжээ. Тэдгээрийн найм нь бүр онцгой эрхийг эдэлж Богд эзэнд үйлчилдэг байсан аж. Нэг удаа Богд хаан Зүүн хүрээний Шар ордондоо морилж очих замдаа нэгэн үнэтэй торгыг худалдан авчээ. Уул торго нь ар зузаан, чанар сайтай учир тэнийлгээд тавихад өөрөө эвхэгддэг тун бузгай эд байж гэнэ. Богд эзэн , Их хатан хоёр тэр торгоо нямбайлан боогоод Шар ордондоо орхижээ.

Гэтэл хоёр, гурав хоногийн дараа уул торгоо авах гэтэл сураггүй болсон байна гэнэ. Богдын Шар ордноо дээрх 16 соёг, хоёр нярав бүгд 18 хүн л ордог байсан учир Богд эдгээр хүмүүсийг цуглуулж суулгаад: “Миний торгыг та 18 хүний нэг нь авсан байхаас зайлахгүй. Авсан хүн торгыг минь буцааж өг. Би тэр хүнийг хулгайч гэж зэмлэхгүй, энгийн зүгээр өнгөрүүлнэ” гэж зөөлөн ятган гуйсанд хэн ч торгыг нь авсан гэж улайсангүй.

Иймд Богд хаан хулгайг бага дээр нь таслан зогсоох зорилгыг барьж Цэвээнжалба хэмээх хаалгачаа дуудаж: “Энэ 18 хүний аваад Балдан хачин дээр очоод торго авсан хүнийг олж аль гэж намайг хэллээ гэж хэл” хэмээн илгээжээ. Цэвээнжалба хаалгач Балдан хачин дээр очиж Дээрхийн хүсэлтийг уламжлахад “Тэр хүмүүсээ оруулаад ир” гэж гэнэ.

Соёгуудыг орж ирэхэд Балдан хачин мэнд асуун угтаж, шавь нараараа үйлчлүүлэн боов, цайгаар дайлан, өөр ямар ч үйлдэл хийлгүй гаргаж, харин хамт очсон Цэвээнжалба, Лувсанмөр хоёрыг дуудаж: “За, та хоёр Богд эзэнд очиж айлтга. Зүүн талд суусан соёгуудын дороосоо хоёр дахь шонхор хамартай, ёнхор шар лам авсан байна шүү” гэж хэлж гэнэ.

Тэр нь Намжилтунсаг хэмээх лам байсан бөгөөд Богд хаан түүнийг дуудаж: “Чамайг хачин лам миний дөрвөн ам торгыг авсан байна гэжээ. Чи надад буцаагаад өгчих. Би чамайг ийм тийм гэж зэмлэхгүй” гэж гуйсан чинь цаадах лам нь “Би аваагүй” гэж зүтгэсэн учир арга буюу Шанзавын яаманд шилжүүлсэн байна. Шанзавын яамныхан түүнд эрүү тулган шүүж өдөр шөнө хоёр чангалсанд арга буюу ам нээж авснаа хүлээжээ.

Шанзавын яамныхан ламын гэрийг нэгжин үзэхэд модон ханзан доогуураа тавьсан хоёр шуудай гурилд хулгайлсан үлэмж хэмжээний зүйлийг гаднаас нь харахад мэдэгдэхээргүйгээр чихсэн байв. Уул эд зүйлсийн дотор чулуун гаанс, манан болон шүрэн хөөрөг, эрхи, мөнгөн аяга, эдлэл хэрэглэл, торго дурдан байжээ. Намжилтунсаг ламыг байцаахад Богдын ордонд 74 хоног ажиллахдаа 72 хоногт нь ямар нэг эд зүйлс хулгайсан нь тогтоогджээ.

Шанзавын яамнаас ийнхүү Богдын ордноос элдэв үнэт зүйлсийг хулгайлсан Намжилтунсаг ламд ял оноож, дөнгө зүүн, зүүсэн дөнгөн дээр нь хулгайлсан бүх зүйлсийн нэрийг бичиж гучин аймгийн худалдааны зах дээр өдөр нь ээлжлүүлэн суулгаж, шөнө нь хорьж залхаасан аж. Ингэж залхаалт амссан Намжилтунсаг лам муу нэр зүүж явсаар удалгүй нас баржээ.

Богд хааныг  шархдуулсан Мөрлэгцэг сойвон

Богдын аврал буянаар онцгой эрх эдэлж яваад өөрийн сагсуу араншингаасаа болж муугаа үзсэн бас нэг хүн бол Мөрлэгцэг сойвон юм. Тэр Богд эзний үсийг авдаг байсан бөгөөд улам бүр түүнтэй шадарлаж дээлээ сольж өмсөх, морио ижилсүүлж унах хэмжээний дотно нөхөр нь болжээ. Нэг удаа Богд эзнийг Лэгцэгийн хамт гэрт нь очиход ээж нь: “Богд минь Лэгцэгийн чинь гэр дан бүрээстэй байна шүү.

Давхарлах бүрээс хэрэгтэй байна” гэж гуйхад нь нэг сайхан гэр өгсөн байна. Удалгүй Богд эзэн дотго нөхөр Лэгцэгийгээ хүндэтгэн үзэж Гандан дээр нэг сайхан байшин бариулж өгөв гэнэ. Лэгцэг угаас тун шазруун нэгэн байсны дээр сайн нөхрийн хүчинд гайгүй амьдрах болсондоо лам нарт хүртэл элдэв зан гаргах болов. Ядуу дорд лам нарыг илт басамжлан зодож нүдэх болсон нь хүмүүсийн дургүйг хүргэж байснаас: “Хөөрхий энэ хүн Богдын хишгийг удаан хүртэж чадах болов уу” гэж хэлэлцэх амьтан олширчээ.

Бадруулт төрийн 22 онд Богд эзнээс тодорхой мэдээлэл өгсний дагуу Шанзавын яам Лэгцэгийг даруй түргэн баривчилж Шавийн шоронд хорьжээ. Шавийн шорон гэгч нь 12 байшин бүхий хатуу газар байв. Лэгцэгийг хоёр сар хориод Шанзавын яам шийдвэр гаргаж Хөлөн буйрын газар цөлсөн байна. Хэрэг явдал үүгээр дууссангүй нэг жилийн дараа Лэгцэг Доржпалам Вангийн бага хатантай ханилан сууж урд өмнөхөөсөө жаргалтай амьдарч байгаа мэдээ Богд Жавзандамба хутагтад иржээ.

Иймд Богд эзний тусгай элч мордож Лэгцэгийг өөр нэг бага хошуунд цөлсөн байна. Энд байхдаа Лэгцэг нэлээд тэрсүүд явдал гаргасан учир тухайн үеийн цөллөгийн хууль цаазын дагуу уул хошууны ноён түүнийг элсэнд амьдаар нь булж хороожээ. Богд эзэн Лэгцэгийн нас барсныг сонссоод 30 аймаг, арван дацангийн лам нарыг цогчин дуганд цуглуулан ерөөл хуруулж, их пог зэд тавин буян үйлдсэн аж.

Мөн Богд хаан ширээнд суусан даруйдаа Дамбадаржаагийн суварганд тусгайлан хадгалж байсан нэгэн хайрцгийг авчруулж задлан цус нөжтэй шархны даавуу, эмтэй хөвөн зэргийг гаргаж дэргэдийн бараа бологчдоо цуглуулан үзүүлж “Лэгцэг миний зузаан гуя руу хутгалж шархдуулсан юм. Үүнийг хамба, шанзав, амбас мэдвэл манай халх сүйд болох байсан. Иймд тэр тухай дуугүй орхиж, би өөрөө шархаа боож эдгэрүүлсэн юм.

Та нар намайг Лэгцэгтэй сайн сайхан байж байгаад өстөн болж захын хошуунд цөлж аллаа гэж боддог байх. Тэр бол надад хор хийхээр барахгүй, цааш нь шажин төрд их хөнөөл учруулж болох хүн байсан. Одоо бид манжийн гараас гарсан учир үүнийг та нарт үзүүлж учрыг хэлж байгаа юм. Үүнийг үгүй хийх хэрэгтэй” гээд нөгөө хайрцагтай зүйлийг бараа бологчдодоо өгчээ.

Ингэж Лэгцэгийн үйлдсэн гэмт хэргийн учир ийнхүү тайлагдаж, Богд хааны холч бодол бас нэгээр танигдсан аж. Эдгээр түүхэн баримтаас үзэхэд Богд хаан нь ачтан, бачтанаа таньж ч ялгаж чаддаг, үнэнийг дээдэлж, худлыг чандлан цаазалдаг эрхэм хүн байжээ гэдэг нь мэдэгдэж байна.

Соёлын Гавьяат Зүтгэлтэн, сэтгүүлч Н.Даваадаш

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!