LOADING

Type to search

Uncategorized

Төрөх үеийн өвдөлт намдаалт ба өвдөлтгүй төрөх тухай

Share

Төрөх үед олон янзын өвчин намдаах аргууд байдгаас сүүлийн үед хамгийн түгээмэл хэрэглэгдэж байгаа мэдээ алдуулалт өвдөлт намдаах хэлбэр бол эпидураль мэдээ алдуулалт юм. Энэ нь нугасны хатуу хальсны доторхи хөндийд гуурс тавьж мэдээгүйжүүлэх эмийн бодисыг тодорхой тунгаар тодорхой хугацаагаар хийж төрөх үеийн өвдөлтийг намдаах хэлбэр юм.

Энэ аргыг хэрэглэж өвдөлтгүй төрөх байдал улс орон бүр харилцан адилгүй бөгөөд АНУ, Франц зэрэг улсад нийт төрөлтийн 70 хувь нь дээрхи аргаар төрөх үедээ өвдөлт намдаалт хийлгэдэг бол Ватиканд төрөлтийн үеийн өвдөлт намдаах ганц арга, Голланд, Швед зэрэг улсад харьцангуй бага хувьтай хэрэглэдэг байна.

Хамгийн анх 1853 онд Английн эмч John Snow Виктория хатан хааныг төрөхөд нь төрөх үеийн өвдөлт намдаалт хэрэглэж байсан нь түүхэнд мэргэжлийн анестезиолог эмч хийсэн анхны тохиолдол болон бүртгэгджээ. Төрөх үеийн өвдөлт намдаах энэхүү аргыг манай улсад 2000 оноос нэлээд түгээмэл хэрэглэх болсон ба манай амаржих газар нэвтрээд даруй 20 жил болжээ.

Төрөх үеийн өвдөлт бол хамгийн гол нь умайн базлалт, умайн хүзүү нээгдэх, умайн холбох, бэхлэх бүтцийн суналтын үйл явцын үед үүсдэг бөгөөд төрлөгийн 2-р үед буюу умайн хүзүү бүрэн нээгдсэн ураг төрөх явцад аарцгын булчин болон бүтцийн хэсгүүдийн суналт дарагдалттай холбоотойгоор ууц ахар сүүлний мэдрэлээр дамжин үүсч буй өвдөлтийн импульс юм. 

Энэ арга нь эпидураль хөндийд хийсэн бага концентрацитай хэсэг газрын мэдээгүйжүүлэх эмийн бодис нь умайгаас мэдрэлийн салаагаар дамжин нугасанд очих өвдөлтийн импульсыг блок болгох нөхцөл дээр үндэслэгджээ. Мэдээгүйжүүлэх бодис маань тодорхой хугацааны дараа гадагшилдаг.

Ихэвчлэн умайн хүзүү 4 см-ээс дээш нээгдсэн үед тодорхой тун хугацаатайгаар эмийн бодисоо нэмээд төрлөгийн нэгдүгээр үеийн төгсгөлд 8-9 см нээгдсэн үед бага зэрэг завсарлаад эх дүлж умайн базлалт эхийн дүлэх хүчээр төрлөг явагдсны дараа ямар нэгэн нэмэлт ажилбар хийх үед дахин өвдөлт намдааж болдог давуу талтай ажилбар юм.

Гол төлөв төрөх ээжүүдийн хүсэлтээр бусад мэдээгүйжүүлэх арга үр дүнгүй үед, базлалт, төрөлтийн өвдөлтийг хэт мэдэрч байгаа, төрөх үйл ажилгааны гажуудал илэрсэн, артерийн даралт өндөртэй төрөгч эхчүүд болон хожуу хордлоготой үед хэрэглэхэд зохистой ажилбар юм.

Төрөхөөс өмнөх үеийн цус алдалт, цус бүлэгнэлтийн хямрал, цус бүлэгнүүлэгч эс тромбоцитын цөөрөл, мэдээ алдуулах хэсэг газрын үрэвсэлт идээт эмгэг, тархины дотоод даралтыг нэмэгдүүлсэн тархины доторхи эзэлхүүнт эмгэгүүдийн үед эсрэг заалттай ба тодорхой шалтгаанаар нуруу нугасны топографи алдагдсан эмгэгүүд, урд нь нуруунд хийгдэж байсан мэс засал, төв мэдрэлийн системийн зарим өвчнүүд ( миастени, мэдрэлийн судлын тархмал хатуурал, эпилепси, булчингийн хатингаршил) зэрэг эмгэгийн үед харьцангуй эсрэг заалттай ажилбар юм. Гарч болох хүндрэл бол зүү хатгагдсан нугасны хатуу хальсны хэсгээр тархи нугасны шингэн гадагшилсан үед толгой өвдөх хүндрэл илэрч болно.

/НӨАГ-ын Эх барих эмэгтэйчүүдийн Эмч, МУ-ын Гавъяат эмч Ш.Цэрэнсамбуу/

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!