LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Л.Эрдэнэчимэг: Таргалалт бол хялгасан судаснаас үүдэлтэй эмгэг

Share

“Эмч зөвлөж байна” булангийн энэ дугаарт “Мөнх тэнгэр” эмнэлгийн тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Л.Эрдэнэчимэг эмчтэй ярилцлаа.

Сүүлийн үед залуучуудын дунд зүрх судасны өвчлөл ихсэх болсон. Үүний нэг шалтгаан нь таргалалттай холбоотой гэж тайлбарладаг ?

-Би зүрх судасны эмчээр 35 жил ажиллаж байна. 1986 оноос зүрхний эхогоор дагнан ажилласан. Анхны зүрхний эхочдын нэг. Монголчуудын зүрх судасны өвчлөлийн хувьд  ямар байна, аль нь зонхилж байна гэдгийг ажлаасаа хардаг. Би социализмын үе, зах зэлийн нийгэмд ч тэр ажиллаж л байна. Жишээлбэл, 1990 оноос өмнө тарган хүн ховор байлаа. Бөхчүүд хүртэл их тарган байсангүй.

Таргалалт бол 2000 он хүртэл харьцангуй бага, 2000 оноос хойш таргалалт байнгын зүйл мэт болсон. Миний үе, манай хүүхдүүдийн үед таргалалт байгаагүй. Бидний ач зээгийн үеийн хүүхдүүд таргалалт ихтэй болжээ. Үүнийг дагаад зүрхний бүтэц өөрчлөгддөг.

Нийгмийн байдалтай холбоотой өвчлөл хүртэл өөр болсон. Ингээд ирэхээр даралт ихдэлт, зүрх, тархины судасны, нарийсал үүсч байна. Мөн үүний суурь нь таргалалтаас үүдэлтэй чихрийн шижин өвчин байна. Хүн хэвлийгээр таргалалт ихтэй бол дотор өөх үүсдэг.

Дотор өөх нь хүний биед шингэхдээ хялгасан судсыг дүүргэдэг. Тэгэхээр таргалалт бол хялгасан судаснаас үүдэлтэй эмгэг. Өөх 10 жил болохоор л чулуу шиг болдог. Судас захаасаа дүүрээд ирэхээр эд эрхтний цусан хангамж муудаад эхэлнэ.

Манай нийгмийн бүх өвчлөлийн шалтгаан бол таргалалт. Одооны хүүхдүүд таргалалт ихтэй байна. 15, 16 хүрээд багассан мэт боловч багад байсан таргалалт судсыг их гэмтээсэн байдаг. Таргалалт хэдий чинээ эрт эхэлнэ тэр чинээгээр судсыг гэмтээнэ гэсэн үг. Гурав, дөрвөн настай байхдаа тарган байж байгаад 14,15 хүрээд турсан юм шиг боловч 30 нас хүрэхэд судас хатуурсан байдаг.

Ингээд ирэхэд зүрх судасны өвчин залуужиж, даралт ихсэх, зүрхний судас нарийсч байна. Фитнесст явж, ууланд алхаж байгаад гэнэт бие эвгүй боллоо гэх залуучууд ихэссэн байна. Залуучууд миний хөдөлгөөн багасаад гэнэт их хөдөлсөн чинь ингэлээ гэж ойлгодог. Гэтэл дотор өөхлөлт, өөрчлөлтөөсөө болдог. Эмэгтэй хүмүүс энэ үед  төрөхөөр жирэмслэлтэд  нь нөлөө үзүүлдэг.

-Жирэмсний үед даралт ихсэх нь элбэг болсон гэх юм?

-Жирэмслэлт их орой болсон. Биологийн хөгшрөлт эрт болоод байна. Яагаад залуучуудад өөрчлөлт эрт явагдаад байна гэхээр судас хатуурал ихтэй байна. Жишээлбэл, хүн паспорт дээр 30 настай байлаа гэхэд биологийн нас 50, 60 настай байдаг.

Ингээд ирэхээр 30 настай мөртлөө 50, 60 настай хүнд гардаг өөрчлөлтүүд биед явагдана гэсэн үг. Жишээлбэл, даралт ихэсдэг, харвадаг, шигдээс болох нь 30 насанд тохиолдоно. Энэ бол таргалалт удсаныг илтгэж байна. Дээрээс нь ундаа ууна гэдэг чинь л буруу. Ундааг 10 жил уухад л судас зэс утас шиг хатуурч нарийсдаг. Буруу хэрэглээнээс болоод судасны хатуурал эрт явагддаг. Жирэмсэн хүмүүс сахар ихтэй байна. Ингээд ирэхээр л  хавагнаж, даралт ихсэж, тархины өөрчлөлтүүд гардаг. Жирэмслэлтийн явц хүндэрдэг.

Жирэмсний хяналтын стандартууд өөрчлөгдөж байгаа. Хуучин бол хоолоо л сайн ид  гэдэг байсан. Одоо бол ээж хүүхэд хоёр жирэмсний хугацаанд 10-14 кг нэмж болно гэж заасан. Тэгэхээр жирэмсний үеийн зөв хооллолт маш чухал. Бага багаар зохистой хэмжээнд идэх хэрэгтэй.  Хүний биед ямарваа нэгэн зовиур илрэх л юм бол оношлуулах хэрэгтэй.

Зүрхний эход харуулаад өөрчлөлт байх юм бол жирэмслэхээсээ өмнө эмчлэх ёстой. Хүн өөрийгөө хянаж бэлдэх хэрэгтэй. Жирэмслээд ирхээр зүрх дэслээ, даралт ихэслээ гэдэг. Жирэмсний үед зүрх судасны эмгэгийг эмчлэхэд хэцүү. Жирэмслэхээс өмнө тэр зовиурууд биед нь гарсан л байдаг. Өөрийгөө мэдэхгүй, тоохгүй яваад байдаг тал бий.

-Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлнэ гэдэг их чухал зүйл байх?

-Хүн урьдчилан сэргийлж, өөрийгөө хянах л их чухал байна. Бид нар ярьдаг шүү дээ. Гаднын орны хүмүүс өөрийнхөө эрүүл мэндийн талаар мэдлэгтэй, хоолоо зөв иддэг гэдэг. Тэр нийгэм чи өөрөө анзаарахгүй, өвчтэй л бол ажлаа хийж чадахгүй, ирээдүйгүй болно гэдгээ мэдэж байна. Өнөөдөр манай нийгэм, хувь хүн бүр эрүүл мэндийнхээ төлөө санаа зовох ёстой.

Зовох зовохдоо, манай нийгэм сүүлийн 20 жил буруу хооллолоо шүү дээ. Хоол ундны зохицолдооноос болсон өөрчлөлтүүдийг засаад ирвэл цаашдаа жирэмслэх, цэрэгт явах, гадаад сурах, ажиллах зэрэгт чухал нөлөөтэй. Хүүхдээ буруу хооллодог, өөрсдөө 30 настайдаа өвчний өөрчлөлтүүд гараад байгаагийн гол шалтгаан нь зохисгүй хооллолт.

– Таргалалт олон  үр дагавартай. Үүнийг дагаад мөн чихрийн шижин үүсдэг гэж та дээр дурдлаа?

– Таргалалт өөрөө чихрийн шижин үүсгэдэг. Чихрийн шижин өөхийг царцаадаг. ДЭМБ-аас гаргасан стандартаар эрэгтэй хүний бүсэлхий 90 см, эмэгтэй хүнийх 80 байх ёстой гээд заачихсан байгаа. Өлөн сахар 5.5 байхад сахарын өвчин эхэлсэн гэж үздэг. Тарган мөртлөө “би сахаргүй гэсэн” гээд  яваад байдаг нь буруу. Эмэгтэй хүний гэдэсний тойрог 80 байхад аль хэдийнээ чихрийн шижин эхэлсэн байдаг.

-Танд үзүүлж байгаа хүмүүс ихэвчлэн ямар дадал зуршилтай хүмүүс ирдэг вэ?

– 1990 оноос өмнө хүмүүс өдөрт нэг л махан хоол иддэг байсан. Миний бодлоор тэр үед дэлхий даяараа илүүдэл жинтэй хүн ховор байсан. Тэр үед бид хүний биед хэрэгтэй уургыг авч чаддаг байсан. Тэр үед тураалтай, таргалалттай ч хүн байгаагүй. Жишээлбэл, манай аав ээжийн үе 1930, 1940-өөд оны хүмүүс намхан. Гэхдээ булчин сайтай хүмүүс байсан. 1960, 70, 80-аад оны хүмүүс чацтай өндөр хүмүүс.

Хэрэв бидэнд уургийн хэмжээ бага байсан бол булчингүй, тураалын шинжтэй байх байсан. Ийм учраас оюуны чадавх, биеийн хөгжил сайтай байна. Миний бодлоор социализмын үеийн хоолны бүтэц зөв байсан гэж боддог. 1990 оноос хойш зах зээлд ороод бид хоолыг их цуглуулж иддэг болсон. Олдсоныхоо хэмжээгээр л идээд байна. Таргалснаас болоод даралт ихсээд, төрөх насны залуучуудад харвалт, шигдээс 60 настай хүмүүсээсээ их байна.

Г.Жаргал

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!