LOADING

Type to search

Мэдээ

Т.Тунгалаг: Ариун бус зүү хэрэглэж, дур мэдэн тариа хийснээр малын маханд буглаа үүсдэг

Share

Сүүлийн үед малын маханд идээ бээр үүссэн тохиолдол цөөнгүй гарч байгаа талаар иргэд шүүмжилж буй. Үүний учир шалтгааны талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Т.Тунгалагаас тодрууллаа. 

Тэрбээр “Малын махны тодорхой хэсэг газарт буглаа үүссэн нь ариун бус зүү хэрэглэж, малын эмчийн зааваргүйгээр өөрсдийн дураар эм бэлдмэл тарьсан тохиолдолд малын биед шимэгдэхгүй идээ буглаа үүссэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл малын биед бохирдол орсон байна. Хэлж ярихгүй л болохоос биш мал ч гэсэн хүнтэй адилхан. Хүнд ч гэсэн бохир зүүгээр тариа хийвэл тарьсан газар нь идээ буглаа үүснэ. Хамгийн гол эрсдэл нь энэ байгаа юм” гэлээ. 

Түүнчлэн малчдын анхаарах ёстой зүйлийн талаар “Малчид өөрсдөө малдаа дур мэдэн тариа хийдэг явдлыг болиулах гээд байгаа юм. Хэдийгээр тухайн хүний хувийн өмч ч гэсэн үйлдвэрлэгч, нийтэд хүнс бэлтгэн нийлүүлдэг хүмүүс шүү дээ. Тиймээс мал эмнэлгийн байгууллагын заавар зөвлөмжийг дагаж, малдаа хэрэглэж байгаа эм бэлдмэл, ялангуяа бичил биетний тэсвэржилт үүсгэх эм бэлдмэлийг дур мэдэн хэрэглэж болохгүй. Мэргэжлийн хүний заавар зөвлөмжийг зайлшгүй авах шаардлагатай.

Малчид маань нэг ч гэсэн малын махаа үнэд хүргэж зарахын тулд малын эмчийн зөвлөгөөг биелүүлэх шаардлагатай. Дураараа хамаагүй эм, тариа хэрэглэх болохгүй. Эмийн үлдэгдэл, биеэс гадагшлах хугацаа зэргийг мэргэжлийн хүн л зөвлөнө.

Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд малчид малын эмийг маш их дураараа хэрэглэлээ. Үүнийгээ хандлага болгосон. Энэхүү хандлагаа өөрчлөх хэрэгтэй” хэмээв. 

“Вакцин тарьсан малын махыг нэг сарын дараа хүнсэнд хэрэглэх заавартай. Үүнийг мөрдөөгүй тохиолдолд мах нь идээтэй байна”

Дундговь аймгийн Мал эмнэлгийн газрын дарга И.Жавхлант “Халдварт өвчний эсрэг вакцин тарьсан малын махыг 21-28 хоногийн дараа, сүүг 14-21 хоногийн дараа хүнсэнд хэрэглэх ёстой. Энэхүү заавар зөвлөмжийг дагаж мөрдөөгүй тохиолдолд маханд идээ бээр үүснэ. Өөрөөр хэлбэл, малын биед орсон химийн бодис нь өвчний эсрэг дархлааг үүсгэж, тодорхой хугацааны дараа биеэс гадагшлах ёстой байдаг. Уг зааврыг дагаж мөрдөөгүйгээс болж ийм асуудал яригдаад байгаа” хэмээн хэлсэн юм. 

Мөн үргэлжлүүлэн “Вакцин гэдэг бол гаднаас орж ирж байгаа гаднын биет шүү дээ. Гаднын биет орсноор тухайн малын биед хамгаалах урвал явагдаж, улмаар идээ үүсдэг. Энэ нь малын биеийн онцлог, хариу урвал үзүүлэх чадвар, дархлаа зэрэг бүх зүйлээс шалтгаалаад ганц нэг тохиолдоно. Түүнээс биш вакцин тарьсны дараа бүх малын мах идээ бээртэй болно гэсэн үг биш.

Ерөнхийдөө малын гоц халдварт өвчний бүх вакцины үед 28 хоног буюу сарын дараа мах, сүүг нь хэрэглэж болно. Үүнийг малын эмч нар маань малчдад хэлж зөвлөдөг. 

Малчид маань энэхүү заавар зөвлөгөөг дагах нь чухал. Мөн малаа вакцинд хамруулсан тохиолдолд 21-28 хоногтоо мал эмнэлгийн гэрчилгээг гаргахгүй байгаа.

Зарим тохиолдолд хувь иргэд тодорхой хэмжээний антибиотикийг дур мэдэж тариад буглуулж шархлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, тусгай зааврыг баримтлалгүй тарьснаас идээ бээр үүсэж болно. Тэр болгоныг вакцинаас гэж хэлбэл өрөөсгөл ойлголт болох юм” хэмээн хэллээ. 

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!