LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

С.Нэргүй: Дууны өөрчлөлт буюу дуу сөөх шинж тэмдэг долоо хоногоос дээш үргэлжилвэл яаралтай эмчид ханд

Share

Монголын чих, хамар, хоолойн эмч нарын нийгэмлэгийн туршлага солилцох сургалт, үндэсний семинар Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг /УНТЭ/ дээр өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон юм. Энэ үеэр тус эмнэлгийн чих, хамар, хоолойн тасгийн их эмч, АУ-ны доктор С.Нэргүйгээс дууны хөвчийн саажилт өвчний талаар зарим зүйлийг тодрууллаа.

– Монголчуудын дунд дуу авиа болон төвөнхийн ямар эмгэгүүд зонхилон тохиолдож байна вэ?

– Манай орны хувьд байгалийн эрс тэс уур амьсгал, агаарын бохирдол, хөрсний бохирдол, хуурайшилт, тоосжилт ихтэй байдаг учир төвөнхийн үрэвсэл, хамар болон хамрын дайврын үрэвсэл элбэг тохиолддог. Төвөнхийн эмгэгүүдэд төвөнхийн үрэвсэл болон хоргүй, хортой хавдар, саа, саажилт ордог.

-Төвөнхийн хөвчийн хорт хавдрыг үүсгэх  хүчин зүйл нь юу байдаг вэ? Ямар эмчилгээ хийгддэг вэ?

-Төвөнхийн хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлд нэгдүгээрт тамхины хэрэглээ, хоёрдугаарт улаан хоолойн сөөргөө болон төвөнхийн үрэвслээр олон дахин өвдөх, мөн химийн болон үйлдвэрийн хорт бодисын нөлөө чухал байрыг эзэлдэг. Төвөнхийн хорт хавдрын үед төвөнхийг хэсэгчлэн болон бүтэн авах хагалгаа хийгдэхээс өөр аргагүй болдог. Тийм учраас эрт илрүүлэлтийг чухалчлах ёстой.

Дууны өөрчлөлт буюу дуу сөөх шинж тэмдэг долоо хоногоос дээш үргэлжилсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандаж, эдийн шинжилгээ өгөх шаардлагатай байдаг.

– Дууны хөвчийн саажилт гэдэг өвчин орчин үеэ дагаад элбэгшиж байна уу, ямар шинж тэмдгээр илэрдэг юм бол?

– Дууны хөвчийн саажилт бол төвөнхийн мэдрэлийн алдагдалтай холбоотой үүсдэг. Дууны хөвчийн саажилт нь толгой, хүзүү, цээжний хөндийн мэс засал, хавдар, гэмтлийн дараа ихэвчлэн үүсдэг. Дууны хөвчийн нэг болон хоёр талын саажилт гэж байдаг. Энэ хоёрын аль байна гэдгээсээ шалтгаалаад эрс ялгаатай шинж тэмдэг илэрдэг. Дууны хөвчийн нэг талын саажилтын үед хамгийн түгээмэл шинж тэмдэг нь дуу сөөх. Дууны хөвчийн хоёр талын саажилтын үед амьсгал бачуурах шинж тэмдэг илэрч богино хугацаанд амь эрсдэх аюултай байдаг. Дууны хөвчийн саажилтыг чих хамар хоолойн эмч хандан дурангийн шинжилгээгээр оношилно. Орчин үед толгой, хүзүү, цээжний хөндийн мэс засал, хавдрын тоо нэмэгдсэнтэй холбоотой дууны хөвчийн саажилт нэмэгдэж байна.

Түүнчлэн тархины цус харвалтын дараа дууны хөвчийн саажилт үүсдэг.

– Дууны хөвчийн саажилтын үед ямар эмчилгээ хийгддэг вэ?

– Дууны хөвчийн хөдөлгөөний алдагдал сэргэхгүй нь тодорхой болсон тохиолдолд дуу үүсгэх болон амьсгалах үйл ажиллагааг нөхөн сэргээх эмчилгээ хийдэг.

– Насны хувьд хэдтэй хүмүүст энэ өвчин тохиолдож байгаа вэ?

– Манай оронд эмчилгээний арга хомс байсан. УНТЭ-ийн чих, хамар, хоолойн тасагт гурван жилийн өмнөөс дуу үүсгэх үйл ажиллагаа сайжруулах өөрийн өөхийг дууны хөвчид тарих болон дууны хөвчид суулгац байрлуулах мэс заслын аргыг нэвтрүүлээд эмчилгээнийхээ үр дүнг тооцсон.

Харин хоёр талын саажилтад орсон хүн гэнэт амьсгалын дутагдалд ороод нас барах аюултай учраас цагаан мөгөөрсөн хоолойд гуурс тавьж, хөвчийг авах замаар амьсгал чөлөөлдөг байсан. Гурван жилийн өмнөөс дууны хөвчийг оёдлоор гадагшлуулах мэс заслыг шинээр нэвтрүүлсэн. Энэ эмчилгээнд гуурс тавих нь багасаж байгаа. Гуурс тавих эмчилгээ нь төвөгтэй байдаг тул энэ зовуурийг багасгах үйл явдал болсон юм.

Дууны хөвчийн хоёр талын саажилтын үед хөвчийг оёдлоор гадагшлуулах мэс заслыг шинээр нэвтрүүлж эмчлүүлэгчдийн амьдралын чанарыг сайжруулж байгаа.

Мөн уламжлалт мэс засалтай харьцуулан судалж үр дүн сайн аюул багатай арга болох нь нотлогдсон.   

– Дууны хөвчийн саажилт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн энгийн аргууд юу бол?

– Дууны хөвчийн нэг талын саажилтын 64.6% нь мэс заслын дараа, хоёр талын саажилтын 69% нь бамбай булчирхайн мэс заслын дараа үүссэн байсан. Тиймээс дууны хөвчийн саажилт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь бамбай булчирхайн эмгэгийг эрт илрүүлэх хэрэгтэй. Бамбай булчирхайн хоргүй томрол оношлогдохгүй удсанаас хэмжээ хэт томрох, өвчүүний ар руу орсон /тарган хүмүүст мэдэгдэхгүй яваад байдаг/ тохиолдолд, хорт хавдрын үед мэс засал хийхэд мэдрэл цочрох, гэмтэх эрсдэл нэмэгддэг.

– Хорт бодисын талаар дэлгэрүүлж сэрэмжлүүлэг өгөөч?

– Дууны хөвчийн саажилтад нөлөөлөх бас нэгэн хүчин зүйл нь ханиад томуу, хар тугалга гэх мэт хүнд металлын хордлого ордог. Хүнд металл агаарын бохирдол, хөрсний бохирдолтой холбоотой байдаг. Эдгээр нь хүний амьсгалын замын салстыг мэдрэг болгоод зогсохгүй, цочмог хордлогын үед дууны хөвчийн нэг талын саажилт үүсгэдэг. Хорт бодисыг гадагшлуулахгүй байх үүднээс хими, технологийн үйлдвэрийн аюулгүй байдлыг маш сайн хангах хэрэгтэй.

Ханиад томууны вирусийн халдварын дараа, айх, цочих, гэнэт хашхирах тохиолдолд дууны хөвчийн саажилт үүсдэг. Тиймээс вирусийн халдвар болон мэдрэлийн гаралтай өвчнөөс сэргийлэх хэрэгтэйг зөвлөе.

– Хүүхдүүд хар тугалгын бохирдолд өртөж байна гэх судалгаанууд гараад байгаа. Тэгэхээр бага насны хүүхдүүдийг сайн үзүүлэх хэрэгтэй байх нь

– Ер нь аль ч насныханд хүнд металлын хордлого байгаа эсэхийг илрүүлдэг, хэмждэг байх хэрэгтэй. Хүнд металлын орчинд /үйлдвэр, химийн хортой бодистой газар/ ажиллаж байгаа хүмүүс илрүүлэх шинжилгээг заавал хийлгэх ёстой.

– Дууны хөвчийн саажилт хүндэрвэл ямар аюултай вэ?

– Саажилтын хүнд хэлбэрийн үед дуугүй болох шинж тэмдэг илэрдэг. Тийм учраас ажил мэргэжлийн асуудал яригдаж эхэлдэг. Тухайлбал багш, эмч, дуучид, жүжигчид ажлаа хийх боломжгүй болж эдийн засгийн болон сэтгэл санааны гүнзгий хямралд ордог гэж үздэг.

Ялангуяа дууны хөвчийн хоёр талын саажилт мэргэжил харгалзахгүйгээр хүний амь насанд эрсдэл учирч, амьсгалж чадахгүй болдог.

– Энэ нөхөн сэргээх мэс заслыг хэр их олон хүнд хийж байна вэ?

– Манай эмнэлэгт дууны хөвчийн нэг талын саажилтын хагалгаа 14 хоногт нэг удаа, зарим үед 21 хоногт нэг удаа хийгдэж байна. Учир нь энэ төрлийн эмчилгээ өмнө нь хийдэггүй байсан учраас одоохондоо ачаалал ихтэй байна. Түүнээс биш саажилтын тохиолдол тийм ч түгээмэл биш.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!