LOADING

Type to search

Онцлох

Ардын жүжигчин Б.Зангад: Хүн ханиа олж авна гэдэг их хэцүү дээ

Share

Д.ГАНСАРУУЛ ӨДРИЙН СОНИН

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Б.Зангадтай ярилцлаа.

-Та Монголын урлагийн сор болсон алдартнуудын тухай хөрөг-дурсамж бичжээ. 24 хүний тухай дурсамж биччихээд байгаа гэв үү?

-Хүний хорвоод хүн болж амьдарна гэдэг их үүрэг хариуцлага юм. Амьдралын явцад олж авсан туршлага, бүтээл мөн хүний хайр, итгэлийг дааж амьдарна гэдэг аугаа том философи л доо. Тийм учраас Монголын урлагт өөрийнхөө байр суурийг эзэлж байсан, олон арав, зуу зуун бүтээлээр мөнхөрч үлдсэн тийм сайхан аварга хүмүүстэй хамт байж нөмөр нөөлөгт нь амьдарч байсан, уран бүтээлээ туурвиж байсан тэр цагаа энэ насныхаа өндөрлөгөөс эргэн харж дурсах сэтгэл надад төрсөн юм. Би үзэг цаас нийлүүлж үзээгүй хүн.

Хүний хийсэн бүтээлийг түмэн олонд түгээж сурталчлахын тулд сэтгэлээрээ дуулж, хөгжимдөж сэтгэлийн сайхан цэнгэл эдлүүлэх, буян үйлдэх, шинэ юм сэтгүүлэх, бодуулах тийм зорилгоор өөрийнхөө бүтээлийг хийж ажиллаж амьдарч байсан бол өнөөдөр тэр аугаа улсуудаа дурсах нь надад сонин ч юм шиг, сайхан ч юм шиг. Тэднийг мэдэх хүмүүс ховордсон учраас би гэрч болох учиртай. Тэдний хийж бүтээснийг би баталгаажуулах ёстой.

Бүрэн дүүрэн биш байлаа ч гэсэн ямар хүн байсан бэ гэдэг хүн талаас нь ойлгуулах юмсан гэж бодоод бурхны оронд морилсон 24 уран бүтээлчийн тухай дурсамжийг бичлээ л дээ. Монголын нэрт хөгжмийн зохиолч С.Гончигсумлаа гуай, Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн гуай, Г.Бирваа, Д.Лувсаншарав гуай, Э.Оюун, Ж.Чулуун, циркийн Т.Цэнд-Аюуш, Ц.Намсрайжав, манай нутгийн дуучин А.Загдсүрэн, Ц.Пүрэвдорж гуай, Л.Ванган, Э.Чойдог, Ж.Бадраа, Л.Дорж, Ж.Дорждагва, Д.Банди, Н.Цэгмид, М.Яасай, А.Таяа, Г.Дашдаваа, Д.Жанчив, П.Ганбат, Ц.Батчулуун гээд олон сайхан хүмүүсээс надтай арай ойр ажиллаж амьдарч байсан гэдгээрээ энэ 24 уран бүтээлчийг би түүж авсан юм. Одоо би дараагийн ажилдаа орчихоод байна.

Амьд сэрүүн байгаа ахмад үеийнхэн, хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай, ардын жүжигчин, манай нэртэй уртын дуучин Ч.Шархүүхэн, уран нугараач ардын жүжигчин, төрийн шагналт Б.Норовсамбуу гэх мэтийн улсуудынхаа тухай үргэлжлүүлэн бичих төлөвлөгөөтэй байгаа.

-Хэзээнээс эхэлж та дурсамж бичиж эхлэв. Бичихээсээ өмнө сэтгэлдээ олон жил бодож явсан байх даа?

-Сэтгэлдээ удаан бодсон. Жил гаран л бичиж байна даа. Заримыг нь сонин хэвлэлд өгсөн. Дандаа л “Энийг нэг хэвлүүлээд өгөөч” гэж цаас бариад гүйхийнхээ оронд бичээд хадгалчихаад зохих ёсны мэдлэг, боловсролтой улсуудаараа үзүүлж харуулаад тэгээд л ном гаргах бодол өвөрлөж явна.

-1950, 1960-аад онд хүний чанар сайн байсан ч жил ирэх тусам чанар нь муудаад одоо хүн чанар үгүй боллоо гэх юм. Та манай нийгмийн үлгэр жишээ авах олны танил, хүндэт хүний хувьд үүнд ямар бодолтой явдаг вэ. Яагаад хүн чанар гээгдээд байна вэ?

-Нийгэм өөрчлөгдөж. Нам төртэй улс байлаа. Нам төртэй улс гэж ярихад би чинь хуучны хүн шүү дээ. Ер нь дээр үед монгол хүн, Монгол Улс гэдэг чинь өв уламжлалаа маш чанга хадгалж ирсэн, ах захаа мэддэг, ёс жаягаа хүндэтгэдэг, хүнийг хүний ёсоор нь хардаг. Хүнийг хүн гэж хардаг байснаас биш мөнгөөр дамжуулж хүнийг хардаггүй байсан юм.

Би нэг жишээ ярья л даа. 1955 он. Одоогоос бараг жараад жилийн тэртээ. Би Ховдын арван жилийн есдүгээр ангийн сурагч байхдаа Варшавт болох Дэлхийн залуучууд, оюутнуудын V фестивальд оролцохоор Улаанбаатарт ирээд байлаа. Тэр үед би хэнхэг хүүхэд ч байсан юм уу даа. 1954 онд Ховдын театрын соёл урлагийн өдрүүд Улаанбаатарт болоход би Улсын Хөгжимт драмын театр, Соёлын яамныхан гээд олон хүмүүстэй ойр дотно харилцаатай, тэднийг ихэд хүндэтгэж, өөрийгөө хэрдээ бас танилцуулах гэж оролдож явсан байх л даа.

Тэгтэл намайг Варшавын фестивальд оролцох гээд хотод ирчихсэн байхад Хөгжимт драмын театрын захиргаанаас Чойжамц гэдэг даргаас надад захиа шуудангаар очсон байгаа юм. “Ховдын арван жилийн есдүгээр ангийн сурагч Баартуугийн Зангад” гэж хаягласан захиа сургуульд ирэхэд “Сурагч Зангад фестивальд оролцохоор Улаанбаатар явсан” гэж тэр захиаг буцаасан байгаа юм. Тэгтэл Төв шуудан тэр захиаг буцаад ирэхээр нь Улсын ардын дуу, бүжгийн чуулгаас намайг эрж олоод өнөөх захиаг өгч билээ. Юманд тийм хариуцлагатай ханддаг байжээ.

Энэ хүүхэд, энэ ахмад хүн, энэ сайд дарга гэж ялгахгүйгээр арван жилийн хүүхдэд хүртэл захиа бичиж байсан байж шүү. Улсын төв театрын хамт олноос, Л.Ванган багш, Н.Цэгмид багш, Чойжамц дарга надад захиа бичиж байсан байгаа юм. Тэр захиа нь надад бий.

Би өнөөдөр тэр баримтыг хараад намайг хүн гэж тоожээ. Хүний хорвоод хүн болж төрөөд ирсэн жаахан хүүхдийг хүүхэд байна аа, энэ юм мэдэхгүй, энэ юм ойлгохгүй гэдэг талаас нь биш, хүн учраас хүнд нь хариу өгөх ёстой гэсэн ойлголт, сэтгэхүйгээр намайг гололгүй захидал бичсэн тэр ахмад үеэ одоо эргэж санахаар үнэндээ гайхалтай улсуудтай, гайхалтай улсуудын нөмөр нөөлөгт гайхалтай амьдарч байж дээ гэж бодож байна.

-Та урлагийн алтан тайзнаа алдар хүндийн оргилд хүрч ард түмний хүндлэлийг одоо ч мэдэрсээр яваа ахмад уран бүтээлч. Гэхдээ хүмүүс алдартай хүнийг тэтгэвэртээ суусан хойноо ч тансаг баян, ер бусын жаргалтай, ямар ч байсан өөрөөс нь илүү дээр амьдардаг байх гэж төсөөлөөд байдаг?

-Тэгцгээдэг. Би ядуу тарчиг амьдрал дундаас гарч ирсэн хүн. Би сэтгэлээрээ бол цатгалан явж байгаа л даа. Сэтгэлээрээ баян гэдэг маань миний уран бүтээлийн урын санд 200, 300-гаад дуу байна. Би тэр дуунуудаа дуулж, сэтгэлийн цэнгэл эдэлж, ард түмнээ соён гэгээрүүлж байсан түүхэн үеэ эргэн дурсахаар сэтгэлээрээ ямагт цатгалан явдаг. Тэр үед мөнгөний хойноос дуулдаг дуучин байгаагүй юм. Мөнгөний хойноос жүжиглэдэг жүжигчин, хөгжимчин, удирдаач, бүжигчин байгаагүй.

Монгол орны хаана, аль өнцөг буланд ямар салбарт хүн амьдарч байна вэ. Тэр хүмүүст очиж урлаг уран сайхан, гоо сайхныг хүргэе гэсэн тийм зорилттой байцгаасан. Төр нь ч тэр зорилтоо хэрэгжүүлж байсан. Атарт, говьд тэр олон шижигнэсэн залуучуудын дунд, хашаа хороо барьж, худаг ус гаргаж, өргөн айлсалт, хадлан тариалан, тариа хураалт бүхэнд Монголын урлагийнхан нойр хоолоо умартан хол ойр гэлтгүй, улирлын хатуу, хүйтнийг үл мэдэрч үүргээ гүйцэтгэж явсан тийм аугаа хүмүүс.

Урлагийн хүмүүс тэр их тансаг орчинд тансаг ажиллаж амьдарсаар насны төгсгөлдөө ч тансагладаг гэж ойлгоод байдаг. Тийм биш. Ядуу амьдрал дундаас, харцын дундаас, Монголын ард түмний язгуур дундаас гарч ирсэн ийм авьяастнууд шүү дээ. Саалийн үнэртэй ээжийн хормойноос зүүгдэж өссөн хүүхдүүд өнөөдөр дэлхийн дуучин болчихоод явж байгаа.

Хүний хорвоод ирчихээд зорилготой амьдарна гэдэг хүн болгоны толгойд шингэсэн том асуулт. Эцсийн эцэст хүний хорвоод насны өндөрлөгт хүрээд ирэхээр ямар ч мэргэжлийн хүн эрэгтэй, эмэгтэй байлаа ч өнгөрүүлсэн амьдралаа заавал нэг эргэж хардаг.

Би нүгэл хийв үү, буян хийж ирж үү. Манай ахмадуудын дунд нүгэл хийсэн нь маш ховор. Голдуу бүгдээрээ эх орон, улсынхаа төлөө өөрсдийнхөө хийж бүтээхийн онгод хийморь нь цалгисан үедээ л ажиллаж амьдарсан. Өнөөдрийн Монголын хөгжлийн нүүр царай энэ ахмадуудын нуруун дээр тээгдэж ирсэн. Хөл нь майга, нүд нь хараагүй, таяг тулсан, нүүр нь үрчийсэн өвгөчүүл бол Монголын хөгжлийг нуруундаа үүрч ирсэн аугаа хүмүүс шүү гэдгийг энэ залуу үеийнхэн маань их сайн бодож сэтгэж байгаасай гэж боддог юм.

Ингэхийн тулд юм их унш. Энэ өвгөчүүл чинь хэзээ ч өөрсдийгөө магтаж бичээгүй. Яруу найрагч, хөгжмийн зохиолч, зохиолчдын бичсэнийг уншиж амьдралтай танилцаж “Миний аав, ээж ийм амьдралыг туулж иржээ. Тансаглаж байгаагүй юм байна. Хөдөлмөрлөж байжээ” гэдгийг л ойлгож хараасай. Амьдралдаа үнэнч яв. Ахмад үеийнхэн амьдралдаа үнэнч явсан шүү. 10, 20 хүүхэд төрүүлсэн азай буурлууд тэднийхээ ач буяныг эдлээд сайхан амьдарч байна. Инээд баясал дүүрэн амьдарч байгааг алийг тэр гэх вэ.

-Та нэгэн удаа “Би урлаг уран сайхан, дуу яриад залхлаа. Харин ээжийн тухай, эхийн хайрын тухай, хүн энэ орчлонд яах гэж ирсэн тухай яримаар санагдаад байх боллоо. Тэр тухай ярих цаг минь болжээ” гэж байсан шүү дээ?

-(Инээв). Ингээд ярихаар их сонин юм л даа. Хүний ухаан төлөвшиж суухад тодорхой хугацаа байх шиг байна аа. Хорин хэдэн нас бол хийсч л явдаг нас юм байна. Хийсээд л хаана наргиан цэнгээн байна, хаана л сайхан инээдэм баяр баясгалан байна. Тэр рүү л тэмүүлж явдаг. Залуу нас гэдэг хаана л сонин юм байна, тэр рүү л харайж хашхичиж явдаг. Тэр үедээ би эцэг эхээс төрсөн үү ч гэдгээ аягүй бол мэдэхгүй.

Хорвоогийн хаанаас гараад ирснээ ч мэдэхгүй тэгж явдаг тодорхой нас байдаг юм шиг байна. Ер нь амьдрал дээр ажиглалт хийгээд байхад, өөрсдийнхөө өсч өндийсөн цаг үеийг бодохоор эмэгтэй хүн эрэгтэй хүнээс арай түрүүнд ухаан суудаг. Ээж, аавдаа арай элгэмсэг ханддаг. Сэтгэл нь ээж, аав руугаа тэмүүлж явдаг.

Эрчүүдийг хараад байхад хэнэггүй ч гэмээр тийм зан их гаргадаг бололтой. Эр хүний ухаан явц дундаа газар авах юм л даа. Хэдийгээр дараа нь ухаан суух ч арай илүү сэтгэж, илүү боддог. Эмэгтэйчүүд үр хүүхдээ өсгөх, ач, гучаа хүмүүжүүлэхийн төлөө илүү хандаад байдаг. Насны өндөрлөгт ирээд “Ээж, ааваа баярлуулж байхгүй яав даа” гэж бодно.

Сэтгүүлч Д.Хатанбаатарын “Ээждээ захидал бичээрэй” ном бол бидний ширээний ном. Бид тэр номоос их санаа авдаг. Бид ээждээ хайртай, аавдаа хайртай л гэнэ. Жигтэйхэн хайртай л гээд байдаг мөртлөө өдөр болгон ярьж чаддаггүй.

Өдөр болгон тэднийхээ амар мэндийг асуудаггүй. Ажил төрөлдөө ч түүртдэг биз. Ээж, аавынхаа туулж ирсэн амьдралыг л үр хүүхэд нь туулж яваа шүү дээ. 70, 80, 100 нас өндөр нас боловч яг амьдраад ороод ирэхээр маш богино хугацаа юм байна. Тоолохоор наян нас өндөр нас боловч туулсан амьдралаа дүгнээд цэгнээд үзэхээр бас ч богино шүү. Богино санагддаг.

Хүн нас өтлөөд ирэхээр ам, санаа хоёр л үлддэг юм (Инээв). Ийм ч юм хийх юмсан, тийм ч юм хийх юмсан гэж санаад байдаг, амаараа яриад байдаг. Хийх бүтээх үе нь өнгөрөөд чадал нь мохоод, оюун ухаан нь хүчрэхээ больчихсон, сэтгээд бодоод байдаг ч тэрийгээ хийж хэрэгжүүлэх чадал нь мохчихсон байдаг.

Эх хүн гэдэг чинь аугаа л даа. Эх л байсан цагт хүн төрөлхтөн байна. Миний хоёр охин байдаг юм л даа. Хоёулаа гадаадад байдаг юм. Өдөр болгон ярина. Ээж нь тэрэнд нь их дуртай. Ээж хүн чинь үр хүүхдийнхээ дууг сонсч байж баярладаг байхгүй юу (Нулимс нь цийлэгнэв.сурв)

Түүнээс биш өгөө аваа, эд бараа ярихаасаа илүү охидынхоо дууг сонссон үедээ ээж нь жигтэйхэн их баярлаж их нялхамсдаг. Тийм сайхан юмыг ээж хүн сэтгэлдээ тээж явах юм даа. Сайхан сэтгэлийг өвлөж үлддэг нь ээж л юм. Хүү нь буруу юм хийлээ ч ээж нь сэтгэлдээ өмөөрч явдаг.

Миний хүү арай тийм юм хийхгүй. Миний хүүг андуу ташаа харсан биз гэж дандаа л хамгаалж явна. Эцэг хүн зарим үед чанга байдаг боловч өтлөөд ирэхийн цагт сэтгэлийг нь хорвоо уярааж өгөх юм даа. Яаж ч хатуу загнаж чадахаа больдог.

-Ноён нуруутай, нэг л замаар тууштай явахад хэцүү юу?

-Хүн чанар гэдэг аугаа чанар юм даа, базарваань минь. Ямар ч үед ноён нуруугаа алдахгүй байна гэдэг аугаа. Заримдаа хугараагүй ноён нуруу гэж ярих юм байна шүү дээ. Тэгж хэлүүлж байгаа хүн их ноён нуруутай, хаана ч аливааг зохицуулаад гэгээлэг замаар яваад байдаг гэдэг сайхан юм даа. Түүнээс биш хоёр талд шарваад энд тэнд очиж сайн царайлаад байх нь ноён нуруу биш.

Хүн чанарын талаар бид хөгшин, залуугүй бүгд цаг ямагт бодож явах хэрэгтэй байгаа юм. Юм болгонд л хүн өтөлсөн хойноо л ухаантай байдаг юм гэж сэтгэж бас болохгүй. Аль залуугаараа сэтгэл, оюуны асар их тэнхээтэй хүмүүс байна шүү дээ. Харин тэдэнтэй оюунаа уралдуулж л харилцан бие биенээсээ суралцаж л байх хэрэгтэй. За энэ ная гарчихсан хөгшин л ноён нуруутай үг хэлнэ дээ гэж ойлгоод байдаг нь өрөөсгөл. Сайхан ноён нуруутай залуу үеийнхэн байна.

Юмыг ухааруулж сэтгэж бодож чаддаг. Хийж чаддаг, ярьж чаддаг, хүнд ойлгуулж чаддаг. Улс орноо хөгжүүлье, улс орноо аваад явъя гээд болохгүй байгаа юмнуудыг хөндлөнгөөс нь хараад ухаан суучихсан, хөндлөнгийн ухаалаг залуус ч бас байна.

Харин би нэг юмтай санал нэгддэггүй. Ажилгүй хүн их байна, ажилгүйчүүдийн тоо нэмэгдээд байна гээд байдаг. Манайд ажилгүй хүн байх ямар ч үндэслэл байхгүй. Ажил бол манайд бий. Харин манайхан ажилдаа өөрсдөө тэнцэхгүй байна. Мэргэжилдээ тэнцэхгүй. Тэгээд л ажилгүйчүүдийн арми гэж яриад байдаг болохоос биш, ажил голохгүй бол манайд ажил шиг их юм алга. Хаана ч ажил байна.

-Хань ижил, найз нөхөд гээд ойр тойрны хүмүүсийн жинхэнэ чанар зовлон тохиоход л танигддаг. Түүнээс биш жирийн үед хүнийг танихад бэрх бололтой. Тийм үү?

-Хүн ханиа олж авна гэдэг их хэцүү дээ. Сонголт хийнэ гэдэг царайны сайхныг биш, сэтгэлийн сайхныг олж авч чадсан нь жаргадаг. Царайны сайхнаар цай сүлэхгүй. Дээр үеийнхэн үр хүүхдээ сайн хүнтэй ханилуулах, сайн хүнийг босго алхуулахдаа их судалдаг байж. Одоогийн залуус долоо хоноод л сууж байна ч гэх шиг. Танилцаад долоо хоноод суугаад дахиад долоо хоногийн дараа хуримаа хийж байна ч гэх шиг.

Энэ бол шохоорхол л байх даа. Жинхэнэ ханийг олоход хэцүү шүү. Ханилж байж л ханиа танина. Бие биедээ үнэнч, тэр олон жилийн амьдралыг туулж өнгөрөөсөн 70, 80 жилийн амьдралыг харахад их л аугаа харагддаг юм даа.

Тэр амьдралд тэр хоёр дандаа жаргаж байгаагүй шүү дээ. Зовж байсан, ядарч байсан, зүдэрч байсан, юмаар дутаж байсан, дандаа хангалуун сэхүүн амьдарч байгаагүй шүү дээ. Хоолгүй хонож байсан удаа ч бий. Хэдэн хүүхдээ хооллохын тулд өөрсдөө хоол дутуу идэж, дутуу нойртой явж ирсэн байж таараа. Олон хүүхэдтэй айлын амьдралыг харахад ээж нь тогоондоо хоол хийлээ, сорыг нь хөгшиндөө хийж өгөөд үлдсэнийг нь хүүхдүүддээ хуваагаад хамгийн сүүлд шавхрууг нь ээж иддэг юм. Тийм ээ.

-Тэгдэг.

-Тэгэхээр өрөвдмөөр байгаа биз. Шавхруу идчихээд “Ээж нь цадлаа” гэдэг. Үнэндээ тэр ээж хоол идэж чадаагүй байдаг. Идээгүй байгаа. Үнэрт нь л цадаж байгаа биз, тэр. Өөр юу идэх юм. Тэгэхээр хань гэдэг хүний нэг насанд олдох заяаны түшиг тулгуур, багана.

-Тэвчээртэй, тэвчсэн хүн ханьтай үлддэг гэж хүмүүс ярих юм. Хүнтэй амьдрахын тулд тэр их зүйлийг заавал тэвчих ёстой юу. Одоо бол тэвчиж өөрийгөө дарлуулснаас салсан нь дээр гэдэг үгийг их хэлдэг болцгоожээ?

-Бас бодох л үг. Бие биенээ өөлөөд байвал өө гарна шүү дээ. Аль нэг дутагдал байгаа, тэрийг нь тэвчиж өнгөрөөх хэрэгтэй. Сэтгэлийн тэнхээ, тэвчээртэй, дуугарах юман дээрээ дуугардаг. Дуугарахгүй юмаа сэтгэлдээ тээж хадгалж чаддаг байх ёстой. Сэтгэлийн тэнхээтэй л байх хэрэгтэй, хүн. Сэтгэлийн тэнхээтэй хүн аз жаргалтай амьдарч чадна. Хүнд хэлэх үг гэж байна, хэлэхгүй үг ч гэж байна. Хүний хэлсэн болгоныг хүнд дамжуулдаг тоть шиг байж болохгүй. Хүний муу хэлсэн үгийг тэр хүнд нь хэлж болохгүй. Чамайг тэр муулаад байна лээ гэж ирж хэлж байгаа хүн муу хүн. Дайсан чинь чиний хажууд л амьдарна шүү дээ. Дайсан өөрсөд дотроос минь л гардаг. Хамгийн ойрын хүмүүс дунд л дайснууд байдаг.

Одооны залуусыг хараад байхад эхнэр, нөхөр хоёр бие биетэйгээ их барьцана. Энэ хийгээгүй байхад би юу гэж хийх юм, адилхан л хийнэ ээ хө гэх. Хүнд босоод нэг аяга цай аягалаад өгсөнөөрөө тэр хүн боол болж байгаа юм биш шүү дээ. Гэрийн эзнээ ороод ирэхээр нь гадуур хувцсыг тайлж аваад өлгүүрт өлгөж, хүрч ирэхээр нь сандал дээр суулгачихаад нэг цай хийгээд өгөхөд тэр айлын зарц, боол болчихгүй. Гаднаас орж ирээд пиджакаа өлгүүлээд цайг нь аваад ууж байгаа гэрийн эзэн “Энэ надад ингэж үйлчлэх ёстой” гэдэг сэтгэхүйтэй байж бас болохгүй.

-Олон түмний хайр хүндэтгэлийг хүлээгээд нэрд гарсны дараа насны эцэст тэтгэвэрт сууна. Тэр үед буюу нэрд гарсны дараахь амьдрал яг ямар байдаг вэ. Мандсаны дараа буулт гэж нэг юм бий?

-Хүнийг сайн явахад ах дүү, төрөл садан, найз нөхөд их байна. Хүнийг сайн явахад нөхөр олон ч муу явахад ховорддог. Алга болчихдог. Сайн нэрийг олж авахын тулд бүх юм өөрөөс нь л шалтгаална. Түүнээс биш хөндлөнгийн ямар нэгэн юм юу ч болдоггүй юм.

Дандаа л хуушуур, банш, бууз идээд л, 48-ын чихэр идээд л хэвтээд байснаараа дэвжихгүй. Хүн хөдөлмөрлөж, ухаанаа зарснаар дэвжинэ. Ааш зан нь адасга шиг байвал хүн ойртохгүй. Их авьяастай хүмүүс ааштай байдаг гэж ярьдаг. Би тэр үгтэй ёстой санал нийлдэггүй. Хүн хүний төрөлхийн араншин л байх. Түүнээс биш их авьяастан ааштай байдаг гэдгийг би дотроо хүлээн зөвшөөрдөггүй юм.

Тэр хүний угийн, төрөхийн л төрх нь л байхгүй юу даа. Түүнээс биш их авьяас нь багтахаа байж сагасандаа тэгж муухай аашлаад байдаг юм биш. Их авьяастай хэрнээ даруу зантай хүн гэвэл алийг тэр гэхэв дээ. Л.Мөрдорж гуай яг тийм хүн байсан шүү дээ. Асар их авьяастай, байгалиас заяасан авьяастай. Хэнтэй ч хамаагүй сайхан харьцаж найзалж нөхөрлөнө. Төмөр замд оччихсон тэнд байдаг нөхөдтэй наргиад л сууж байдаг. Нөгөөдүүл нь түүнийг алдартай хүн гэж таних ч үгүй. Өөрөө дарга цэрэг гэж дээшээ доошоо гүйгээд байхгүй.

Дуугүй л байна. Уран бүтээл хийсэн ч чимээгүй. Хөөе би ийм нэг юм хийчихлээ, алив дуул гэхгүй. Өөрийн эрхгүй тийм их авьяастай хүнийг чинь хүмүүс дагадаг байхгүй юу. Та ямар дуу хийв. Таны тэр дууг дуулмаар байна гэвэл тэр дуугаа хэнд ч хамаагүй шууд өгчихдөг. Өөрийнхөө дууг барьж аваад “Энийг нэг дуулаад өгөөч” гэж хүн хайгаад байхгүй. Байгаа, байхгүй хоёр нь мэдэгдэхгүй хэрнээ асар их авьяастай. Тийм улсууд байдаг. Түүнээс биш их авьяасыг дагаж муухай ааш байдаг гэж бодож болохгүй. Их авьяастнуудыг өөр араншинтай, огцом ааштай байдаг гэж ярьж болохгүй. Тэр бол шал худлаа. Хүн хүнээрээ л явдаг байлаа шүү дээ.

-Хүнд урам өгч чаддаг, туулж буй зовлонг нь өөрийнх юм шиг мэдрээд цагийг нь, цэгийг нь олж сэхээрэл өгч чаддаг сайхан хүмүүс бас байна аа, байна?

-Хүн бүхний түлхүүр өөр өөр байдаг байхгүй юу. Хүний цоожийг онгойлгоод сэтгэлд нь нэвтэрнэ гэдэг чинь эрдэнэсийн сан нээж байгаа гэсэн үг л дээ. Шинжлэх ухаанд нээлт хийлээ л гэсэн үг. Хүний сэтгэлийг онгойлгоно гэдэг том зүйл. Сэтгэлийг нь нээсэн хүнийхээ хаашаа яаж гишгэхийг нь хүртэл мэддэг болчихдог.

Үүний нөгөө талд бодож санаж байгаагүй дотны улсууд л хүнийг цохилтод оруулдаг. Итгэл даадаггүй тийм улсууд л санаандгүй хэцүү байдалд оруулдаг. Хүний амьдралд тийм зүйл тохиолдоно шүү дээ. Итгэж хэлсэн зүйлийг нөгөө хүнд буруугаар ойлгуулдаг ч юм уу. Итгэл өгөөд байхад итгэл даадаггүй улсууд байдаг.

-Урлагийн амьдралаа архинаас болж алдсан олон хүн бий. “Хүмүүс дайлж цайлсаар байгаад архинд оруулчихсан юм” гэж бусад руу бурууг нь чихдэг. Архинд орох уу, үгүй юу гэдэг чинь эцэстээ тухайн хүнээсээ л хамаарна биз дээ. Тэр их дайллага цайллага, архидалтаас сугарч гарч ирнэ гэдэг бас том ухаан байлгүй?

-Би чинь залуу байлаа шүү дээ. Хорин хэдэн насандаа ид дуулж явлаа. 20, 21 настай. “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” гэдэг шиг л би ард түмний нижигнэсэн алга ташилт, их хайрын дор явсан. Гараад ирэхэд машаан нь бэлэн.

Машаанд суулгаад л аваад явна. Цэнхэр шилтэй архи бэлэн л байлаа ш дээ. Би тэр архинаас уугаагүй ш дээ. Би угаасаа амьдралдаа архи уугаагүй. Тоглолт тарахтай зэрэг л “Манайхаар нэг ороод гараарай” гэнэ. Ороход идээ будаа, хоол унд, мах шөл, архи дарс дэлгээтэй. Тэр айлын хамгийн хүндтэй суудалд сууна. Архи хундагалаад өгөхтэй зэрэг нь баярлалаа гэж хэлээд л уруулаа хүргээд тавина.

Ууна иднэ гэдэг чинь хүнээсээ л шалтгаална ш дээ. Өөрөөс нь л шалтгаална. Түүнээс биш уухгүй гэвэл хүний ам руу цутгадаггүй юм шүү. Гагцхүү ухаан зарж тэдэнд ойлгуулах л хэрэгтэй байдаг юм. “Би архи уухаар хоолой минь алга болчихдог юм аа”, “Нарийн хоолой гэдэг чинь бүр хэцүү байдаг юм шүү дээ” гээд л энгийн үедээ сайхан яриад ойлгуулчих. Архи ууж байгаа үед нь ууж байгаа юм шиг хажууд нь сууж тэвчиж чаддаг байх хэрэгтэй. Өөрөө уухгүй мөртлөө тэднийг ууж байхад нь архийг нь аягалж өгдөг ч юм уу, сайхан үг хэлээд баярлуулж ганц нэг дуу аялж өгдөг ч юм уу.

“Уухгүй” гэж уур амьсгалыг нь эвдэхгүйгээс гадна нөгөө улсууд чинь эргээд яах юм билээ. Хэрүүл шуугиан, зодоон цохион элдэв юм болно. Ер нь амьдрал дээр ч бай, ажил дээр ч бай “Би нийгмийн дунд явж байгаа. Би уран бүтээлч хүн. Би архи ууж агсам согтуу тавьж нийгмийг бусниулбал Монголын урлагийн нэр хүнд алдагдаж үгүй болно. Монголын урлагийнхан л гэж ярина уу гэхээс биш, Зангад гэж ярихгүй” гэж боддог.

Би угаасаа, залуугаасаа архи уугаагүй. Ууж сураагүй. Архи уудаггүй хүн нөхөд цөөтэй болчихдог юм (Инээв). Нөхдөөсөө би хөндийрч байгаа юм байна шүү гээд эргээд ууж болохгүй. Найз нь архи уухгүй болохоор нөхөд нь хэсэг хугацааны дараа тэрийг нь мэдрээд эргээд ойртоод ирдэг юм. Тэр болтол ухааруулах хэрэгтэй. Ямарваа юмыг дандаа гэгээлэг, өнгөлөг талаас нь харах хэрэгтэй. Энэ архичин юм ш дээ, энэ ийм тийм гэж буруу бүхнийг нь хараад байж болохгүй. Тэгэхийнхээ оронд дандаа магт. Тэгж тэр хүнд урам хайрлавал тэр урмын хариу нь чамд дороо хүрч ирдэг. Эргэж урмаар орж ирдэг юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!