LOADING

Type to search

Онцлох

Б.Зангад: Аливаа юм хэмжээтэй, түүнийг мэдэрч амьдрах хэрэгтэй

Share

“Амьдралын тойрог” булангийн энэ удаагийн зочноор Ардын жүжигчин Б.Зангад гуайг урилаа. Урилгаа бол эрт өгсөн л дөө.

“Цалин мөнгөн тэнгэртээ

Цасан угалз наадуулсан

Цагаан торгон өмсгөлдөө

Цацаг чимэг сагсуулсан” хэмээн түүний дуулж амьдруулсан “Сүлд модны наадмын дуу” будрах цастай хамт гудамж талбай, хаа сайгүй ид эгшиглэсэн тийм нэг торгон агшинд уулзаад авъя гэж хүссэн юм. Уулзах нь ч уулзсан, харин Б.Зангад гуай маань “Аливаа юм хэмжээтэй байдаг.

Хэт бялуурвал олны дургүй хүрнэ шүү дээ. Шинэ жилийн баяр гээд надад олон телевиз, сониноос нэвтрүүлэгт оролцооч, ярилцлагын буланд урьж байна гэсэн хүсэлт ирүүлсэн ч би заримд нь уучлаарай гэж хэлээд  буцаалаа.

Суваг солих бүрт гарч харагдвал энэ хүнээс өөр дуучин Монголд алга уу гэж хүмүүс дургүйцнэ биз дээ” хэмээн татгалзсанаар шинэ оны босгон дээр уулзахаар  болзсон юм. Ийнхүү уншигч танаа  “Амьдралын тойрог”-ийнхоо 2014 оны эхний дугаарыг, шинэ зочны хамт хүргэж байна.

Шинэ ном, шинэ клип, шинэ түүхтэй хуучин оноо үджээ

Б.Зангад гуай Соёлын төв өргөөний зүүн талын бидний нэрлэж заншсанаар “Өндөр”-ийн 12 давхарт Урлагийн ажилтны холбоо гэсэн хаягтай ажлын жижигхэн өрөөндөө биднийг угтаж авлаа.Түүх хуучлахад энэ барилга 1987 онд ашиглалтад ороход хамгийн анх орсон байгууллагын нэг нь Урлагийн ажилтны холбоо юм.

Тухайн үед   саруулхан том өрөө  сонгож авах боломж  байсаар атал Б.Зангад гуай “Энэ  л болно” гээд тэрхүү   жижигхэн өрөөг заасан гэдэг. Соёлын төв өргөө гэх тэрхүү саарал байшинг анх ашиглалтад орсноос өнөө хүртэл тэнд ажилласан ахмадуудаас өнөөдөр академич Ш.Бира гуай, Б.Зангад гуай хоёр л үлджээ.

Харин өнгөрсөн намраас Ш.Бира гуай “Нас өндөр боллоо”  хэмээн ажлаа хүлээлгэн өгсөн гэнэ. Тэндээс Б.Зангад гуайн гэр ойрхон. Бөхийн өргөөний зүүн талын  “Гурван өндөр”-өөс СТӨ-ний “Өндөр” хүртэл  аажуухан алхаад ирэхэд өглөөний дасгал болдог аж. Тэгээд цахилгаан шат байхгүй үед 12 давхар хүртэл өгсөхөд  гам уншсантай адил, нэг ёсондоо хоолойны  дасгал болчихдог гэсэн.

Бидний яриа ийнхүү бяцхан дурсамжаар эхэлж, шинэ оны босгон дээр уулзаж буй учраас зочноосоо хуучин оноо ямар амжилт, бүтээлээр үдсэнийг  нь сонирхов.

Б.Зангад “Жил тутам хүний амьдралд шинэ үйл явдлууд өрнөн баяр баясгалан авчрах, ололт амжилтын дээдийг хүртэх гээд олон сайхан зүйл эргэлдэж байдаг. Гагцхүү түүнийг өргөжүүлж хөгжөөн дэвжээх нь  хувь хүнээс өөрөөс нь шалтгаалах юм” хэмээн онцолж байна.  Өнгөрч буй 2013 он түүний хувьд сайхан жил байсан гэнэ.

Монголын урлагийн ажилтны холбооны IX их хурал болж, түүнд зориулж “Түүхэн товчоо” номоо  уламжлал ёсоор гаргажээ. Радио телевизийн хэд хэдэн сайхан нэвтрүүлэгт оролцож, өөрийн бодол санааг илэрхийлсэндээ сэтгэл дүүрэн байна.

Мөн ETV телевизийн уран бүтээлч хамт олон түүний дуулсан “Сүлд модны наадмын дуу”-гаар клип хийж дүрсжүүлсэн нь их сайхан болсныг уншигч, үзэгчид шинэ жилийн баяраар харсан байх.

Б.Зангад гуайн уран бүтээлийн амьдралд гарсан бас нэг сайхан зүйл  нь одоогоос 40 жилийн өмнө 1973 онд Багшийн сургуулийн хөгжмийн удирдаачийн анги төгссөн хөгжмийн зохиолч Булган, эрдэм шинжилгээний залуу ажилтан Д.Цэдэв нарын хамтран бүтээсэн “Насны баясгалан” дуу МУБИС-ийн сүлд дуу болсон тэмдэглэлт үйл явдал гэдэгтэй хэн ч маргахгүй байх.  Б.Зангад гуай “Анх надад өгч, би дуулсан юм.

Энэ жил 40 жилийнх нь ойгоор МУБИС өөрийн хүндэтгэлийн дуу болгохоор захирлынх нь  тушаал гарч албан ёсоор хүлээж авлаа. Дуртай нэгний дуулсан дууг тэр  сургууль хүлээж авахгүй байх.

Анхны төгсөгчөө хүндэтгэхийн зэрэгцээ оюутан залуусын зорилго тэмүүлэлтэй тэр дууны үг, утга авцалдсан болов уу. Тиймээс МУБИС-ийн хүндэтгэлийн дуу болж миний урын сангаас  тийшээ очиж байгаад уран бүтээлчийн хувьд баяртай байна” хэмээн ярьж сууна.

Шинэ, хуучин он солигдох баярт мөчид тэр дуу цангинаж байхад “Энэ дууг чинь би анх дуулсан юм шүү дээ” гэж омогших сэтгэл төрдөг

“Сүлд модны наадмын дуу”-г анх дуулахдаа урт наслахыг нь мэдээгүй

Эрхэм дуучны   дуулсан ихэнх дуу 40, 50-аад жил болжээ. Анх дуулсан дуунууд энэ онд 60 жилийн ойтойгоо золгож байгаа юм байна. “Намрын шөнө”, “Гоёхон чимэг юм уу даа”, “Жаргаах зүрхэн” зэрэг дуу хагас зуун жил дуулагдаж байгаа гээд бодохоор гайхамшигтай санагдана.  

“Сүлд модны наадмын дуу” гэхэд л  52 жилтэйгээ золгож байгаа гэнэ. “Гайхамшигтай бүтээлүүд л ингэж урт насална даа” гэхэд минь тэрээр “Монголын урлагийн сор болсон агуу хүмүүс ХХ зууны эхээр тэр бүтээлүүдийг  үнэхүү сэтгэлээсээ хийсэн. Тэдний нөмөр нөөлөгт багтан ажиллаж амьдарч байсны  хувьд надад дуулах хувь тохиосон юм. Түүгээрээ би бахархаж явдаг.

Шинэ, хуучин он солигдох баярт мөчид  бүх хүн шинэ жилийн тухай дуугаа дуулж, хаана л бол хаана  тэр дуу цангинаж байхад “Энэ дууг чинь би анх дуулсан юм шүү дээ” гэж омогших сэтгэл төрдөг.

 Тэр бүтээлүүдийг хийсэн агуу их хөгжмийн зохиолч, жишээ нь “Сүлд модны наадмын дуу” -ны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Гончигсумлаа гуай, шүлгийг нь бичсэн Ж.Бадраа гуай хоёрыг би яг энэ мөчид эргэж дандаа санах юм даа.

Тэр дуу анх яаж төрсөн, хэрхэн өлгийдөж авч, надад дуулуулахаар өгч хайр хишгээ хүртээж байсан нь тэртээ 50, 60 жилийн өмнөх явдал шүү дээ. Гэтэл өнөөдөр хүртэл дуулагдаж байдаг.

Тухайн үедээ би залуу ч байж, дотор юу ч  бодогдож байгаагүй. 50 жилийн дараа энэ дуу эгшиглэж байх юм шүү гэж би хувьдаа огт бодоогүй. Зохих мэргэжлийн төвшинд л дуулъя гэж бодож байснаас өнө холын юм санаанд ороогүй дээ, тэр үед” хэмээн дурслаа.

Гурилан боов,  ёотонгоос өөр юмгүй өвлийн өвгөний бэлэг нь хамгийн дээд шагнал байжээ

Шинэ жилийн баяраар “Сүлд модны наадмын дуу”-г Б.Зангад гуайн дуулснаар сонсох хүсэлтэй олон хүн бий. Орчин үеийн дуу хөгжим гэхээсээ илүү анхалж дуулсан дуучныг нь сонсвол сонин байх болов уу  гэж   үе үеийнхэн  түүнд  ханддаг нь энэ. Сая гэхэд л цөөнгүй урилга ирж, эрвээхэй зангиа тэргүүтэн гоёлын хувцсаа бэлдэж аваад шинэ жилийн баяраас баярын хооронд буухиалан очиж  бүгдийнх нь хүсэлтийг биелүүлж  өгчээ.

Энэ тухайгаа “Өдий насалсан өвгөн дуучныг  нижгэнэсэн алга ташилтаар хүлээж авна гэдэг  урам хайрлах юм. Би тэдэнд ахмад хүний хувьд буян болж байгаа биз. Харилцан бие биетэйгээ шүтэлцээд явж байх нь юунаас ч илүү  эрхэм  юм” хэмээн хуучлав. Харин Б.Зангад гуайн  үеийнхэн шинэ жилийг  хэрхэн  тэмдэглэж байсныг сонирхвол “Би чинь  1940-өөд оны  сурагч шүү дээ” гэж байна.

Сүлд модны наадмын бэлтгэл  гэж хэдэн шөнө нойроо хасна. Өнгийн  харандаа,  усан будгаар  цаасаа будчихаад, хайчилж гинж  хийнэ. Хатуу цаасан дээр таван хошуу мал, арван хоёр жилийн дүрс зураад  хайчилж  сургуулийн заалны хоёр  хананы хооронд татсан утсан дээр  тохно.

Сүлд модныхоо энд тэндээс  өлгөнө. Ер нь сайхан харагдсан болгоныхоо дүрсийг зурж, хайчилж, наах зэргээр  сүлд модоо  чимдэг байжээ, тэд.  Тэр үед шинэ жил дөхүүлээд сургуулийн захиргаанаас нь  уут оёж ирэх даалгавар өгдөг байжээ.

Хүүхэд бүр өнгө өнгийн даавууны өөдсөөр  уут оёод авч очно. Тэр уутанд сургуулийн захиргаанаас  нь гурав, дөрвөн ширхэг бираанаг гэх гурилан боов  хэдэн ёотон хийдэг. Гадуураа цаастай чихэрийг  алаг чихэр гэдэг байсан бөгөөд  тийм чихэр  ганц хоёрыг л хийдэг нормтой байжээ.  Тэр бэлгээ аваад хүүхдүүд хөл газар хүрэхгүй баярлаж, түүнээсээ асар их урам авдаг байсан гэнэ.  Онц сурсан хүүхдүүдийн бэлэг бусдынхаасаа өөр.

Тэднийг өнгийн болон балын харандаа, дэвтрээр  шагнадаг.  48 хуудастай дэвтэр тэр үед онц сурлагатнуудын авдаг бэлэг байжээ. Б.Зангад гуайн хувьд баярын концертонд дуугаа дуулаад өвөөгөөсөө бэлгээ авч, үнсүүлдэг хүүхэд байж. Бэлэг авч, өвгөн ааваар  үнсүүлсэн хүн тухайн үедээ одоогийн бурхан багшаас адис авч байгаатай  бараг адил  байсан гэнэ.

Б.Зангад гуай яагаад дуучин болсон юм бол?

Дуучидтай ярилцаж суухад өөрийн авьяас, дуулах ур чадварыг  төрсөн газар, нутаг устайгаа холбож үздэг юм билээ. Би ч бас “Амьдралын тойрог”-ийнхоо зочныг яагаад дуучин болсон юм бол гэж бодож явсан.

Тэгвэл Б.Зангад гуай өөрийгөө би чинь баруун Монголын бүтээгдэхүүн юм шүү дээ, тэр их мэдрэмжтэй ард түмний дундаас төрж, тэдний дуу хөгжмийг хар багаас сонсч, бий биелгээг нь харж, цуур үлээж, тууль хайлахыг нь чагнаж, тэр олон ястны ардын дуугаа дуулахыг харж, сонсч өссөн минь  дууны ертөнцөд орж ирэхэд ихээхэн түшиг тулгуур болсон.

Монголын урлагт өөрийн байр суурийг эзлэхэд тэр агуу хүмүүсийн нөмөр нөөлөг надад их нөлөөлсөн. Тэр буянаар өдий хүртэл ажиллаж, амьдарч явна хэмээн тодотгож байна. Б.Зангад гуай  1946 онд сургуулийн босго алхаж  1947 оноос дуулжээ. Тэр үед “Гурван баатар” гэж эх орны сэдэвтэй дуу, “Өнчин хөх ишиг”,  “Хавар” зэрэг хүүхдийн дуунууд ид дэлгэрч байжээ.

Нижигнэсэн алга ташилт дунд  нэгэн жарныг туулж явна 

Одоогоос хэдхэн жилийн өмнө  Б.Зангад гуайгаас ярилцлага авахад  “Урлагийн алтан тайзнаа 55-хан жил дуулжээ, би” хэмээж байсан нь санаанд орлоо.

Энэ онд түүний дуулж амьдарсан 60 жилийн ой болно. Гэвч, тэрээр “би” гэж хэзээ ч цээжээ дэлдэж байсангүй. Хэн бүхний таньдаг даруухан, зөөлхөн, яг л дуулсан шигээ намуухан эрхэм билээ. Энэ өндөрлөг дээрээс өөрийн хийж бүтээснийг дүгнэхдээ “Би өөрөө чадалтай сайндаа дуулаагүй юм шүү.

Үе үеийн яруу найрагч, хөгжмийн зохиолч, хөгжимчид, удирдаач, уран бүтээлчдийн дэмжлэгээр энэ дуунуудыг хийж бүтээсэн юм шүү дээ” хэмээн дурсч сууна. Тэгвэл Б.Зангад гуай  дуулсан дуугаараа хөшөө босгосон ховорхон дуучдын нэг. Дууны  хоёр дахь  хөшөө Ховдод боссон нь “Буянт гол” юм.

Нутгийнхаа дууг дуулж, нутагтаа хөшөө босгуулсандаа тэрээр  баярлаж явдаг гэсэн. Үүнийгээ “Буянт гол”-оо  дуулахад миний Буянт энүүгээрээ ингэж урсдаг, тэр тохойг тэгсхийгээд тойрдог доо гээд дурайтал  харагддаг хэмээн дурссан нь бий.

Мөн тэрээр өөрийн анхлан дуулсан дуугаар ном гаргасан эрхэм уран бүтээлч. Гэхдээ бид дууны хорвоод орж ирсний  ач буяныг эдэлж,  60  жил алаг  цэцгийн баглаа, нижгэнэсэн алга ташилт дунд амьдарч яваа эрхэм уран бүтээлчийн амнаас  “Үүнээс илүү ямар  эрхэм зүйл, аз завшаан, жаргал  байх вэ” гэсэн товч бөгөөд цөөхөн үг л олж сонслоо.

Учир нь ахмад үеийнхэн маань  өнөөгийн бидэн шиг өөрийгөө магтах  тун дургүй. Б.Зангад гуай ч тэдний л нэг.  Тэгвэл  энэ онд нижгэнэсэн алга ташилт дунд нэгэн жарныг туулж яваа эрхэм дуучны их урлагт зүтгэсний 60 жилийн ой тохиож байна. Шинэ босгон дээр тэрээр “Эх орны дөрвөн зүг, найман зовхист ажиллаж, амьдарч байгаа ард түмэндээ,  мөн анай сонины уншигчдад ирж байгаа шинэ оны мэндийг хүргэе.

Ирж буй 2014 он та бидэнд аз хийморь, ажил бүтээлийн ундарга хайрласан, хамгийн гол нь эв нэгдэлтэй, бие биеэ хайрлаж, хүндэтгэсэн,  урам хайрласан жил байх  болтугай” хэмээн ерөөснийг уламжилъя. Мөн нэгэн жарныг та бидний сонорыг мялаасан дууны урлагт зориулж, зүтгэж бүтээж ирсэн Ардын жүжигчин Б.Зангад гуайдаа  аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг эрхэм уншигчид, хамт олныхоо өмнөөс хүсэн ерөөж энэ удаагийн сурвалжлага, тэмдэглэлээ жаргаая.

Ч.ҮЛ-ОЛДОХ ЗУУНЫ МЭДЭЭ СОНИН

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!