LOADING

Type to search

Онцлох

​Х.Амартүвшин: Ханиадаа өөрсдөө дур мэдэн дутуу эмчилснээр дахин, дахин хүрэх үндэс болж байна

Share

Хүйтэн, сэрүүний улирал эхэлж ханиад, томуугийн халдвар элбэгшиж байгаа учир энэ жилийн ханиад ямар онцлогтой байгаа талаар  хүлээн авах тасгийн эмч Х.Амартүвшингээс тодруулахаар ирсэн юм.

Хүлээн авах тасгийн эмч ирсэн өвчтөн бүртэй тулж харьцаж, үзлэг хийж, оношийг тодруулж, шаардлагатай тусламжийг үзүүлж тасгийн эрхлэгчид хүлээлгэн өгдөг хариуцлагатай алба юм байна. Х.Амартүвшин эмч энэ чиглэлд 22 жил тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд түүнээс энэ жилийн ханиуд вирус, түүнээс хэрхэн сэргийлэх талаар цөөн хором тодрууллаа.

Х.Амартүвшин эмч хэлэхдээ “Агаарын бохирдол болон хуурайшилтаас шалтгаалан хүмүүсийн дархлаа их суларч байна. Энэ жил харшлын гаралтай ханиад зонхилж байна. Илрэх шинж тэмдэг нь хамар битүүрэх, нулимс болон нус гоожих, хоолоо сэрвэлзэх шинжтэй. Мөн энэ ханиаданд цэр гарах шинж тэмдэг маш бага байна.

Хэрвээ цэр гарвал хөөсөрхөг, цагаан цайвар өнгөтэй. Өнгөрсөн жилүүдэд ханиад хүрсэн тохиолдолд хоолонд дургүй болох мөн халуурах шинж тэмдэг илэрч байсан.

Харин энэ жил халуурах болон хоолонд дургүй болох шинж тэмдэг илрэх нь бага ч энэ төрлийн ханиад хүндрэхээрээ уушгины жижигхэн хялгасан судас болон хоолойн судас гэмтээж цустай цэрээр ханиалгуулж байна. Мөн ханиад хүндрээд ирж байгаа олонх тохиолдол архаг боронхитийн суурьтай байна.  

Ханиадаа дутуу эмчилснээс архагшдаг бас ойр ойрхон ханиад хүрдэг болдог.  Тиймээс ханиад хүрвэл эмчид хандан бүрэн эмчлүүлэх хэрэгтэй. Харшлын гаралтай ханиад хүрлээ гээд харшлын эм хавсарч хэрэглэх, дур мэдэн өөртөө эмчилгээ хийх нь буруу. Үүнээс л дээр дурдсанаар өөрийгөө дутуу эмчилж цаашлаад үгдэрч, хүндрүүлж байна.  

Харшлаад байгаа зүйлээ яг юунаас вэ гэдгийг бүрэн тодорхойлж эмчийн заавар, зөвлөгөөний дагуу тохирсон таарсан эмчилгээ хийх ёстой.  Эцэст нь хоол цайгаа таслахгүй, дулаан хувцаслаж дархлаагаа сайн дэмжсэнээр ханиаднаас урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг ард иргэддээ зөвлөмөөр байна. Ханиадаа өөрсдөө дур мэдэн дутуу эмчилснээр дахин, дахин ханиад хүрэх үндэс болж байна гэдгийг онцгойлон анхаараарай.

Хүүхдийнхээ дархлааг сайжруулахын тулд хамгийн гол нь зун агаар салхинд гаргаж, наранд биеийг нь шарж, ус, агаараар эрүүлжүүлэх хэрэгтэй. Мөн томуугийн улирал эхлэхээс өмнө томуугийн вакцин хийлгэж болно. 

Томуугийн вакцин хийлгэвэл харьцангуй хүндрэл бага гарч, халуурах явц ч хөнгөн явагддаг. Эцэг эхчүүдэд зөвлөхөд хүүхдээ ханиад хүрмэгц эм өгөхөөсөө илүүтэйгээр дулаан хувцаслах, даруулахгүй байх, шингэн зүйл сайн уулгах хэрэгтэй. Мөн хүүхдүүддээ тавих халамж анхаарлаа сайжруулах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна” гэсэн юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!