LOADING

Type to search

ТҮҮХ

Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн хүү Г.Ганбат: Бид хоёр аавынхаа нүдэнд жүжигчин болохоор харагдаагүй юм байлгүй дээ

Share

Н.ЛХАГВАСҮРЭН, ӨДРИЙН ШУУДАН

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг буюу Дөлгөөннуураас Баянбүрдийн тойрог хүртлэх гудамжийг иргэд “амьжиргааных” хэмээн нэрлэдэг.

Хэдийгээр нийслэлчүүд энэ гудамжныхныг ад үзэж “Хог, хорт утаа үйлдвэрлэгч”хэмээн цоллодог ч олон хүн эндээс амьжиргаагаа залгуулдаг гэхэд болно.

Машин засдаг, хутга ирэлдэг, сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг гээд тоолбол барагцаагаар 30-аад жижиг мухлаг бий. Харин тэнд ажилладаг хүмүүсийн тоо 70-80-д хүрнэ. Иймээс энэ олон хүний бас тэдний ар гэрийн амьдрал энэ гудамжнаас хамааралтай.

Аав маань ч биднийг яаж явна вэ гээд сүйд болно шүү дээ.

Тэгвэл энд Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн хоёр хүү нь буюу Г.Ганбат, Г.Гансүх нар энэ гудамжинд машин засдаг ажээ.

“Та хоёрын нэг нь аавынхаа мэргэжлийг өвлөж жүжигчин болж болоогүй юм уу” гэсэн асуултад хүү Г.Ганбат нь “Түүнийг ч барахгүй байх аа. Тэгээд ч аавд жүжигчин болохоор харагдаагүй юм байгаа биз. Жолоочийн мэргэжил тухайн үед амьдралд тустай хамгийн сайхан нь байсан.

Аав маань бидэнд юу боллоо гэж өөрөөр хандах билээ. Бид хоёр аавтайгаа байнга уулздаг. Аавдаа хайртай. Аав маань ч биднийг яаж явна вэ гээд сүйд болно шүү дээ” хэмээсэн юм.

Түүний өгүүлснээр дулааны улирал ирж байгаа цагаан сарын дараа үйлчлүүлэгч цөөхөн байсан ч өнөөдрөөс элбэгшээд ирсэн гэнэ. Энэ гудамжинд арав гаруй жил машин засч буй ардын жүжигчний хүү Г.Ганбаттай  ярилцсан юм.

-Та хэзээнээс энд машин засч эхэлсэн бэ?

-Би засварын ажил эрхлээд 16 жил болж байна. 1980 онд жолооч болсон. Анх Оросын СОТ-2 барилга трестэд Зил-130 машин барьж байлаа. Тэгээд зах зээлд шилжсэн цагаас амьдралаа авч явахын тулд машин засч эхэлсэн. Хийж чаддаг ажил маань тэр.

Ах бид хоёр хутга заазуур ирлэхээс эхлээд юм юм л хийж үзлээ. Одоо ах токерь хийж байгаа. Энэ жил 52 нас хүрч буй. Дөрвөн хүүхдээ тэжээх гэж матийж байна шүү дээ. Хүнд зааж сургадаг сургалтын төвтэй болмоор байна. Хавраас биднийг эндээс “хөөх” гэж байгаа. Хаана аваачих юм бүү мэд. Нэг л явц муутай болох гээд байх шиг байна.

Машинаа хачин муухай эдэлчихээд өнгийг нь шинэ юм шиг болгуулж аваад зарчихдаг хүмүүс ч байх юм.

-Машин засдаг хүмүүс төрөлжсөн байдаг бололтой. Ингэхэд та хоёр ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Сэв засч, замаасаг тавьдаг хэсэг байхад хөдөлгүүр агрегат, цахилгаан засварладаг хүмүүс бас бий. Би гэхэд цахилгаанаас бусдыг засдаг. Би доороо гурван хүнтэй. Мөн машиныг асааж, унаж үзэж юу нь болохгүй байгааг оношлоно. Нэг ёсондоо машины “эмч” юм уу даа. Орос ах нарын үйлдвэрлэсэн машиныг засахад хялбар. Харин япон машин амаргүй шүү. Эвдэрлээ гэхэд Оросод үйлдвэрлэсэн машин шиг сэлбэг орлуулна гэж байхгүй. Заавал сэлбэгийг нь тавих шаардлагатай болдог.

-Та нарын өдрийн орлого хэдэд багтаж байна вэ?

-Хоосон бууна гэж байхгүй ээ. Багаар бодоход 20-30 мянган төгрөгтэй. Зарим үед зуун мянга гаргана. Улирлаас хамаарч орлого янз бүр. Дулааны улиралд ажил их. Зарим засварын газрууд ажил ихтэй харагддаг. Орлого сайтай байдаг байх аа.

-Засуулах гэж ирж байгаа машинууд голдуу ямар гэмтэлтэй байдаг вэ?

-Манайхны олонхи нь хуучин машин унадаг. “Захаас хямдхан авсан чинь дөнгөж сая хөдлөөд зогсчихсон” гээд чирж ирээд засуулдаг. Бас шүргэсэн, мөргөлдсөн машинаа замаасагдуулж будуулах, эд анги моторыг солиулах нь бий.

Машинаа хачин муухай эдэлчихээд өнгийг нь шинэ юм шиг болгуулж аваад зарчихдаг хүмүүс ч байх юм.

-Машин засварын газруудад нэгдсэн үнэ гэж байдаг уу. Өөрсдийн дураар үнэ зохиодог юм уу?

-Сүүлийн үед сэлбэгийн үнэ нэмэгдээд байгаа юм билээ. Япон машиных бол бүр ч өндөр үнэтэй. Тариф байдаг эсэхийг мэдэхгүй. Сэлбэгээ барьж ирээд засуулах, байгааг нь оролдож байгаад засах гээд янз бүр. Голдуу л зохицно шүү дээ.

-Вьетнам засварын газар олон болсон. Тэднийг маш сайн засдаг гэх юм билээ?

-Тэд сэв засч, замаасаг хийхдээ сайн. Будагны өнгө олохдоо ч сайн. Үүнийгээ биднээс илүү чанартай хийдэг. Тэр хэрээр өртөг нь арай илүү өндөр үнэтэй байдаг. Сүүлийн үед манайхан тэднээс дутахгүй хийдэг болж байгаа. Вьетнамчууд анх монголчуудаас сурчихаад засварын газар нээдэг. Тэдний олонхи нь монгол засварчдын дор ажилладаг байсан шүү дээ.

Биднийг ийн ярилцаж байхад “Хоёр хүн машин асахгүй байна. Та үзээд өгөөч” гэсээр машинаа түрж ирсэн. Уг нь түүнээс өөр олон зүйл асуухыг хүссэн ч “Одоо би юу ярих билээ.

Аавын тухай бол бүр ч дэмий биз” гээд “Харин би машин яаж засахыг заадаг сургалтын төвтэй болмоор байна. Та надад тусалж зар гаргаж өгөөрэй” гэсээр үлдсэн юм.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!