LOADING

Type to search

Эрүүл мэнд

Төрөх дөхөж буйг илтгэх шинж тэмдгүүд

Share

Ер нь жирэмсний сүүлийн нэг сарыг төрөхөд бэлдэх сар гэж хэлж болно. Энэ сарыг төрөх явцын талаар судалж, биеэ бэлдэхэд зарцуулаарай.

Ойр, ойрхон их хэмжээгээр хооллохоос зайлсхийж, сайн унтаж амран, биеэ бэлдэх хэрэгтэй. Ингэснээр хэт сульдаж, ядрахаас сэргийлнэ.

Кегелийн дасгал болон аарцаг тэлэх дасгал хийх. Энэ төрлийн дасгал нь төрөх замыг бэлдэж, зарим талаараа төрөх явцыг ч хөнгөвчилдөг гэдэг. Мөн төрсний дараа эргээд хурдан тэнхрэхэд нөлөөлдөг.

Хярзангийн массаж хийлгэх. Төрөх явцад хярзан урагдах асуудал түгээмэл гардаг. Тиймээс энэ асуудлаас сэргийлэхийн тулд хярзангийн массаж хийлгэж болно. Хярзангийн массажийг мэргэжлийн хүн эсвэл эмчээр 34 долоо хоногтойгоос хойш, зориулалтын тосоор нь хийлгээрэй.

Төрөх зам цэвэрлэх лаа хийх. Төрөх сүүлийн хугацаанаас 10 орчим хоногийн өмнө төрөх зам цэвэрлэх лаа хийж эхэлнэ. Хяналтын эмчээсээ зөвлөгөө авч, ямар лаа хэрэглэхээ шийдээрэй. Энэ нь үтрээний үрэвслийг дарж, төрөх замыг бэлддэг. Улмаар хярзан урагдахаас сэргийлдэг тустай юм.

Төрөхөд хэрэгтэй зүйлсээ бэлдэх. Төрөхөд хэрэгтэй зүйлсийн жагсаалт интернетээр дүүрэн бий. Тиймээс тухайн жагсаалтын дагуу юмаа бэлдэхэд л болно. Зарим хүмүүс хүүхдийнхээ өлгий, даавуу, ор, тэрэг, бодиг хамт бэлдчихдэг. Бэлдэх эсэх нь мэдээж таны сонголт. Гэхдээ эдгээр зүйлс таныг эмнэлэгт байхад буюу төрөх үед огт хэрэг болохгүй. Харин гэртээ ирсний дараа, хүүхдээ асарч, сувилахад тань хэрэг болно. Дэлгүүр хэсэж амжихгүй гэж бодож байвал сүүлийн 1 сард хүүхдэд хэрэгтэй зүйлсээ бэлдэх хэрэгтэй.

Төрөлтийн өвдөлтийг багасгах дасгалуудыг сурч авах. Иймэрхүү дасгалуудыг интернетээс хайгаад, үзэж болно. Эсвэл йогийн бөмбөгөн дээр суух, бөмбөгөн дээр хэвтэх зэргээр өвдөлтийг багасгаж болно. Мөн базлалтын давтамж ойртохоос өмнө бүлээн усанд хэвтээрэй.

Төрөх явцын талаар уншиж судлан, төрөлтийн бичлэгүүд үзсэн ч болно. Ингэснээр өөрийн биед явагдаж байгаа үйл явцыг эрт таньж мэдэх, сэтгэлзүйн бэлтгэлтэй байх зэрэг олон давуу талтай.

Төрөх дөхсөний шинж

1. Нуруу чилэх

2. Шээс ойр ойрхон хүрэх /30 мин тутам шээж байгаа бол хэвийн/

3. Умдаг, аарцаг яс дарагдаж өвдөх /аль 1 хөл рүү дагаж өвдөх/

4. Гэдэс үе үе зангирч хатуурах

5. Салиа гарах /Өнгөгүй, нус шиг нунжиралдсан цэлцэгнүүр мэт зүйл гарах/

Төрөхийн өвдөлт

1. Нуруу тасрах мэт

2. Хэвлий базлах мэт

3. Гүйлгүүлэх мэт базлах

4. Үтрээ рүү юм зулгаах мэт унжирч өвдөх

5. Бүсэлж ороож өвдөх

Сарын тэмдэг дээрх шинжийн аль шинжээр өвдөлттэй ирж байснаас төрөхийн өвдөлт шалтгаалдаг. Сарын тэмдэгийн өвдөлт төрөхийн өвдөлт болж хувирна.

Бусад өвчнөөс Ялгагдах шинж:

• Цаг харна. /Төрөхийн өвдөлт бол хэмнэл тодорхойлж болно. 30 30 минутын зайтай өвдөх гэх мэт/

• Бусад өвдөлт бол хэмнэл тодорхойгүй байна. Жишээ нь: Гэдэс базлаж өвдөж байгаа бол үргэлжлэн удаан өвддөг.

Хуурамч дуншилт:

• Шөнө, оройн цагаар илрэх хандлагатай

• Байрлал солих үед өвдөлт арилна

• Хэмнэл эмх замбараагүй, тодорхойгүй /30мин, 45 мин, 30 мин гэх мэт/

Төрөлтийн үе шатыг 3 ангилан авч үзнэ.

Төрөлийн 1-р үе шат: Өвдөлт өгөхөөс эхлээд төрөхийн орон дээр гарах хүртэлх үеийг хэлнэ.

38-40 долоо хоногтойг хэвийн төрөлт гэж үзнэ. Төрөхийн өвдөлт жигд илэрнэ. Өвдөх зай нь ойртоно. Ойртох тусам өвдөлт нэмэгдэнэ. Анхан төрөгч нарт дундажаар 15 цаг өвдөнө. Үүний тал хугацааг гэртээ өнгөрөөх хэрэгтэй. Уг хугацаа сунаж болно. Өвдөлтийн зай 5, 5 минут болохоор эмнэлэг явах хэрэгтэй. Энэ хооронд та гэртээ шүршүүрт орж хэвлий өвдөж буй хэсэгт хүчтэй шүршиж болно. Мөн хурдан шингэдэг өөрийн дуртай хоолоо хийж идэх. Ингээд юмаа нягтлаад өөрсдийн унаагаар юмуу түргэнээр явна. Эмнэлгийн хүлээн авах дээр очоод дотуур үзлэг хийгдэнэ. Хэрвээ таны өвдөлт 5,5 мин зайтай болоод хүлээн авах дээр очсон бол савны амсар 4-5 хуруу орчим нээгдсэн байх ёстой. Таны савны амсар 10 хуруу нээгдсэн байж хүүхэд төрнө. Хэрвээ доорх шалтгаан илэрвэл дээрх хугацааг хүлээлгүй яаралтай эмнэлэг явна.

Эмнэлэг явах шалтгаан:

1. 5,5 мин затай өвдөх

2. Ургийн ус гарах

а/ гэнэт ихээр хагарч гарах /Тархинаас удирдагдахгүй шээж буй мэт өнгөгүй тунгалаг зүйл гарах/

б/ бага багаар шүүрч гарах

/Ургийн ус усанд орж байгаа үед гуя дагаж халуун бүлээн зүйл гоожно. Мөн шээх агшинд ургийн ус давхцаж гарч болно/

в/ Ургийн бүрхүүл хальс нимгэрч ургийн ус шүүрч тог тог гэж гарна.

Төрөх дөхсөн үед хэрвээ та өдөр тутам хэрэглэдэг бол болих хэрэгтэй. Үүний оронд цэвэр даавуу хийх. Учир нь ургийн ус гарвал өдөр тутамд шингэснээр мэдэгдэхгүй байх аюултай.

3. Доошоо тод цэвэр улаан цус гарвал яаралтай эмнэлэг явах

4. Даралт ихсэх /Нүдэнд оч үзэгдэх, хүзүү хөших, нүүр рүү халуу дүүгэх, толгой өвдөх/

Төрөхийн өмнөх өрөө: Энэ өрөөнд та тайван байж төрөлтийн 1-р үеээ даван гарах хэрэгтэй. Үүнд амьсгалын дасгал тус болно.

Өвдөх үед өвдөлтийн бага мэдрэх байрлал:

• Өвдөглөж суух /Хөлийн тавхай бүрэн тавигдана/

• Явган сууж гараараа юм түших

Төрөлийн 2-р үе шат: Төрөх үйл явц эхлээд хүүхдийн хүйг хайчилж авснаар дуусна.

1. Дүлэх:

а/ эмчийнхээ үгийг сайн сонсож үгэнд нь орох

б/ Нүдээ аниж болохгүй. Нүд улайх, цус харвах аюултай.

в/ Цээжрүүгээ чангалах буюу дүлж болохгүй. Цээжний хөндийд даралт ирэхээр буруу, Хэвлийн хөндийд даралт очих ёстой. Буруу дүлснээс нүүр рүү даралт ирж нүдэнд цус харвах аюултай.

г/ Баах гэж буй мэт дүлнэ.

• Төрөх үед бие засах гэж буй мэт мэдрэмж ирнэ. Үүнтэй зэрэг дүлэх ёстой.

• Дүлэх үед уртаар амьсгаа авч амьсгаагаа түгжээд хөлөө гишгүүр дээр тавин сайн жийж гараа бариулаас нь барин өөр рүүгээ биеийн хүчээр татаж дүлнэ. Энэ бүх үйлдлийг эмчийхээ зааврийг сайн сонсож хийнэ.

Төрөлтийн 3-р үе шат: Ихэс төрөх үе. Ингээд төрөлтийн үйл явц дуусна. За хөөрхөнүүддээ амжилт хүсье!

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!