LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Б.Золзаяа: Энгийн хүндрэлгүй хатгаа бол 2-3 долоо хоног, хүндрээд буглаа үүсээд ирвэл 5, 6 сарын асуудал яригдана

Share

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа УГТЭ-ийн Уушги судлалын тасгийн их эмч Б.Золзаяаг урьж,  уушгины хатгаа өвчний талаар ярилцлаа.

 – Уушгины хатгаа өвчний үүсгэврүүдийн талаар эхлээд ярилцъя?

– Уушгины хатгаа өвчин нь нянгийн болон вирусийн гаралтай үүсдэг. Ихэнх үед нянгийн гаралтай хатгаа өвчний тохиолдол илэрдэг учраас харьцангуй хөнгөн явцтай байдаг. Учир нь вирусийн шалтгаантай хатгаа нь илүү хүнд байдаг.

Өөрөөр хэлбэл вирусийн шалтгаант хатгаа нь хүндрэл дагуулдаг бөгөөд бидний сайн мэдэх коронавируст халдвар нь вирусийн гаралтай уушгины хатгааны нэг төрөл юм. Вирусийн гаралтай хатгаа нь хурдан хүндэрч, амьсгалын дутагдалд оруулж, үхэлд хүргэх аюултай байдаг.

 Олон улсын ангиллаар уушгины хатгааг

  • Эмнэлгээс гадна үүссэн
  • Эмнэлэгт үүссэн
  • Дархлаа сул хүмүүст үүссэн
  • Нийтлэг бус буюу ховор тохиолдолд үүссэн гэж үздэг.

Эдгээрээс эмнэлгээс гадна үүссэн хатгаа нь ихэнх тохиолдлыг эзэлдэг бөгөөд үүний үүсгэгчид нь хоруу чанар багатай стрептококк, пневмококк гэх мэт үүсгэгчид түлхүү байдаг. Эдгээр нь эрүүл, залуу хүмүүст тохиолдох нь элбэг байдаг учраас харьцангуй тавилан сайтай, эдгэрэлт хурдан.

Харин эмнэлэгт туссан хатгаа нь илүү хүнд явцтай байдаг. Учир нь хатгаа үүсгэгчтэй холбоотой. Эмнэлэгт асептик, антисептик уусмалууд хэрэглэж, олон халдвартай хүмүүс эргэлдэж байдаг учир эмнэлэг бол тийм таатай орчин биш. Энэ орчинд байгаа бактериуд нь олон антибиотикт тэсвэржчихсэн байдаг.

Нөгөө тохиолдлуудын тухайд гэвэл, дарлаа сул, дархлаа дарангуйлж байгаа эм хэрэглэдэг хүмүүс хатгаа тусвал илүү хүндрэх гээд байдаг. Нийтлэг бус гэдэг нь үүсгэгчид нь ховор  байдаг хатгааны төрөл юм. 

– Хатгаа өвчний шинж тэмдэг биед хэрхэн илэрдэг вэ. Юун дээр илүү анхаарах вэ?

– Эмнэлзүйн тухайд гэвэл, хүмүүс маань ханиад хүрээд эм тан хэрэглээд зүгээр болохгүй байсаар байгаад халуурлаа, цээжээр өвдлөө, ногоон цэр гарлаа гэж ирдэг. Ханиад нь өөрөө вирусийн шалтгаантай үүсдэг. Харин вирус нь хамар, нармай, залгиур буюу амьсгалын дээд замд сууж, хучуур эдүүдийг гэмтээчихдэг. Ингээд хамгаалах барьер байхгүй болчихсон суурин дээр нян, бактери хоёрдогчоор орохоор амьсгалын замын шүүрлүүдтэй нян бактерийн холимог маань амьсгалын доод бүсрүү шууд халдварлах замыг тавьж өгдөг. Үүнээс л ханиадтай байж байгаад хатгаа болж хүндэрч ирсэн тохиолдол нилээдгүй хувийг эзэлдэг.

Анхнаасаа хатгаа үүссэн байж болно л доо. Гэхдээ дархлаа сул байх, ямар нэг нянгийн суурь байвал шууд үүснэ. Ер нь ханиад хүндрээд уушгины хатгаа болсон тохиолдолд өндөр халуурч эхэлдэг. Мөн цээжээр өвдөж болно. Цээж ханиалгах үед ч тэр, ханиалгаагүй байхад ч өвдөж болно. Харин цэр нь шар, ногоон өнгөтэй, цустай гардаг.

Түүнчлэн үрэвсэл, хордлогын шинж буюу ядрах, хоолонд дургүй болох, тамирдах зэрэг шинж илэрч болно. Мөн уруул, ам омголдож хатах, хагарах, хэл өнгөртөж болно. Эдгээр шинжүүд илэрсэн бол мэргэжлийн эмчдээ үзүүлж л зөвлөгөө аваарай.

– Та уушгины хатгаа үүсгэж байгаа нян, бактериуд нь олон антибиотикт тэсвэржчихсэн байдаг талаар дурдсан. Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй олон эмэнд тэсвэртэй хатгааны тохиолдол нэмэгдэж байна уу?

– Монгол төдийгүй дэлхийн дахинд асуудал үүсгэж байгаа зүйлийн нэг нь антибиотикийн тэсвэржилт. Энэ нь 2013 оноос Монгол Улсад “өндрийг аваад”, хөтөлбөрүүд хэрэгжээд нэлээд ач холбогдол өгч эхэлсэн л дээ. Гэсэн хэдий ч сүүлийн таван жилийн хугацаанд антибиотикийн тэсвэржилт маш их газар авч байна. Үүнийг антибиотикийн замбараагүй хэрэглээтэй холбон тайлбарлаж байгаа. Яах вэ, сүүлийн жилүүдэд антибиотик жортой олгож, дур мэдэн хэрэглэхийг хязгаарлаж байна л даа. Гэхдээ үүнээс гадна эмчийн бичиж өгсөн антибиотикийг гүйцэт хэрэглэхгүй байх тохиолдол нь мөн нянгийн тэсвэржилтийг үүсгээд байгаа юм.

Түүхийн хувьд анх пенициллинийг гаргаж аваад, эмчилгээнд ашиглаад явж байтал нян бактериуд өөрсдийнх эсрэг ашиглаж байгаа бодисын эсрэг бодис ялгаруулаад эхэлсэн. Ер нь бол жамаараа антибиотикт нян, бактериуд тэсвэржинэ л дээ. Харин тэрийг нь хурдасгаад байдаг зүйл нь бидний буруу хэрэглээ гэж ойлгож болно.

Пенициллинд тэсвэртэй болоход метициллинийг гаргаж авсан. Ингээд нэлээн олон жил антибиотик эмчилгээ амжилттай явж байтал метициллинийг стафилококк нян задлаад эхэлчихсэн. Ингээд метициллинд тэсвэржсэн антибиотик буюу MRSA үүсэж байна. Өөрөөр хэлбэл, метициллинд тэсвэржиж байна гэдэг нь бидний өргөн хэрэглэдэг гарааны антибиотикт үхэхгүй гэсэн үг.

Бидний хэрэглэдэг цефотаксим, ципрофлоксацин, левофлоксацин, левомицетин гэх мэт энэ олон өндөр чадвартай антибиотикт дарагдахгүй болчихно. Эд нарт дарагдахгүй болохоор нөгөө үнэтэй ванкомицин гэх мэт тариаг хийлгэх шаардлага үүсэж байгаа юм. Гэтэл энэ тариаг найман цагаар авахад  хоногийн эмчилгээ 120 мянга, хатгааны эмчилгээ удаан үргэлжилнэ. Үүнийг авах чадвартай хүн хэд билээ. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр, хүнд нөхцөл байдалд орохгүйн тулд бид хэрэглээндээ л анхаарах хэрэгтэй.

Анх MRSA халдвар зөвхөн эмнэлгийн нөхцөлд байдаг байсан. Гэтэл одоо толгой дараалан гаднаас орж ирж байна. Ерөөсөө огт антибиотик хэрэглэж байгаагүй, эмнэлгээр ордоггүй хүн цэрний шинжилгээ өгөхөд MRSA гараад ирж байгаа юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, хүмүүс тээгч байдлаар гадуур их байгааг харуулж байна. Тээгч байдлаар яваад байгаа урчаас шинж тэмдэг их өгөхгүй байна л даа. Хэрэв тэр хүний дархлаа сулраад хатгаа болбол өвчин шууд хүндрэх эрсдэлтэй гэсэн үг.

– Ер нь хатгаа өвчин хүндрэлвэл ямар эрсдэлтэй вэ?

– Уушгины хатгаа хүндэрвэл буглаа үүснэ. Амьсгалын эрхтэн тогтолцоо нэг замтай. Цагаан мөгөөрсөн хоолой, баруун зүүн бронхи гээд. Бронхи нь салаалаад жижиг цулцангуудыг үүсгэж байдаг. Тэгэхээр цагаан мөгөөрсөн хоолойгоор юу орно, тэр нь явсаар цулцангуудад буюу амьсгалын доод бүсэд очдог гэсэн үг. Нян бактериуд тэнд очихоор үрэвсэл үүсгэж, дархлаа унагаана. Ингээд тэр цулцангуудад үрэвслийн шингэн хуримтлагдаад ирэхээр агааргүй болоод ирнэ.

 Өөрөөр хэлбэл үрэвслийн шингэн үүссэн хэмжээний уушгины талбай амьсгалд оролцохгүй байгаа учраас хүчилтөрөгчийн дутагдалд орж амьсгаадна. Үрэвслийн процесс явагдаж байгаа учраас халуурна, цээжээр өвдөнө.

Хатгаа болсон үед эмчилгээ эхлэхэд тэр шингэнүүд шимэгдээд агаар орж ирэх ёстой. Харин хүндрээд уушгины цулцангууд задраад, хайлаад, идээлж буглаа болно. Цулцангууд хайлаад ирэхээр уушгинд хөндий үүсгэнэ, тэдгээр нь харин хэзээ ч амьсгалд оролцохгүй болчихдог.

– Хатгаа хэр хурдан хугацаанд эдгэдэг вэ. Ямар гам барих ёстой вэ?

– Энгийн хүндрэлгүй хатгаа бол хоёроос гурван долоо хоногийн асуудал яригддаг. Эмнэлэг айхтар хүнд л биш бол суурь, эд үед нь 5-7 хоног эмчилгээ хийгээд, үлдсэн сэргээн засах, дархлаа дэмжих эмчилгээг гэрээр зөвлөдөг. Харин хүндрээд буглаа үүсээд ирвэл 5, 6 сарын асуудал ч яригдана.

Гамын тухайд гэвэл, дархлаагаа л дэмжих хэрэгтэй. Нян, бактериуд агаар, орчилд байж л байдаг. Энэ нь биед ороод хатгаа болтлоо явж байна гэдэг нь таны дархлаа муу байгааг л харуулж байгаа юм. Нөгөө талаас нян, бактерийн хоруу чанар хэр вэ гэдэг нь асуудал мөн л дөө. Гэхдээ дархлаа сайтай бол хүндрүүлэхгүй давж гарах боломжтой.

– Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!