LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

А.Түвшинзаяа: Үрэвсэж өвдсөн шүдээ эмчлүүлэхгүй бол авахуулахаас өөр аргагүй болдог

Share

Дэлхийн эрүүл мэндийн өдөр дөрөвдүгээр сарын 7-нд тохиолоо. Тус тэмдэглэлт өдрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 оны 6 дугаар сард Женевт болсон НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн анхдугаар чуулганаар албан ёсоор тогтоосон байдаг. 

Энэ жил ДЭМБ-аас хөрст дэлхий, хүний эрүүл мэнд хоёр салшгүй холбоотой гэсэн утга агуулгаар, “Эх дэлхий –Эрүүл мэнд” /“Our Planet, Our Health”/ хэмээсэн уриалга гаргаж эрүүл мэндийн өдрийг тэмдэглэж буй. Тодруулбал, эрүүлийг хүсвэл эх дэлхийгээ хайрла гэсэн харанга дэлджээ. 

Алдлаа л бол эргэж олддоггүй үнэт зүйлс манай энэ гарагт олон. Гэвч тэр бүхний дотроос хэзээ ч анхных шигээ нөхөн сэргэдэггүй нь хүний эрүүл мэнд мөн байгаль дэлхий. Энэ хүрээнд хүний эрүүл мэнд түүний дотроос хамгийн эхэнд авч үзэх ёстой шүдний аюулгүй байдлыг анхаарч үзлээ. 

Уг мэргэжлийн эмч нь манай гараг дээр үүсэж бий болсон хамгийн анхны мэргэжлүүдийн тоонд багтдаг аж. Хүн төрөлхтний хувьд олон зуун жилийн туршид амны хөндийн эрүүл мэнд асуудал болсоор иржээ. Тиймээс дэлхийн эрүүл мэндийг өдрийг тохиолдуулан Шүдний их эмч, анагаах ухааны магистрант А.Түвшинзаяатай шүдний эмч мэргэжлийн сайхан тал болон шүдний өвчлөл бий болохоос өмнө хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.

-Өөрийн ажил, амьдралын түүхээс хуваалцаач. Яагаад шүд­ний эмч болохоор шийдсэн бэ?

-Аав минь эмнэлгийн байгуул­лагад ажилладаг байсан учраас би багаасаа эмч болохыг мөрөөдсөн. Одоо би хүүхэд насныхаа мөрөөд­лөө биелүүлж, эмч тэр дундаа шүд­ний эмч мэргэжлээр ажиллаж байна.

-Шүдний эмч мэргэжлийн сайхан тал нь юу байдаг вэ?

-Шүдний эмч мэргэжлийн сайхан тал нь эмчилгээний үр дүн хурдан гардагт оршино. Ямар нэгэн зовууртай орж ирж буй үйлчлүүлэгч, эмчилгээ хийлгээд гарахдаа нүүрэнд нь инээмсэглэл тодордог. Ингээд хүмүүсээс “Баярлалаа эмчээ” хэмээх үгийг сонсож, баяртай гарч явахыг нь харах миний мэргэжлийн хамгийн сайхан тал. 

Эмчийн мэргэжлийг хамгийн завгүй ачаалалтай ажил гэдэг ч цагаа зөв төлөвлөх хэрэгтэй. Тиймээс аль болох ажил, амралтаа зохицуулж, өөртөө болон найз нөхөд, гэр бүлийнхэндээ цаг зав гаргахыг хичээж ажилладаг.

-Ихэнх хүний хувьд шүд өвдөж эхлэхэд эмнэлэгт очдог. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байгааг харуулж байна уу?

-Тийм шүү. Ер нь хүмүүс шүдээ өвдөхөөр л эмнэлэгт ханддаг. Энэ нь маш буруу. Заавал шүдээ өвдсөн үед биш зургаан сар тутамдаа үзүүлж байх хэрэгтэй. Үзлэгт орох үедээ цэвэрлүүлэх шаардлагатай бол цэвэрлүүлж, өвдөхөөс өмнө эмчилгээ хийлгэх нь шүдний өвчний хүндрэлээс хамгаалж чадна.

-Сүүлийн үед бага насны хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд шүдний өвчлөл их гарах болсон. Танай эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд ихэвчлэн ямар асуудалтай байдаг вэ?

-Манай эмнэлгээр хүмүүс ихэвчлэн шүдний цоорол, шүдний чулуу түүлгэх болон сувгийн эмчилгээ хийлгэх зэрэг эмчилгээ, үйлчилгээ авахаар ирдэг. Ялангуяа тэд шүдээ харлаж, цоорсон, шүд гэнэт өвдсөн гэх мэт зовуурыг их хэлдэг. Гэтэл цоорол нь таван үе шаттай явагддаг юм. 

Тодруулбал, эрдэсгүйжинэ, цоорлын толбон үе, өнгөц, дунд, гүн гэсэн шат дараалалтай. Үе болгон дээр өөр өөр эмчилгээ хийгдэг ч иргэдийн дунд, гүн цоорол эсвэл шүдний цоорол хүндэрсэн тохиолдол ирэх нь цөөнгүй. Мөн сүүлийн үед хүмүүс гоо сайхандаа анхаарч, “Hollywood smile”, “Implant” зэргийг их хийлгэдэг болсон. 

“Hollywood smile” гэж шүд цайруулалт, шаазан паалан, шаазан бүрээс, имплант (эрүүний ясанд хиймэл ёзоор суулгадаг авагддаггүй шүдэлбэр) гэх мэт согог заслын аргуудыг хамтад нь болон хэсэгчлэн хэрэглэж богино хугацаанд шүдийг гоо сайхан төрөлх шүд шиг харагдуулж инээмсэглэл бэлэглэхийг хэлдэг.

-Шөнө, оройн цагаар шүд өвдөж, эмнэлэгт үзүүлэх, эмчийн тусламж авахад төвөгтэй үед архиар амаа зайлна, тогонд цохиулна гэх мэтээр хүмүүс гэрээр эмчилгээ хийх гэж оролддог. Энэ нь ямар сөрөг үр дагавартай вэ?

-Дээрх аргууд нь маш буруу, эмчилгээг хийлгэлгүй цаг алдахад хүргэнэ. Ийм үйлдэл хийдэг хүмүүс ховор байх гэж найдаж байна. Шүд өвдсөн тохиолдолд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авах ёстой. Үрэвссэн шүд хавдаж, буглана бүр сүүлдээ эмчилгээ авах боломжгүй болно. 

Үүний улмаас шүдээ авахуулахаас өөр аргагүй байдалд хүрч, амны хөндийн эрүүл мэндэд хүндрэл тулгарна. Нэмж хэлэхэд шүдний сойзыг гурван сар тутамд солих хэрэгтэй. Хамгийн чухал нь шүд авахууж, шүдний чулуу түүлгэх зэрэг амны хөндийн мэс ажилбаруудын дараа сойзоо солих, эсвэл заавал ариутгаж цэвэрлэсний дараа хэрэглэх ёстой. Үгүй бол сойзноос дахин халдвар авч, мэс ажилбарын дараа шарх үрэвсэж хүндрэх аюултай. 

Харин шүдний оог улирал тутам солих шаардлагагүй ч өөрт тохирсон оог хэрэглэх нь зүйтэй. Хэрэв шүд нь хэт мэдрэг бол хэт мэдрэгшлийн эсрэг, буйлны үрэвсэлтэй бол үрэвслийн эсрэг гэх мэт төрлөөс сонгож болно.

-Зарим иргэн шүдний цоорлыг өнгөн байхад үзүүлдэг ч эмч түүнийг нь гүн ухдаг хэмээн ярих нь бий…?

-Шүдний цоорлыг гаднаас харахад жижигхэн хар харагддаг. Гэвч цоорлын аль түвшинд байгаа­гаас нь шалтгаалж, зөөлөрсөн эдийг цэвэрлэдэг. Энэ нь өнгөц цоор­сон шүдийг нь гүн ухаад байгаа мэт санагддаг байх. Тиймээс иргэд маань шүдээ цоорохоос өмнө өдөр тутамдаа анхааралтай байх хэрэг­тэй. 

Тухайлбал, сойзоо зөв сонго­хоос гадна, ямар нэгэн өвчин тусаад эдгэрсний дараа заавал түүнийг солих хэрэгтэй. Дээрээс нь шүдээ тогтмол зөв угааж хэвших юм. Хүүхэд болон насанд хүрсэн хүмүүс 3-6 сар тутамд шүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамраг­даж, үүнийг дадал болгож чадвал дараа дараагийн эрсдэлээс өөрий­гөө хамгаалах боломжтой.

Эх сурвалж ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!