LOADING

Type to search

ТҮҮХ

Ж.Батмөнх: Хэдхэн монголчууд бие биенийхээ хамраас хэрхэвч цус гаргаж болохгүй

Share

Н.БАТ

“1990 оны гуравдугаар сарын 9. МАХН-ын Улс төрийн товчооны хурал болжээ. МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Бүгд  найрамдах Монгол Ард Улсын  Ардын Их хурлын Тэргүүлэгчдийн дарга  Ж.Батмөнх ард түмэндээ хандаж радио, телевизээр үг хэлж МАХН-ын Төв хорооны Улс Төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох  болсныг мэдэгдсэнээр Монголын Ардчилсан Хувьсгалын шийдвэрлэх шат болж, 3 өдөр хоёр шөнийн туршид үргэлжилсэн улс төрийн өлсгөлөн 23.00 цагийн орчим зогсов” хэмээн Ардчилсан хувьсгалын түүхэн бичгүүдэд тэмдэглэсэн байдаг.

Тэртээ 32 жилийн өмнө Монголын төрийг удирдаж, Ардын Их Хурлын тэргүүлэгч,  Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга байсан Ж.Батмөнхийн гарт бүх эрх мэдэл байсан ч улстөрийн өлсгөлөн зарласан 30-аад залуугийн тэмцлийг хүндэтгэн тэр суудлаа тавьж өгч чадсан.

 Түүний өмнө “Онц байдал тогтоох тухай” Ардын Их хурлын зарлигийн төсөл, бэлэн байдалд жагссан цэрэг цагдаагийн хүч нь байсан. Харин тэр “Хэдхэн монголчууд бие биенийхээ хамраас хэрхэвч цус гаргаж болохгүй” гэж хэлсэн үгэндээ хатуу зогссон. Эгэлээс эгэл, даруугаас даруухнаар амьдралын сүүлийн жилүүдээ үдэж, Дамбадаржаад хашаа байшиндаа бидний дунд амьдарсаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн түүнийг Монголд Ардчилсан нийгмийг авчрахад томоохон үүрэг гүйцэтгэсэн улс төрийн зүтгэлтэн хэмээн тодотгохоос аргагүй. “Монгол улс оготны хамраас цус гаргалгүй, нэг ч цонх хагалалгүй Ардчилсан хувьсгалыг хийсэн юм” хэмээн дэлхийд чанга дуугаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж олонтаа зарлаж, Азийн цээжин дэх Ардчилсан улс  хэмээн жишээ болсоор байгаа нь Ж.Батмөнхөөс  шууд шалтгаалсан гэж хэлэх бүрэн үндэслэл бий.

Монголын төр нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны мэндэлсний 96 насны ой маргааш тохионо. Уламжлал ёсоор түүний хөшөөнд цэцэг өргөх байх. Уг нь түүнийг Монгол Улсаараа хүндэтгэх ёстой ч МАН-ынх гэж тодотгодог.

Гуравдугаар сарын 9-ний шөнө тэр улс төрийн өлсгөлөнг зогсоож, өөрийн бүхий л хангамжаас татгалзан огцорсон. Маргааш нь 64 нас хүрсэн байдаг. Монгол төрийнхөө ирээдүйг тэр зөв зүгт эргүүлсэн гэдэгтээ итгэлтэй байсан биз. Түүнийг “Википедиа”-д Монголын сүүлчийн коммунист удирдагч хэмээн тэмдэглэсэн байдаг. Гэхдээ тэр коммунист намын удирдагч байсныхаа төлөө коммунист намдаа адлагдсаар насны эцсийг үзсэн нэгэн юм.

1990-ээд оны эхэнд Ардчилсан нийгмийг байгуулахтай зэрэгцэн МАХН-д нэгэн бужигнаан үүссэн нь “Ю.Цэдэнбалыг тойрон хүрээлэгчид”-ийн хэрэг гээч билээ. Хэлмэгдүүлэлт, эрх ямбаны эзнээр тодроод байсан Ю.Цэдэнбалын гэх хэрэгт хамгийн түрүүнд Ж.Батмөнхийг шалгасан ч гэдэг. Энэ тухай Ш.Сүхбаатар гуай архивын түүхэн баримт 2010 онд дэлгэн тавьж байсныг санаж байна.Ж.Батмөнх гуай өөрт холбогдох хавтаст хэрэгтэй танилцаад мөрдөн байцаагчид тайлбар захидал хүргүүлснийг эх хувиар нь дэлгэсэн байдаг билээ. Тэрээр тайлбар захидалдаа “1990 онд болсон МАХН-ын Төв хорооны бүгд хурлаар “тойрон хүрээлэгчдэд” улс төрийн дүгнэлт өгөх комиссын илтгэлийг авч хэлэлцэхдээ биднийг оролцуулаагүй. Бидэнд намын шийтгэл оногдуулж хуулийн байгууллагын хяналтанд өгснийг хэвлэлээс мэдсэн.  Намын байгууллагаас энэ тухай, тухайлбал надтай хэн ч уулзаж, энэ хурлын талаар танилцуулаагүй…

Гэтэл прокурорын хавтаст хэрэгтэй танилцаж байтал “Жамбын Батмөнхөд өгөх дүгнэлт” гэсэн гарчигтай бичигдсэн Комиссын дүгнэлт гараад ирлээ. Үүнд огт худал буюу эсвэл үндэслэлгүй хэтрүүлсэн баримт  цөөнгүй байна.  Жишээлбэл, Ж.Батмөнх сайд нарын зөвлөлийн дарга байхдаа Ю.Цэдэнбалыг татгалзсаар байхад БНМАУ-ын хошой баатар болгосон гэжээ. Ю.Цэдэнбал хошой баатар болсноос 10 гаруй жилийн дараа 1974 онд би Сайд нарын зөвлөлд ирсэн юм шүү…

…Төв хороо, Комисс ул суурьтай шалгаж үзээгүй дэгсдүүлсэн дүгнэлт хийсэн байна.” хэмээн тайлбар бичин гарын үсгээ зурсан байдаг. Үнэндээ Ардчилсан хувьсгалыг хийхэд гар бие оролцсон учраас тэрээр Намын төв хороондоо гүтгүүлэх, бас эрүү үүсгүүлэн шалгуулахаас өөр гарцгүй болж байсан нь энэ юм. Түүний гэргий А.Даариймаа гуайн хэлснээр тэрээр амьсгалаа хураах хүртлээ ард түмэндээ сэтгэл зовниж, залуучууд Монгол орныг авч явж чадна гэдэг итгэл тээн “Ганцхан зөв тал руу нь залах хүн хэрэгтэй” гэсээр байсан гэдэг.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!