LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Ч.Өнөржаргал: Мэдрэлийн ядаргаанд орсон хүн амархан ядарч, хөлөрнө

Share

Энэ удаагийн “Эмч зөвлөж байна” буландаа Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэдрэлийн эмч Ч.Өнөржаргалыг урьж, ярилцлаа.

– Улирал солигдох энэ үед хүмүүс ядаргаанд орлоо гэж ярьдаг. Ядаргаа нь юунаас болж үүсдэг талаар яриагаа эхэлье?

– Хүн зөвхөн хаврын цагт л ядаргаанд ордог юм биш. Жилийн дөрвөн улирлын аль үед ч ядарч болно. Харин хаврын цагт агаарын даралт, улирлын онцлогоос хамаарч хэт ядарсан хүмүүс эмзэг болдог.

Ядаргаа нь биеийн болоод сэтгэл, оюуны хэт ачаалал, амьдралын хэв маягт өөрчлөлт орсны улмаас үүснэ. Эдгээр нь хүний бие махбод эрхтэн системийн үйл ажиллагаанд нөлөөлөн, хямруулж эхэлдэг.

Төв мэдрэлийн системийн ачаалал хэт ихэссэнтэй холбогдон мэдрэлийн систем хэвийн ажиллаж чадахгүй болж, хүн мэдрэлийн ядаргаанд ордог. Ийнхүү мэдрэлийн систем ядаргаанд орсон үед төв мэдрэлийн тогтолцоон дахь мэдрэл дамжуулагчийн концентрацад мөн өөрчлөлт орно.

Ядаргаа нь ихэвчлэн ажил мэргэжлийн ачаалал, сэтгэл санааны хямрал, нас, жил цаг улирал зэргийг дагалдан үүсдэг буюу хүндэрч байдаг.

– Ядаргаанд орсон үед илрэх шинж тэмдгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

– Мэдрэлийн систем нь бүх эрхтний үйл ажиллагааг зохицуулж байдаг. Тэр ч утгаар нэн түрүүнд сэтгэлийн хямралд удаан хугацаанд өртсөнөөс болж, өөрийн сэтгэл хөдлөлийг удирдахад хэцүү болдог. Энэ үед уурламтгай, мартамхай, бухимдуу болох шинж илэрнэ. Мөн унтаад босоход  бие амарсан шинжгүй, нойр дутуу, бие хүндэрч залхуурах, ажлын эрч хүч суларч мэдэгдэнэ.

Мэдрэлийн ядаргаанд орсон хүн амархан ядарч, хөлөрнө. Бас тамирдана. Түүнээс гадна нойргүйдэх, хөдөлмөрийн чадавхи, оюуны чадамж буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Хууч өвчин хялбархан дахин сэдрэх, эмчилгээ авах нь удааширч, нойргүйтэх нь бий. Толгой өвдөх, гар чичрэх, зүрх өвдөж  даралт ихсэх, хоолны шингэц муудах зэрэг нь мэдрэлийн ядаргаанд орсны анхны шинж тэмдгүүд юм.

 – Хүүхэд ядаргаанд орсон үед ямар шинж илрэх вэ. Насанд хүрсэн хүмүүсийнхтэй ижил үү?

– Сүүлийн үед хүүхдүүд ядаргаанд орох тохиолдол нэмэгдсэн. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор амьдралын хэв маягийн буруу зуршил, хүчилтөрөгчийн дутагдал, ханиад томуу, хатгалгаагаар хүнд өвчилсний дараагаар хүүхдүүд ядрах нь ихсэж байна.

Ядаргаанд орсон хүүхдэд дараах шинжүүд илэрч болно. Тухайлбал,

1. Амархан ядарч сульдана. Ялангуяа тоглож байх завсраар хүүхэд хэвтэж амрах, суух зэрэг үйлдэл ажиглагдана.

2. Дуу чимээнд дургүйцэнэ.

3. Ялихгүй зүйлд уурлаж, гомдоно.

4. Хоолны дуршил алдагдана.

5. Нойр нь хулжиж, эсвэл хэт их унтана.

6. Зүүдлэх, зүүдэндээ босож явах, үйлдэл хийнэ.

7. Шүдээ хавирна.

8. Толгой нь өвдөх, дотор муухайрах шинж илэрнэ.

9. Зорилгогүй хөдөлгөөн хийх нь нэмэгднэ.

Бага насны хүүхдэд

1 Орондоо шээх

2. Хумсаа мэрэх

3 Нүд анивчих

4. Биеийн эсэргүүцэл суларч өвчлөлд амархан өртөх

5. Хөлрөх

6. Үсээ зулгааж биеэ маажих

7. Ааш тогтворгүй болох

8. Толгой халах гэх мэт шинжүүд илэрнэ.

– Ер нь ядаргаагаа тайлахын тулд юуг анхаарах вэ?

– Өдрийн ядаргааг өдөрт нь тайлах хэрэгтэй. Хэрвээ өдрийн ядаргааг өдөрт нь тайлж байхгүй бол хуримтлагдсаар байгаад архаг ядаргаанд хүргэдэг. Өдрийн цайнд орсны дараа нойр хүрч, бүх бие суларч, нозоорч, анхаарал төвлөрөхгүй, ажлын бүтээмж муудах шинж тэмдэг ихэнх хүмүүст илэрдэг. Энэ нь таны бие ядарсан байна, түр ч болтугай амрах хэрэгтэй гэсэн дохио юм. Энэ үед жаахан амраад авахад бие сэргээд ирдэг.

Мөн хангалттай унтаж амрах хэрэгтэй. Хоногт 8-аас дээш цаг унтаж амрах нь зохисттой гэж үздэг. Түүнчлэн тайвшруулах, дасгал бясалгал хийж, стрессээ бууруулж байх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна.  Идэвхтэй хөдөлгөөн 7 хоногт 3-4 удаа хийх, өөрийн дуртай спортоор хичээллэх цаг гаргавал ядаргаанаас сэргийлнэ.

– Ковид-19-ийн халдвар аваад эдгэсэн хүмүүсийн мэдрэлийн тогтолцоонд гарч байгаа өөрчлөлтүүдийн талаарх мэдээллийг хүргэе. Танай эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн дунд өөрчлөлт анзаарагдаж байна уу?

– Коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүст ихэнх тохиолдолд  толгой өвдөх, толгойд манан үүссэн мэт мэдрэмж төрж байна. Мөн төвлөрч чадахгүй байх, ядрах, үс унах, сэтгэл гутралд автах, мартах, сульдах, дөжрөх, нойргүйдэх зэрэг хүн бүхэнд өөр, өөр шинж тэмдгүүд илэрч байгаа.

Мөн зарим өвчтөн 3-6 сарын дараа хэвийн байдалдаа орсон бол заримд нь цаг хугацаа өнгөрөх тусам шинж тэмдгийн тоо улам бүр нэмэгдэж байна. Эдгэрсний дараа шинж тэмдгүүд удаан үргэлжлээд байвал эмчид хандах хэрэгтэй.

– Ковид-19 халдварын дараах нөхөн сэргээх эмчилгээний талаар мэдээлэл өгөөч. Мэдрэлийн тогтолцоог сайжруулахын тулд юу хийх хэрэгтэй вэ?

– Ажиллаж, амарч байх үе гээд бүх нөхцөл байдалд биеэ чагнан эрүүл мэндийн байдалдаа анхаарал хандуулах хэрэгтэй. Аль болох их унтаж амарч, бие болоод тархиндаа нөхөн сэргэх боломжийг олгоорой.

Хэрвээ коронавирусын халдвар авахаасаа өмнө ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийдэг байсан бол одоо дасгалуудаа аажим, аажмаар хийх хэрэгтэй. Амьсгал, зүрхний цохилт, ядарч байгаа эсэх мөн хэр их хөлөрч байгаагаа сайтар хянаарай. Ер заавал дасгал хөдөлгөөн хийх ёстой шүү. Тиймээс эхлээд алхах гэх мэт бага багаар ачаалал авах нь зүйтэй.

Өөрийн биеэ аль болох мэдэрч, таатай мэдрэмжүүдэд анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээгээ гэж зөвлөе. Жишээ нь өглөө кофе эсвэл цайгаа уухдаа сайтар үнэрлэх нь мэдрэлийн системийг тайвшруулаад зогсохгүй ковидоос болоод үнэрлэх чадвараа түр хугацаанд алдсан хүмүүст ч сайн дасгал болно.

– Ковид-19 халдварын үед тархины харвалт өгч байна гэх мэдээлэл байна. Харвалтаас сэргийлэхийн тулд юу анхаарах вэ?

– Тархины харвалт бол бүрэн сэргийлж болох эмгэг юм. Харвалтад хүргэж болох хүчин зүйлст сайн анхаарах хэрэгтэй. Харвалтаас урьдчилан сэргийлэхийн тулд хорт зуршлаа хаях, дасгал хөдөлгөөн тогтмол хийх, өөх тос, давсны хэмжээг багасгах шаардлагатай. Мөн архи согтууруулах ундаанаас татгалзах зэрэг амьдралын зөв хэв маягт шилжих хэрэгтэй.

Ингэснээр өөрийгөө тархины  харвалтаас урьдчилан сэргийлж чадна. Харин гэр бүлийн хэн нэгэн нь зүрх судасны өвчтэй, даралттай бол харвалтад өртөх магадлал өндөр бөгөөд даралтаа өдөр бүр хянаж өөрт тохирсон эмээ тогтмол ууж байх шаардлагатай.

– Ярилцсанд баярлалаа.

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!