LOADING

Type to search

Ухаарахуй

Х.Баасансүрэн: Цаг

Share

Цаг таныг өмнөх ажлаа дуусга, дараагийн ажлаа хий гэж сандруулдаг. Цаг таныг түргэлэхгүй бол амжихгүй нь, одоо яана даа гэж бачимдуулдаг. Цаг таныг болоогүй юм уу, яасан удаан юм бэ? гэж байж ядуулдаг. Цаг таныг тэгэх л байсан юм! гэж харамсуулдаг. Цаг таныг амарч боллоо, амгалан байдлаа дуусга, бухимдал дээрээ буцаад ир гэж ятгадаг. Цаг чамайг завгүй байлгах гэж байнга оролддог. Чаг чаг би яваад байна шүү гэж таныг шаналгадаг. Толгойд чинь буу тулгачихсан юм шиг байдлаас болж ингэхгүй бол, тэгэхгүй бол болохгүй нь гэж та өөрийгөө шахдаг. Түүнийгээ нөхцөл байдал шаардаад байна шүү дээ гэж өөрийгөө зөвтгөдөг. Зүгээр болчих зүйлсийг улам хүндрүүлж өөрийнхөө ачааллыг өөрөө нэмдэг. Тэгээд та өөрөө өөрийгөө завгүй болгодог. Ачаалал нэмэгдэх тусам бухимдах зүйл нэмэгдэж байдаг. Бухимдал нэмэгдэх тусам та өөрөө л зовдог.

ДОТОР ГАДНА ХОЁР ЧИНЬ ХИР ӨӨР ВЭ?

Дотроо ямар байна гаднаа ч бас тийм бай. Гаднах нь доторхоосоо өөр байх нь л муухай. Уурласан бол уурла. Уурласан байж уурлаагүй царайлан нүүрээ үрчийлгэн худал инээх шиг зэвүүн зүйл гэж үгүй. Нөхцөл байдлаас хамаарч хүмүүсийг эвгүй байдалд оруулахгүй гэсэндээ тэвчиж байгаа бол нэг хэрэг. Дотроо муухай зүйл хадгалаад гаднаа гэмгүй царайлах шал өөр хэрэг. Дотор гадна хоёр тань өөр болох тусам та муу санаатай болж байдаг. Дотор гадна хоёр тань адилхан болох тусам зөв энгийн гэнэн цайлган хүүхэд шиг болж байдаг. Гэхдээ өөрийнхөөрөө байна гээд бусдыг хохироож өөрийн муу сэдэл зуршилдаа байнга дарамтлууж бусдыг дандаа зовоож бай гэсэн утга биш. Бусдыг харахаар сайн хүн болж өөр нэг дүр исгэж өөрийн жинхэнэ байдлаа нууж далдлах нь чамайг улам худалч хуурамч болгож байдаг.

ХУДЛЫГ ГАРГАЖ ХАЯ

Худал хуурмаг чамд өнгөрсөнд зөндөө байсан одоо ч зөндөө байгаа байж болно. Худал хуурмагаас чи залхахгүй байна уу? Дүр исгэж жүжиг тавих чинь хэцүү биш байна гэж үү? Хэдий болтол хоёр нүүр гаргаж явах гэсэн юм? Эртхэн үнэнээ хэлчихээд санаа амар байхын жаргалыг мэдэр л дээ. Худлыг хамгаалах гэвэл та улам л худалч болдог юм. Худал хуурмагийн балчиг чамайг улам л шигдээх болно. Нэг л мэдэхэд чи гарах гарцгүй болчихсон байх болно шүү. Живхээсээ өмнө, багахан шигдсэн дээрээ үнэнээ хэл. Худлаа илчилж гаргаж хая. Дотроо хог новш битгий хадгал, та л өөрөө илжрэх болно. Худлыг нууж аварч үлднэ гэж бодож байгаа бол та төөрч явна. Ингэснээр та л зовно. Муу муухай бүхэн бүгд бүрэн гарч байж л та цэвэр тунгалаг болох боломжтой. Нууснаар биш. Гаргаж хаяж байгаа нь муухай зүйл огтхон ч биш. Харин ч чи хөгжиж байгаа нэг том үе шат. Танд жаахан эвгүй л байх. Зоригтой бай. Хэн юу гэж хэлэх бол, юу гэж бодох бол гэсэн айдсаа март. Үнэн байхын гайхамшгийг мэдэр. Та хэзээ ч харамсахгүй шүү. Худлаа гаргаж хая.

ҮНЭНИЙГ СОНГО

Үнэн шударгаа хэзээ ч бүү алд. Ажил хийхдээ үнэн хий. Юм ярихдаа үнэн ярь. Хэзээ ч хаана ч дандаа үнэн л бай. Тэгж л чадвал та амжилтанд хүрнэ. Заримдаа үнэн байснаараа та алдаж худал байсан хэн нэгэн хожиж байгаа юм шиг танд санагдна. Санаагаа бүү чилээ. Цаг хугцаа өнгөрхөд худал заавал илэрдэг юм. Илрээгүй үлдсэн худал гэж үгүй. Дээр нь үйлийн үр гэж ч байдаг юм. Туулайны хөл хугарч, таны үхэр тэргэнд гүйцэгдэх цаг хэзээд ирнэ.Үнэнээрээ байгаа хүн л хамгийн их нэр хүндтэй байдаг. Үнэнээс хэзээ ч бүү няц. Тэр ийм байхад ганц удаа худал байхад яадаг юм гэж ч бүү бод. Яадаг юм билээ гэж эргэлзэж эхлэж л байвал та бууж өгч байна гэсэн үг. Үнэн байсан хүн хэзээ ч хаана ч бардам итгэлтэй байж чаддаг. Бурханы өмнө ч бардам юм. Худал байсан хүн худал нь илэрчихвий гэж байнга дотроо айдас тээж явдаг юм. Үхэх дөхөх тусам санаа зовинол нь нэмэгддэг юм. Бусдын худал нь яасан илэрдэггүй юм гэж тэдний мууг нь үзэх гэж бүү яар. Бусдад мууг хүсэх чинь таны дотор бас муухай зүйл байна л гэсэн үг. Өөрөө л үнэнээрээ бай. Үнэн дандаа ялж худал дандаа ялагдаж дуусдаг юм. Тиймээс хэзээд ялагдах худлыг бүү сонго. Ялах үнэнг л байнга сонгож бай.

ДУТАГДЛАА БУСДААС АСУУ

Дутагдлаа хэзээ ч бүү өмөөр. Дутагдлаа хүлээн зөвшөөрч байгаа бол та ахиж байгаагийн шинж. Тэгээд дутагдлаа би мэдэж байгаа гэж өөртөө хэлэлгүй өөрийн бүх дутагдлуудаа жагсааж бич. Дараа нь чамайг хамгийн сайн мэдэх хүмүүсээс өөрийнхөө дутагдлуудыг асуу. Би өөрийгөө таних эрэл хийж байгаа юм чи над туслаач? Намайг юу гэж бодох бол гэж эмээлгүй чиний бодлоор би яг ямар ямар дутагдалтай вэ хэлээд өгөөч? Энэ бол намайг муу хэлж байгаа хэрэг биш харин над туслаж байгаа хэрэг гэж ойлгоорой. Би яах ч үгүй харин ч баярлана яг үнэнээр нь хэлээч гэж асуу? Таны өөрийн мэдэхгүй маш олон дутагдлууд танд байдаг юм шүү. Тиймээс хэлснийх нь дараа тэр хүнд бүү гомдоорой. Танд хатуу сонсогдож ч мэднэ шүү. Дутагдлуудаа үнэнээр нь мэдэж авах шиг олз чамд байхгүй шүү. Тиймээс түүнд харин баярла. Сүүлд нь дутагдлуудаа хамгийн томоос нь эхлээд дэс дараалалд оруулж бичээд хар. Одоо таны гарт чамайг бүх амьдралын чинь турш зовоож дарлах зүйлсийн жагсаалт байна. Тэгээд Адиша богдын хэлснээр хамгийн том дутагдлынхаа эсрэг зогс. Дутагдлуудаа яаж ялах танд тохирсон тэр төлөвлөгөөг гарга. Тэгээд түүнийгээ мөрд. Нэг бүдэрсэн чулуундаа насан туршдаа бүдрээд байлгүй эртхэн засч аваад санаа амар аз жаргалтай амьдрахаа бод.

Х.Баасансүрэн Эрдэнэзуу хийдийн Хамба лам

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!