LOADING

Type to search

Онцлох

Л.Эрдэнэбулган: Би залуудаа сахилгагүй, дэггүй эр байсан юм шүү дээ

Share

Хатанбаатар Магсаржавын дүрээр үзэгч түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн, дэлхийн болон Монголын олон сонгодог бүтээлийг найруулан тавьсан урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулганыг “Хүмүүс” буландаа урилаа.

-Бага нас, нутаг усны тань дурсамжаар ярилцлагаа эхэлье?

-Би Булган аймгийн Бугат сумант төрсөн. Намайг багад айлд өргүүлсэн юм билээ. Долоон настайд минь өргөж авсан аав, ээж маань бурхан болж, би эмээтэйгээ үлдсэн. Эмээ минь намайг хүн болгохын төлөө бүх хүч чадлаа шавхсан даа. Одоо эргээд бодоход гайхамшигтай хүн байжээ. Би сургуулийнхаа амралтаар хөдөө очдог байлаа. Би 22 нас хүртлээ мал малласан шүү дээ. Эмээ минь намайг өрхийн тэргүүн гээд өргөмжилчихсөн. Хоёр биедээ хань түшиг болоод хэрэндээ л под хийсэн амьдралтай байлаа. Эмээгийн школ гэж байдаг бол би үүнийг нь төгссөн хүн дээ.

-Хэр малчин байв?

-Тухайн үедээ муугүй малчин байлаа. Эмээтэйгээ хоёулаа хэрнээ одоогийн хорин хүнээс илүү хадлан авчихна. Одоогийн малчид зуд зуд гээд л цасны түрүүчээр малаа үхүүлээд байгааг гайхдаг юм. Цагийн зуднаас илүү залхуугийн зуд нүүрлээд байх шиг. Тэр үеийн малчид, одоогийн малчдын хооронд их ялгаа харагдаж, хэлмээр санагддаг юм. Эмээ би хоёр овоо хэдэн малтай, намайг сургуульд явахаар эмээ минь ганцаараа маллаж чадахгүй болоо биз. Булган аймгийн Бугат сумын “Партизан” нэгдэл 1957 онд байгуулагдахад манайх ихэнх малаа нийгэмчилсэн. Адуу л гэхэд таван азаргыг нийгэмчилсэн гэхээр олон мал нэгдэлд өгсөн байх нь ээ. Би тэр нэгдлийн анхны гишүүдийн нэг шүү дээ.

-Таныг зав л гарвал нутаг руугаа явдаг гэж сонссон?

-Манай нутгийнхан надад их сайхан ханддаг. Нутагтаа очоод над шиг хүндлэл хүлээдэг, эрх дураараа байдаг хүн ховор. Намайг эрхлүүлнэ шүү дээ. Би зундаа очиж амарна, өвөл цагаан сараар золгуут хийнэ. Тэнд хүний өөрийнгүй загас бариад, идэшний хонь хөтлөөд ирдэг юм. Нутгийнхан минь намайг “Эрдэнэбулган ах” л гэнэ шүү. Ийм хувь тавилан хүн бүрт заяадаггүй байх. Тэд намайг Баатар вангийн амилсан дүр мэт хүндэлдэг. Хатан баатар Магсаржавын дүрд тоглосон нь миний амьдралын их хувь заяа юм даа. Миний өдий зэрэгтэй яваа нь төрийн шагналт зохиолч С.Удвал, ардын жүжигчин найруулагч Г.Жигжидсүрэн хоёртой салшгүй холбоотой. Г.Жигжидсүрэн ямар азаар намайг олж харсан юм. Би тэр хүний найруулсан арав гаруй кинонд гол болон туслах дүр бүтээсэн. Тэр тусмаа хамгийн анх бүтээсэн дүр минь Хатан баатар Магсаржав. Хүмүүс намайг Дуурийн театрын найруулагч гэхээсээ илүү Баатар ван гэдэг.

-Кинонд тоглоод олны танил болоход ямар байсан бэ?

-Би тийм мундаг хүний дүр бүтээчихээд олны дунд аятайхан байхгүй бол болохгүй гэж их хичээдэг байлаа. Би залуудаа сахилгагүй, дэггүй эр байсан шүү дээ. Баатар ван манай нутгийнх болохоор хөгшдөөс тэр хүний тухай олон гайхалтай зүйл сонсож байлаа. Тэр хүн цэргийн гарамгай жанжин баатар эр төдийгүй Чойжин буулгадаг, ёс төртэй хувилгаан хүн байсан. Тийм хүний дүр бүтээж, хүмүүст Эрдэнэбулган, Баатар ван гэдэг хоёр нэг хүн мэт сэтгэгдэл төрүүлчихээд хоёр хөл дээрээ тогтохгүй явбал үйлс бүтэхгүй гэж боддог.

-Таныг сахилгагүй залуу байсан гэдэг шүү дээ?

-Ер нь яггүй байсан шүү. Бага байхад охидын үс гэзгийг холбох, шоглож уйлуулах, талцаж байгаад зодолдох гэх мэтээр эмээгийнхээ чихийг халууцуулдаг байлаа. Хүнтэй зодолдоод цагдаа сэргийлэхэд дуудагдсан түүх ч бий.

-Эр хүний өнгөтэй өөдтэй явах нь ханиас шалтгаалдаг гэдэг. Ханийнхаа талаар яриач?

-Миний хань Ташкент хотын балетийн сургууль төгссөн Монголын анхны балетчдын нэг, Гавьяат жүжигчин А.Навчаа гэж эмэгтэй бий. Бид 40 гаруй жил ханилжээ. Сайн хань нөхрийнхөө бүтэлгүй бүхнийг бүтэмжтэй болгодог, алдаж оноход нь зөв зам руу нь хөтөлдөг увидастай байдаг юм. Эх хүн хүүгээ эрийн цээнд хүргээд ханьд нь хүлээлгэж өгдөг. Эр хүн ээж, хань хоёрын гараар дамжиж хүн шиг амьдардаг юм. Ялангуяа нас дээр гараад ирэхээр ханийн хоол шиг амттай зүйл үгүй болж, ханиас өөр үнэнч хүн үлдэхгүй юм.

-Та хэр сайн нөхөр вэ?

-Би эр нөхрийн хувьд гүнгэрваатай бурхан шиг байгаагүй. Алдаж оносон, хальж тэнэсэн, хайж хэссэн юм зөндөө байсан. Энэ бүгдийг хань минь уучилсан.

-Ханийгаа гомдоож байж ээ дээ?

-Гомдоож явсан, яая гэх вэ, үнэн нь тэр. Тийм зүйлийг давна гэдэг хүний ханиас л гарах тэвчээр шүү дээ.

 -Хэр олон бүсгүйд дурлаж, хайрлаж байв?

-Дурлал, хайр, хань гурав хоорондоо ялгаатай гэж боддог. Сэтгэлд таацсан, сайхан санагдсан, бүсгүйтэй жаргахсан гэх хүсэлд хөтлөгдөж гүйх цаг эр хүний ид насанд байдаг юм. Үүнийг дурлал гэх байх. Хайрламаар сайхан намба төрхтэй, амьдралын утга учир болох хүнийг хайрлах их өөр. Хамгийн гол нь энэ хоёр ухагдахуун хүний ханьд цогцолж байдаг юм билээ.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Манайх ганц охинтой. Театр судлаач мэргэжилтэй Болормаа гэж бүсгүй бий. Украйны Киев хотод сургууль төгссөн. Эхнэрээс гадна өөр эмэгтэй төрүүлсэн охид бий. Тэр явдлыг яривал эсэн бусын хамаагүй зүйл рүү орчих учраас ингээд больё.

-Охидоо хооронд нь танилцуулж, бие биедээ хань түшиг болох талаар захидаг уу?

-Ямар ч байсан тийм хүн бий шүү гэж хэлдэг. Түүнээс биш та нар атгасан шагай шиг байгаарай гэж сургаал хайрлаж чадахгүй юм билээ. Намайг үхэхээр та гурав хамт байгаарай, бие биедээ хань түшиг болоорой гэлтэй биш. Хооронд нь атаа жөтөө бий болгочих ч юм билүү.

-Таныг нутагтаа хэдэн газар, байшинтай гэх юм билээ?

-Манай сумынхан намайг сайхан амарч бай, эрүүл энх байж ажлаа сайн хий гэж Сэлэнгэ мөрний захад дүнзэн байшин, Бугатаас цааш дөрвөн км яваад том уулын аманд бас нэг дүнзэн байшин өгсөн. Тэндээ очиж амардаг.

-Та “Үхэж үл болно, Чингис хаан” хэмээх сайхан киног бүтээсэн. Ингэхдээ багагүй саад бэрхшээлтэй тулгарч, хэл амны бай болсон?

-Б.Эрдэнэбулган худалч, хулгайч, луйварчин гээд хэлээгүй муу үг байхгүй дээ. Арай л хүн алсан гээгүй. Нас намбаа бодсон ч, Монголын урлагт зүтгэсэн цаг хугацаагаа бодсон ч би ард түмнээ залилж хэдэн төгрөг цуглуулахгүй. Ямар ч байсан хийх юмаа хийсэн. Дэлхийн киноны 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг тэр том улсын нэртэй продюссер миний хийсэн “муу” киног үзээд үргэлжлүүлэхэд нь туслууштай юм байна. Энэ нөхөр бидний мөнгөөр кино хийж, тэр киногоор нь бид ашиг олж болох юм гэсэн дүгнэлт гаргасан. Тэд хэнд ч хэрэггүй зүйлд мөнгө чулууддаг улс биш. Мөнгө өгье гэж байгаагаас харахад миний киног хүн үзэхэд экранаас “өмхий үнэртээд” байдаггүй юм шиг байна. Нэгдүгээр ангийг хийхэд хөрөнгө мөнгө үнэхээр дутсан. Би тэр киног хийх гэж 360 гаруй компанийн хаалга татсан шүү дээ.

-Кино гарсны дараа хүмүүсийн хандлага ямар байв?

-Түүхийг гуйвууллаа гэсэн яриа гарсан. Түүхэн уран сайхны кино гэж юу байдгийг мэдэхгүй хүмүүстэй юу ч гэж маргах билээ. Ядарсныг хэлэх үү, чимээгүй өнгөрсөн. Уран сайхны кино учраас нэмж, чимсэн зүйл байгаа. Цаашдаа ч тэгэх болно. Монголын эрдэмтдэд киногоо үзүүлэхэд “Киноны хувьд талархан хүлээж авч байна. Энэ бол уран сайхны кино учраас бид янз бүрийн юм ярьж таны толгойг эргүүлээд яах вэ” гэсэн.

Нэгдүгээр ангийг Чингисийн бус Жамухын тухай кино болж гэсэн шүүмжлэл бас гарсан. Би анх гурван ангитай кино хийнэ гэж тооцоолсон. Жамухыг эхний ангид түлхүү оруулах шаардлага байсан юм. Жамуха, Тэмүүжин хоёр шиг зүтгэлтэн өнөөгийн төрд үгүйлэгдэж байгаа. Төр ямар хүчтэй байх ёстойг Жамухын дүрээр харуулсан. Жамуха “Миний анд намайг өршөөж болох ч хөх монголын төр намайг өршөөх учиргүй” гэж хэлдэг шүү дээ. Одоо ингэж хэлдэг хүн байна уу.

-Кино их өндөр өртөгөөр боссон, монголчууд сэтгэлээрээ тусалж, нэлээд мөнгө босгосон санагдана?

-1,4 тэрбум гаруй төгрөгөөр бүтсэн. Энэ тоо монголчуудад цочмоор сонсогдож магадгүй. Дэлхийн жишгээр хамгийн багадаа 5-7 сая доллар зарцуулдаг юм билээ. Манай киног үзсэн америкчууд “ийм бага мөнгөөр хийсэн юм уу” гээд итгэхгүй байсан шүү дээ.

Кино бүтээхэн монголчууд маань сэтгэлээрээ тусалсан. “Их Монгол” сангаас 480 сая, “Гацуурт” компани 800 сая төгрөг өгсөн. Иргэд идээ будаа, эд хэрэглэл гээд боломжтой бүх зүйлээр тусалсан. 500 төгрөг өгсөн хүн ч бий, таван сая төгрөг өгсөн хүн ч бий. Тэр нь нийлээд 100 гаруй сая төгрөг болсон доо.

-Та хэзээнээс Чингис хааны тухай кино хийе гэж бодсон бэ?

-Би Чингис хааныг бурханчлан шүтдэг. Залуу байхад дэлхийг донсолгосон мундаг баатар гэж хүндэлдэг байлаа. Сүүлдээ ном судар үзэж, юмны наадах цаадахыг ялгахтай болоод бүр итгэлтэй, бодлоготойгоор энэ хүнийг биширдэг болсон. Нар хэвийх нас ирэхэд тэр бишрэл маань ийм бүтээл хийхсэн гэсэн хүчтэй хүсэл болсон. Одоо өрөөндөө орж ирээд уншдаг тарни маань энэ. (“Тэнгэрийн зарлиг их хааны ивээл доор үйлс минь бүтнэ” хэмээн уйгаржин монгол бичгээр бичиж, өрөөнийхөө хойморт залжээ.) Залбирдаг бурхан Чингис.

-Та Дуурийн театрыг сайн мэдэх хүмүүсийн нэг. Энэ театрын ирээдүй хэр гэрэлтэй байна гэж боддог вэ?

-Дуурийн театрын үйл ажиллагааг мэднэ гэж би том дуугаар хэлнэ шүү. Сонгодог урлагийн ариун сүмийн минь үйл ажиллагаа жаахан хэцүү байгаа харагдах юм. Дотор нь ажиллаж буй уран бүтээлчидтэй ярих юм байхгүй. Тэд чадлынхаа хэрээр, байгаа боломжоо шавхан ажиллаж байна. Хэдэн сайхан дуучинтай болсон. Тэд Монголын тайзан дээр ч, дэлхийн тайзан дээр ч дэвнэ. Театрын бусад боловсон хүчний бодлого тасарчихаж. Удирдаач, найруулагч, хоормейстер, балетмейстер, төгөлдөр хуурчдын үе нь дуусчихаад байхад араас нь гарч ирэх хүнийг бэлдэхгүй байна. Нэг хөгжимчнийг 10-15 жил бэлддэг. Арван хүн сургахад хоёр сайн мэргэжилтэн гарвал их юм. Дуурийн театрын уран бүтээлчид авьяастай байх хангалтгүй, өндөр боловсрол эзэмших шаардлагатай. Энэ талд БСШУЯ ямар ч бодлого хэрэгжүүлэхгүй байна. БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Наранзун хоёрт хандаж үүнийг зориуд хэлж байгаа юм. Дуурийн театрын зориулалтын барилга Монголд нэг ч байхгүй. Одоогийн энэ барилга чинь драмын театрын зориулалттай юм шүү дээ. Одоо дэлхийн томоохон дуурь тавихад тайз маань багадаж байна. Урын сан нэмэгдэх хэрээр тайз, эдлэл хэрэглэл нэмэгдэж, үүнийг багтаах агуулах ч олдоход хэцүү болсон. Мөнгө байна, хааш нь яаж тараах вэ л гээд байгаа биз дээ. Ганц сайхан театр барьчихвал үеийн үед дурсагдах нэртэй үлдэнэ шүү дээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!