LOADING

Type to search

Онцлох

А.Батцэнгэл: Жаргалтай амьдрахад сүсэг бишрэлээс илүү сэтгэлийн боловсрол чухал

Share

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ.

Энэ удаагийн зочноор буддын гүн ухааны Гэвш багш Асралтын Батцэнгэлийг урьж ярилцлаа.

СЭТГЭЛЭЭ УДИРДАХ, ЖОЛООДОХ ГОЛ АРГА НЬ БОДОХ  

Блиц:

Боловсрол:

♦ 1992-2022 онд Энэтхэг, Карнатака, Гоман дацан Гэвш.

♦ 2005 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл шинжлэлийн ухааны магистр

♦ 2021-2022 онд АНУ, Атланта, Эмори их сургуулийн Танин мэдэхүйд суурилсан энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх бясалгалын хөтөлбөрийн багш.

Ажлын туршлага:

♦ 2002-2009 он: Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурханы шашны их сургуулийн Буддын гүн ухааны багш.

♦ 2009-2010 он: Гандантэгчэнлин хийдийн Гунгаачойлин дацангийн Чойрын багш.

♦ 2013-2021 он: Дилав хутагт сангийн гүйцэтгэх захирал.

♦ 2013 оноос одоог хүртэл Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Ламын орчуулагч.

♦ 2018 оноос одоог хүртэл “Нароба” институтын захирал.

♦ 2022 оноос “Лэгмон” сангийн тэргүүн.

Буддын гүн ухаанд жинхэнэ жаргал хүний сэтгэлд байдаг гэж үздэг. Бие махбодийн жаргал хэмжээ хязгаартай. Амттай хоол идлээ гэхэд цадах хэмжээндээ л амтална. Харин сэтгэлээрээ хэмжээ хязгааргүй жаргалыг эдлэх боломжтой. Учир нь хүний сэтгэлд хязгаар байхгүй, ямар нэг материаллаг зүйлд баригдахгүй. Тиймээс хамгийн чухал зүйл бол бие махбодийн жаргалаас сэтгэлийн жаргал чухал гэж буддын гүн ухаанд үздэг юм. Сэтгэлийн жаргалыг бий болгохын тулд бид сэтгэлээ захирдаг, жолооддог, удирддаг байх ёстой. Гэтэл өнөөдөр бидэнд сэтгэлийн хөгжил, сэтгэлийн эрүүл мэнд, сэтгэлээ удирдах талын сургалт байхгүй байна.

Бид бие махбодийн тав тух, таашаал жаргалд л анхаарч байгаагаас сэтгэлийн тав тух, сэтгэлээ амгалан тайван байлгах, сэтгэлийн аз жаргалыг мэдрэх тал дээр анхаарал хандуулахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд сэтгэлийг амар амгалан байлгах, уураа барих, бусдыг хайрлах, бусдыг хүндлэх, бусдад ёс суртахуунтай хандах, учир шалтгааныг ойлгох  талаар зааж сургах нь дутагдалтай байна.

Тэгэхээр бид энэрэнгүй сэтгэл,ёс суртахуунтай байх, бусдыг хайрлаж хүндлэх, сэтгэлээ удирдах, жолоодох сургалтгүй учраас хүмүүс энэ талын мэдлэг мэдээлэлгүйгээс өөртөө төдийгүй өрөөлд, нийгэмд ч зовлон учруулж байна.

Бурхан багшийн айлдварт “Сэтгэлээ захирдаг хүн жаргана, сэтгэлдээ захирагддаг хүн зовно” гэж байдаг. Энэ бол ямар нэг шашин шүтлэг, сүсэг бишрэлийн тухай бус хүний үндсэн ойлголт юм. Хүмүүн бидний туйлын зорилго аз жаргалтай л амьдрах. Зовлонг хэн ч хүсэхгүй шүү дээ. Бүгд л жаргалтай байхыг хүснэ. Тэгвэл тэр жаргалд хүрэх арга зам нь дан ганц сүсэг бишрэл, итгэл үнэмшил биш, харин сэтгэлийн боловсрол юм. Сэтгэлээ захирдаг, жолооддог, удирддаг хүн жаргалыг мэдэрнэ. Сэтгэлээ удирдах, жолоодох гол арга нь бодох. Ямар нэг зүйлийг ойлгож, мэдлэг авч байж бодно. Хүмүүст аз жаргалтай амьдрах арга ухаан нэн чухал болоод байна. Тиймээс бид нийгэмд хандсан үйл ажиллагаа явуулж, хүмүүст сэтгэл санааг нь тайвшруулах, аз жаргалтай, баяр баясгалантай байлгах, ямар нэг зовлон тохиолдоход даван туулах чадвартай болгох тал дээр анхаарч ажилладаг.

ЭНЭРЭНГҮЙ САЙХАН СЭТГЭЛ, ЁС СУРТАХУУН ДЭЭР ХҮНИЙ НИЙГЭМ ОРШИНО

сонин mn

Бурхны шашныг философийн хэсэг, шинжлэх ухааны хэсэг, шашны хэсэг гэж гурав хувааж үздэг. Энэ бүгд хүний дотоод сэтгэл рүү хандсан үзэл онол, сургааль, сургалттай. Философийн хэсэгт бидний сэтгэлийг үзэл бодлын хувьд олон ангилдаг. Харин шинжлэх ухаанаар дамжуулаад юмс үзэгдлийн мөн чанарыг тайлбарлаад, түүнд хандах хандлагыг өөрчилнө. Шашны хэсэг бол хүний итгэл үнэмшил, сүсэг бишрэлийн хэсэг юм.

Хүнд зовлон тохиолдлоо гэж бодъё. Тэгвэл тэр зовлон хаанаас бий болов гэхээр бидний хийсэн буруу үйлдлээс үүсдэг. Буруу муу үйлийн өмнөх шалтгаан нь сөрөг сэтгэл хөдлөл буюу уур хилэн, хүсэл шунал, атаа хорсол. Сөрөг сэтгэл хөдлөлийн өмнөх шалтгаан нь буруу ойлголт, буруу дүгнэлт, буруу төсөөлөл юм. Нэг ёсондоо бид мэдэхгүйгээсээ болоод уурладаг, шунадаг, атаа хорсолд автаж, стресстдэг. Тэгэхээр зовлонг арилгая гэж бодвол мэдэхгүйг арилгах хэрэгтэй. Мэдэхгүйг мэдлэгээр л арилгана. Жаргал ч, зовлон ч тэр бидний сэтгэлд тулж ирдэг. Сэтгэлийг засч чадвал бүгдийг засах боломжтой.

Энэ тогтворгүй нийгэмд хүн өөрийн сэтгэлийг удирдаж, тогтоож чаддаг байх нь чухал. Бурхны шашин Буддын философи олон мянган жилийн турш сөрөг муу сэтгэл хөдлөлийг арилгах арга замыг заасаар ирсэн. Сөрөг муу сэтгэл хөдлөлийг хянаж, аз жаргалтай амар тайван байлгах өв соёл бидэнд бий. Тиймээс үүнийг таниулах, нийгэмд чиглэсэн ажил хийх зайлшгүй шаардлага байна.  

Нийгмийн дунд амьдарч буй хүн бүхэнд ёс суртахуун хэрэгтэй. Тэр хүн шашинтай байна уу, шашингүй байна уу гэдгээс хамаарахгүй. Хүнд энэрэнгүй сайхан сэтгэл ус, агаар мэт чухал. Энэрэнгүй сайхан сэтгэл, ёс суртахуун дээр энэ нийгэм оршин тогтнох болно. Энэ нийгэмд амьдрахын тулд хүн дотоод сэтгэлдээ анхаарал хандуулах ёстой. Амар тайван нийгэмд амгалан амьдрахыг хүн бүр хүсдэг ч бидний сөрөг буруу сэтгэл, ёс суртахуунгүй үйлдлүүд саад болдог. Үүнийг хуулийн талаас ч, шашны талаас ч мэдлэгээр засах зайлшгүй шаардлагатай.

Шинжлэх ухааны маш олон туршилт, судалгаа явагдаж, дүгнэлтүүд гарсан. Тиймээс бид мэдлэгээр сөрөг сэтгэл хөдлөлийг арилгах соён гэгээрлийн ажлыг хийх цаг болжээ. Улс оронд эдийн засгийн хөгжил чухал, үүнд бүгд анхаарлаа хандуулж байгаа нь зөв. Гэхдээ зэрэгцээд сэтгэлийн хөгжилд анхаарлаа хандуулж, мэдлэг түгээж ажиллах хэрэгтэй. Үүний тулд хүн бүр өөртэйгөө ажиллаж, дотоод сэтгэлээ тайван байлгаж, баяр баяслаар дүүргэхийн хэрээр аз жаргалтай амьдрах боломж бүрдэнэ. Биеийн эрүүл мэнддээ анхаардаг шигээ сэтгэлийн эрүүл мэндээ анхаарах хэрэгтэй байна.

СВСТ БУЮУ ТАНИН МЭДЭХҮЙ ДЭЭР СУУРИЛСАН ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ БЯСАЛГАЛЫН ХӨТӨЛБӨРИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫ ЭРДЭМТЭД БОЛОВСРУУЛСАН

Хүн гэдэг нийгмийн амьтан. Хүссэн хүсээгүй бие биенээсээ харилцан хамааралтай амьдардаг. Мэдээллийн эрин зуунд хүн өөрт хамаатай, хамаагүй олон сөрөг мэдээлэл авснаар бухимдал, сэтгэл гутрал, стресст орж байна. Сэтгэлийн энэ зовлонг арилгахгүйгээр бид энэ нийгэмд тайван амьдрах боломжгүй.

Тиймээс орчин үеийн шинжлэх ухааны сэтгэл судлалын эрдэмтэд бясалгалын олон янзын арга техник ашиглаад хүний стрессийг арилгах боломжтойг тогтоосон. Түүний нэг нь СВСТ буюу Танин мэдэхүй дээр суурилсан энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх бясалгалын хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг АНУ-ын Атланта хотын “Эмори” их сургуулийн сэтгэл судлал, мэдрэл судлал, сувилахуйн ухаан, тархи судлалын олон эрдэмтэд хамтарч боловсруулсан байна. “Эмори” их сургууль нь АНУ-д эрүүл мэндийн салбарын судалгаагаараа тэргүүлдэг. Энэ сургуулийн дэргэд төвлөрлийн шинжлэх ухаан дээр суурилсан ёс суртахууныг хөгжүүлэх төв байдаг. Энэ төвөөс Танин мэдэхүй дээр суурилсан энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх бясалгалын СВСТ сургалтын хөтөлбөрийг боловсруулсан юм.

СВСТ хөтөлбөр нь эртний дорно дахинд байсан сэтгэл судлалын мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухааны судалгаа, арга барилтай хослуулсан нь онцлогтой, үр дүнтэй болсон байна. Мөн бясалгалын үндсэн хоёр зарчим болох анхаарал төвлөрлийн бясалгал, ажиглаж дүн шинжилгээ хийх бясалгалыг өөртөө агуулсан хөтөлбөр юм.

Сүүлийн үед хүмүүсийн анхаарал төвлөрөл суларч, хугацаа нь богиносч байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Бидний сэтгэл санаа тогтворгүй болсны улмаас аливаа зүйлд нухацтай хандах, гүнзгий бодох, дүн шинжилгээ хийх чадваргүй болсон. Энэ нь маш хурдтай тухайн мэдээлэлд автдаг, гадны нөлөөлөлд амархан автдаг болсон гэсэн үг. Тиймээс энэ хөтөлбөрт хамрагдсанаар хүн үй түмэн бодол дундах сөрөг сэтгэл хөдлөлөө таньж, сэтгэл хөдлөлөө хөндлөнгөөс харах, эерэг сайхан зүйлд төвлөрөх арга барилд сурдаг. Хүн бусдад зөөлөн ханддаг хэрнээ өөртөө хатуу хандах нь их. Ингэснээр цөхрөлд автдаг, шантардаг, урам зориггүй болж хөөрлийн бүс юм уу, саатлын бүсдээ гацдаг. Тиймээс өөрийгөө үнэн зөвөөр энэрч хайрлах бясалгалын арга техникийг заадаг.

Өөрийгөө хайрлаж чадсанаар бусдыг хайрлах чадвартай болно. Хүн бүр аз жаргалтай, амар тайван амьдралыг хүснэ. Хүмүүс бид олон зүйлээрээ адил төстэй гэдгээ олж харж, хүлээн зөвшөөрч, бусдыг өөртэйгөө адилхан гэж бодож чадсан цагт энэрэл хайр төрнө. Бусдыг өөртэйгөө адилхан гэдгийг харсан цагт бусад руу хандсан сөрөг сэтгэл хөдлөл, буруу хандлагууд арилна.

Яг энэ үед нь хүмүүс бид хоорондоо адилхан байгаад зогсохгүй хүн бүр надад ачтан шүү гэдгийг хөтөлбөрийн дараагийн хичээлээр ойлгуулдаг. Бид олон талаараа бусад хүмүүстэй хамааралтай амьдарч байна. Ганцхан зүсэм талх идэхдээ л энэ зүсэм талх ямар олон хүний хүч хөдөлмөрөөр над дээр ирж байгааг бодох хэрэгтэй. Гэтэл бид нэг өдөрт хэчнээн зүйлс хэрэглэж, ямар их хоол хүнс иддэг билээ. Энэ бүхэн бусдын ачаар ирж байгаа, хүмүүсийн ач буянаар сайхан амьдарч байгааг ойлгуулдаг. Хүн ачтай хүндээ халуун дулаан сэтгэлээр дотно ханддаг шүү дээ. Хөтөлбөрийн төгсгөлд жинхэнэ энэрэнгүй сэтгэлийг таниулдаг.

ЭНЭРЭНГҮЙ СЭТГЭЛ ТӨРӨХИЙН ХЭРЭЭР СЭТГЭЛИЙН ХАТ БИЙ БОЛДОГ

“Эмори” их сургуулийн гаргасан судалгаагаар Энэрэнгүй сэтгэл хэдий хэмжээнд төрнө тэр хэмжээгээр сэтгэлийн хат бий болдог гэж дүгнэсэн. Жинхэнэ энэрэнгүй сэтгэл хүнд маш их эрч хүч, урам зориг, итгэл найдварыг бий болгодог. Өнөөдөр энэ нийгэмд энэрэнгүй сэтгэл, сэтгэлийн хат дутагдаж байна. Тиймээс би СВСТ буюу Танин мэдэхүй дээр суурилсан энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх бясалгалын хөтөлбөрт хамрагдаж, багшлах эрх аваад монголчууддаа зааж байгаадаа баяртай байна.

Хүн өөрийгөө бодож л уурладаг, шуналын сэтгэл нь надад хэрэгтэй гэдгээс, атаа хорсол нь надаас илүү гарлаа гэдгээс, омог бардам зан нь би түүнээс илүү гэдэг бодлоос үүдэлтэй. Энэ олон сөрөг бодол, сөрөг сэтгэлийн үндэс нь “Би” юм. Би гэж бодоод л байвал ард нь уур бухимдал, хүсэл шунал, атаа хорсол гарахад бэлэн байдаг. Ингээд л сэтгэлийн тайван амгалан байдал алга болж хямраад эхэлдэг. Нийгмийн болохгүй, бүтэхгүй байгаа бүхэн хүний сөрөг сэтгэл хөдлөлөөс үүсч байна. Тиймээс амар тайван нийгмийг бүрдүүлэхийн тулд хүн бүр өөрсдийн сэтгэл хөдлөлдөө анхаарах хэрэгтэй. 

Уур хилэн, хүсэл шунал, атаа хорсолд хүргэж буй мэдээллүүд сөрөг сэтгэл хөдлөлийг дэвэргэдэг болохыг судалгаанаас харж болно. Гэтэл хүний амьдралд, энэ нийгэмд сайн сайхан үйл явдлууд, аз жаргалтай мөч олон тохиолддог шүү дээ.

Сөрөг мэдээлэлд төвлөрснөөр хүмүүсийн хандлага сөрөг болдог. Хүний сэтгэлийг засах хамгийн оновчтой арга бол бясалгал юм. Яагаад гэвэл хүн бясалгал хийж байхдаа өөрийнхөө сэтгэлд 100 хувь анхаарлаа хандуулж чаддаг. Энэ үед нь сөрөг хандлагаа засах системтэй арга техникээр удирдаж сургаснаар стресс бухимдал, бусдаас өө хайдаг, бусдыг буруутгадаг байдал засагдаж сэтгэл нь илүү амгалан тайван болдог.

Эртний Энэтхэгийн эрдэмтэн Шантидэва бодит байдлыг үнэн зөвөөр харж чадвал асуудлыг шийдэх боломжтой эсэхийг дүгнэж чадна гэж хэлсэн байдаг. Асуудлыг дүгнээд шийдэх боломж байвал хямрах шаардлагагүй, эсрэгээрээ асуудлыг шийдэх арга байхгүй бол нэгэнт шийдэж чадахгүйгээс хойш мөн л хямрах шаардлагагүй. Тэгэхээр бидэнд ямар ч тохиолдолд хямрах шаардлага байхгүй. Энэ бол бидний зөв хандлага. Хандлага нь мэдлэгээс шалтгаална. Тиймээс танин мэдэхүй дээр суурилсан энэрэнгүй сэтгэлийг хөгжүүлэх бясалгалын арга техник бидний хандлагыг, сэтгэл гутрал, шаналал, цөхрөл, ганцаардал, айдас, тав тухгүй байдлыг өөрчилж засах боломжтой. Бусдыг энэрч хайрладаг хүн хэзээ ч бусадтай таагүй харьцахгүй, хохироохгүй, хүчирхийлэхгүй. Яагаад гэвэл тэр хүн бусдыг хайрлаж байна. Энэ нийгэмд энэрэл хайр дутагдсаны улмаас энэ олон асуудал үүсч, гэмт хэрэг гарч байгаа юм. 

Шинжлэх ухааны эрдэмтэд судлаад сайхан сэтгэлийг гурав ангилсан байдаг. Сэтгэл хөдлөлийн түвшинд, ухаарлын түвшинд, хүсэл тэмүүллийн түвшинд энэрэнгүй сэтгэл төрдөг гэж. Сэтгэл хөдлөл ба ухаарлын түвшинд энэрэнгүй сэтгэл төрөх нь хүмүүст байдаг чанар. Харин хүсэл тэмүүллийн түвшинд энэрэнгүй сэтгэл төрөх нь мэдлэг дээр суурилсан хамгийн зөв сэтгэл юм. Энэ нь зовж зүдэрч буй хүнд хариу нэхэлгүй туслах хүчтэй сэтгэлээс үүдэлтэй. Тиймээс мэдлэг дээр суурилсан энэрэнгүй сэтгэл чухал гээд байгаа юм.

Бид бусдыг хайрласнаар ямар их жаргалтай, тайван, амар амгалан амьдрах билээ. Энэрэнгүй сайхан сэтгэл төрөхөд тархинд маш их эерэг эд эсүүд хөгжиж, дархлааны систем улам хүчтэй ажилладаг. Хайрласнаар, хайр түгээсээр бидний эрүүл мэндэд төдийгүй нийгэмд ч ашиг тустай. Нэг гэр бүлд нэг л энэрэнгүй сайхан сэтгэлтэй хүн байхад тэр гэр бүл ямар амар тайван байх вэ. Эсрэгээрээ нэг гишүүн л уур бухимдалтай, бусдыг хайрладаггүй байхад тэр айл тав тухгүй хэцүү болно. Нэг айлаас үүссэн энэ давалгаа хүрээгээ тэлж бусад айлуудад, нийгэмд нөлөөлнө.

Тиймээс өнөөгийн монголчууд бид үнэт зүйлээ тодорхойлох хэрэгтэй байна. Үнэт зүйл гэдэг тухайн улс орны хүмүүсийг нэгтгэж чаддаг хүчтэй зүйл юм. Бидний үнэт зүйл нь монгол хүн байх уу, эсвэл эзэн Чингис хаан уу. Аль аль нь байж болох ч бид оюун санааны болоод сэтгэлгээний түвшинд үнэт зүйлээ улам тодорхой болгох нь чухал байна.

Хүний амьдрал маш үнэ цэнэтэй. Үнэ цэнтэй энэ амьдрал хэмжээ хязгаартай учраас хором мөч бүрийг талаар өнгөрүүлж болохгүй. Өөрийгөө болон бусдыг зовоохгүй, хүн бүр аз жаргалтай амьдрах эрхтэй, тийм боломж ч бидэнд бий.

Х.Монголхатан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!