LOADING

Type to search

Эмч зөвлөж байна

Н.Бира: Элэгний өвчний үед хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдэг нь ядарч, сульдах

Share

ЭМЯ-наас “Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвmрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Тус нэвтрүүлгээр “Элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх шинжилгээ, оношилгоо” сэдвийн хүрээнд АШУҮИС-ийн  МонголЯпоны эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Н.Бира  дараах зөвлөгөө, мэдээллийг өглөө.

-Элэгний бүтэц, онцлогийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

 -Элэг гэдэг бол бие организмын хамгийн чухал эрхтэн. Идэж буй бүх хоол хүнсний шим тэжээлийг задлах, боловсруулах, шимт бодисыг нь өөртөө хэрэгцээ болгох, бие организын бүхий л үйл ажиллагаанд оролцох эс бүрийг дэмжих чухал үүргийг гүйцэтгэдэг. 20 гарй үүрэг гүйцэтгэдэг энэ эрхтнийг бие организмын лаборатори гэж үздэг.

Энэ нь баруун хавирганы нуман доор, өрцний доор байрладаг бөгөөд зүүн, баруун дэлбэнгээс бүрддэг. 1200-1400 гр жинтэй ч асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, нүүрс ус, өөх тос, уургийн солилцоонд оролцох, цөс, цөсний хүчил, давс, нөсөөний шүүрлийн үйл ажиллагаанд оролцох, билирүбин, эм, хорт бодис ялгаруулах, альбуми, цус бүлэгнэлтийн хүчин зүйлс нийлэгжүүлэх, витамин, нүүрс ус нөөцлөх, биеийг хоргүйжүүлэх зэрэг амин чухал үүргүүдийг гүйцэтгэнэ.

Үндсэн гурван шим тэжээлийн бодисын солилцоонд оролцдог үүргийн талаарх мэдээллийг хүргэе. Бодисын солилцоонд оролцож буй амин чухал үүргүүдийн нэг нь уураг, илчлэгийн солилцоо юм. Хэрэв уургийн дутагдалтай байвал тухайн хүн тэжээлийн, ялангуяа уураг, илчлэгийн дутагдалд орно. Ингэснээр тураалд ордог. Элэг тайван байх үедээ илчлэг бодисын солилцооны 19 хувийг хэрэглэдэг. Харин элэгний архаг өвчлөлтэй болвол уураг илчлэгийн дутагдал 34-82 хувийг эзэлдэг. Энэ их тэжээлийн дутагдлын улмаас жин буурдаг, дархлаа эрс суларч, хоёрдогчоор халдвар авах эрсдэл үүснэ.

Дараагийн чухал үүрэг нь өөх, тосны солилцоонд оролцох. Элэг нь цөс ялгаруулж, өөх тосыг боловсруулж, тосонд уусдаг A, E, D, K амин дэмийн шимэгдэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрэв элэг цөс ялгаруулж чадахгүй бол өөх тосны солилцоонд асуудал үүснэ.

Цусан дахь холестеролын түвшин хурдан буурах нь элэгний эсийн тэжээлийн хурц дутагдал, өвчний муу тавиланг илтгэдэг. Элэгний эмгэгийн үед А, Д амин дэмийн дутагдал 40 хувь, B бүлгийн амин дэмийнх 8-10 хувь, фолатынх 17 хувь тохиолддог.

Нүүрс усны солилцоонд дараах байдлаар оролцоно. Хооллолт хангалттай хүмүүст элгэнд 10 хувь, булчинд 2 хувь глюкагон агуулагдана. Харин элэгэний эмгэгийн үед гликогенээс глюкоза үүсэлт буурч, глюконеогенез эрчимжиж, глюкозын захын хэрэглээ буурна. Ингэснээр хоёрдогчоор чихрийн шижингийн асуудал үүсдэг. Элэгний эдэд глюкагон багассаны улмаас элэгний үйл ажиллагаа алдагдаж, өөх тос хуримтлагдан элэг өөхжинө.

-Ийм олон үүргийг гүйцэтгэдэг амин чухал эрхтний өвчлөх гол шалтгаанууд нь юу байдаг вэ?

-Улс орон, үндэстэн бүрд өөр өөрийн гэсэн онцлог шалтгаан байдаг. Эрдэмтдийн хийсэн судалгаагаар Монгол Улсад тохиолдож байгаа элэгний өвчлөлийн үндсэн шалтгаан нь вирусын халдвар. Гепатит A, B, C, D, сүүлийн үед усаар гол голдуу дамжиж байгаа Е вирусын асуудал байна. 10-аад жилийн өмнө А вирусын асуудал хурцаар тавигддаг байлаа. Ялангуяа бага насны хүүхдүүдийн дунд тохиолдож байсан бохир гараар дамждаг гэх уг халдвар вакцинжуулалтын нөлөөгөөр хумигдаад байна. Харин одоо муу усаар дамждаг, ялангуяа жирэмсэн үед халдварладаг Е вирусын асуудал байгаа. Энэ нь мөн л эрүүл ахуйн дэглэмтэй холбоотой.

Гепатит B, C вирусын хамгийн гол дамжих зам нь цус. Олон дахин цусны шинжилгээ өгөх, шивээс хийлгүүлэх, залуучуудын дундах буруу зуршлуудын улмаас цусаар дамжина. Эмнэлгээр дамжих халдваруудыг бууруулах, цусны аюулгүй байдлыг хангах тал дээр дорвитой арга хэмжээ авснаар сүүлийн жилүүдэд эмнэлгийн байгууллагаас цусаар дамжих халдвар эрс буурсан. Судалгаагаар өнөө үед ахуйн шалтгаант халдвар дамжих нь элбэг байгааг тогтоогоод байна.

Өнөөгийн нөхцөл байдалд коронавирусын халдвар нь элгийг гэмтээх бас нэгэн шалтгаан болоод байна.

Манай улсын хүн амын дунд эмийн замбараагүй хэрэглээ маш их. Ингэж замбараагүй хэрэглэдэг улс дэлхийд ховор. Ялангуяа парацетамол, цетрамон, изонаизид, антибиотик зэрэг нь эмийн шалтгаант элэгний өвчлөлийг үүсгэдэг. Эмийг задалж байгаа гол эрхтэн нь элэг. Ямар үндэстэн байхаас шалтгаалаад эмийг задлах чадвар нь өөр өөр байна. Энэ талаарх судалгааны үндсэн дээр монгол хүн эмийг бага тунгаар уух хэрэгтэй гэдэг нь тогтоогдсон. Тиймээс эмийн хэрэглээний тал дээр маш зохистой бодлого баримтлах нь чухал. Иргэд маань энэ талаарх эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлж, эмийн чанарыг ч анхаарч үзэх хэрэгтэй байна.

Мөн архийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдоллд элэг үүнийг задалж чадахгүй. Архи нь элгийг шууд гэмтээдэг. Ийм учраас элэгний эсийг гэмтээдэг хортой бүтээгдэхүүнүүд их хэмжээгээр бий болно. Ялангуяа, элэгний өөхжилт үүсгэх процессыг түргэсгэдэг. Цаашлаад элэгний сорвижилт, церроз үүсгэх эрсдэлтэй. Архины хэрэглээ нь зөвхөн элэг гэлтгүй нойр булчирхайг гэмтээдэг гол шалтгаан.

Таргалалт, бодисын солилцооны хам шинж, зүрх судасны архаг эмгэгтэй тохиолдолд элэг гэмтэж, элгэнд өөхжилт үүснэ.  Элгэнд өөхжилт үүсэх нь хоёр үндсэн шалтгаантай. Тодруулбал, архины болон архины бус шалтгаан буюу таргалалт, бусад эмгэг.

Элэгний өөхлөлт нь үе шаттай явагдана. Эхний шатанд элэгний эд өөхөн эдээр солигдож, бодисын солилцооны хямралын байдлаар явагдах бөгөөд энэ үед ямар нэгэн зовиур илрэхгүй. Зөвхөн шинжилгээгээр илэрнэ. Дүрс оношилгооны шинжилгээгээр элэг цайрсан, хэмжээгээр томорсон, өөхлөлттэй гэж гарсан бол заавал нэмэлт шинжилгээ хийлгэх шаардлагатай. Тодруулбал, элэгний үйл ажиллагааг шалгадаг биохимийн шинжилгээ. Энэ шинжилгээгээр өөрчлөлттэй гарах юм бол элэгний өөхжилтөөс болоод элэгний эс үрэвсэж байна гэсэн үг. Үрэвсэл явагдаж буй тохиолдолд дээр дурьдсан олон үйл ажиллагаа алдагдаж, хямрал явагдана. Цаашлаад элэгний сорвижил, церроз, хавдар үүсэх эрсдэлтэй.

– Элэгний ямар төрлийн өвчлөл зонхилон тохиолдож байна вэ?

-Манай улсад вирусын шалтгаант архаг өвчлөлүүд түгээмэл. Вирусын шалтгаант элэгний архаг үрэвсэл, элэгний церроз, хавдрын асуудал тулгамдсан асуудал болоод байна. А, Е вирусын халдвар нь цочмог үрэвсэл үүсгэдэг бөгөөд эмнэлзүйн шинж тэмдэг тод илэрч, эмнэлгийн тусламж авч байгаа тохиолдолд бараг архагшихгүй. Хамгийн ихээр архагшдаг нь B, C вирус.

Мөн архины ба архины бус шалтгаант элэг өөхжилт, эмийн шалтгаант элэгний үрэвсэл, цөсний замын зогсонгишлын шалтгаант элэгний үрэвсэл түгээмэл тохиолдож байна.

-Вирусын шалтгаант өвчлөл өндөр байна. Нэгэнт өвчилсөн тохиолдолд өвчнөө хүндрүүлэхгүй, даамжруулахгүй байх тал дээр юуг анхаарах вэ?

-Монгол улс элэгний хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлэх байрыг эзэлж байна. Тиймээс элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээллээр иргэдийг хангах нь чухал. 1991 оноос хэрэгжиж эхэлсэн B вирусын эсрэг вакцинжуулалтын үр дүн халдварыг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн. Гепатит А вирусын эсрэг вакциныг хийж эхэлснээс хойш хүүхдүүдийн дундах халдварын тохиолдол эрс буурсан. Харин C вирусын эсрэг вакцинжуулалт байхгүй. Хувь хүний эрүүл мэндийн боловсрол, эмнэлгийн байгууллагын  ариутгал халдваргүйжүүлэлт сайн шийдэгдсэн тохиолдолд халдвар буурна.

-Элэгний B вурус хэрхэн дамждаг, түүнээс хэрхэн өөрийгөө хамгаалах ёстой вэ?

-Хөгжиж байгаа орнуудад уг халдвар нь эхээс урагт дамжих тухай асуудал ихээхэн яригддаг. Манай оронд ч мөн адил саяхныг хүртэл энэ асуудал яригдаж байлаа. Харин ЭМЯ болон бусад холбогдох байгууллагуудаас нэлээд дорвитой арга хэмжээ авч, хэд хэдэн удирдамжуудыг гаргаснаар өвчлөл буурсан. Уг вирусын эсрэг вакцин болон иммуноглобулин гэх тариа хийдэг болсон. Энэ нь бүх төрөх эмнэлгүүдэд хэрэгжиж байгаа. Товлолын вакцинд хамрагдаагүй бол өвчлөх эрсдэл илүү өндөр.

Гепатит С вирус нь цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, шивээс хийлгэх, зүү тариур сольж хэрэглэх ажилбаруудаар дамждаг. Найдваргүй гоо сайхны газар, мэргэжилтэн, ариутгаагүй багажаар шивээс хийлгэх, чих цоолуулах асуудал нэлээд өндөр эсдэлтэй болох нь статистик тоо баримтаар батлагдсан. Харин хүн амын дунд судалгаа хийж, асуумж авахад ажиглагдсан зүйл нь нэг гэр бүлийн гишүүд дундаа нэг хумсны хутгатай байх, сахлын хутгыг хувааж хэрэглэх тохиолдол байна. Энэ буруу. Ариутгаагүй багажаар халдвар дамжих эрсдэлтэй учраас гоо сайхны газраар үйлчлүүлэхдээ ч тэр ариутгалын асуудлыг сайтар анхаараарай.

-Элэг “дүлий” эрхтэн гэдэг. Өвчилсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Элэг нь мэдрэлийн төгсгөлгүй эрхтэн. Тиймээс өвдөлт илэрдэггүй. Харин өвчний маш хожуу шатанд, элэгний эсийн үхжил болсон, идээт хуримтлал үүссэн тохиолдолд л өвдөлт өгдөг. Ийм учраас л өвчилснөө мэдэлгүй хүндрүүлдэг байх нь.

Элэгний өвчний үед хамгийн түрүүнд илэрдэг шинж тэмдэг нь ядарч, сульдах. Амьдралын чухал хэрэгцээт шим тэжээлийн зургаан бодис боловсрохгүй, ялгарахгүй, синтезлэгдэхгүй, хүний бие организмд хэрэгцээ болж гарч чадахгүй байгаа учраас аажим аажмаар ядраад, бие сулраад байгаа юм. Хүмүүс “Ядраад байна. Витамин ууя, хэрэглэе, би ядаргаанд орчихсон байна” гээд байдаг. Шаардлагатай шимт бодис дутагдсаны улмаас хүн ядардаг. Ядрах, бие сулрах, ажлын бүтээмж буурах, нойр хүрэх зэрэг шинж илрэхээр мэдрэлийн ядаргаа гэж ойлгоод витамин л тариулчихая гээд өөрийгөө оношлоод байна. Гэтэл яг ийм шинж тэмдэг илрээд байвал элгээ шинжлүүлэх хэрэгтэй. B, C вирус байх вий, элэг өвчилсөн байх вий гэж бодох ёстой. Үүн дээр анхаарлаа хандуулах нь зөв.

Дараагийн илрэх гол шинж тэмдэг нь биж хам шинж буюу хоол шингэхгүй болох, цанхайх, дотор муухай оргих, бөөлжис цутгах, гэдэс дүүрэх, суулгах, өтгөн хатах зэрэг хоол боловсролттой холбоотой зовиурууд юм. Эрүүл хүнд ийм зовиурууд илрэхгүй. Энэ тохиолдолд мөн л элэгний асуудлыг бодох хэрэгтэй.

Өвдөлт нэлээд хожуу шатанд илэрдэг гэлээ. Гэхдээ элэг томорч, капсул нь суначихсан толхиолдолд өвдөлт өгөх нь бий. Тиймээс баруун хавирганы нуман доор өвдөөд байгаа тохиолдолд элгээ шалгуулах хэрэгтэй. Баруун хавирганы нум дор маш олон эрхтэн байрладаг. Өвдөлт нь нойр булчирхай, цөс, элэг, ходоодны гарах хэсгээс шалтгаалж байгаа эсэхийг хүн өөрөө ялгаж, мэдэх боломжгүй учраас заавал эмчид хандаарай.

Арьс салст шарласанг анзаарсан тохиолдолд тэр даруй эмчид хандах шаардлагатай шүү. Шарлалт гэдэг бол элэгний өвчлөл нэлээд гүнзгийрсэнг илтгэнэ.

Буйл, хамраас цус гарах, сарын тэмдэг удаан хугацаагаар үргэлжлэх, арьсан дээр цусархаг тууралт гарах шинж тэмдгийг хүмүүс төдийлөн анхаардаггүй шүү. Үүнийг анзааралгүй орхиж болохгүй.

Зарим тохиолдолд эмчид хандаад л элэгний цирроз буюу хатуурал оношлогдож байна. Ялангуяа эхчүүд, төрөх насны залуу эмэгтэйчүүд, төрөх гэж байгаа эх эмчид хандаад цирроз оношлогдож байгаа тохиолдол байна шүү дээ. Энэ нь урьдчилан сэргийлэх үзлэгт орохгүй байгааг илтгэж байна. Жилдээ нэг удаа хийгддэг хэвлийн эхо оношилгоог хийлгэхгүй байна. Эмнэлзүйн шинж тэмдэг тодорхой хэмжээнд мэдэгддэг. Тиймээс шалтгаангүйгээр турах, арьсны нөсөөжилт ихсэж, харлах, арьсан дээр тууралт гараад байгаа эсэхийг сайтар анхаарах хэрэгтэй.  

Арьс салст шарлах, арьсан дээр одлог тууралт гарах, хэл яв ягаан болох, хэвлийн урд судасны хана өргөсөж харагдах, арьсан дор цус харвах, гарын алга улайх зэрэг шинж илэрвэл эмнэлэгт хандахгүй байж болохгүй.

Элэгний өвчний үед эрэгтэйчүүдэд хөх томрох, өвдөх шинж илэрнэ. Ялангуяа элэг идэвхтэй үрэвссэн, цирроз болсон тохиолдолд энэ шинж тэмдэг ажиглагдана.

Хамгийн гол нь элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх л хэрэгтэй. Өвдөх л юм бол дараа дараагийн шатанд цирроз болох, циррозын хүндрэлүүд үүсэх, цаашлаад хавдар үүсэх эрсдэлтэй.

-Шинж тэмдэг илэрч байгаа тохиолдолд хамгийн түрүүнд хаана хандаж, ямар шинжилгээг өгөх хэрэгтэй вэ?

 -Өрхийн эмчдээ хамгийн түрүүнд хандана. Эрсдэлт хүчин зүйл болох илэрч буй зовиурууд, удамшлын мэдээлэлд эмч хяналт тавина. Ингээд хамгийн түрүүнд гепатит B, C вирусын шинжилгээг хийнэ. В вирус илэрсэн тохиолдолд дельта буюу Д вирусыг илрүүлэх шинжилгээг заавал хийлгэнэ. В вирусээр өвчилсөн тохиолдолд Д вирусээр өвчилдөг.

Дараа нь биохимийн, цус бүлэгнэлтийн, цусны дэлгэрэнгүй, хэвлийн эхо шинжилгээ хийнэ. Хэвлийн эхогоор элэгний өвчлөлийн баримжааг маш төгс хэлж өгдөг.

Элэгний хавдрын маркерын шинжилгээг хийлгэхэд нас заасан байдаг. Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр дархлааны шинжилгээ, хүндрэлийг илрүүлэх зорилгоор улаан хоолой, ходоодны дуран, хэвлийн КТ, элэгний эдийн шинжилгээг авдаг.

-Элгээ өвчлүүлэхгүй байхын тулд юуг анхаарах вэ?

-Хүн ер нь зөв л амьдрах хэрэгтэй. Цөсний үйл ажиллагаатай холбоотой энэ эрхтний үйл ажиллагаа хүний сэтгэлзүй, амьдралын хэв маяг, идэж буй хоол хүнснээс маш их шалтгаалдаг. Хувь хүнээс шалтгаалах урьдчилан сэргийлэх гол алхам бол бага наснаасаа эхлэн зөв хэвшлийг бий болгох. Дархлаа сайн байхад өвчлөхгүй гэдгийг сайтар ойлгож авах нь чухал. Эмийг эмчийн заавраар хэрэглэхийг зөвлөж байна. Мөн цөсний эмгэг, таргалалт, бодисын солилцооны эмгэгээс сэргийлээрэй.

ЭХ СУРВАЛЖ ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!