LOADING

Type to search

Ухаарахуй

Баян өвгөний гурван хүүгээ сорьсон ухаант сорил

Share

Нэгэн баян өвгөн гурван ихэр хүүтэй байжээ. Дорнын уламжлалд ууган хүү нь өв залгамжилдаг. Гурван ихэр хүүгийнхээ хэнийг нь өв залгамжлагчаа болгох вэ гэж өвгөн шийдэж ядаад мэргэн аршаас асуухад нэг арга хэлж өгчээ. Өвгөн гэртээ ирээд гурван хүүдээ тус бүрт нь мянган мөнгөн зоос өгөөд:

– Зах руу яваад цэцгийн үр худалдаж авцгаа гэв. Эцгийн захиасыг хөвгүүд дор нь биелүүлэв. Тэрэг тэргээр дүүрэн үр авчирчээ. Учир нь тэр үед мянган мөнгөн зоос маш их мөнгө байлаа.

– Одоо яах вэ? гэж хөвгүүдийг асуухад эцэг нь:

– Би эргэл мөргөл хийхээр явлаа. Хоёр гурван жил болох байх. Та нар өөр өөрсдийн авсан үрээ чандлан хадгалаарай. Эргэж ирээд би шалгах болно. Энэ бол сорилт юм шүү. Авъяас билгээ нотолсон нь миний өв залгамжлагч болох учир хянамгай байгаарай гэж хэлээд аянд морджээ.

“Ямар хачин сорилт вэ? Хэрэв аав маань гурван жилийн дараа ирэх бол эдгээр үр хатаж орхино. Тэр мэдээж амьд үр нэхэх нь лавтай. Тиймээс даруй зарж, мөнгөө хадгалж байгаад эргэж ирэх үед нь шинэ үр худалдаж авъя” гэж нэг хүү нь боджээ.

“Энэ дүүгийн маань шийдэл буруу л байна даа. Өөр өөрсдийн авсан үрээ чандлан хадгалаарай гэж аав захисан шүү дээ. Юутай ч эдгээр үрийг үрж зарж болохгүй” гэж удаах хүү бодоод, байшингийнхаа дэргэд том зоорь барьж бүх үрээ хав даран цоожилжээ.

Гурав дахь хүүд өөр санаа төрөв. “Зооринд хадгаласан үр хатаж үхнэ. Аавыг эргэн ирэх үед ургаж чадахгүй хатсан үр үзүүлээд яаж урьдын үр гэж хэлэх вэ? Аав бидэнд амьд үр үлдээсэн шүү дээ. Ганц үр сая сая үрийг төрүүлж чадна” хэмээн тунгааж үзээд мөнөөх хүү асар уудам эдлэн газартаа цэцгийн үрийг суулгаад арчилж тордох болов. Жил тутам цэцэгс мянга дахин үржсээр. Гурван жилийн дараа эцэг нь харьж ирээд нүдэндээ итгэж ядав. Тэдний эдлэн газар тэр чигтээ цэцгийн мандал болсон байлаа. Гурван хүүгээсээ учрыг асуув. Хоёр нь мэдээж шалгалтанд унажээ.

– Өсч үржихийн нууцыг таньсан энэ хүүгээ би өв залгамжлагчаа болгоно гэж өвгөн хэлжээ.

Тийм ээ, ганц үр бүх дэлхийг бүрхэж чадна.

-Ошо АгнистынГэгээ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!