LOADING

Type to search

Онцлох

10 баримт: “Эрвээхэйн сүүдэр” киноны гол дүр, жүжигчин Б.Отгонтуяа

Share

Энэ удаагийн “10 баримт” буландаа Соёлын тэргүүний ажилтан, “Азтай Бадарчин-2017” наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацийн эзэн Б.Отгонтуяаг онцолж байна. Түүний тоглосон “Эрвээхэйн сүүдэр” хэмээх олон ангит кино цэнхэр дэлгэцээр олны хүртээл болж буй.

Нэг. Б.Отгонтуяа нь хоёр эгч, гурван ахтай айлын бага охин. Тэрээр Архангай аймгийн уугуул бөгөөд багаасаа аймагтаа зохиогддог байсан бүх тэмцээнд оролцдог авьяаслаг хүүхэд байжээ.

Хоёр. Жүжигчин болохыг хүүхэд байхаасаа мөрөөдөж энэ мэргэжлийг сонсгосон бөгөөд 1998 онд 10 дугаар ангиа төгсөхөд нь СУИС-ийн хуваарь Архангай аймагт ирээгүй тул аймгийн театртаа дөрвөн жил ажиллажээ. Харин тэрээр 2002 онд СУИС-д элсэн орж найруулагч Н.Ганхуяг багшийн удирдлага дор төгссөн байна.

Гурав. Тэрээр “Шинэ үе” продакшнд 2003-2016 он хүртэл ажиллажээ. Энэ тухайгаа “Ангидаа сууж байтал Бооёо ах намайг дууддаг юм байна. Гараад очтол “Чи манай хамтлагт тоглох уу” гэсэн. Миний хувьд гайхах, баярлах зэрэгцэж шууд л зөвшөөрсөн. Тэр бол миний амьдралд тохиолдсон сайхан мөчүүдийн нэг яах аргагүй мөн” хэмээн ярьжээ.

Дөрөв. Тэрээр нөхөртэйгөө СУИС-д суралцаж байгаад танилцжээ. Тэрээр өдгөө “Алдарт эхийн одон” хүртсэн дөрвөн сайхан хүүхдийн ээж билээ. Б.Отгонтуяа нөхрийнхөө тухай “Манай нөхөр намайг маш сайн ойлгодог, хайрладаг. Хүний хувь тавилан гэдэг сонин. Учрах ёстой хүмүүс учирдаг, уулзах ёстой хүмүүс уулздаг” гэсэн байдаг.

Тав. Жүжигчин Б.Отгонтуяагийн гол дүрийг бүтээсэн “Эрвээхэйн сүүдэр” олон ангит кино дэлгэцнээ гарч буй. Тэрээр өмнө нь “Хөгжилтэй дүр”, “Хөгжилтэй өдөр”, “2 хоёрын 5” зэрэг кинонд гол дүр бүтээснээс гадна “Сарны гөлөг”, “Single Ladies”, “Их хотын залуус”, “Би дуралмаар байна”, “Галзуу зугаалга”, “Бүтэн амьдрал” зэрэг киноны дүрүүдэд тоглдож байсан юм.

Зургаа. Тэрээр 2017 оноос “Мөрөөдлийн театр”-т орсон бөгөөд тус ондоо хошин урлагийн шилдгүүдийг тодруулах “Азтай бадарчин” наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” номинацид нэр дэвшиж цомын эзэн болж байв.

Долоо. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ оны гуравдугаар сард салбар бүрийн тэргүүлэх мэргэжилтнүүдэд төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Түүний нэг нь жүжигчин Б.Отгонтуяа. Тэрээр төрийн дээд “Алтан гадас” одон хүртсэн юм.

Найм. Жүжигчин Б.Отгонтуяа 2012 онд Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цол хүртэж байжээ. Түүний цол тэмдийг 2012 оны “Эрчүүд эхнэрээсээ айдаг” тоглолтынх нь үеэр гардуулан өгч байв.

Ес. Тэрээр нэгэн ярилцлагадаа “Ихэнх жүжигчин бүсгүйчүүд түүхэн дүрд тоглох юмсан гэж их боддог. Би болохоор шал эсрэг, боевик эмэгтэйн дүр бүтээхийг хүсдэг. Америк кинонд гардаг зодоонч, аймаар бүсгүйчүүд байдаг ш дээ. Тийм дүрд тоглох юмсан гэж их боддог. Ийм сэдэвтэй кино хийвэл үзээд алдана гэж бодож байгаа” гэсэн байдаг.

Арав. Харин тэрээр Отгоо гэж хэн бэ гэсэн асуултад “Энгийнээр хариулахад хэлье гэснээ хэлчихдэг, шударга, байгаагаараа л байдаг олон таван аашгүй л хүн. Жирийн л нэг жүжигчин бүсгүй, онц гоцлоод байх зан чанар байдаггүй. Ганц гэм нь эмэгтэйлэг зан ховортой, эршүүд талдаа шүү. Хүнд амархан гомддог, түргэн ууртай боловч эргээд маш хурдан мартчихдаг. Нэг л мэдэхэд инээчихсэн явдаг. Цагаахан л юм даа. Урлагийнхан ер нь тийм зан чанартай байдаг л даа. Амархан хөөрч баярлана, амархан гомдоно” хэмээн хариулжээ.

Эх сурвалж ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!