LOADING

Type to search

Онцлох

Жигмэддоржийн Сарантуяа: Намайг чинь “Ноёны бөхийн охин” гээд явуулдаггүй байж билээ

Share

Монголын үндэсний олон ний­тийн телевизийн “Соёл-Эр­дэ­нэ” нэгдлийн редактор, МЗЭ-ийн шагналт зохиолч, сэт­гүүлч Жигмэддоржийн Сарантуяатай ярилцлаа.

-Аав тань “Ноёны бөх” хэ­мээн алдаршсан улсын цол­той хүн байсныг олонтаа сонсч бай­лаа. Аль нутгийн хүн байсан бэ?

-Завхан аймгийн Алдархаан сумын хүн юм.  Бүхий л насаараа тээврийн тэрэгний жолоо мушгисан онц тээвэрчин байлаа. Намайг дөрөв, таван настай байхад шиг санагдана. Тавиад оны дундуур юм даа. Аав кинонд тоглоно гээд үсээ хусуулчихсан гэртээ ирлээ. Би айхдаа орон доогуур нуугдаж билээ. “Миний охин ааваасаа битгий ай.  Удахгүй аав нь зурагтаар гарна” гэж чихрээр хуурч байж намайг орон доороос гаргаж авч билээ. Аавыг кинонд тоглосны дараа хүүхдүүд намайг “Ноёны бөхийн охин”  гээд явуул­даггүй байсан. Тэгэхээр нь миний хор шар хөдлөөд “Би тэр ноёны бөхийн охин чинь мэдэв үү, Жиг­мэд­доржийн охин” гээд гэртээ уйлж ирдэг байсан сан.

-“Ардын элч” кинон дээр ноёны бөх болж тоглодог бил үү?

-Тийм ээ, Дэжидийн Жигжид гуайн найруулсан “Ардын элч” кино. Манай аав чинь өндөөр мантгар цагаан хүн байсан. Тухайн үедээ сайхан залуучуудын нэг л явж дээ. Жигжид гуай, ноёны бөх ийм л мантгар цагаан хүн байх ёстой гэж бодсон уу, яасан бүү мэд. Ямар ч байсан аавыг кинондоо тоглуулсан түүхтэй. Аав дахиж дэлгэцэнд дүр бүтээгээгүй. Хүмүүс янз бүрийн дүрд тоглуулахаар тухайн үед санал болгодог байсан гэдэг. Аав болохоор “Ах нь одоо болно доо. Дахиж кинонд тоглоод яахав. Тээвэр­тээ явж байвал л барав” гээд огтхон ч халгаадаггүй байж.

-Тавиад оны дундуур байна уу даа, улсын цолонд хүрсэн байдаг. Чухам ямар бөхчүүдийг давж цолонд хүрснийг нь мэдэх үү?

-Тавин найман онд улсын цо­лонд хүрсэн байдаг. Хэн гэдэг алдартнуудыг давж начин болс­ныг нь мэдэхгүй юм. Бага байсан болохоор санадаггүй. Аав нас нэлээд явчихсан хойноо барилд­сан. Тээврийн тэрэгнийхээ хийтэй дугуйг машиныхаа тэвшин дээ­гүү­рээ хэд хэдэн удаа давуулаад шидэхийг нь нүдээр үзсэн авто баазын дарга нь анх аавыг бөхөд уруу татсан байдаг шүү. Түүнээс идэр залуу үедээ барилдсан бол начин цолоор тогтохооргүй бөх байсан гэж олон хүнээс сонсч байлаа. Аав ч өөрөө хэлдэг байсан. Биднийг багад манайхаар бөхчүүд их ирнэ ээ. “Хулгар” Дамдиндорж гэж өмсдөг дархан мэхээрээ зартай бөх аавтай тун дотно байсан.  Д.Цэрэнтогтох аварга бөхийн ер­төн­цөд анх л тодорч байхдаа аавыг барааддаг,  манайхаар ирж ээжийн гарын хоолыг иддэг байсныг санаж байна. Мөн Б.Батхуяг гэж начин байсан даа. Бүтэн өнчин, асрам­жийн газрын хүүхэд байсныг бөх сонирхогчид мэдэх байх. Тэр бөх аав ээж хоёрын хүүхэд нь юм шиг л байдаг байсан. Их иднэ, цадна гэдгийг мэдэхгүй. Их иддэг хүнд аав дуртай гэж жигтэйхэн. “Энэ Бат­хуягийг өргөөд авчихдаг юм шүү” гэж ээжид хэлдэг байж билээ. Бид чинь эхээс зургуулаа. Бүгд охид. Эрэгтэй хүүхэдгүй болохоор ижий аав хоёр минь тэгж боддог байсан байх. Гэхдээ Батхуяг начин манай хүүхэд болоогүй л дээ.

-Жигмэддорж гуайн хувьд ийм байж. Одоо яриагаа өөр лүү тань хан­дуулъя. Та хэдэн нас­тай­гаасаа шүлэг бичиж эхэлсэн бэ?

-Их л багаасаа шүлэг зохиол сонирхдог байж дээ. Долдугаар ангийн сурагч байхдаа сургуу­лийн­хаа ханын сонинд хоёр шүлгээ анх гаргаж билээ. Харин түүний дараа­хан Соёлын гавьяат зүтгэлтэн, танай сонины сэтгүүлч  Галсангийн Жамьян гуай миний хоёр шүлгийг тухайн үеийн “Улаанбаатарын мэдээ” сонинд гаргасан юм. Дол­дугаар ангийн хүүхэд төвийн то­моо­хон хэвлэлд шүлгээ нийтлүүлнэ гэдэг хэр баргийн хүнд олдохгүй хувь заяа биз дээ. Баярлаж байгаа гэж жигтэйхэн. Гарч гүймээр ч юм шиг, хэн нэгэнд хэлмээр ч юм шиг санаг­даад л. Сэтгэл тогтохгүй л байсан хэрэг. Тэгээд хоёр наймын хувин бариад зуслангийн худаг руу очиж билээ. Баахан хүмүүсийн ард зогсож байхдаа “Намайг  сонинд гарсныг энэ хүмүүс мэдэж байгаа болов уу” гэж бодоод, хэрэндээ л онгирч байж дээ.

-Утга зохиолын томчуудад тоогдож эхэлсэн үе гэвэл хэ­дий­нээс билээ?

-Арван жилийн сургуулиа дүүр­гэсний дараахан Зохиолчдын хо­роог сурсаар очлоо. Яруу найргийн эрхлэгч нь Б.Явуухулан гуай бай­сан үе. Зохиолчдын хороог ёстой нөгөө лаврин шиг тансаг юм бай­даг байх гэж бодтол өрөө бүрээс тамхины утаа суунагласан газар байж билээ. Явуугийн өрөөний үүдэнд очоод “орох уу” гэтэл чимээ­гүй байгаад байх юм. Арай дүлий хүн биш байгаа даа гэж бодлоо. Дахиад орох уу гэтэл сая нэг юм “Ор оо…” гэж хөндийдүүхэн дуугарч байна. Яваад орлоо. Ус нутаг, ижий аавын тухай асууж байна. “Хэд­дүгээр ангиасаа бичиж эхэлсэн бэ” гээд хэдэн шүлгийг минь уншиж үзсэнээ бас ч хоосонгүй юм аа гэв. Тэгээд “Цог сэтгүүлийн “Оч” булан гэж байдгийг мэдэх үү гэлээ. Би ч шуудхан толгой дохилоо. “Нацаг­дорж гэж сахалтай цагаан залуу бий. Түүнд зураг, шүлгээ өг” гэсэн юм. Ингээд л Зохиолчдын хороог зорьж очингуут Явуу гуай хүлээж аваад “Оч” буланд өмнөтгөл бичин хэдэн халтар шүлгийг минь гар­гасан түүхтэй. Харин анхны номыг минь Сономын Удвал гуай эх барьж авсан юм.

-Өө тийм үү?

-“Учраагүй яваа ханьдаа” нэр­тэй анхны шүлгийн ном маань шүү дээ. Төлөвлөгөөнд номоо өгчи­хөөд бөөн баяр явж байтал нэг өдөр миний ном батлагдсан гэх сураг дуулдав. Тэр үед гар утас гэж байсан биш. Автобус унаа дамжин Зохиолчдын хороо руу чавхдаж очлоо. С.Удвал дарга “Би энэ хүүхдийн номыг эх барьж авна шүү” гэж өөрөө хэлсэн гэдэг. Ту­хайн үед С.Удвал гуай эмэг­тэй­чүү­дийн зөв­лө­лийн дарга байлаа. Намайг өрөөн­дөө дууджээ. Баахан айж сүрдэх нь мэдээж. Ямар сайн­даа л эгчийнхээ тэрлэгийг гуйж өмсөн, үсээ бур­жийл­гасан байс­наа шу­луун болгож хоёр салаа самнаж бай­хав дээ.  Удвал даргын өрөө том гэ­дэг хэлэх юм биш.  Алхаад л бай­хад газар хорж өгдөг­гүй. Тэгтэл “Чи наашаа хүрээд ир л дээ. Би чамайг бариад идчихгүй” гэж байна. Тэгээд хоёул нэг, хоёр үг солиход хөшсөн бие минь тавираад ээжтэйгээ, эсвэл эгчтэйгээ сууж байгаа мэт болов. Тэгтэл нарийн бичиг нь Оюун дарга ирлээ гэж байна. Удвал гуай оруул  гэлээ. Орос цэргийн дарга шиг дэп дап хийсэн хүн орж ирээд нэг их том дипломат цүнх ширээн дээр нь шидчихлээ. Миний айсан гэж жиг­тэйхэн. Эхний айд­саа­саа гарч ядаж байтал дахиад л нэг айдастай тулгарч билээ. Тэгж л Монголын аварга хоёр зохиолч эмэгтэйг нэг дор анх харж байв. Сүүлд нь би Удвал гуайн “Сэт­гэ­лийн өргөл” яруу найргийн номыг нь редакторлож байсан юм. Тэр сайхан хүнтэй холбогдсон хувь заяандаа сүсэглэж явдаг даа.          

-Та чинь Горькийн сургууль төгссөн цөөн хүүхнүүдийн нэг дээ?

-Би чинь тэрхүү дэлхийд алдар­тай сургуульд хожуу явсан хүн юм. 1980-1986 онд суралцаж төгссөн.  Сэлэнгийн Цэндийн Нямаа, Дам­бын Төрбат бид гурав шалгалт өгч байлаа. Тэгтэл Төрөө маань унаж, Нямаа бид хоёр тэнцсэн. Бага сага орос хэлний мэдлэгтэй байсан минь нөлөөлсөн байх. Би чинь Горькийн сургуулийн үндсэн ан­гийг төгссөн шүү дээ. Намайг сурч байх үед Горькийн сургуулийн дэргэдэх дээд курст  Жагдалын Лхагва, Дөнгөтийн Цоодол, Пүрэв­жавын Пүрэвсүрэн, Санжжавын Оюун гээд аваргууд  сурч байлаа.  Надаас хойш яруу найраг, үргэл­жил­сэн үгийн зохиолын чиглэлээр Горькийн сургуулийг дүүргэсэн эмэгтэй зохиолч Монголоос алга. Миний бие Горький төгсч ирээд “Хүний хүн” гэж богино өгүүллийн түүвэр, зураач Байдытай хамтарч “Хошин хөрөг” нэртэй элэглэлийн ном гаргасан. Одоо бол хэд хэдэн ном байж л байна.  

-Телевизийн буянаар Мон­голын үе үеийн бүхий л алдарт­нуудтай уулзаж, яриа хөөрөө авч явсан. Тэр бүгдийг дурсана гэвэл  барагдахгүй байх?

-Өө хэлэх юм биш. Монголын урлаг, соёл, утга зохиол, кино жүжгийн нэрт мастеруудтай өөрийн тань хэлснээр теле­ви­зийнхээ буянаар ойр явж иржээ.

Явуу, Дашдооров, Мөрдорж  гээд бүгдийнх нь тухай хөрөг нэвт­рүүлэг хийж амьд дуу хоолойг нь алтан фондод үлдээсэн байна. Ёстой халууныг халуун, хүйтнийг хүйтэн гэлтгүй зүтгэж явжээ. Нэг удаа шинэ жилийн нэвтрүүлгийн зураг авч яваад оргилуун дарсаа буудуулах гэтэл хөлдчихсөн байж билээ. Гачууртын наад талын аманд зураг авч байсан юм даг. Зу­раг­лаачийнхаа чихийг, тех­ник­чийн­хээ хацрыг хайруулчихаад л ирж байсан удаатай. “Манайхан” гэж нэвтрүүлэг хийсэн юм.  Ардын жүжигчин А.Очирбат, Ц.Гантөмөр, Ж.Лхамхүү, гавьяат жүжигчин З.Жа­ран­тав, Б.Магсаржав, Ч.Алтан-Өлзий, Л.Чаминчулуун гээд тайз дэлгэцийн одод оролцож байлаа.  Тэд чинь хүйтэн гэхгүй. Энэ олон жил нэвтрүүлэгт явахад “Одоо больё, буцъя Сараа минь” гэж нэг ч уран бүтээлч хэрүүл зарга хийж байсангүй. Үнэхээр халуун сэтгэл­тэй сайхан хүмүүс шүү. Тэдний энергиэр л тэтгэгдэж өдий хүрч явна. Ардын жүжигчин Б.Зангад гуай, ардын уран зохиолч Б.Лхаг­ва­сүрэн, “Хаврын шөнийн бодол”-ын Тунгалаг гавьяат, Зууны манлай дуурийн дуучин  Х.Уртнасан, урла­гийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр нарыг аваад сумдаар явж л байлаа.  “Урлагийн бригад ба хаврын дуун” нэвтрүүлэг бэлдээд. Орой нь өнөө хэд чинь сумын төвийн улаан буланд ард иргэдтэй бүжиглээд, зураг хөргөө даруулаад бут авна. Биднийг хаа явсан газар хүмүүс дагадаг сан. Тэр бүхнээс Монголын ард түмэн утга зохиол, урлаг соёлынхондоо ямар их хайртай юм бэ гэдгийг мэдэрдэг дээ.

-Энэ аваргуудыг чинь нэг дор дэлгэцэнд мөнхөлж дээ гэж бахархах сэтгэгдэл төрнө биз?

-Төрөлгүй яахав. Баярын цэн­гүү­нүүд байна. Урлаг соёлын авар­гууд  бүгд л оролцоно. Ёолктойгоо, Гүрээтэйгээ  хөтлөн явуулж байсан нэвтрүүлэг алийг тэр гэх вэ. Ма­найх­ны хэлдгээр урлагийн бур­ха­дыг чинь бичиг цаас энээ тэрээ харахгүй, цол гуншинг нь цээ­жээ­рээ л тууж орхино шүү дээ. Би зарлана, би зарлана гээд Ёолк, Гүрээ бид гурав булаацалдахыг нь яана. Нэвтрүүлэг эхлэхэд бие хаа аяндаа цэгцрээд, үг яриа задгай, маш оновчтой, ончтой, энгийн сайхан болоод эхэлдэг сэн. Харин өнөөгийн  залуучуудаа хараад харамсах юм. Тухайн хүний албан тушаал, алдар цолыг буруу зөрүү хэлэх юу ч биш болж. Нэрийг нь буруу хэлээд байгаа юм чинь. Годгоносон, нэг их ганган охид хүүхнүүд л байна. Гэвч ерөнхий мэдлэг, уншсан барьсан, их утга зохиол, өв соёл, урлаг гоо зүйн боловсрол тун чиг дулимаг юм аа. Хамт­лаг дуучид юм уу, сүүлийн үеийн зохиолын дуучдыг л эргэл­дүү­лээд байх юм. Тэдэнд ярих юм юу байхав дээ. Хатуухан хэлэхэд, хүнд хэрэгтэй нэг үг ч хэлэхгүй ш дээ.

-Ёолктойгоо, Гүрээтэйгээ гэс­нээс партнерууд чинь бүгд гавьяат болчихлоо. Өөрөө ер нь юу бодож байна аа. Хүмүүс таныг гавьяат гэж андуурах нь бий?

-Би ер нь гавьяат хэмээх өндөр цолыг хүртэх ямар гавьяа бай­гуулсан хүн юм гэж хааяа боддог ш дээ. “Хүсэлтийн хариу” нэвтрүүл­гийг Монгол телевизээр явуулах болсноор хүмүүсээс дугтуйтай захиа авах болсон. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөтлөгч Сарантуяа танд гээд хаяглачихсан, манайхан гавьяат аа гэж шоолоод л. Зарим нь бүр гавьяат жүжигчин, сэтгүүлч Сараа эгчдээ гээд биччих­сэн байдаг. Би бол болоогүй дээ л гэж боддог. Гэхдээ амны бэлгээр гэж сайхан үг бий.

-Уран бүтээлийн тайлангаа хэдхэн хоногийн өмнө олны хүртээл болголоо. Тоглолтын тухай мэдээлэл манай сонинд өмнө нь гарсан л даа. Гэхдээ л асуулгүй өнгөрч болох­гүй нь ээ?

-Монголын үндэсний олон ний­тийн телевизийн 45 жилийн ойд зориулаад уран бүтээлийн тайлан­гаа олны хүртээл болголоо. Ард түмэн минь бүр нэг чин  сэтгэлээсээ хүлээж авлаа. Үүнд Сараа эгч нь их баяртай байна аа.  Хөгжмийн зохиолч Ц.Дашзэвэг ая данг нь тааруулсан “Эрийн тэнгэр”, мөн ерээд оны сүүлээр гарс ан “Би эмээ болохгүй” киноны дуу хийгээд бүтээлүүд маань дуулагдлаа. Г.Рав­дан, Л.Чаминчулуун нар бо­гино өгүүллэгүүдээс дээжлэн унш­лаа. Сайхан болсоон.

-Мэдээж элэглэлүүдээсээ түүвэрлэж олонд хүргэсэн. “Бо­лор цом” дээр элэглэлээ уншиж төрийн тэргүүнээсээ аваад бүг­дийг нь “хийж” өгдөг дөө?

-Үгүй ээ яахав, элэглэл маань хүмүүст хүрээд байдаг шүү. Н.Бага­банди гуайг  Ерөнхийлөгч байх үеийн наадам санагдана. “Ерөн­хийлөгч минь сахлаа түр зээл­дэхгүй юү” гэсэн элэглэл унштал хүмүүс нирхийтэл инээлдээд, Ба­гаа Ерөнхийлөгч сахлаа имэрч буй агшинг манай телевизийнхэн “Бо­лор цом”-ын бичлэгтээ оруул­чих­сан байж билээ.

ЯРИЛЦСАН Н.ГАНТУЛГА

Эх сурвалж ӨДРИЙН СОНИН

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!