LOADING

Type to search

ТҮҮХ

Н.Дагийранз: “Бүлээн нурам”-д тоглоно гэдэг л халуухан байсан даа

Share

Дуу хуурын өлгий Дундговиос алдар гавьяатны өлгий Булган хангайд ирж аж төрөн суугаа гавьяат жүжигчин Н.Дагийранз гуайтай ярилцлаа.

-Униарт говийн унаган хүү яаж яваад урлагийн хүн болсон билээ?

-Дундговийн хамгийн урд Өлзийт хэмээх өгөөж хишгээ хайрласан сум байдаг. Өөш манхны говь, Дэл, Хөнжил, Хонгор хайрхнаар нутагтай “Хоёрдугаар таван жил” нэгдлийн сүргийн бэлчээр, гол усны ахан дүүсийнхээ дунд бурхан багш, буянт буурлуудынхаа заяасан авьяасаар би дуулж хуурдаж өссөн хүн. Урлагийн тайзны хувьд цэргийн алба хаачихаад хожуухан хөл тавьсан даа. 1957 онд аймгийн клубт ороод, удалгүй клуб маань соёлын ордон болж бидний урлаг соёлын ажил өргөжиж би ч хөгжин дэвжих боломж нэмэгдсэн.

Монголын залуучууд, оюутны анхдугаар их наадам болоход аймгаа төлөөлөн оролцож алтан медаль энгэртээ гялалзуулсаар буцсан. Өөрөө ч омогшиж өрөөл бусад маань ч намайг онгироох янзтай. Жүжигт тоглох боллоо. Анхны маань дүр “Дэнлүүний баяр”-ын сохор Ямато. Дажгүй болсон гээд л дарга найруулагч маань магтаж, үзэгчид ч ам сайтай хүлээн авсан.

-Алдрын зам тань ингээд аймгийн клубээс эхэлжээ?

-Тэгсээн, аймгийнхантайгаа концерт, жүжигт тоглон хөгжилдөж хөгжин дэвжиж долоон жил болсон. Жаран гурван онд шиг билээ, кино үйлдвэрт очиж нэг хонхорт л байж байгаад тэтгэвэрт гарсан даа.

-Таныг киноны Дагийранз гэхэд болох байх. 30 гаруй дүр бүтээсэн хэмээн нэг сонинд бичсэн байсан?

-Кино үйлдвэр, кино дэлгэц бол миний амьдралын түүх. Хүмүүсийн хэлдэгчлэн хоёр дахь гэр маань гэсэн үг. Анхных гэвэл “Тус биш ус”, “Агуйн нууц” гээд л үргэлжилсэн. Говийн эвлэлийн үүрийн Борын тухай чинь юу билээ, аа тийм “Талын цуурай”-гийн нахиу Намхай гэж, Дэл Хөнжлийн Дэлэгсамбуу хэмээх жинхэнэ “дайсан”-даа тоглосон. За тэгээд л “Хонины найр”, “Хоньчин Найдан”, “Бүлээн нурам”, “Хил дээр”. “Хүний мөр” гээд олон доо, олон. Тэтгэвэрт сууснаасаа хойш ч гэсэн “Мөнх тэнгэрийн хүчин дор”, хязгаарын харуулын өвгөн, японтой хамтарсан нэг кино зэрэг цөөвтөр шинэ уран бүтээлд оролцсон.

-Жүжигчдэд хайртай дүр гэж байдаг гэсэн?

-Дүр бүтээнэ гэдэг хүүхэд төрүүлж өсгөн өндийлгөхтэй адил гэж ярьдаг. Тэгэхээр эцэг, эх хүн хүүхэд бүртээ хайртай байдаг биз дээ. Ухаан бодол урлах арга дүйгээрээ “өлгийдсэн” дүр бүхэн хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээл маань байдаг. Тэдгээрийнхээ дундаас арай ахиу санаа тавьж хүч хөдөлмөр, ур ухаан зарж, “хөлс” гаргаж, олны таашаалд хүрэхээр бүтээсэн дүр маань сэтгэлд илүү дотно байдаг л даа. Жүжигчид бид чинь үзэгчид, шүүгчидтэй шүү дээ. Олон түмний яриа, үнэлгээгээр “Хонины найр”-ын бригадын дарга Бадарч гээд нэрлээд байвал овоо дүр нэлээн их.

-Хамгийн их хөдөлмөр сэтгэлийн тэвчээрээр бүтээсэн дүрээ нэрлэнэ үү?

-Явган нүцгэн явсан, үйл явдал нь жаахан шир үүн, халуухан нь гэвэл “Бүлээн нурам” шүү дээ. Нэлээн “тарчилсан” даа.. Угаасаа тоглох дурамжхан байлаа. Яая гэхэв, тогло гээд шахаад байхаар үзээд авсан, Зохиолд ямар л зүйл үйлдэж хийх, үзүүлж харуулахаар орсон байна, жүжигчин хүн чинь тэр бүхнийг гүйцэтгэх л учиртай юм хойно, ёсоор нь л болгосон.

-”Уул усны үр сад” кинонд мөн нэлээн тулган шахуулж тоглосон сураг байдаг даа?

-Тэр чинь наян онд дэлгэцнээ гарсан юм. Дуу ч оруулсан. Найруулагч маань чи өөрөө баян Жунайд тогло гэдэг юм байна. Тэгэхээр нь би жижигхэн биетэй, бас туранхай ийм хүн тэр баян тарган хүний дүрд тохирохгүй. Өөр хүн тоглуул гээд шуудхан хэлчихдэг байгаа. Миний үгийг авдаггүй. Үгүй ээ хө, чамаас өөр тоглуулчихаар хүн алга. Чи чадна гэдэг юм байна. Нэг бодлын итгэл, нөгөө утгаараа даалгавар гэсэн үг. Ингээд яахав, тоглосон л доо. Тэр Жунайн дүр нэлээн сонин л доо. Нэгэн бодлын зөөлөн, нөгөө талаар ширүүн, бас мангардуу өвгөн. Гадаад дүр төрх, ер нь надтай ойролцоо, ааш зан ч мөн тиймэрхүү. Найруулагч хүн тийм л ажигч, гярхай, сүрхий шүү. Жунай өвгөн, “Чи нойтон сормуустай амьтан гаргаагүй, хормойн бузар шингэсэн эм” гэж эвгүй үг хэлэх учиртай. Зохиол нь тийм хойно, зөрөх аргагүй. Эх, эмэгтэй хүнд хандаж тэр үгийг хэлэх гэж их сандарсан. Миний биш зохиолчийн үг шүү гэж бодоод л хэлж орхисон. Хүмүүс сайн хүлээж авсан. Миний сайных биш зохиолд эгзэгтэй үгийг хэрэгтэй газар хэлүүлэхээр онож шигтгэсэн байж, би яахав донжийг нь дүйцүүлээд түүнийг нь хэлэхчээн болсон юм.

-Монголын кино урлагт таны оруулсан нэг чухал давтагдашгүй сан хөмрөг бол олон уран бүтээлийг “амьдруулсан” дуу оруулалт яах аргагүй мөн дөө?

-Ээж минь бурханд залбирч харчгар туранхай хүүдээ нэг чухал “хувь” өгүүлж хүмүүсийн сэтгэлд нийцсэн дуу хоолой “өмчлүүлжээ” гэж баярладаг.

-Цахиур Төмөрийн аргил сайхан дуу хоолой, дүр байдал, намба төрхөнд нь ямар сайхан дүйцсэн гээч?

-Өрөөндөө сууж байтал Сундуйжав пид пад, пид падхийн хар эрчээрээ орж ирээд намайг харцагадаж аван хэд өргөж хөөргөөд диваан дээр лагхийтэл тавьчихлаа. Бөөн баяр хөөр. Лодойдамбын үгээр урласан цахиур Төмөрийг Налайхын уурхайн ерөнхий нягтлан бодогч Сундуйжав шилийн сайн эр гэж ийм л хүмүүс байсан байх гэж бахархахаар сайхан дүр төрхөөр кино дэлгэцнээ бүтээсэн л дээ. Би өөрт заяасан хоолойгоороо дууг нь оруулсанд тэгтлээ баярласан хэрэг. Тэр үед чинь жүжиг киноны уран бүтээл олон “даваа” давж үзэгч олондоо хүрдэг. Түүний нэг нь уран сайхны зөвлөлийн хурал байлаа. “Тунгалаг тамир”-ын зураг авалт, эвлүүлэг, дуу оруулалт гээд олон шатны урт хугацааны ажил нугаларч эцсийн даваа буюу уран сайхны зөвлөлийн “шүүлтүүр”-т орсон юм. Би яагаад ч билээ, түүнд суугаагүй.

Сундуйжав: -Ёстой догь. Миний дууг ямар сайхан оруулаав. За жилд нэг тэвш нүүрс авч байгаарай гэж байна. Би тэвш бүү хэл ганц шуудай нүүрс түүнээс авч үзээгүй. Их л баярласан хэрэг. Үзэгчдийн маань санаанд ч хүрсэн байна лээ. Үг яриаг нь хэлэхийн зэрэгцээ “Эрдэнэ засгийн унага” хэмээх дууг нь дуулсан. Хожим нь “Молиго Очир”-ын кинонд гээд олон удаа хамт явсаан. Одоо л хиймэл шүдтэй, хэл тультраа болчихоод байгаа болсноос биш хаш цагаан шүдтэй явахдаа дуулах дуутай, ярих хэлэх үгтэй, ярдаглал, янцаглалтай бүгдийг нь амжуулдаг байлаа.

-Киноны аль нэг дүрд өөр хүн тоглоод үг хэл, дууг нь та оруулж хамтын хөдөлмөрөөр бүтээсэн олон кино бий байх аа?

-Би өөрөө тооцсон данс бүртгэл байхгүй. Манай киноныхон 200 гаруй хэмээн ярьдаг байсан.

-Кинонд дуу оруулахад хэцүү, хүндрэлтэй зүйл тулгарч байв уу?

-Үгүй дээ, үгүй. Ялангуяа “Тунгалаг тамир”-т бол бүр амар байсан. Зохиолч тийм том хүн юм чинь. Илүү дутуугүй, эвийн цавуугаар наачихсан юм шиг л хап гээд явчихна. Харин орчуулгын немц, япон, дарга, генерал хүмүүсийн яриаг оруулахад тиймхэн байдаг.

-Михаил өвгөний яриа чихэнд наалдацтай, сэтгэлд нийцтэй сайхан шүү?

-Аа, “Үер”-ийн үү? Болд Михаил хоёр голын захад суучихсан. Хажууд нь ууж байсан архины нь лонх хэвтэнэ. Хоёр өвгөн халамцчихсан.

-Миний хүү, хүрээд ир.

-Аав аа, энэ юу юм?

-Аа, энэ лонх гэдэг юм

-Аавын нүүр яагаад улайчихаав?

-Аав нь уу, угаасаа улаан царайтай юм чинь..Аав хүү хоёр болно доо, болно. . . . Хэн ч харваас амьдралын хүнд хэцүүд сөгдөж нугаралгүй хат суусан түүний энэ яриа үзэгчдэд төдийгүй миний санаанд мартагдалгүй одоо ч бодогдож явдаг юм.

-Аймгийн клубын бяцхан тайзны жүжгээс эхлээд кино дэлгэцийн олон бүтээлдээ юуг эрхэмлэснээр олны сэтгэлд шингэсэн сайхан дүрийг бүтээж байв?

-Би оросоор ганц нэг үг хэлчихдэг хүн. Характер гэж ярьдаг даа. Юмны намба төрх мал гэхэд мордоход ямар ааш авир гаргаж мэдэхээр байна гэдгийг сайн ажиглаж мэдэх хэрэгтэй байдаг. Манай киноныхны хэлдгээр бол дүрээ судлах нь чухал. Зохиолч үгээр урласан дүрийг амьдралтай холбож Төмөрийг түмэн олныхоо дунд байдаг Төмөр болгоход л санаа бодлоо зарах шаардлагатай. Ямар ч дүрийг сэтгэлээрээ бүтээх юм шүү гэж өөртөө “үүрэг даалгавар” өгдөг. Тэрхүү “даалгавар”-аа овоо биелүүлж иржээ. Энэ чухал одон медаль, алдар хүндлэл бол тэр бүхэнд тавьсан дүн гэж хэлж болно.

-Үг олдож үхэр холдлоо гэдэг дээ. Гэхдээ нэг зүйлийн талаар таны үгийг сонсохсон хэмээн олон түмэн хүлээж байгаа даа?

-Өө, морин хуур, домог, ерөөл магтаалын талаар уу?

-Яг тийм. Дундговийн айл бүр морин хууртай гэдэг дээ?

-Нутгийн зон олноо дагаж дууриаж яваад л морин хуур эгшиглүүлдэг дөртэй болсон юм. Монголын залуучуудын их наадмаар 1959 онд “Хөхөө Намжилын домог”- оор, 1962 онд “Уулган шарын домог”-оор алтан медаль авч байлаа. Радиогийн сан хөмрөгт орчихсон. Одоо хүртэл л Mонголын радиогоор явж байх юм. Сайхан л санагддаг. Олон уралдаан, тэмцээн, наадам, шалгаруулалт, тоглолтод оролцсон. Морин хуурын аялгуунд домог, ерөөл хэлэх сайхан шүү.

-Морин хуур бол Монголын нэрийн хуудас буюу брэнд болсон соёлын нэг өв яах аргагүй мөн шүү?

-Тэгэлгүй яахав, хоёрхон чавхдасаар хорвоог уяртал эгшиглүүлдэг Монголын уламжлалт соёлын нэг. Дэлхийн соёлын өвд оруулаа биз дээ. Гэтэл энэ чухал зүйлээ монголчууд болохоор үл тоодог гэхэд ч хаашаа юм, үнэлж цэгнэхэд муу анхаардаг болсонд сэтгэл дундуур явдаг. Манай Ерөнхийлөгч нарын хэн нь билээ сэргээе, айл өрх, байгууллага бүр морин хуураа залъя хэмээн зарлигласанд баярладаг. Гэхдээ санаанд хүртэл өргөжиж өрнөхгүй л байна.

-Танд энэ талаар бодож санаж явдаг зүйл их л бий байх?

-Өвгөн би бодохоос цаашгүй. Заримдаа үлгэр шиг юм бодож сууна л даа. Багаас нь сургах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгт дуу хөгжмийн хичээл гэж ордогсон. Хэвээр болов уу. Тэр хичээлийн зонхилохыг нь морин хуур сургахад чиглүүлээсэй. Нөгөө олон дугуйлан секцийн тоонд морин хуур ордог болов уу. Томчуудад ч гэсэн сургах, эзэмшүүлэх олон янзын ажил байж болно оо доо. Хамт олноороо морин хуур сурсан байгууллага шалгаруулдаг байвал ямар вэ. Жил бүр аймгийн шилдэг морин хуурч, шилдэг морин хуурын хамтлаг тодруулж өргөмжлөл олгодог журам гаргаасай. Морин хуураар үлгэр домог хайлж адуу янцгаалгаж, бух урамдуулж ингэ буйлуулж, заримдаа хүн яриулж байгааг дүрслэн хөгжилдүүлдэг элдэвтэй авьяастан байдаг шүү дээ. Морин хуурчдын тоглолт бэлтгэвэл иргэд үзэх байх шүү. Булган аймгийн Засаг дарга “Морин хуур” гэсэн хөтөлбөр боловсруулж байгаа сураг дуулдсан. Оновчтой зүйл тусгаад эрчимтэйхэн хэрэгжүүлээсэй хэмээн бодож сууна.

Айл өрх бүр морин хуур залдаг болох яриа байдаг юм. Гэрийнхээ хоймор, өрөө байрныхаа нэг хананд өлгөж билэгдэл болгох нь гол биш эгшиглүүлж эзэмшиж сурах хөдөлгөөн өрнүүлмээр байна. Сурсан юм болохоор би хүүхэд залуучуудад зарим зүйл хэлж зааж өгөхсөн гэх бодол байдаг л юм. Өөрөө тэгье, ингэе гээд явахаар хөгшин хэнхэг гэнэ биз дээ. Аймаг, сумын зарим удирдах хүмүүст хэлж л байсан.

-Энгийн дотно сайхан ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Ардын гэрт төрж өсөөд ард олныхоо дунд мал маллаж, ардынхаа урлагтай ажил үйлсээ холбож амьдралын он жилүүдээ үдсэн өвгөн би 83 насныхаа гараан дээр ардын жүжигчин энэ хүндтэй цол хүртсэнд маш их баяртай сууна.

Ж.Мөнх-Очир

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!