LOADING

Type to search

Эрүүл мэнд

О.Баярмаа: Дараах сэрүүлэг шинжүүд илэрвэл ЦАГ АЛДАЛГҮЙ шинжилгээнд хамрагдаарай

Share

Эрүүл мэндийн яамнаас “Нэгдүгээрт эрүүл мэнд” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа билээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн төвийн дарга, Монгол Улсын Хүний гавьяат эмч, Анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх эмч О.Баярмаа ходоод, гэдэсний эмгэгийн эрт илрүүлэг түүний ач холбогдлын талаар дараах зөвлөгөөг хүргэлээ.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцоонд ходоод, улаан хоолой, нарийн, бүдүүн гэдэс, элэг, цөс, нойр булчирхай зэрэг хоол боловсруулах үйл ажиллагаанд оролцдог бүхий л эрхтнүүд багтана.

Эдгээр эрхтнүүдийн үйл ажиллагаа, хөдөлгөөн, шүүрлийн хямралууд нь архаг өвчин үүсгэх эх үндэс болж байдаг. Хоол тэжээл зөв боловсрогдож, шимэгдэж, биед тэжээл өгч чадахгүй бол тэр хэрээр өвчлөл үүсэх, дархлаа сулрах нөхцлийг бүрдүүлдэг.

Хоол боловсруулах эрхтний эмгэг үүсгэдэг маш олон шалтгаан бий. Эдгээрийн дундаас ходоод, гэдэсний эмгэгийг авч үзвэл голлох шалтгаанууд нь:

-Хеликобактер ба бусад нянгийн халдвар /гэдэсний эмгэг/

-Хооллолт ба амьдралын хэв маяг /сөөргөө/

-Хорт зуршил

-Эмийн бодисын хэрэглээ

-Удамшил

-Архаг өвчний хяналт, эмчилгээ зэрэг юм.

Хеликобактерын тархалт хэр өндөр байна вэ?

-Хеликобактерын халдвар дэлхий нийтэд маш өргөн тархсан бөгөөд дэлхийн нийт хүн амын 50 хувь нь уг халдварт өртсөн гэж үздэг. Манай улсын хувьд хеликобактерын халдвар өргөн тархсан орны тоонд багтдаг бөгөөд 2019 онд хийгдсэн судалгаагаар 70-80 хувийн тархалттай байна гэсэн статистик гарсан. Хеликобактерын халдвар нь аль ч насны хүнд тохиолддог, нэг удаа эмчилгээ хийлгээд бүрэн эдгэрэх магадлал бага буюу дахин халдварладаг. Эмчилгээг маш сайн хийлгэж, халдвараас сэргийлэхгүй бол хорт хавдарт шилждэг эмгэг жамын явцтай.

Гэр бүлийн нэг гишүүн шинж тэмдэггүй ч хеликобактерын халдвар тээгч байвал бусаддаа халдварлуулах эрсдэлтэй.

Хеликобактерын шалтгаант эмгэгүүд

Хеликобактер нь архаг хэлбэрт шилжиснээр ходоодны гарах хэсгийг гэмтээж, ходоодны булчирхайнуудад хатангиршил үүсгэдэг. Ходоодны их бие хэсгийг хамарсан хатангиршилт өөрчлөлтийн 40 хувь нь гэдэсний эсийн хувирал, өөрчлөлтөд хүргэдэг бөгөөд цаашлаад ходоодны хавдар үүсгэдэг.

Ходоодны их бие хэсгээс дээгүүр байрлалтай байгаа үрэвслийн 10 хувь нь ходоодны шарх, шарх нь эдгэрэхгүй бол цаашлаад ходоодны хавдарт шилждэг эмгэг жамаар явагддаг учраас хеликобактерыг маш сайн оношлуулж, бүрэн гүйцэт эмчлүүлэх, дахин халдвар авахаас сэргийлэх нь ходоод, гэдэсний эмгэгээс сэргийлэх арга зам юм. Дараах эмгэгүүдээс хамгаална гэсэн үг.

-Биж хам шинж

-Ходоодны архаг үрэвсэл

-Ходоод, дээд гэдэсний шархлаа

-МАЛТ-лимфома

-Ходоод, дээд гэдэсний хавдар

-Хеликобактерын шалтгаантай ходоодны бус эмгэгүүд /тухайлбал, үе мөч өвдөх, шалтгаан тодорхойгүйгээр цус бүлэгнэлтэд ордог ялтас эс цөөрөх/

Цээж хорсох, аюулхайд цанхайх, гэдэс дүүрэх, байнга гашуун зүйлээр гулгих, хэхрэх зовиуруудыг шинжлэгдээгүй биж хам шинжтэй гэж үзэх бөгөөд үүнийг ходоодны дурангаар оношилно.

Дараах сэрүүлэг шинжүүд илэрвэл эрт илрүүлгийн шинжилгээнд хамрагдах шаардлагатай. Үүнд:

-Горойх

-Хоол боловсруулах замаас цус алдах

-Цус багадалт үүсэх

-Турах

-Хэвлийгээр өвдөх

Оношилгоо:

-Дурангийн шинжилгээ

-Лабораторийн шинжилгээ- Цусны дэлгэрэнгүй, биохимийн шинжилгээ, цус бүлэгнэлтийн, дархлаа судлал, ходоодны шүүрлийн, өтгөнд далд цус илрүүлэх, 24 цагийн pH-метрийн шинжилгээ,

-Уян дурангийн шинжилгээ- эдийн шинжилгээ

-Рентген шинжилгээ

-H.Pylori- хеликобактерын шинжилгээ

Ходоодны архаг үрэвсэл

Зөвхөн салстын түвшинд явагддаг архаг эмгэг юм. Ходоод нь булчирхайлаг эрхтэн учраас хоол боловсруулах шүүрлүүдийг ялгаруулж байдаг. Шүүрэл ялгаруулах үйл ажиллагаа, хөдөлгөөн алдагдаад ирэхээр ходоодны салстад улайлт, шархлаа, хатангиршал үүсдэг.

Ходоодны шархлаа

Хоол боловсруулах зам дөрвөн давхарга бүхий ханатай бөгөөд шархлаа өвчин нь зөвхөн салст биш булчинлаг давхарга цаашлаад хамгийн гадна талын бүрхүүл давхаргыг гэмтээж, хүндэрсэн тохиолдолд гэдэс цоорох хүндрэлийг үүсгэдэг.

Ходоод гэдэсний эмгэгүүдийн хүндрэл

-Цус алдах- Хоол боловсруулах дээд замаас цус алдаж байгаа үед ходоод гэдсэнд хуримтлагдсан цусыг ходоодны хүчлээс ялгарч байгаа бодис задалж, хар өнгөтэй болгож хувиргах бөгөөд өтгөн хар гарна. Тиймээс өтгөнийхөө өнгийг ажиглаж, шалгаж байх ёстой. Өтгөн хар гач байна уу, өтгөн дээр цэвэр цус дусалсан байна уу гэдгээс хамаараад хаанаас цус алдаж байгааг ялгах ач холбогдолтой. Бүдүүн гэдэс, хошногоны амсар урагдах, шамбарам өвчний үед өтгөн дээр цэвэр цус дуслах шинж тэмдэг илэрдэг. Харин хоол боловсруулах дээд замаас цус алдаж байвал өтгөн хар гарна.

-Ходоод, гэдэс цоорох

-Нарийсалт үүсэх

-Хордлогот тэлэлт үүсэх

-Гэдэс түгжрэл

-Хавдарт шилжих

-Эрт илрүүлгийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юу?

Аливаа өвчлөлийг хэдий чинээ эрт оношлуулна тэр хэрээр эмчилгээний аргууд олон. Тиймээс эрт илрүүлэг нь асар чухал ач холбогдолтой.

Эх сурвалж ZAAG.MN

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!