LOADING

Type to search

Мэдээ

Жүжигчин О.Энхтуулын тухай сонирхолтой 10 баримт

Share

Драмын театр хэмээх их айлаас ажил, амьдралын гараагаа эхэлсэн Монголын тайз, дэлгэцийн урлагийн сайхан бүсгүйчүүдийн нэг О.Энтуулын талаарх баримтуудыг сонирхуулж байна.

#1. Жүжигчин Энхтуул 1967 онд Улаанбаатар хотод төржээ. Бага насаа Дөчин мянгатад жүжигчин С.Өлзийхүүтэй тоглож өнгөрүүлсэн гэдэг. Өлзийхүүгээс түрүүлж жүжигчин мэргэжлийг сонгосон тул Анагаахын Дунд сургуулийг сувилагчийн мэргэжлээр дүүргэсэн найзыгаа урлагийн хүн болох замд нь хөтөлсөн юм гэдэг. Мөн тэрээр дуучин Т.Ариунаа, жүжигчин У.Уранчимэг нартай багаасаа нөхөрлөсөн.

#2. 1989 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг төгссөн.

1989 оноос Улсын Драмын Эрдмийн театрт жүжигчнээр оржээ. Анх Ж.Шагдарын “Цагаан дарь эх” жүжгийн Цагаан дарь эх, Южин О Нил “Тамын дурлал” жүжгийн Абин, Т.Уильмс “Хүслийн Трамвай” жүжгийн Бланш, Д.Равжаа “Саран хөхөө” жүжгийн Сэрсэнмаа, “Атга нөж” жүжгийн Бөртэ Үжин зэрэг 30 гаруй жүжгийн гол ба туслах дүрд тоглосон байна.

#3. Түүний хамгийн анхны дэлгэцийн уран бүтээл нь Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиолыг нь бичиж, УГЗ Г.Жигжидсүрэн найруулан тавьж, 1990 онд бүтсэн “Бүлээн нурам” ажээ. Уг кинонд Мэсүгийн дүрийг бүтээж байлаа. Энэ талаар “Дөнгөж сургуулиа төгссөн надад ямар дүр байх нь хамаагүй, кинонд тоглох нь л чухал байсан” хэмээжээ.

#4. “Би эрчүүдийг хүснэ” жүжигт задгай үгтэй, эрх чөлөөтэй эмэгтэйн дүрийг бүтээсэн. Бас нэгэн уран бүтээлд биеэ үнэлэгчийн дүрийг бүтээсэнг нь үзэгчид сайнаар хүлээж аваагүй. Гэвч тэрбээр уг дүрүүдээ “өөрийгөө эвдсэн сонирхолтой дүр” хэмээн тодорхойлжээ.

#5. Тэрээр эрүүл амьдарын хэв маягийн жороосоо”Долоо хоногт гурваас олон удаа фитнесст явж биеэ зовоох хэрэггүй гэж би үздэг юм. Бусад хүн яадгийг мэдэхгүй л дээ. Гэхдээ хөдөлгөөн хүний эрүүл мэнд, гоо сайхан, урт наслахад зайлшгүй хэрэгтэйг маш сайн ойлгодог.

Би маханд дуртай. Гэхдээ долоо хоногт хоёр удаа л махтай хоол иддэг. Бусад өдөр нь цагаан хоол голдуу хэрэглэнэ. Нэг өдөр нь дандаа байцаа иднэ. Шөл, салат гээд янз бүрийн байдлаар хоол хийж болно шүү дээ. Байцаа элэг, цөс, ходоодыг цэвэрлэдэг шидтэй. Шийгуа их иддэг. Заримдаа бүтэн өдөр ганцхан шийгуагаар ч хооллочихно. Шээсээр биед байгаа муу зүйлийг хөөж өгдөг сайн талтай. Бас мацаг барьдаг. Мацаг барих бол эртний уламжлал. Мацаг барихад сайн өдөр хоног ч гэж бий. Гэхдээ би заавал ийм тийм өдөр гэдэггүй. Өглөө босоход л тэр өдөр мацаг баримаар санагдвал хоолноос татгалзаад л болоо.

Ходоодоо амраахын хамт арьсны гоо сайханд их нөлөөлдөг юм. Өлсөх тухай би нэг ном уншсан. Түүнийхээ дараа 36 цаг өлсөж үзсэн. Хүн өлссөн цагтаа л идэх ёстой гэж би боддог юм. Би Германы нэг ховсчны лекцэнд суулаа. Тэр өдөрт таван удаа хооллох ёстой гэж ярьсан. Тэгэхдээ бүр нэг удаад 30 минут зарцуул гэнэ. Хөнгөхөн хоолыг тийм удаан яаж идэх юм бэ гэж бодсон л доо. Гэхдээ ногоо ч байсан маш тайван идэж байж хэрэгтэй энергийг өөртөө авдаг юм билээ. Түүнээс гэдсээ дүүргэх гэж идэх биш гэсэн” хэмээн хуваалцжээ.

#6. Германд хүүхдийн болон нэг хүний жүжиг найруулж, өөрөө дүр бүтээж буй жүжигчин бүсгүй тэндхийн монгол хүүхдүүдэд театрын дугуйлан хичээллүүлж, багшилж байгаа аж.

#7. О.Энхтуул 30 гаран насандаа Клаус хэмээх герман эртэй гэрлэж, нөхөр гурван хүүхдийнхээ хамтаар 2008 онд Германд амьдрахаар шийдэн харийн орныг зорьсон билээ. “Уран бүтээлийнхээ оргил үед, карьертаа цэг тавин харийн орныг зорих хэцүү байсан уу?” хэмээх сэтгүүлчийн асуултад тэрбээр, “Энэ шийдвэрийг гаргахад хөнгөн хандаагүй. Надаас асуусан юм. Энэ талаар жил гаруй хугацаанд ярилцсан. Ингээд хаана ч байсан хамтдаа л байвал чадна гээд л шийдсэн. Анх театраасаа жилийн чөлөө аваад явж байлаа. Ингээд нэг мэдэхнээ гурав, дөрөв… жил болсон. Германд очоод нөхөр бид хоёр дахин бие биедээ дурлаж, бие биенийхээ мэддэггүй шинэ зүйлсийг олж харсан. Хааяа өөрийгөө ч ойлгохгүй үе байсан ч гэр бүлийн халуун, дулаан уур амьсгалын ачаар болоод л байсан. Энд байх хугацаандаа хүүхдүүдтэйгээ ойр байж, гэр бүлдээ илүү цаг зарцуулж чадсан” гэжээ.

#8. Түүний том охин Монголд цөөн байдаг эмэгтэй репперүүдийг нэг бөгөөд Mrs.М нэрээр олны танил болсон юм. Дуучин бүсгүй үргэлжид том хар шил зүүж, нүдээ “нуудаг” нь олон ч хүний сонирхлыг татдаг. Энэ талаар жүжигчин Энхтуул “Одооны дуучид царай зүс, бие хаа, гадаад үзэмжээрээ хүмүүсийг илүү их татах гэж оролддогоос биш дуугаа, уран бүтээлээ хүнд хүргэе гэж боддоггүй. Тиймээс миний царай зүс чухал биш миний хийж буй уран бүтээл, үзэл бодол л чухал гэж миний охин үздэг” хэмээн тайлбар хэлж байв.

#9. Тэрээр 2016 онд Германаас кононд тоглох урилгаар эх орондоо ирж байв. Жүжигчин Г.Ундармаагийн найруулсан “Амьдралоги” уран бүтээлд тоглосон юм. Энэ талаараа “Би өмнө нь инээдмийн кинонд тоглож байгаагүй гэж хэлж болно. Герман явахаасаа өмнө Дооёогийн “Дурласны маргааш” инээдмийн кинонд тоглосныг эс тооцвол энэ төрлийн кинонд тэр бүр тоглож байгаагүй. Харин тайзны хошин шогт хүч үзэж байсныг нь үзэгчид мэднэ.  Уран бүтээлээсээ хэсэг хөндийрсөн, өөр төрлөөр өөрийгөө сорих боломж нээгдсэн, залуучуудтай хамтран ажиллах болсон гээд олон шалтгааны улмаас саналыг хүлээн авсан” хэмээжээ.

#10. 2019 онд урилгаар дахин эх орноо зорин ирж, 2019 онд “Яг түүн шиг” шоуны дөрөвүгээр улиралын шүүгчээр ажилласан юм. Шоуны шүүгч  О.Энхтуул “Надад шоу эхлэхээс арав  хоногийн өмнө санал тавьсан. Энэ тухай нөхөртэйгөө зөвлөхөд “ Чамайг энэ гоё шоунд урьж оролцуулна гэдэг нэр төрийн хэрэг” гэхэд нь л би маргааш нь онгоцны тасалбараа захиалан нисээд ирсэн” гэв.

Энэ онд тэрбээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Номадиа Пикчерс”-тэй хамтран бүтээж буй ээлжит дэлгэцийн бүтээл болох “Худалдагч охин” кинонд тоглохоор болсныг цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн билээ. Кино зохиолтойгоо танилцсан тэрбээр найруулагчийн саналыг хүлээн авч эх орондоо иржээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!