LOADING

Type to search

Онцлох

“Voice” шоуны шүүгч С.Ононбатын талаарх сонирхолтой баримтууд

Share

Урлагийн гавьяат зүтгэлтэн, “On’n off” продакшны захирал, найруулагч, продюсер, “Voice” шоуны шүүгч С.Ононбатын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Түүний ээж Ч.Янжмаа нь МҮОНТ-ийн найруулагч, Соёлын гавьяат зүтгэлтэн, харин аав нь инженер юм.

Бага нас хотод, тэр дундаа Улсын циркийн зүүн талд 220 мянгатад өнгөрчээ. Тэрээр “Хүүхэд байхдаа ээжийнхээ нөлөөнд автан телевизийн урлагт татагдсан. Аав минь инженер. Аавынхаа техник сэтгэлгээг, ээжийнхээ урлагийн мэдрэмжийг дуурайсан юм болов уу даа” хэмээн нэгэн ярилцлагадаа дурьдсан байдаг. Тэрээр нийслэлийн 23 дугаар сургуулийг төгссөн байна.

Урлагийн гараагаа сургуулийн хамтлагаас эхлэн “БитСоно”, “Мөнгөн харандаа” хамтлагт тоглож байв.

Харин 1989 онд МҮОНТВ-д туслах ажилтан, тайз засагчаас өөрийн хөдөлмөрөөр найруулагч болжээ.

Ингээд 1991 онд СҮМО ТВ-д найруулагч, 1992-1993 онд UBS TV-ийн анхны ажилтан, найруулагч хийж байгаад 1993 оноос өдийг хүртэл On’n Off Production-ий Ерөнхий захирал, үүсгэн байгуулагч, найруулагчаар ажиллаж байгаа юм.

Английн хүүхдийг хамгаалах байгууллагатай хамтарч 1991-1992 онд “Мартагдсан ирээдүй” баримтат кино хийж байсан ба уг кино нь Ямагатагийн кино наадмаас тусгай шагнал авч байжээ.

“On’n off” продакшны нэрийн хувьд видео хийдэг учир төхөөрөмжөө бодож ийн нэрлэсэн гэдэг. Энэ нь өөрөөр мандах, жаргах гэсэн утгатай ажээ.

Анхны клип нь гитарчин Вовка (Д.Энхболд)-гийн “Цахлай” гэж клип, араас нь “Харанга”-ын “Манан”, “Соёл-Эрдэнэ”-ийн “Бүргэд”-ийг “On’n off”-оо байгуулсны дараа үргэлжлүүлэн хийжээ.

 1993 онд “Соёл-Эрдэнэ” хамтлаг, дуучин Б.Сарантуяа, Б.Батчулуун, Л.Тайванбат “Хурд”-ын Д.Отгонбаяр, Н.Наранбаатар нар оролцсон “Пентатоник” гэх нэвтрүүлэг хийж, урлагийн ертөнцөд цоо шинэ тэсрэлт хийсэн юм.

Дараа нь “Хөх тэнгэр”-ийн тоглолтыг 1994 онд найруулан дөрвөн өдөр СТӨ-г дүүрэн үзэгчтэй байлгасан гэдэг.

Мөн 2000 онд “Цэнхэр дэлгэц”-ийг бүтээж байсан нь одоог хүртэл мартагдаагүй олон хүний сэтгэлд хоногшсон сайхан бүтээл болсон юм.

Түүний гэргийг Т.Нансалмаа гэдэг бөгөөд “Mongolian next top model” нэвтрүүлгийн шүүгч гэдгээр нь уншигчид маань илүүтэй мэдэх биз. Гэргийтэйгээ танилцсан тухайгаа тэрбээр “Миний гэргий 102,5 радиогийн хөтлөгч редактор хийдэг байсан. Олон гоё нэвтрүүлгүүд хийдэг. Гитарчдын тухай нэвтрүүлэг хийж байгаагаа хэлж анх намайг оролцооч гэж урьсан юм. Эхлээд би хоолойг нь сонсч уяраад, нэвтрүүлэгт оролцох гэж очин царайг нь харж алмайраад, ямартай ч гэргийгээ болгоно гэж нэлээд удаан эргүүлсний дараа л миний гэргий болсон” хэмээн дурсан ярьсан байдаг. Одоо тэд дөрвөн хүүхдийн аав, ээж болсон урлагийн хамгийн сайхан хосуудын нэг билээ.

Тэрбээр 2014 онд МУУГЗ цол, тэмдгээр энгэрээ мялааж, Монголын видео урлагийн үндэс суурийг тавьсан анхдагч, Монголын видео урлагийн салбарын анхны гавьяат зүтгэлтнээр тодорчээ.

“The Voice Of Mongolia” шоуны онцлох нэгэн шүүгч бол тэр. Түүнтэй хамтарч ажиллаагүй, түүний “On”n Off” продакшнаар клипээ хийлгээгүй хамтлаг, дуучид тун цөөн гэхэд хилсдэхгүй биз ээ.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

error: Content is protected !!